Сноб” сэтгүүл Марина Сайдукова
Хэдэн онд юм дээ, бараг 10 жилийн өмнө юмуу даа, Москвагийн галт
тэрэгний буудал дээр Ленинград явах тийз худалдаж авахаар зогсож байлаа.
Хажуу талын кассан дээр монгол орос хэл холин худалдагчтай ойлголцох
гэж оролдох нэгэн эрийг би харлаа. Очоод тусалж, тийзийг нь авч өгсөнд
галт тэрэг нь 15-хан минутын дараа хөдлөх гэж байсан тэр хүн ихэд
баярлаж билээ.
-Баярлалаа.
-Зүгээр зүгээр. Та монгол хүн үү?
-Тиймээ, харин та буриад уу?
-Оросын монгол гэж би хариуллаа.
Гэтэл тэр "Биш ээ биш. Буриадуудыг Оросын монгол гэхгүй, харин
Монголын еврейчүүд гэж би боддог” гэж байна. Юу гэж хариулахаа ч
ойлгохгүй болсон би зүгээр зогсоод л инээмсэглэж байлаа. Баярлаж
талархсанаа илэрхийлэх гээд тэр монгол хүн харин намайг яахаа ч мэдэхгүй
байдалд оруулсан юм. Еврейчүүдийг үзэн яддаг болохоороо тэгсэн юм биш.
Үнэндээ надад олон еврей найз бий, тэд ухаантай, авьяаслаг хүмүүс ч
биднээс огт өөр. Нэг хэсэг би еврей уран зохиол сонирхон, тэр байтугай
иврит хэл үзэж, Израильд очин, олон юм үзэж харсан ч манай нутгийг
санагдуулсан юм ер байгаагүй билээ.
Тэгвэл "Монголын еврейчүүд” гэсэн яриа хаанаас гарсан хэрэг вэ?
Бид хэдийгээр еврей хүмүүстэй адилхан янз бүрийн улсад тарж бутарч,
тасран амьдардаг ч энэ нь бид ижил гэсэн үг биш. Тэгээд ч манай
буриадуудын ихэнх нь Израилийн үр садыг бодвол өөрийн эх оронд амьдарч
байгаа. Буриадууд өөрсдөө заримдаа бид еврейчүүдтэй адилхан, жирийн биш
улсууд гэж тоглодог. Буриадад Тамын тогооны үлгэр гэдэг шог яриа бий.
Буриадын Тамын тогоонд харуул тавих огт шаардлагагүй, учир нь хэн нэг нь
гарах гэвэл буриадууд өөрсдөө татаад унагаачихдаг гэнэ. Харин еврейгүүд
тогооноос гарсан нэг нь бусдыгаа татан тусалдаг гэсэн хошин яриа. Ардын
ярианд ийм товч тодорхой хоёр орны ард түмний ялгааг харуулсан байхад
буриадууд өөрсдийгөө еврей гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Тэгвэл хэн
биднийг Монголын еврей гэж нэрлэдэг билээ? Ах дүү монголчууд маань уу?
Монголд хэзээ ч еврейчүүдийн тухай ойлголттой болох хэмжээний еврей
хүн амьдарч байсангүй. Одоо ч гэсэн бүх Монгол даяар 20-хон еврей хүн
байдаг. Өнгөрсөн зууны эхээр хүнд хэцүү хувь заяаны эрхээр Монголд очсон
еврейчүүдийг Улсыг мандуулсан баатар хэмээх Барон Унгерн 20-иод онд
устгажээ. Барон Унгерн Монголд очихоосоо өмнө, еврей бол дайсан гэж олон
зуун жил ухуулж ирсэн Оросын Хаант Улсын албат байхдаа л еврейчүүдийг
үзэн яддаг байлаа. Зэрлэг Бароны харгис аллагыг харсан монголчууд яагаад
"шар” оросууд ингэж "бараан” оросуудаа алан хядаад байгаа юм бол гэж
гайхдаг байж. Еврейчүүдийг нийгмийн уур хилэнгээ гаргах зэвсэг болгон
ашиглаад зогсохгүй Оросын эрх баригчид ард түмнээ тэднээс айж, үзэн
ядаж, бас атаархахыг албаддаг байлаа. Яагаад атаархах гэхээр еврей нарын
дунд баячууд олон байсан болохоор тэр. Харин үзэн ядахын хувьд Библийн
урвагч Иуда еврей байсан (Уг нь Иусус ч бас еврей л дээ), яагаад айх
гэвэл тэднийг Христийн шашинтнуудын хүүхдийг иддэг гэж ярьдаг байлаа.
Харанхуй бүдүүлэг ард түмэн Иудын соёл, уламжлалыг мэдэхгүй хойно энэ
хуурамч үлгэрт итгэн, тэднийг алж устгахад идэвхтэй оролцдог байв. Ард
түмэн буюу массын санаанд нөлөөлөхөд хуурамч үлгэр их хэрэгтэй. Жишээ
нь, дайсны тухай үлгэр домог эд хөрөнгөтэй хүмүүсийн засгийг бэхжүүлэхэд
тусалдаг. Тэд ард түмнийг хуурахдаа нэг их заль хэрэглээд байдаггүй.
-Эхлээд дайснаар айлгана.
-Дараа нь дайсанд бүх гай зовлонгийн бурууг тохож, өөрсдөө цэвэрхэн үлдэнэ.
-Дайсны эсрэг тулалдах, тэднээс хамгаалах баатар хэрэгтэй. Ихэнх
тохиолдолд энэ баатар нь Засгийн газар болж хувирдаг. Ингэснээр тархиа
угаалгасан ард олон улс орны хөгжлийн төлөө биш дайснаа устгахын төлөө л
явж эхэлдэг.
Хуурамч үлгэр домог гэдэг бол ухаантай хүний гарт орвол маш хүчтэй,
ард түмний тархийг угаах улс төрийн зэвсэг юм. 1943 оны өвөл ганц ч буун
дуу гаргалгүйгээр большевикууд хэдэн арван мянган халимагуудыг өлсгөж
алж чадсан. Сибирь рүү адуу малын вагонд ачигдаад цөлөгдөхдөө амьд үлдэж
чадсан тэднийг яаж ингэж устгасан бэ гэвэл Красноярскийн хязгаарын
бүдүүлэг тэнэг тариачид халимагуудыг хүний мах иддэг гэсэн улс төрийн
домогт итгэсэн болохоор л тэр.
Монголд одоог хүртэл Засгийн газар нь бага жижиг ястнуудаар дайсны
дүр зураг хийсэн тохиолдол байхгүй. Монголд хэзээ ч буриадуудыг алж
хядаж байсангүй, цаашдаа ч буриадуудаас айж, үзэн ядах явдал гарахгүй
байх гэж бодож байна. Тэр байтугай дөнгөж байгуулагдсан залуу Монгол Улс
1920 онд 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхээр нүүж ирсэн
буриадуудыг Монголд амьдрах эрхийг нь хангаж өгсөн байдаг. Москватай
зөрөлдөж байгаад тэр шүү. Засгийн газар тэр үед эдийн засгийн хувьд
чадах чинээгээрээ тэдэнд тусалж, гурван жил татвараас чөлөөлсөн байдаг.
Гэхдээ Буриад Монголын түүхэнд манай ард түмнийг еврейчүүдтэй
ойртуулсан үе байсан. Энэ бол өнгөрсөн зууны эхээр болсон геноцид бөгөөд
оргил үе нь 1930 оны улс төрийн аллага юм.
Үнэнийг хэлэхэд би энэ талаар бичмээргүй байна. Энэ аймшигт
хэлмэгдлийн талаар сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байж, том зүйл бичих
ёстой. Би хэдхэн тоо баримт дурдья. Орост орос биш гаралтай иргэдээ
үндэсний үзэлтэн гэж буруутгадаг болохоор энэ баримтыг Буриадын шинжлэх
ухаан дурдахаас айдаг. 1918 оны тооллогоор Гадаад Монголын хүн ам 540
мянга байлаа. 1897 онд С.Паткановын баримтаар Оросын Хаант улсад 288
мянга 383 буриад байв. Үүнээс хойш Монголын хүн ам бараг тав дахин өсч,
2.7 сая болсон бол буриадууд хоёр дахин ч нэмэгдэж чадаагүй байна. 2002
оны хүн амын тооллогоор ОХУ-д 445 мянган буриад хүн тоологдсон нь 100
жилийн өмнөхөөс 1.5 дахин л өссөн үзүүлэлт байлаа. Буриад Монгол хоёр
улс адилхан цаг уурын байдалтай, харин бүр Буриад нь илүү дулаан уур
амьсгалтай гэж хэлж болох. 100 жилийн өмнө Монгол Буриадаас эдийн
засгийн хөгжлөөр хоцорч байлаа. Тэгвэл одоо хүн амын өсөлт нь Монголын
эдийн засгийн хөгжилд их тус болж байна гэж хэлж болохоор байна.
Буриадууд ч гэсэн олуулаа байх байсан. Гэвч хүн ам нь өсөхгүй байгаад
шалтгаан байна. Бидний амссан тэр их зовлон, шаналал, хэдэн арван мянган
хүний амь нас, аав, эр нөхөр, хүүгээ алдсан хэдэн арван мянган
эмэгтэйчүүд, хэдэн зуун мянган төрөх ёстой ч энэ ертөнцөд мэндлээгүй
хүүхдүүд. Өнөөдөр буриадууд бид өнгөрсөн геноцидийн үр дагаврыг одоо
болтол амсаж байгаагаа ойлгохгүй байж ч болох юм.
Большевикууд буриадуудын эсрэг улс төрийн аллага явуулж, Монголд ч
Орост ч тэднийг цөлөн, буудан алж байснаас хойш 80 жил өнгөрсөн ч одоо ч
хүмүүсийн сэтгэл зүрхэнд айдас байсаар. Монголд олон зуун гэр бүл
тайван амгалан наяад онд төрсөн хүүхдүүдээсээ ч буриад гаралтай гэдгийг
нь нууж байна. Би Улаанбаатарт найзынхаа гэрт 30 настай нэгэн монгол
залуутай танилцсан юм. Тэр жил хагасын өмнө аавынхаа оршуулган дээр л
халх биш буриад гэдгээ ээжээсээ анх дуулсан байна.
Гэхдээ буриад монголчуудын амссан хэлмэгдэл тэднийг "Монголын еврей”
гэх домог гарах үндэс биш юм. Нөгөө талаас домог заавал ямар нэг
үндэслэлтэй байх албагүй.
Тэгвэл ямар нэг өөр шалтгаан байх ёстой доо.
Нэг хүнд оногдох эрдэмтний тоогоор буриадууд Орост хамгийн өндөрт
тооцогдож байгаа нь хамгийн боловсролтой монголчууд гэж биднийг үзэх
үндэс болж байгаа. ЗХУ-ын үед буриадууд боловсролоороо еврей, арменуудын
дараа хоёрт ордог байлаа. Еврейчүүдийг эрдмийн зэргийн тоогоор нь
ухаантай гэж үздэггүй, тэдний сийрэг ухаан юуг ч мөнгө болгож чаддаг бол
бид буриадууд тэгж чаддаггүй. Гэхдээ чадна гэдэгт би итгэхийг хүсч
байна.
Эцэст нь хэлэхэд Буриадуудыг еврей гэдэг бол зөвхөн хуурамч домог юм
шүү. Буриад зон олондоо шинэ гарсан Морин жилийн мэнд хүргье.
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ