Эдүгээ Монголын улс төр, бизнес, банкны салбарт хэдэр ёдор үгтэй,
хэнд ч дийлддэггүй, энэхүү увайгүй зан чанараараа бусдыг сав л хийвэл
айлган дарамталдаг, элдэв үг хэлээр дайрч доромжилдог Данзанбалжирын
Энхтайван гэгч нөхөр гарч ирээд байна.
Гарч ирээд байх ч юмгүй, Д.Энхтайван нь аль хэдийн гараад ирчихсэн,
тодруулбал 1990-ээд оноос эхлээд л Ардчилсан намын журмын нөхдөө идсэн
ууснаар нь айлгаж ичээсээр ирсэн нөхөр билээ. Түүний энэ мэтийн зарим
нэг бусармаг үйлдэл сонин хэвлэлийн шарласан хуудсанд баримт болоод
үлдчихсэн байх жишээтэй.
Үүнийг өгүүлэгч миний бие Ардчилсан намын анхны гишүүдийн нэг мөнөөсөө
мөн тул Д.Энхтайваны сүүлийн хорин жилийн амьдралыг арван хуруу шигээ
мэднэ гээд хэлчихэд нэг их алдаж буудахгүй. Түүний удирдаж буй Тээвэр
хөгжлийн банк жинхэнэ булхай луйврын өлгий байсныг өгүүлэхээс урьтаж
Данзанбалжирын Энхтайван гэдэг хүн Монголын ардчилалд ямархан үнэ
цэнэтэй хүн бэ, бас Ардчиллынханд ямархан гай барцад учруулсан бэ гэдэг
дээр жаахан тогтож яръя. Учир нь Д.Энхтайваныг ясны ардчилагч, жинхэнэ
шулуун шударга яриатай хүн гэж хүмүүс ойлгоод байдаг юм.
Тэрбээр 1990 оноос Ардчиллын талд хүчин зүтгэж эхэлмэгцээ юуны өмнө
ардчиллын лидерүүдийн алдаатай талыг соргогоор анзаарч, чухамдаа тэдний
алдаан дээр дөрөөлөөд айлгаж, дарамтлах маягаар дээшээ мацахыг эрхэм
болгосон хүн. Цаадуул нь ч өөрсдөө ихээхэн будлиантай явж ирсэн
болохоор хаана ч, хэнийг ч нүүрийг нь улайтал бурчихдаг Д.Энхтайванаас
битүүхэн айж эмээж явдаг юм. Анхандаа Ардчиллын томчууд Д.Энхтайваныг
нэг их хэл амтай хүн гэж бодолгүйгээр зарим зүйлээ нууж хаасангүй.
Ер нь аливаа сонгуулийн үед нэг намын нэр дэвшигчид, журмын нөхдийн
хооронд бие биедээ үнэн цагаанаар итгэж найдсан үйлдэл зөндөөн гардаг
шүү дээ. Тэгтэл Д.Энхтайван журмын нөхдийнхөө алдаан дээр шууд
дөрөөлөөд л босч ирсэн байдаг юм. Тэгээд тэр "Аан, Иймэрхүү маягаар
бусдын алдаан дээр дөрөөлөөд дээшээ яваад байж болох нь байна шүү.
Ерөөсөө өөрсдийгөө ардчиллын алтан хараацай гэж хөөргөөд байдаг муусайн
юмнуудын булхайтай үйлдлийг мэдэж авах нь маш хэрэгтэй юм байна" гэж
сэтгэсэн хэрэг.
Түүний толгой үе үе ийм айхтар ажилладаг юм. Ингээд л тэр ардчилсан
хүчнийхний булхайтай үйлдлийг тархиндаа "севлэх" нөр их ажилд
шуударсан. Цаадуул нь ч ёстой л гэнэн цагаан амьтад байлаа. Дээр нь
Монголын ардчилал өөрөө хэтэрхий гэнэн байсан. Ийм гэнэн цагаан
"субьект"-н дээр бусдын алдаан дээр дөрөөлөх сэтгэлгээтэй, амиа
хамгаалах арга мэхэнд аль хэдийн суралцаад авсан Д.Энхтайван ёстой л
ажиллах шиг болсон доо.
Ерээд оны үед Монголын ардчилал онгон залуугаараа, тэр ч утгаараа алдаа
оноо ихтэй байсан бөгөөд тэр болгонд Ху намынхан ардчиллын алдаан дээр
дөрөөлдөг байлаа. Тэглээ ч Д.Энхтайван Ху намаас давж дөрөөлсөн үү
гэхээс биш дутаж дөрөөлөөгүй юм шүү. Энэ ч маягаараа тэрбээр 2000-гаад
оны үед Ардчилсан намын нэг удаагийн хурал дээр намынхаа лидерүүдийг
шахаанд оруулж, "Та нар эхэлж авсан нэр хүндээрээ монопольдоод ардчиллын
нэр хүндийг унагаж байна. Тэгж ярих юм бол би та нарын бүх булхайг
мэднэ шүү" гэж сүрдүүлж байсан удаатай. Энэ цагаас хойш тэрээр ардчилсан
хүчнийхэнийг үнэхээр айлгадаг болсон.
Цаадуул нь ч гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр эрүүгийн шинж төрхтэй, хав
дөрвөлжин биетэй, хахир яхир зантай түүнээс ухаан алдтал айдаг байлаа.
Одоо ч айсаар байгаа. Сүүлийн үед Д.Энхтайван хууль, шүүхийнхнийг энэ
маягаараа айлгаж ичээдэг болчихоод байна. Учир нь тэр өөрийгөө
Ардчиллын алтан хараацайнуудын нэг гэж боддог бөгөөд ялангуяа
Эрдэнэтийн арчиллыг анх эхлуүлсэн алтан хараацай гэж өөрийгөө
дөвийлгөдөг юм. Нэгэнт түүнээс айдаг намын нөхөд нь өнөөдөр засгийн эрх
барьж байгаа болохоор Д.Энхтайван "Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах
вэ" гэсэн аятай дэндүү дураараа авирлаж, бусдыг хэлэх хэлэхгүй үгээр
дайрч доромжилдог болчихоод байна. Ард түмэнд үнэнийг мэдээлэх үүрэг
бүхий сэтгүүлчид бол Д.Энхтайваны аюултай дарамтлагч, хэрүүлч, хутган
үймүүлэгч зан араншинг тэр бүр мэдэхгүй. Д.Энхтайван ч ард түмэнд
аятайхан харагдах үүднээс сэтгүүлчдэд муу муухай араншингаа тэр бүр
мэдэгдүүлэхгүйгээр нэг л их шулуун шударга хүн болж жүжиглэсээр ирсэн
түүхтэй.
Харин одоо эрхэм уншигч та бүхэн Данзанбалжирын Энхтайван гэгчий ямар
хүн болохыг мэдэж авах цаг нэгэнт болжээ. Даравч далдайдаг, булавч
бултайдаг ертөнцийн үнэнийг яалтай ч билээ. Түүнийг Монголын ардчилалд
аюул тарьж мэдэх ноцтой хүн гэдгийг Ардчиллын лидерүүд аль 2000 оноос
эхлээд л ойлгож эхэлсэн ч түүнээс айж бэмбэгнэж явсаар Д.Энхтайваныг
шууд намаасаа зайлуулчихаж чадахгүй 2008 он хүртэл тэвчиж ирсэн байдаг
юм. Тэгтэл 2008 оны УИХ-ын сонгуулиар Д.Энхтайваныг Эрдэнэтчүүд нэр
дэвшүүлэхээс цааргалсан нь АН-д томоохон завшаан болсон юм.
Үүгээр далимдуулаад АН-ын лидерүүд ихээхэн хал амтай Д.Энхтайванаас
хагацаж салах арга сүвэгчилсэн бөгөөд "За чамайг бид бол дэмжиж явдаг.
Харин Орхон аймгийнхан дэмжсэнгүй дээ. Одоо тэгэхээр тэнд өөр хүний л
нэрийг дэвшүүлэхээс өөр арга алга" гэсэн манж үг чулуудаад түүнээс
зайгаа барьж байсан юм. Ингэхгүй бол Д.Энхтайван ардчиллын нэрийг
баллаж хаях гээд байлаа.
Ер нь ч журмын нөхөд нь түүнээс залхаад байсан цаг. 2008 оны УИХ-ын
сонгуулиар Д.Энхтайван Ардчилсан намаас нэр дэвших эрх олж авч
чадаагүйдээ бухимдаж, улмаар Орхон аймагт бие дааж нэр дэвшсэн бөгөөд
тэр үед жинхэнэ мөн чанараа харуулж байлаа. Мань эр Орхон аймагт АН-аас
нэр дэвшсэн Д.Оюунцэцэг, Д.Одхүү нарын журмын нөхдөө газар дор ортол нь
муулж гоочилсоноор МАХН-аас нэр дэвшсэн Д.Дамба-Очирт тун аятайхан
завшаан олгож байлаа. Ямар сайндаа л сонгуулийнхаа сурталчилгаанд
оролцуулж байсан сэтгүүлчдэд хандаж "Энэ Д.Оюунцэцэгийг Элбэгдоржийн
нууц амраг гээд бичих хэрэгтэй.
Элбэгдоржтой улаан цагаан явалдаж байгаад Орхон аймагт нэр дэвших эрх
олж аваад Ардчиллын унаган партизан Энхтайваныг өшиглөөд гаргачихлаа
гээд бич. Хариуцлагыг нь би даана. Цаад Элбэгээ чинь надад юу ч хэлж
чадахгүй" гэж томорсоноор түүний гар хөл болсон сэтгүүлч нар Д.Оюунцэцэг
хэмээх хөөрхий эмэгтэйг Ц.Элбэгдоржтой нэр холбогдуулж гүтгэсээр
байгаад сонгуульд ялагдуулж байсан удаатай. Тэрхүү гүтгэлгийн шинж
чанартай сонинууд нь одоо ч миний гарт байж л байна. Шаардлагатай үед
гаргаж үзүүлэхэд бэлэн.
Д.Энхтайван зориуд ийм гүтгэлгийн сонин нууцаар хийлгээд Эрдэнэт хотод
нууцаар тараалгаж, айлын хашаан дээгүүр давуулан шидүүлж, байрных нь
орцонд нь бөөн бөөнөөр нь хаялж байсан тухай баримт бас байдаг. Мөн
Д.Энхтайван 2008 оны сонгуулийн үеэр өөрийгөө ардчилсан хувьсгалын
партизан гэж ханхалзан хэтэрхий дээрэнгүй аашилж байлаа. Тухайлбал тэр
үеийн нэгэн сонины тасархай гарт минь байна.
Уг сонинд өгүүлэхдээ "Банкя" гэж нэршсэн Д.Энхтайван АН-аас нэр
дэвшигчдийн уулзалтыг үймүүлж, бөөн будлиан хутгав. Гэр хорооллын
Баянцагаан багт бага үдийн 11 цагт болсон уулзалтад Д.Энхтайван
микроавтобустай хүмүүстэй түрүүлж ирчихээд АН-ын сурталчилгааны майхныг
дайлаар морддог байгаа. Чанга яригч булаахын тулд нэг ухуулагчид кидан
буюу хөлөөр савах мэх хийсэн төдийгүй АН-аас нэр дэвшигчийг дүүжлэхээр
болсон тухайгаа хэлэхэд нь хөгшин залуугүй өөрийн эрхгүй хамгаалалтын
өрөлт авав.
Хэв журам зохицуулах ёстой цагдаагийн дэд хурандаа уулзалтаа тараах,
эсвэл Д.Энхтайвантай зохицох нь зүйтэй болохыг ухуулахдаа бага зэрэг
ичсэн нь илт. Уулзалт яриа хийх гэсэн биш иргэний мөргөлдөөн гарах
дөхсөний эцэст АН-ын Д.Одхүү, Д.Оюунцэцэг нар уулзалтаа эхлэв. Тэгтэл
Д.Энхтайван машинуудын цаана енгэнэтэл уйлж гарах юм. Дүүжлүүрийн олс
сануулаад байсан тавиад насны эр хүн ингэж гингинүүлж өгөхөөр элдвийн юм
бодогдож байна. Ноён "Банкя" бие даан нэр дэвшсэн учир АН-ын дүрмээр
намаасаа автоматаар хөөгдчихсөн юмсанж.
Төрсөн дүү Д.Энхжаргал нь МАНХ-ыг Засгийн эрх барьж байх үед
Монголбанкны дэд ерөнхийлегч болсон. Д.Энхтайваны жинхэнэ захиалагч нь
хэн бэ гэдгийг дүүгийнх нь томилгооноос хялбархан мэдэж авна. Бас дээр
нь энэ гэр бүлийн эзэмшил, нөлөөлөд байгаа Тээвэр хөгжлийн банк улс
төрийн тогоон дотор тооцооны салбараа нээх гэсэн ашиг сонирхол явж
байна..." хэмээжээ.
Ер нь 2008 оны сонгуулийн үеэр Д.Энхтайваныг МАХН-тай их хэмжээний
мөнгөний тохироо хийж, Орхон аймагт нэрээ дэвшүүлж АН-ын нэр дэвшигчдэд
саад учруулах, саналаас нь "хэлтлэх" ажиллагаа хийсэн гэж сонин
хэвлэлүүд хардаж байлаа. Энэ нь үнэн байсан бололтой. Энэ нь ардчилсан
улс төрчийн хувьд, шударга үнэний хувьд дэндүү болчимгүй үйлдэл билээ.
Өөрийгөө ардчиллын анхны партизан гэж хеөргөж явдаг, энэхүү нэр
хүндээрээ Ардчиллынхандаа нэр нөлөөтэй явдаг гэх Д.Энхтайван хэрвээ Ху
намынхан (Одоогийн МАН)-ынхантай энэ мэтээр сүлбэлдэж явдаг бол тун
аюултай. С.Зориг, Э.Бат-Үүл нарын эхлүүлсэн Ардчилсан хувьсгалын алдаа
оноо эдүгээ бүрэн гүйцэд танигдаагүй байгаа ч уг хувьсгалын нэрийг
барьсан "хог шаар"-нууд 1990 оноос эдүгээг хүртэл Монголын улс төрд мөн ч
их будлиан хутгасаар ирсэнийг өнгөрсөн хорин жилийн түүх гэрчилнэ.
Арчилсан хүчнийхний эв нэгдлийг хагалган бутаргагчид ерэн оноос эхлээд
маш эрчимтэй ажиллаж ардчиллынханыг дотор нь хоёр гурван хэсэг болгож
хувааж байсан түүхтэй. Энэ нь Ху намынханд л их том завшаан болсоор
ирсэн байдаг. Үнэндээ ардчиллынханыг хоорондоо "алалцах" болгонд
шороонд булагдахаас бусдыг үзсэн Ху намынхан дотроо маш их баярладаг
байсныг юмны учир гадарлахтайгаа болсон ахмад улс төрчид эдүгээ хүүрнэж
суудаг билээ.
Ер нь ардчиллын зарим нэг хөлдүү толгойтой этгээдүүд Ху намынхны
хатгаасаар, тэдний санхүүжилтээр Ардчилсан хүчнийхнийг хагалган бутаргах
үйл ажиллагааг зориудаар зохион байгуулдаг байсан гэдэг шүү дээ.
Ардчиллынхан өөрсдөө "Манай намынхан дотооддоо хэрүүл тэмцэлтэй байгаа
нь эрүүл байгаагийн шинж" гэж цэцэрхдэг. Харин Ху намынхан манай
намынхныг хэрэлдэж тэмцэлдэх болгонд үүн дээр нь дөрөөлж байгаад жинхэнэ
улс төрийн хор найруулга, наймаа панз үсэргэсээр ирсэн.
Үүгээрээ тэд Ардчилсан намаас хэлээд хэдэн хүнийг олзолж авсан. "Симба"
Батаа мэтийн ганц нэг "дурак" ард түмний нүдэн дээр Ху нам руу улаан
цагаан урвасан бол хэнд ч мэдэгдэлгүйгээр, тэр ч байтугай намынхандаа ч
мэдэгдэлгүйгээр Ху намын талд нууцаар ажиллаж амин хувиа борлуулдаг
хэд хэдэн хүн бий. Зарим нь сонгууль дөхөөд ирэхээр л Ардчилсан намын
лидерүүдийг газар дор ортол муулж, сөрөг намын талд илт ажиллаад
эхэлдэг. Ийм хүмүүсийг эрхэм уншигч та надаар хэлүүлэлтгүй гадарлаж
байгаа.
Наад захын жишээ гэхэд л "Малыш" Энхтүвшин, ам цуурсан хэргээр "Ганц
худаг"-т хоригдож байсан Нинж нар байна шүү дээ. Энэ хоёр бол тэртэй
тэргүй цагаандаа гарсан улс. Харин ард түмний нүдэн дээр ардчилсан үзэл
санаа ханхлуулаад жинхэнэ эх орончдын эхлүүлсэн Ардчилсан хувьсгалыг
эдүгээ үргэлжлүүлээд явж байгаа хог шаарнууд мэр сэр байна. Тэдний нэг
нь Д.Энхтайван гэдэгтэй олон хүн санал нийлдэг юм. Одоо тэгэхээр
Д.Энхтайван "Би Ардчиллын партизан" гэж цээжээ дэлдэх эрхгүй болж
байгаа биз.
Партизан гэдэг бол ямагт партизанаараа л байдаг. Ер нь ч ийм л байх
ёстой. Тэгэхгүй бол урвагч болж хувирна. Гэхдээ АН-ынхан Д.Энхтайваныг
өнөөдрийг хүртэл партизан хэвээрээ яваа гэж итгэж явдаг бөгөөд үүнд л
тэдний алдаа байгаа юм. Тийм учраас л Д.Энхтайван гэгч этгээд "Намайг
хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ" гэсэн аятай бүхнийг захиран
дарангуйлах шинжтэй болчихоод байгаа юм.
Хувийн амьдрал,гэр бүлийн талаар ч мань эр ихэд тогтворгүй хүн бөгөөд
анхны авааль эхнэрээсээ салаад нэг залуухан бүсгүйтэй сууж хүүхэдтэй
болсон ч өөр нэг бүсгүйг жирэмсэн болгоод бөөн будлиан хутгасныг хамт
ажилладаг хүмүүс нь шивэр авир ярилцдаг юм. Жирэмсэн болсон бүсгүйн ар
гэрийнхэн Д.Энхтайваныг банкны захирал гэдгийг мэдэнгүүтээ тэрбум
төгрөг нэхэмжилсэн гэх яриа чих дэлсэж байдаг бөгөөд хэтэрхий харамч
нарийн мань "Банкя" үүнийг аргалахын тулд аргагүйн эрхэнд 70 сая төгрөг
тавиад туучихсан гэж байгаа. Үүнийгээ тэр маш их нууцалдаг юмсанж.
Гэсэн ч даравч дардайна гэгчээр ажилтнуудынх нь сонорт хүрчихсэн л байх
жишээтэй. Мөн тэрбээр нэгэн цагт Тээвэр хөгжлийн банкаараа дамжуулж
хамаг л бохир мөнгийг нь угааж байгаад эцэст нь хонь, чоно болж
эвдрэлцсэн ОХУ-ын иргэн С.В.Новожилов гэгчдээ залуухан охид мөнгөөр
худалдан авч өгдөг байсан гэх яриа байдаг. За энэ бөгс бөөрний асуудал ч
дүүрсэн хэрэг.
Хамгийн гол асуудал бол түүний Тээвэр хөгжлийн банкинд олон жил
үүрлэсэн булхай луйвар билээ. Тус банк анх байгуулагдсан цагаасаа эхлээд
л далай шиг их луйвар булхай хуримтлуулсаар иржээ. Тийм ч учраас хоёр
гурван ч удаа дампуурахад хүрч байлаа. 1990-ээд оны эхээр "Автозам"
нэртэй төрийн өмчит банк үйл ажиллагаа явуулдаг байлаа.
Зам тээвэртэй холбоотой бүхий л санхүүжилт мөнгө төгрөг энэ банкаар
дамжиж гардаг байсан бөгөөд тухайн үед Д.Энхтайваны дүү Д.Энхжаргал
гэгч хүүхэн Монгол банкны хяналт шалгалтын хэлтсийн даргаар
томилогдонгуутаа "Автозам" банкны үйл ажиллагааг зориуд зогсоогоод,
удалгүй тус банкны байранд "Тээвэр хөгжлийн банк" нэртэй хувийн банк
босгоод ирсэн байх жишээтэй. Хамгийн хачирхалтай нь тус банкны захирал
нь Д.Энхтайван, Д.Энхжаргал нарын аав Данзанбалжир байлаа.
Энэ нь албан тушаалаа ашигласан цэвэр луйвар байжээ. Энэ тухай хожим
"Автозам" банк яагаад "Тээвэр хөгжлийн банк" болсон хачирхалтай түүх",
"Улсын банк луйвардаж аваад хувийн банк болгосон нь" гэх мэтийн том том
нийтлэл сонин хэвлэлд бичигдэж байсан болохоор дахин нурших хэрэг юун.
Энэ үүднээс нь авч үзвэл өнөөдөр Д.Энхтайван өөрийгөө "Тээвэр хөгжлийн
банк"-ны босс гэж хэлэх эрхгүй юм.
Нөгөө л ардчиллын лидерүүдийг авсан идсэнээр нь айлгаж ичээгээд
атгандаа байлгаж байсныхаа ач буянаар Д.Энхтайваны эсрэг хэн ч дуугарч
чадахгүй байсаар "Автозам" банкийг тавиад туучихсан хэрэг шүү дээ. Энэ
тухай ярих гэвэл маш урт түүх, маш их булхай яригдах болно. Шаардлагатай
гэж үзвэл эрхэм уншигч та бүхэн интернет рүү ороод "Автозам" банк
яагаад "Тээвэр хөгжлийн банк" буюу "Транс банк" болсон талаар хайгаад
үзээрэй. Цэвэр луйвар явагдсан байдаг юм. Луйвар луйвардаа арай дэндүү
ил цагаан луйвар.
Тухайн үед Д.Энхтайван УИХ-ын гишүүн байсныг ч хэлэх үү, энэхүү
луйвараа баллуурдах гэж ёстой үзүүлж өгч байлаа. УИХ-ын гишүүн болох ийм
л ашигтай байдаг хойно доо. Д.Энхтайван, Д.Энхжаргал нарын дараачийн
том луйвар нь 2008 онд эхэлсэн юм. Тухайн үед гарч байсан "Маш нууц"
сонин миний гарт байна. Тус сонины 2008 оны №20 дугаарт "Банкя"
Д.Энхтайван оросуудыг Монголын банк санхүүгийн зах зээлд эзэн суулгалаа"
гэсэн гарчиг бүхий мэдээ тэргүүн нүүрэнд хэвлэгдсэн байх аж.Үүнд: "Улс
орны тусгаар тогтнол, эдийн засгаар бэхждэг Монгол мэтийн жижиг улс
орны банк санхүүгийн зах зээлд гадныхан их хэмжээгээр нэвтэрвэл төрийн
тусгаар тогтнол алдагдахад маш амархан болно гэсэн үг.
Тэр чинээгээрээ Монголын үндэсний томоохон компаниуд харийн мэдэлд очно
гэсэн үг. Хэзээ мөдгүй дампуурах гэж байсан "Транс" банк өдгөө гадны
хөрөнгө оруулалтаар тэжээгдэн хөгжил цэцэглэлтийнхээ замд орсон талаар
эзэд нь сэтгэл хангалуун ярих боллоо. Тус банкыг сав л хийвэл УИХ-ын
сонгуульд нэр дэвшдэг "Банкя" Д.Энхтайван толгойлдог. Үнэн хэрэгтээ
Д.Энхтайваны хөрөнгө гэж хумсын төдий ч байдаггүй аж. Уг банк нь
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг түүний төрсөн дүү
Д.Энхжаргалынх ажээ.
Лондонд "Монгол банк"-ны төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Энхжаргал нь нэр
нүүрээ ашиглан байж Оросоос ихээхэн хэмжээний мөнгө оруулж ирснээр
"Транс" банкаа сэргээж байгаа аж. Гэлээ гээд Монголд дуслын төдий ч
нэмэр болохгүй. Харин ч улам бүр оросуудын нөлөөллийг ихэсгэж, Монголын
санхүүгийн зах зээлийг гадны хамааралд оруулж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, оросууд Монголын банк санхүүгийн зах зээлд эзэн сууж
чаджээ" гэж өгүүлсэн байх аж. Энэ ч яахав эхэн үеийн хайлган цайлган
мэдээ. Харин дараахан нь Д.Энхтайван, Д.Энхжаргал нар жинхэнэ мөн
чанараа харуулж мөнөөх эзэн суух гээд байсан оросуудаа луйврын аргаар
хөнтөрч орхисон түүхтэй. Энэ тухай "Цагаан захтай луйварчин" гэгддэг Д.
Энхжаргал, Д.Энхтайван нар хэн бэ?" гэсэн томоохон нийтлэл бичигдэж
байлаа. Цухасхан иш татваас:
"Хулгайч л хулгайчийг бариараа" гэж чанга дуугаар хашгирдаг. Тэгвэл
Тээвэр хөгжлийн банкны 8.66 хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтайван гэгч ах
дүүс, албан тушаалаараа сүлбэлдэн хийсэн "луйвар, хууль бус гэмт
үйлдэл" нь илэрч, үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт тэд суух байх газраа
олж ядан, төр, хувь, гадаад дотоодгуй хэн бүхэн рүү цамнан нохой шиг
боорлох болов.
Энэ нь Д.Энхжаргал нар Тээвэр хөгжлийн банк буюу Транс банкны 51 хувийг
луйвардан өөрсдийн болгохын тулд тус банкны багаахан хувь эзэмшигч,
шалихгүй зураач цолтой Д.Энхтайвандаа Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын
дарга гэх "сэтэр" зүүж өгөн дүрд нь итгүүлснээр, түүний галзуу солиотой
мэт үйлдлүүд ар араасаа хөврөх болсон. Олон улсын жишгээр банкны
ТУЗ-ын дарга банкны өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох
болоод цалин, хангамж авах эрхгүй байдаг ч Д.Энхтайван "Инфрастракчур"
компанийн эзэмшилд байдаг тус банкны байрны 2 дугаар давхарыг бүхэлд нь
эзэмшиж, ямарч түрээс, төлбөр төлөхгүйгээр том ажлын өрөө гаргуулан,
өөртөө цалин хангамж олгон, яг л "хаан" лугаа ямбалан, шунал хүслийнхээ
төлөө чөтгөр шулам мэт аашлах болж, хэн ч харсан, сонссон эрүүл бус
зүйл ярьж явах болсон Д.Энхтайваны мэдрэл эрүүл эсэхэд түүний ойр
тойрныхон нь хүртэл ихээхэн эргэлзэх болсон байна.
Үнэн хэрэгтээ Д.Энхтайваныг Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга бус
жирийн нэг багахан хувьцаа эзэмшигч болохыг нь хууль хяналтынхан ч аль
эрт тогтоон, шүүх түүнийг нь эцэслэчихсэн. Тодруулбал хоёр оныг дамжин
гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэн тус маргаан 2010 оны 04 дүгээр сарын
22-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн
шүүх хуралдааны тогтоолоор эцэслэгдсэн. Энэ хуралдаанаас "Нийслэлийн
давж заалдах шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 189
дүгээр магадлал буюу Тээвэр хөгжпийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл
болон төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайваны бүрэн эрх дуусгавар
болсныг тогтоож, хойшлогдсон 2009.08.18-ны хурал, хувь нийлүүлэгчдийн
хурлаас гарсан 1. 2. 3, 4 дүгээр тогтоолыг хүчин болгосугай" гэж
шийдвэрлэсэн нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа.
Гэсэн ч Д.Энхтайван нь өөрийн хүслээ гүйцэлдүүлж В.Армены эзэмшиж
байсан банкны 51 хувийгдээрэмдэн авахын тулд хууль, шүүхийн байгууллагын
шийдвэрийг уландаа дэвслэн, "Оюуны Ундраа" компанийг Транс банкаар
дамжуулан "мөнгө угаасан", бусдыг улсын хилээр оргуулсан мэтээр ээлжит
гүтгэлгээ эрээ цээргүй тарааж яваа нь харин ч "Хуучаа ярих гээд
хулгайгаа ярив" гэгч болоод байна.
Сүүлийн үед Д.Энхтайван гэгч этгээдийн ичих булчирхайгүй үйлдэл хэрээс
хэтэрч, хууль номын дагуу ажлаа хийж яваа төрийн албан хаагч, хууль
хяналтын байгууллагууд төдийгүй иргэн аж ахуйн нэгжийн ажил хэрэг,
хувийн нэр хүндэд бүдүүлгээр халдан, онц ноцтой гэмт хэрэгт
үндэслэлгүйгээр гүтгэн давшилж байгаа нь жинхэнэ "ичсэн хүн, хүн ална"
гэдгийн үлгэр болж байна..." гэх мэт.
Энэ бол далам шиг их материалын зөвхөн өнгөн хэсэг нь. Бүгдийг нь бичих
гэвэл барагдашгүй. Д.Энхтайваны энэхүү булхай луйврын тухай материал
интернетэд сайтад хогоороо байна. Үнэндээ ичсэн хүн, хүн ална гэгчээр
Д.Энхтайван 2009 оноос эхлээд л Д.Армин, С.В.Новожилов нарыг гадаадаас
Монголд орж ирсэн гэмт этгээдүүд, луйварчид гэх мэтээр сонин хэвлэлд
дур мэдэн бичүүлж, үүндээ хэд хэдэн сэтгүүлч, хэд хэдэн сониныг хөлсөлж
авсан байдаг юм. Жишээ нь Б.Отгонбаяр, Т.Солонгоо, Д.Эрдэнэчимэг,
Б.Ойдов, Т.Цогт-Эрдэнэ нарын сэтгуүлчдийг хөлсөлж аваад Д.Армин,
С.В.Новожилов нарын тухай залхтал бичүүлдэг байлаа.
Энэхүү ажиллагаандаа өөрийн туслах Т.Долоонжин гэгчийг бас ашигладаг
байсан юм. Армин, Новожилов нар монгол хэл сайн мэдэхгүй гадаадын улс
болохоор зарга заальхай хийж чаддаггүй байсан бөгөөд үүнийг нь
Д.Энхтайван овжин ашиглаж Д.Армин, С.В.Новожилов нарыг гадаадын аюултай
луйварчид, харин өөрийгөө тэдэнд өм цөм тонуулсан хохирогч мэтээр
харуулдаг байлаа. Үнэн хэрэгтээ хумсын төдий ч хөрөнгөгүй, хариугүй
дампуурах гэж байсан "Транс" банк оросуудын хамаг л хар мөнгийг угааж
цулайчихаад байсан хэрэг шүү дээ.
Д.Энхтайван наанаа ингэж өнгөлөн далдлалт хийхдээ гаргууд хүн л дээ.
Үүндээ сонин хэвлэл, радио, телевизийг гайхалтай ашиглаж чаддаг.
Ялангуяа телевизээр нэг л их шударга цэцэн хүн болж харагдаад байдаг.
Тэгсэн хэрнээ цаагуураа бусдыг рекетлэх, дарамтлах, доромжлохдоо
мэргэшсэн хүн. Түүний зарим увайгүй үйлдлийг бодох бүрийд хурандаа
Д.Мөрөнгийн хэлж байсан "Рекэтүүд хууль бусаар мөнгөжсөн хүмүүсийг л
гэмт хэргийн обьектоо болгодог" гэдэг үг санаанд буудаг юм. Гэхдээ
ардчилсан хүчний гэнэн цагаан журмын нөхдийг хууль ёсоор мөнгөжсөн гэмт
хэргийн обьект гэж нэрлэж байгаа хэрэг биш.
Тэд харин зальтай сэргэлэн Д.Энхтайваны хувьд бол жинхэнэ өгөөшөө
болгохуйц обьект байсаар ирсэнд л байгаа юм. Тиймээс Д.Мөрөнгийн хэлсэн
дээрхи үгтэй утгын хувьд бол ижил болчихож байгаа хэрэг. Ерээд оны сүүл
үед ахмад сэтгүүлч Ж.Сандагдорж "Улс төрийн ченж" гэсэн нийтлэлдээ
Д.Энхтайван тэргүүтэй хэдэн хүний нэрийг яг дээрхи маягаар хавчуулсан
байж билээ. Учир нь тухайн үед Д.Энхтайван, Д.Энхжаргал нар төрийн
мэдлийн "Автозам" банкийг хувийн болгож луйвардаад ид бужигнуулж явсан
болохоор тэр шүү дээ. Өнөөгийн сэтгүүлчид Д.Энхтайванаас нууцгүй хэлэхэд
айдаг юм.
Ер нь луйварчид нэр төрөө сэргээлгэнэ гэж айлгаад олон сая төгрөгөөр
шантаажилж, үүнийг нь цагдаа, шүүхийнхэн баталгаажуулан шоронд хорино
гэж айлгаж дарамталсаар байгаад сэтгүүлчдийн зүрхийг аль хэдийн
цээжнээс нь суга татаад авчихсан шүү дээ. Тэгээд ч өнөөгийн Монголын
сэтгүүлчдийн армийн гол цөмийг юмны учир мэдэхгүй годогносон охид,
бүсгүйчүүд бүрдүүлэх болсон. Эд нар луйварчдын өвөрт орж хэвтдэггүй л юм
бол авъяас, овсгоо, мөнчгөрөөрөө тэдний булхайг илрүүлнэ гэдэг ёстой
зангууны үлгэр.
Ийм сэтгүүлчдийн армитай байхад Д.Энхтайван мэтийн архаг луйварчид
хэдхэн төгрөг өгөөшинд хаяад л ямар ч гэм зэмгүй үлдэх жишээтэй.
Өнөөгийн сэтгүүлчдийн хийдэг ажил гэвэл өглөө хэвлэлийн бага хуралд
уригдаж очоод болсон болоогүй зарга заалхайг телевиз, сониноороо
мэдээлэх аядана.
Ингээд л болчихно тэр. Зарим тэнэг нь үүнийгээ эрэн сурвалжлах сэтгүүл
зүй гэж солиорохыг яана. Луйварчидтай шөргөөцөлдөж байхын оронд амар
хялбараар нь урлаг, соёлын хэн нэгэн одтой ярилцлага хийсэн шиг ээ,
хэнд ч хал балгүй явж байх нь өнеөгийн сэтгүүлчдийн түүхэн замнал,
туйлын зорилго болчихоод байгаа юм. Авилгачин, луйварчдыг иргэдийн
мэдээллийн дагуу жинхэнэ мөрдөж мөшгөөд булхайтай үйлдлийг нь улайтал
илрүүлээд гаргаад ирэх үүрэг бүхий мөрдөн байцаагч нар болохоор дөрвөн
хананы дунд суучихаад хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хавтаст хэрэг
бүрдүүлсэн болж шүүхэд шилжүүлээд л санаа нь амрах жишээтэй.
Шүүх дээр хавтаст хэрэг нь очмогц мөнөөх луйварчид нь жинхэнэ
хахуульдах, хамгаалуулах, лоббидуулах, танил талдах, хэргээ хэрэгсэхгүй
болгуулах гэх мэтийн ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэнэ. Ийм
арчаагаа алдсан сэтгүүл зүйтэй, ийм арчаагаа алдсан мөрдөн байцаагчтай,
ийм арчаагаа алдсан шүүх засаглалтай байсан цагт Д.Энхтайван мэтийн
архаг луйварчид оодролгүй ч яахав дээ.
Улс төрийн амьдрал нь хэрүүл хараалтай, эдийн засаг нь сул дорой, ард
иргэд нь тэмцэх чадваргүй улс орныг гадаадын тэрбумтан луйварчид онилж
аваад хүссэнээ хэрэгжүүлдэг тухай Ж.Батзандзн, О.Магнай нар залхтал
ярьсан. Үүн шиг шүүх, цагдаа нь авилгалд өртөмтгий, сэтгүүл зүй нь сул
дорой, мэдээллийн хэрэгсэлүүд нь мөнгөний сонирхолтой Монголын нийгэмд
архаг луйварчид дураараа дургихгүй өөр хэн дураараа дургих юм бэ?
Сүүлийн үед хэнд ч дийлдэхгүй дураараа авирлаад, хууль шүүхийнхнийг
хүртэл айлгаж ичээгээд байгаа Данзанбалжирын Энхтайваны далай шиг их
луйвараас хумсын төдийг дэлгэхэд ийм буюу. Хэрвээ түүний бүхий л луйвар
булхайг дэлгэх гэвээс бүхэл бүтэн ном болмуй.
undesten