ОХУ-ын хэвлэлд Монгол Улсын хүн мал мутацад орсон хэмээн бичиж байна
Алтны компаниудыг номхон зогсоож явсан иргэний хөдөлгөөнүүдийн овоо
хараанд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуул хийж
буй Франц улсын "Арева” групп өртөөд байгаа билээ.
Хэдэн жилийн дотор уран олборлолтын эсрэг хорь гаруй хөдөлгөөн, холбоо
үүсэн бий болж бүхий л чадлаараа эсэргүүцэн тэмцэж байгаа юм.
Өнгөрсөн жил Франц улсын "Арева” группын охин компани болох
"Кожегоби”-д сүү таргаа нийлүүлээд шогшиж явсан Улаанбадрах сумын
малчин Д.Норсүрэнгийн 20 тугал үхсэн.
Энэ бүхэн иргэний хөдөлгөөнүүдийг их тэмцэлд дуудсан гэхэд болно.
Алтны компаниуд "Урт нэртэй” хуулиас болоод үүд хаалгаа хаачихаад байсан
болохоор иргэний хөдөлгөөний нөхдүүд сэтгэлийн дуудлагаар говийг
зорьсон билээ.
Иргэний хөдөлгөөний нөхдүүд сурсан зангаараа айлгах гэж үзсэн
францчууд төдийлөн хөдөлсөнгүй. Яг үнэндээ бол Франц улсын "Арева”-д
өчүүхэн ч буруу байхгүй.
Монгол Улсын баталсан хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл хийгээд ороод ирсэн.
Тэдэнд иргэний хөдөлгөөнтэй зөвшилцөх, орон нутгийг удирдлагад хандив
өргөх шаардлага байхгүй. Удирдах, удирдуулах ёсны дагуу төрийн гурван
өндөрлөгтэй ярилцаж байгаад хуулийн дагуу орж ирсэн болохоор тэр. Бид
францчуудыг зэмлэхээсээ өмнө тэдэнд бололцоо олгосон УИХ, Засгийн
газрын гишүүдтэй ярилцах хэрэгтэй болов уу.
Малчин Д.Норсүрэнгийн 20 тугал хачирхалтайгаар үхсэн байдаг. Үүнийг
иргэний хөдөлгөөний нөхөд "Цацраг идэвхит бодист хордсон” гэж үзжээ.
Засгийн газрын зүгээс 90 хүнтэй ажлын хэсэг гаргасан юм билээ.
Ажлын хэсэгт Засгийн газрын төлөөлөгчид, Мэргэжлийн хяналтын
Ерөнхий газар, Мал эмнэлэг, Цөмийн энергийн газар, Хавдар судлал,
Хор судлалын төв, Эрүүл мэндийн газрууд, Байгаль орчны яамны
мэргэжилтнүүд, Төрийн бус байгууллагууд, цагдаа, тагнуул, сэтгүүлчид,
аймаг сумын удирдлага, харьяа байгууллагууд бужигнуулж өгчээ.
Ажлын хэсэг 40 гаруй хоног ажиллаж 1818 удаа газрын хөрс, ус, малын сэг
зэмэнд шинжилгээ хийжээ. Ингээд малчин Д.Норсүрэнгийн тугал селен,
зэс, сурьмагийн хордлогод орсон байж болзошгүй гэсэн анхан шатны
дүгнэлт гарчээ.
Гэвч үүнтэй иргэний хөдөлгөөний тэргүүнүүд эвлэрсэнгүй. Дахиад л
жагсаал, цуглаан шаардах бичиг, хэвлэлийн бага хурал хийгээд эхэлсэн
байдаг. Мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд, шинжээч нарын дүгнэлт хэрэг
болсонгүй.
Өнгөрсөн хавар малчин Д.Норсүрэнгийн 20 тугал үхсэн асуудал иргэний
хөдөлгөөнүүдийн гол сэдэв байв. Энэ хавар ч гэсэн уранаас болоод мал
олноор хээл хаялаа, хоёр толгойтой, үсгүй унага, тугал гарлаа гэцгээж
эхлэв. Үнэхээр тийм хүн харах аргагүй эрэмдэг, мал гараад байна уу
гэдгийг нягтлах хэрэгтэй юм.
"Голомт” төрийн бус байгууллагын судалгаагаар Дорноговь аймгийн малчин
Ц.Доржсүрэнгийнд хоёр нүд сохор, атанга хөлтэй ботго, Х.Пүрэвдоржийнд
хүн толгойтой хурга, Г.Ариунболдынд уруулгүй, хөлгүй ишиг,
Х.Дашжамцынд толгойгүй хурга, Б.Батзоригийнд хүзүүгүй хурга,
Ш.Балчиндоржийнд гурван хөлтэй хурга, Д.Мөнхсуурийнд үсгүй, шалдан
хурга, Д.Хүүхэнмаамынд хавтгай толгойтой хурга гэх мэт жагсаалтууд
хөвөрч гарна. Ургийн гажигтай, мутацад орсон гэх 200 гаруй малын тоо
байгаа юм.
Үүнээс үүдэн үнэхээр "Уранаас болчихсон хүн толгойтой хурга гараад
байна уу” гэсэн айдас төрнө. Малчны хотонд өссөн олон хүн хоёр толгойтой
хурга, ишиг, унага, тугал, ботго хараагүй. Манай нутагт ийм зүйл урьд
хожид дуулдаж байсангүй.
Ганц нэг хурга, ишиг туурайгаа хөлдөөгөөд доголон болсон байдлыг бол
харж байсан. Энэ мэдээлэл бүр сүүлдээ ОХУ-ын сайтуудад тавигдаад
эхэлжээ.
Тухайлбал "Еpochtimes.ru” сайтад л гэхэд "Оросууд Монголын мутацад
орсон малын махыг авахаас татгалзаж байна” гэсэн гарчигтай мэдээ
гарчээ.Тэрхүү мэдээнд "Монголд мутацид орсон хүн, төл малын тоо
нэмэгдсээр байна.
Шинжээчид үүнийг ураны ордуудыг ашиглахдаа аюулгүй байдлыг
алдагдуулсантай холбоотой гэж үзэж байгаа аж. Хоёр толгойтой төл мал,
нүдгүй, дөрвөн мөчгүй хурга гарсан тохиолдол бий. Хамгийн гол нь, мутант
амьтан гарсан тохиолдол нэлээд олон аймагт бий.
Үүнийг гадны компаниуд Монголд ураны хайгуул, олборлолт хийж байгаатай
холбон тайлбарлаж болно.Одоогийн байдлаар 11 аймагт ураны хайгуул,
олборлолт хийж байна.
Монголын Ногоон намын төлөөлөгчдийн хэлснээр, гадаадын компаниуд уран
хайж, олборлохдоо аюулгүй байдлын гэрээг зөрчиж, цацрагийн хяналт огт
хийдэггүй гэсэн.
Одоо Монгол Улс Орос руу мах нийлүүлэхгүй байгаа ба олон жилийн өмнө
үнийн асуудлаар хэлцэлд хүрч чадаагүйгээс ийм байдалд орсон.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монголоос Буриад, Чита, Иркутскт мах
нийлүүлэх гэрээг сэргээхээр ажиллаж байгаа. Харамсалтай нь одоо
Монголоос авах мах дэндүү аюултай биш гэж үү” гэж бичсэн байгаа юм.
Яг ийм утга бүхий мэдээллийг ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр
зохион байгуулалттай тараасан харагдана. (Яг үнэндээ бол Монгол Улсад
уран олборлох үйл ажиллагаа 42 жилийн өмнө оросууд эхлүүлсэн шүү дээ).
Үнэхээр Дорноговь аймгийн мал амьтан мутацад орсон юм байгаа гэдэг
үүднээс малчдаас асуухад "Сүүлийн жилүүдэд тийм гажигтай тугал, ишиг
гарлаа” гэж сонсогдох болсон. Яг үзсэн хүн алга” гэж байна.
Тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар "Таны асуугаад байгаа шиг генийн
өөрчлөлттэй хурга, ишиг гараагүй. Хавар цагийн хавсарга шуурганд ганц
нэг төл хорогдсон асуудал бий. Ийм мэдээ мэдээллийг зохион
байгуулалттайгаар тараагаад байгаа нь тодорхой болсон” гэв.
Цөмийн энергийн газраас тодруулахад "Ураны цацрагаас болоод тугал
үхээгүй болохыг тогтоочихсон шүү дээ. Хүний ой тойнд оромгүй ийм хачин
мэдээлэл яваад байгааг гайхаад сууж байна” гэлээ.
МУИС-ийн физикийн багш нар цацрагтай шороо идэж мажийсан гэгдэх 20
тугалын талаар сонирхолтой судалгаа хийсэн байх юм. "Иргэний хөдөлгөөний
гишүүдийн хэлээд байгаа шиг нэг тугал цацрагтай шороо долоосон гэж
үзвэл 500 кг-ийг идэх болно.
Тийм хэмжээний шороог нэг удаагийн дайралтаар идэж гэмээнэ тугал үхэж болох цацраг тэнд байгаа юм” гэжээ.
Тэгэхээр тугал үхэх өөр шалтгаан байжээ гэдгийг тагнуулынхан шалгаад
тогтоож байгаа юм гэсэн. ОХУ-ын сайтуудад тавигдаад Монголын хоёр
толгойтой хурганы зураг гэхэд Дорноговийнх биш. Ийм хурга Монгол Улсад
гарч байгаагүй хэмээн малчид хэлж байна.
Уран олборлохыг эсэргүүцэгчид АНУ, Япон, Франц, Герман улсаар
туршлага судлан нисэцгээж "Монгол Улсад хүн толгойтой хурга ишиг
олноор гарсан...” хэмээн зарлаж явна. Тэд хэний хэн бэ.
Т.Эрдэнэ
Эх сурвалж: