Ноолуурыг кг-ыг нь 100 мянган төгрөг болгохыг малчид нүдээ “ширгэтэл” хүлээж сууна
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Чүлтэмийн Улаан гэж ичиж, эмээхгүйгээр худлаа ярьдаг, эрх ашгийн зөрчилтэй шийдвэр гаргадаг “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэдэг шиг дархан эрхтэй, сайдын суудалд дархлагдсан хүн байх юм. Тэр сүүлийн 28 жилд таван удаа УИХ-д сонгогдож, зургаан удаа Монгол Улсын сайдаар ажиллажээ. Хүний амьдралын 30 орчим жил гэдэг богино хугацаа биш. Тэр ийм хугацаанд сайдын сэнтий, төр төлөөлөх түшээгийн суудлаас хөндийрөлгүй, зөөлөн суудалд тухалсаар өнөөдрийг хүрсэн ч хариуцсан салбартаа эзэн бололгүй, хүйтэн сэтгэлээр хандаж ирсний горыг ард түмэн хангалттай амслаа.
Монголчууд Ч.Улаан сайдад ямар өртэй болоод эрх ашгийн эрэмбээ зөв тогтоож чаддаггүй түүнд албан тушаал, сайдын сэнтий өгөөд байдаг юм бол гэж бодоход хүргэж байна. Тэр биднийг дунд сургуульд ч ороогүй байхад сайд байсан, арван жилээ төгсөхөд, их сургуулиа дүүргэхэд, ажлын байран дээр гарахад ч сайдаар ажиллаж байна. Хариуцсан ажлаа үнэхээр сайн хийгээд, холыг харсан шийдвэр гаргаад, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулаад байгаа юм уу гэхээр үгүй. Тэгсэн хэр нь сайдаар томилогдоод, төр төлөөлөх мандат өвөртлөөд явж байдаг зарга, заль нь ихэдсэн нэгэн аж.
Уг нь инженер-эдийн засагч мэргэжилтэй ч очсон салбар бүртээ холион бантан хутгаж, уруудуулж ухаангүй ноён, урагшгүй албат нь болдог. Хамгийн сүүлд тэрбээр, хоёр жил орчмын өмнө журмын нөхдөөсөө “Ахынх нь сүүлийн боломж шүү дээ” хэмээн “өвдөг сөгдөн” гуйх нь холгүй өрөвдөлтэй царай гаргаж байгаад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон. Энэ ажлыг авснаасаа хойш албан тушаалаасаа буувал “дээлээ нөмрөх” хуудуутай олон шийдвэр гаргасаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг хөөтэй нь хутгаж орхив. Тэр энэ хугацаанд “Хар толгойгоороо хариуцна” хэмээн алив асуудалд олон ч удаа ам гарсан ч ахиц дэвшил гарсангүй, ам, ажил хоёр нь зөрсөөр ээлжит сонгуультай золгох гэж байна.
Хамгийн сүүлд тэрбээр “Малчдаас ноолуурыг нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авна” хэмээн мэдэгдсэн. Гэтэл энэ шийдвэр зөвхөн Сүхбаатар аймагт хэрэгжиж байгаа тухай мэдээлэл байна. Монгол Улсын өнцөг булан бүрт борви бохисхийлгүй ажиллаж, малынхаа шимийг хүртэхээр хөдөлмөрлөж буй малчдад энэ бодлого хүрэхгүй нь ээ. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ шүү дээ. Гэтэл тэрбээр хар амиа бодож, зөвхөн өөрийн сонгогдсон тойргийнхоо малчдад ноолуурын үнийг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр бодож авахаар арга саам сүвэгчилсэн нь олон хүний дургүйцэл төрүүлж байна.
Уг нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдэгдэл хийх үеэрээ “Засгийн газрын хуралдаанаар ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. Манай улс оны эцэст 70.9 сая мал тоолуулсан бөгөөд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх боломжтой байна. Болзошгүй эрсдэлтай байгаа тул бэлтгэл, боловсруулалтад онцгой анхаарал тавьж, цогц арга хэмжээ авах тогтоолыг баталлаа. Малчид, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Гуравдугаар сарын сүүлээр эхний аймгууд ноолуураа самнаж эхэлнэ. Өнгөрсөн жил нийт бэлдсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, бүтээгдэхүүн болгосон бол 10 хувийг нь самнасан ноолуур болгон экспортод гаргасан. 65 хувийг нь анхан шатны тордолт хийж экспортод гаргаж байжээ. Энэ жил цогц арга хэмжээ авсны үндсэн дээр уг байдлыг өөрчлөхөөр болсон. Ноолуурын салбарт төр засаг үүрэг оролцоотой оролцох болсон.
Энэ жил ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно. Мөн Хөгжлийн банкны 10 хувийн хүүтэй зээлийг таван хувийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгохын тулд дунд нь гарч байгаа хүүгийн зөрүүг төр хариуцна. Өөрөөр хэлбэл, 30 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг төр хариуцна. Нөгөө талд үйлдвэрлэгч буюу аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүргийг тогтоолд тодорхой тусгаж өгсөн. Малчдаас авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх зорилт тавьж байна. Малчид маань ноолуураа борлуулах гэж яарах хэрэггүй. Ноолуураа самнаж, анхан шатны тордолт хийх хэрэгтэй.
Мөн төрөөс зарласан үндэсний үйлдвэрүүдэд ноолуураа зарах хэрэгтэй байна. Хэрэв үндэсний үйлдвэрүүддээ ноолуураа тушаахгүй бол эргээд ноолуурын урамшуулал авч чадахгүй байдалд хүрнэ” гэсэн юм. Гэвч тэр цонхны цаанаас чихэр долоолгочихлоо. Гуравдугаар сарын сүүлчээр ноолуураа самнаж эхэлсэн малчдын түрүүч дөрөвдүгээр сар бараг дундаа орох гэж байхад ноолуураа кг-ыг нь 100 мянган төгрөгөөр өгөх нь байтугай 50 мянга ч хүргэж чадахгүй буй аж. Уг нь Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосноор ноолуурын үнэд ахиц гарна гэж тооцоолсон. Гэвч салбар хариуцсан сайд кабинетынхаа эсрэг “ажиллаж”, ноолуурын үнийг зөвхөн өөрийнхөө сонгогдож, төрийн түшээ болсон аймагт Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Ердөө хоёр сар гаруй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Үүгээр дахин сонгогдохоор сэрүүн зүүдэлж яваа хүмүүсийн нэг бол Ч.Улаан. Тиймдээ ч ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаад явж байгаа нь энэ. Нөгөөтэйгүүр тэр ард түмнийг басамжилж байна.
Тэднийг загасны ой санамжтай зүйрлэн, сонгууль болохоос хоёр сарын өмнө орлогод нь нөлөөлөх шийдвэр гаргачихвал дахин сонгогдоход нэмэх оноо болон гэж тооцоолсон бололтой. Ингэж төрийн мөнгийг, төрийн шийдвэрийг хэсэг бүлэг хүмүүст зориулж, бүхэл бүтэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хариуцаж байгаагаа тэр умартав. Монгол хөдөө аж ахуйн орон. Гэсэн ч энэ салбар тогтсон бодлогогүй явж байна. Энэ нь ард иргэдийн нуруун дээр ачаа болж ирдэг ч салбар толгойлж буй Ч.Улаан жишим ч үгүйгээр өөрийн бүлэглэлдээ ашигтай шийдвэр гаргаж, албан тушаал эрх мэдлээ ашигласаар сууна. Малаас гарах бүтээгдэхүүнийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, дотооддоо хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангах боломжийг эрж хайсан бүтээлч ажил, санаачилга Ч.Улаан сайдаас гарсангүй. Тэр ажлаа авснаас хойш хөдөө аж ахуйн салбараар “тоглож” дууслаа. Хамгийн хачирхалтай нь, хэн ч хариуцлага тооцно, улс орноо бодсон шийдвэр гарга гэж түүнд хэлэхгүй, чимээгүйхэн ажлыг нь хийлгэсээр л байх юм. Энэ хүн чинь улсаа хорлон сүйтгэж дууслаа шүү дээ.
ЭХ СУРВАЛЖ: Б.БИЛЭГТ, ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН