"Солонгос кинон дээр хүний ой тойнд
оромгүй, ар араасаа хөвөрсөн зовлон зүдгүүр гардаг. Бидний амьдралд яг
тийм киноны үйл явдлууд өрнөсөн. Эргээд бодоход харуусал, цөхрөлөөр
дүүрэн он жилүүд байлаа.
Тэгэхдээ олон зүйлийг надад ойлгуулсан,
ухааруулсан. Хүний амьдрал засмал зам шиг дардан байдаггүй юм билээ” гэх
эмэгтэйг Ц.Мядагмаа гэдэг. Энэ хүний амьдрал чухам юу болоод өнгөрсөн
юм бэ.
Ах, дүү дөрвүүлээ "Соц” нийгэмд өсч, ЗХУ-д эрдэм боловсрол эзэмшжээ.
Бүгд ажил амьдралтай учраас 1990 он гарахад нэг их барьц алдсангүй. Том
ах Ц.Эрдэнэбат ЗХУ-д худалдааны чиглэлээр дээд сургууль төгссөн нэгэн.
Тиймээс дүү нарынхаа хамтаар зах зээлийн нийгэм рүү алхан оржээ. 1992
онд 24 цагийн хүнсний дэлгүүр нээж "Цэнг трейд” компаниа байгуулсан
байна.
Бүгдээрээ ажлаасаа гарч, орон сууцаа банкинд барьцаалан, нойр хоолыг
умартан зүтгэцгээж эхэлжээ. Хичээл зүтгэл ашиг орлого дагуулдаг учраас
Монгол Улсын хэмжээнд яригдах худалдаа үйлчилгээний төв болон өргөжин
тэлжээ.
Баяр наадам, шинэ жилээр хүмүүс баярлаж байхад ах, дүү дөрөв ачаагаа
буулгаад, худалдаагаа хийгээд зогсож байсан гэдэг. Энэ дөрвөөс гадна
хань ижил, үр хүүхдүүд нь оролцсоны үрээр тэрбумаар тоологдох хөрөнгөтэй
компани болжээ. Тэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүлээн, аз жаргалтай
ажиллаж, амьдарч байсан.
Арван жил нуруу амраалгүй зүтгэсний хүчинд дуудлага худалдаагаар
үйлчилгээний төвөө худалдан авч 200 хүний ажлын байр бий болгон авчээ.
Монгол Улсын хамгийн том бөөний худалдааны төв ийнхүү босч ирсэн байдаг.
"Цэнг трейд” компанийн захирал Ц.Эрдэнэбат бараа бүтээгдэхүүн авах,
нийлүүлэх ажлыг хийдэг байж. Ингэж яваад архины компанийн захирал гэх
Г.Буяндоржтой танилцсан байна.
Хар нүдний шилнээс салдаггүй тэр залуу Ц.Эрдэнэбатын өрөөнд өдөржин
суудаг бөгөөд бараа материал мөнгө төгрөг хүссэн үедээ авч байжээ.
Нэг л мэдэхэд дөрвөн тэрбум, 121 сая төгрөгийн өр Г.Буяндоржид бий
болсон ч ерөнхий захирлын өрөөгөөр үзэгдэхээ больсон байдаг. "Цэнг
трейд” компанийн гүйцэтгэх захирал Ц.Нацагдорж Г.Буяндоржоос өр
авлага нэхэх ажилтай болов.
Том ах болох Ц.Эрдэнэбат "Танил тал ихтэй, нэр төртэй хүн өгөх
байлгүй” гээд тоосонгүй. 2002 оноос эхэлсэн тэдний найз нөхөрлөл дэндүү
үнэтэй тусна гэж санасангүй.
Ц.Эрдэнэбатын тархинд цус харваж, дүү нь учир битүүлгээр нас баржээ
Тэгээд ч "Соц” нийгэмд өссөн ах дүү дөрөвт хүнд хар буруу санах сэтгэл
байсангүй. Банкны зээл нэхэгдэж ах, дүүсээрээ Г.Буяндоржийг эрж
хайсан ч зугтаагаад олдсонгүй. Тийм учраас шүүхэд хандлаа. Хууль
шүүхийн байгууллага тийм ч хурдан биш.
Харин банкны тоолуур минут, секундээр мөнгөний хүү бодон эргэлдэж
байлаа. Ц.Эрдэнэбатыг нэг л өглөө босоход 200 ажилтан ажлын байргүй,
таван айлын арав гаруй хүн орох оронгүй болчихоод байсан аж.
Дүү нарынхаа хамт босгосон компаниа, орон байраа буцаан авах ганц
найдлага байсан. Тэр бол дөрвөн тэрбум, 121 сая төгрөгийн өртэй
Г.Буяндорж байв. Энэ хүнээс гадна хэд хэдэн нөхдөөс авлагаа авчихвал
банкны өрөө төлөх боломжтой байсан.
Гэвч түүний найдаж байсан, нэгэн цагт хундага тулгасан, эрхэм андууд
нь нуруугаа харуулжээ. Ингээд эцэс төгсгөлгүй шүүх, цагдаагаар явах
ажил эхэлсэн байдаг.
Г.Буяндорж цагдаагийн байгууллагад олон жил болсон болоод ч тэр үү,
танил тал ихтэй. "Цэнг трейд” компанийн захирал Ц.Эрдэнэбат "Үнэн
ялна” гэсэн уриатайгаар явсан хэдий ч хууль, шүүхийн хүйтэн ханыг
мөргөдөг байв.
Тэрээр сүүлдээ ихэд айх болж гэр орондоо хүртэл камер суурилуулан
"Намайг алах гээд байна” гэх болжээ. Ах дүү нартаа ч хаалга, үүдээ
тавихаа байсан байдаг.
Мэдээж дүү нарыгаа гудамжинд гаргачихсан хүн бусадтай уулзах хэцүү
байсан болов уу. Тэрээр хоёр эмэгтэй дүүгээ эл хэргээс хол байхыг
сануулж "Ах нь ялна. Компаниа аварна” гэж явсаар. Ц.Эрдэнэбатад хамгийн
ойр, шадар туслах нь дүү Ц.Нацагдорж байв.
Ахынхаа өмнөөс шүүх, цагдаагаар гүйж багагүй стресстдэг нэгэн байлаа.
Гэвч 2005 оны аравдугаар сард Ц.Нацагдорж гэнэт учир битүүлгээр нас
баржээ.
Түүний цогцос хөрж амжаагүй шахам байхад маргаашийнх нь бүх
хэвлэлд "Цэнг трейд” компанийн гүйцэтгэх захирал Ц.Нацагдорж архины
хордлогоор нас барав” гэх мэдээллүүд цацагдсан байдаг юм билээ.
Үүнээс нэг их удалгүй банкны барьцаанд байсан бүх өмч хөрөнгө
битүүмжлэгдэж таван гэр бүлийн гишүүд айл, айлд толгой хорогдох болжээ.
Нэгэн цагт Монгол Улсын худалдааны хамгийн том төвийг ажилуулж байсан
гэр бүл хамаг зүйлээ алдаж, өмссөн хувцастайгаа үлдсэн нь энэ.
Ц.Эрдэнэбатын хувьд цагдаа, шүүх, хэвлэл мэдээлэл, лам хуварга гээд
хандаагүй хүн байсангүй. Өдөр, шөнөгүй өргөдөл гомдол бичиж, бүр сүүлдээ
ихэд уурладаг нэгэн болж хувирчээ.
Албан тушаалтнууд өрөөндөө хүлээж авахгүй, авлаа ч гэсэн нэг хэвийн
хариулт өгнө. Сонин, хэвлэлүүд ч тоож ярилцлага авахаа байсан байгаа
юм. Үүдний жижүүр ч хамаагүй өөрийнхөө тухай ярьж ойлгуулах гэж
хичээнэ.
Өдөржин гудамжаар алхаж, албан байгууллагуудын хаалга тогшиж, шөнөжин
өргөдөл бичнэ. Сүүлдээ бичсэн зүйл нь ойлгохдоо байсан байдаг.
ЗХУ-ын дээд сургуулийг алтан медальтай төгссөн, орос, англи хэлтэй
тэрээр аймхай, уйланхай, өрөвдөлтэй нэгэн болж хувирчээ. Гэр хороололд
айлын хашаанд толгой хорогдох Ц.Эрдэнэбатыг Г.Буяндорж залилан
мэхлээгүй гэсэн шийдвэр шүүхээс гарчээ.
Шүүхийн энэ шийдвэр олон хүнд цаазын ял мэт сонсогдсон юм билээ. Бага
дүү Ц.Мядагсүрэнгийн нь нөхөр Л.Чадраабал орон байргүй болсондоо
гутарч элэгний өвчин олоод 2007 оны есдүгээр сард нас баржээ. Дүү
Ц.Мядагсүрэн нь тахир дутуугаас гадна хоёр өнчин хүүхэдтэй гудамжинд
гарчээ.
Зовлон зүдгүүр нэг ирэхээрээ тухлаад суучихдаг уу гэлтэй
Ц.Мядагсүрэнгийн охин Баярцэнгэл өнчин тархины хавдартай тул байнгын
асаргаанд байх шаардлагатай болжээ.Энэ бүх зовлон зүдгүүр, дараалсан
үхэл, хагацал, эдийн засгийн сүйрлийг Ц.Эрдэнэбат даван туулж чадалгүй
тархинд нь цус харважээ.
Хар нүдний шилтэй хүний нэрийг сонсоод салганадаг
Эмнэлэгт олон сараар хэвтсэн Ц.Эрдэнэбат хэл ярианы бэрхшээлтэй нэгэн
болжээ. Түүний үр хүүхдүүд нь таран бутраад хаа явааг нь мэдэх хүнгүй
болсон гэдэг. Хар нүдний шилтэй залууд хаалгаа нээж өгсөн цагаас
Ц.Эрдэнэбат болон ойр тойрны хүмүүсийн амьдрал ийнхүү сүйрчээ.
Харин дунд дүү Ц.Мядагмаа нь солонгос улсад ажиллаж байгаад хоёр жилийн
өмнө эх орондоо ирсэн. Хүүгийнхээ хамтаар байрны лизингэд ороод байгаа
юм билээ.
Ц.Эрдэнэбатын хувьд Төв аймгийн нэгэн суманд байгаа аж. Дүү нар нь
Г.Буяндоржийн нэрийг дэргэд нь хэлэх дургүй. Сонин хэвлэл ч
үзүүлдэггүй. Сэтгэлийн дарамт нь сэдэрвэл дахиад цус харвана гэсэн
айдас дүү нарт нь бий.
Тэгээд ч Ц.Эрдэнэбат хар нүдний шилтэй хүний нэрийг сонсохоороо
салганаад унтаж чадахаа байчихдаг юм гэсэн. Дүү Ц.Мядагмаа нь "Арван
жилийн хөдөлмөр маань амархан алга болсон түүхтэй. Бид хоёр хөөцөлдье,
шүүхээр явъя гэж бодсон.
Гэвч хэргийн зангилааг тайлах нэг ах маань цус харвачихлаа. Нөгөө
дүү маань учир битүүлгээр амиа алдсан. Тухайн үед Г.Буяндоржтой
заргалдлаа гээд бодоход дийлэхгүй үе байсан шүү. Хэл ам, хэрүүл
шуугиан хүнд гай зовлон л авч ирдэг юм билээ” хэмээн ярив.
Үргэлжлэл бий...
Т.Эрдэнэ
Эх сурвалж: