Н.Номун-Эрдэнэ (Стокгольм хот. Швед улс)
Энэхүү
тэмдэглэлийн гол баатар маань Набар буюу Ц.Нандинбаатар. Набар бид бид 2
Цахим Өртөө холбоо ТББ хэмээх сэжмээр холбогддог андууд. Тиймээс
андынхаа тухай тэмдэглэл,сэтгэгдэл тэрлэнэ гэдэг бас л соньхон.
Цахим Өртөө Холбоо ТББ, Британийн Монголчуудын холбооноос санаачлан
зохион байгуулж буй Оюунлаг оршихуй хэмээх уулзалтыг Швед улсад
түүчээлэн явуулъя гэдэг санаачилгыг Швед дэх Монголчуудын Үндэсний
Холбоо болон Швед улс дахь Монголын залуучуудын холбооны салбар зөвлөл
өрнүүлэн, Шведийн вант Улсад суугаа элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр
Оюунлаг оршихуй - Швед улсад уулзалт ярилцлагыг явуулж эхэлсэн билээ.
Бидний анхны зочноор Шведийн Сала хотод гэр бүлийн хамтаар амьдарч буй
Эс Эл Ай ХХК-ийн технологи хариуцсан захирал, Сансар дахь бидний
мөрөөдөл ТББ-ын гүйцэтгэх захирал, Цахим Өртөө Холбоо ТББ-ын Удирдах
зөвлөлийн гишүүн Набар буюу Ц.Нандинбаатар оролцсон тэрээр анх 10 жилээ
төгсөөд МУИС-д цөмийн физикч болохоор орж, 1 курсээсээ Япон луу сурахаар
одож тэндээ 10 жил амьдарчээ. Коллежээс нь их сургуульд нь суралцаж,
мэдээллийн технологийн чиглэлээр сургуулиа амжилттай дүүргээд ажиллаж
амьдарч байгаад 2009 оноос Швед рүү гэр бүлийн хамт нүүн ирж эндхийн нэг
компанитай гэрээтэй ажиллаж байж. 2006 оноос сансар болон хиймэл
дагуулыг сонирхон "өвчилж" найзтайгаа хамтран компани ажиллуулж эхэлсэн
аж. Монгол улс маань өөрийн гэсэн хиймэл дагуултай болж сансрын орон
зайд байр сууриа эзлэх боломж байна шүү дээ гэж "мөрөөдөл" тээж, зорилго
тавьж яваа даруухан бөгөөд бардам нэгэн. Бардам байна гэдгийг чаддаг
зүйлдээ эзэн байж чадна гэдгээ мэдрэхийг хэлдэг биз. Хувь хүнийхээ хувьд
их даруу нэгэн гэдгийг 4 жилийн өмнөөс би мэдэх юм. Гэхдээ тэр бүгдийг
би ганцаараа чадна гэж, хиймэл дагуул бүтээчихнэ, хөөргөчихнөө гэж
амлаагүй шүү. Гэхдээ яагаад ийм том зорилго тавьж, мөрөөдөл тээж
болохгүй гэж. Набар бол энгийн ойлголтоор компьютерийн программ зохиодог
мэргэжлээр Япон улсад төгссөн ид хийж бүтээж яваа залуу. Товчхондоо
намтрыг нь ингээд дуусгалаа.
Хиймэл дагуул хийхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.
Набар анд хиймэл дагуулын мэргэжилтэн ч биш, сансар одон орон судлаач
ч биш. Хиймэл дагуул бүтээх юмсан гэж нялх багаасаа мөрөөдсөн нэгэн ч
биш. Хиймэл дагуул бүтээхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэж онцлон
хэлснээр ярилцлагаа эхэлсэн. Сургуулийн багш бол сурагчдадаа энэ талын
энгийн мэдлэгийг олгож нийгэмд хиймэл дагуулын талаарх ойлголтын хөрсийг
бүрдүүлэхэд, сэтгүүлч нар бол нийгэмд зөв мэдээллийг түгээн ойлгуулахад
гэх мэтчилэн. Тийм ч учраас Сансар дахь бидний мөрөөдөл ТББ-аас
санаачлан дунд сургуулийн хүүхдүүдийн дунд хиймэл дагуул бүтээх уралдаан
явуулах нь ч хүүхэд багачуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна,
хиймэл дагуул бүтээхэд хүүхдүүдээс ихээхэн чухал санаанууд гарна гэдэгт
итгэлтэй байгаа гэлээ. Тэгэхээр уулзалт зохион байгуулж бид ч хиймэл
дагуул бүтээлцэх энэ үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа юм байна гэж
бодсон чинь таатай л байна.
Хиймэл дагуул гэж заавал том байх ёстой юу?
Монголчууд бид сансар огторгуй од эрхсийг маш эртнээс сонирхож,
судалж тэр ч байтугай аль 1981 онд сансарт иргэн нь нисчихсэн улс гэж
бардамнана шүү бас ч. Швед гэхэд гэхэд дөнгөж саяхан буюу 2006 онд
сансарт иргэнээ нисгэсэн гээд бодохоор сансар гэдэг бидний хувьд шинэ
зүйл сэдэв ч биш.
Орчин цагийн утга зохиолыг үндэслэгч Д. Нацагдорж
Холхи газраас гялалзан харагдагч өнгөт од оо гэх мэтээр сансар огторгуйн
од эрхсийн тухай яруу сайхан шүлэг найраг ч гаргасан гээд дурдахад
хангалттай болов уу.
Би лав хиймэл дагуул гэдгийг харьцангуй том сарзайсан овортой байх
ёстой л гэж ойлгодог байв. Хаашаа хаашаагаа 10 см хэмжээтэй куб
хэлбэртэй долгион цацагч антентай ч байдаг, за тэгээд өөрсдийн гэсэн
хиймэл дагуултай болчхын ач холбогдол зэргийг уулзалтад ирсэн хүмүүс
маань нэлээд сайн мэдэж авсан гэж бодож байна. Хиймэл дагуулыг бүтээнэ
гэхээр Монголчууд маань өөрсдөө юу ч хийж чаддаггүй байж юун хиймэл
дагуул гээд үүлний юм ярилаа гэх нь нийтлэг байгаа учраас Монголчууд бид
юуг нь өөрсдөө чадах, юунд нь бусдын гарыг харж, туслалцаа дэмжлэгийг
авах вэ гэдгээ ойлгуулах уулзалт ярилцлагыг олныг хийнэ гэж Набар маань
ярилаа. Хиймэл дагуул ашигласны төлбөрт манай улс болон компаниуд жилдээ
маш их хэмжээний мөнгө төлдөг, cubesat хэмээх хиймэл дагуулуудыг ядаж
3-ыг хөөргөчих юмсан гэж ярихдаа бас 2 нь амжилтгүй болоход ядаж 1 нь
үлдэнэ шүү дээ гэж биднийг хөгжөөлөө.
Сансар хиймэл дагуулын чиглэлээр ОХУ, АНУ, БНХАУ, Япон, Голланд, Швед
зэрэг орнууд амжилттай ажиллаж байгаа ч мэдээж Орос, Америк 2 л олон
жилийн өрсөлдөөний түүхтэй байх.
Техник, технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орон арлын Япон оронд
10 жил амьдарсан Набар 5 жилийн өмнө Шведэд ирэхдээ энэ орныг техникийн
дэвшлийн хувьд ийм төвшинд хүрсэн, зарим талаараа Японоос илүү байсныг
нь гайхаж байснаа нуугаагүй. Хиймэл дагуулын чиглэлийн Уппсала их
сургуулиас угшилтай компанитай хамтран ажиллах боломжийг атгаад авсан
гэхээр бахархмаар шүү.
Бэлэн байгаа хиймэл дагуул авчхаж болох ч тэдгээр санал болгож байгаа
улсуудын хиймэл дагуулууд нь хэдэн жилийн өмнө бүтээгдсэн, цаг минутаар
хэмжигдэн хоцрогдож байгаа техникийн дэвшлээс хоцорсон зүйлүүд , бидэнд
боломж байна шүү дээ гэж төр засгийн шийдвэр гаргагчид ойлгох л
хэрэгтэй юм даа. Сүүлийн жилүүдэд Набар болон түүний нөхөд сансрын орон
зай руу Монгол улс эрмэлзэлтэй байгаа шүү гэдгээ олон улсад харуулахын
тулд олон улсын чанартай олон хурал, уулзалтад оролцсон нь бас л энэ
төсөл урагшлахад ихээхэн нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой.
Монгол хүн нь бидэнд боломж байна, чадах зүйлээ хийе, чадахгүйдээ
бусдын технологи, боломжийг ашиглая гэх үгийг анзаардаг байгаасай гэж
яаж хэлбэл ойлгох юм бол гэмээр хүмүүс байна гэдэг шүүмжлэлийг ч дайгаад
авсан.
Сансар дахь бидний мөрөөдөл хэмээх ТББ-ыг байгуулан улсын бүртгэлд
бүртгүүлж, Нийслэлийн 1-р сургууль, ШУТИС , NTV телевиз, Цахим Өртөө
Холбоо зэрэг байгууллагууд болон Япон, Швед гэх мэт улсуудын эрдэмтэн
судлаачид дэмжиж хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашдаа ч олон хүмүүс,
байгууллагууд дэмжихээ илэрхийлж байгаа нь энэ төслийн ач холбогдлыг
үнэлж ойлгож дэмжиж байгаагийн илэрхийлэл биз ээ.
Сайн сайхан санаачилгыг дэмждэггүй юмаа гэхэд гай болдоггүй байгаасай
гэмээр хүмүүс байх юм даа гэж уулзалтад сууж байхдаа бодогдсоноо энд
шингээж дайхгүй л бол сэтгэл амрахгуй нь ээ. Хиймэл дагуул бүтээхээр
зорьж яваа залуусын санааг бүү булингартуулаач, яг асуудлынхаа зангилааг
атгаж яваа хүмүүсээ л барьж аваач, сэтгэлгүй мэдлэгтнээс холуур байгаач
гэж нэмж бухимдъя даа.
Хиймэл дагуул бүтээнэ гэдэг олон түмэн, хувийн хэвшлийн байгууллагууд, төр засгийн хамтын хүч оролцоогоор л шийдэгдэнэ.
Эцэст нь Набарын мөрөөдөл бол надад танд бүгдэд нь хамаатай шүү, энэ
бол саваагүй нохой саранд хуцна гэдэг шиг биш шүү, сар луу хуцсан
нохойгоор агаарын шинжийг ч тодорхойлдог ардын ухаан ч байдаг юм шүү.
Зорилго санаа нь улсын төлөө гэсэн хүмүүсээ сонсдог, мэдэрдэг байгаасай
гэж хүснэм. Энэ ажилд нь Монголчууд минь дэмжиж оролцоорой гэж уриалж
байна.
Их нуршихгүйг хичээн анхны уулзалтын тэмдэглэлээ дуусгая даа.
Оюунлаг оршихуй - Швед улсад анхны уулзалтыг хамтран зохион
байгуулсан,дэмжсэн байгууллага,иргэд болон ирж оролцсон хүмүүстээ
баярлалаа.
Набар андынхаа ажилд нь амжилт, гэр бүлд нь сайн сайхныг хүсье.
Тэмдэглэл хөтөлсөн Н.Номун-Эрдэнэ
/Швед дэх Монголчуудын үндэсний Холбооны тэргүүн /
20.02.2014 Стокгольм хот. Швед улс.