Энэ сарын 11-нд АТГ-аас шалгаж байгаа
хэргүүдийнхээ талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн
гишүүн Д.Сугарыг хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн гэх үндэслэлээр шалгах
хүсэлт АТГ-т ирсний дагуу шалгаж байгаа юм билээ. Тус газрын хяналт
шалгалтаар гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгө, томоохон
хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон. Хуулиар бол
албан тушаалтныг томилох чөлөөлөх эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг
тавьж шийдвэрлүүлэх ёстой байдаг.
Тиймээс АТГ-аас түүнд хариуцлага
хүлээлгэхээр Үндсэн хуулийн цэц болон УИХ-д албан ёсоор хандсан. Харин
Үндсэн хуулийн цэц ХОМ-ээ хуурамчаар бүрдүүлсэн, гадаад улс дахь үл
хөдлөх хөрөнгөө нуун дарагдуулсан Д.Сугарт хариуцлага тооцсон.
Тодруулбал, Д.Сугарыг хөрөнгө орлогын мэдүүлгээ бичихдээ хайхрамжгүй
хандсан, хөрөнгө орлогын өөрчлөлтөө бүрэн гүйцэд мэдүүлээгүй алдаа
дутагдал гаргасан гэж Үндсэн хуулийн цэцээс үзэж, Үндсэн хуулийн цэцийн
хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн
13.8.3 дахь заалтыг үндэслэн "албан тушаалын цалингийн хэмжээг гурван
сарын хугацаанд 30 хувиар бууруулах” шийдвэр гаргасан билээ. Мөн Авлигын
эсрэг хуулийн 13.8.4 дэх заалт Үндсэн хуулийн цэцийн гишүүний эрх зүйн
байдалд хамаарахгүй болохыг дурьдсан. Өөрөөр хэлбэл АТГ-аас ирүүлсэн
Д.Сугарыг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг биелүүлэх боломжгүй
хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс Д.Сугарт хариуцлага тооцуулах асуудлыг
Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн юм. Гэтэл
МАН-ын үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарыг МАН-ын
бүлгийн гишүүд хамгаалж, тус асуудлыг хэлэлцэхийг хойшлуулаад байна.
-Д.СУГАРЫН АЛБАН ТУШААЛЫН БАЙДАЛ ТАСРАЛТГҮЙ ӨСЧЭЭ-
Төрийн Өмчийн Хорооны дарга асан Гүр
тайж овогт Дуламын Сугар 1956 онд Өвөрхангай аймаг, Өлзийт суманд
төржээ. Хуульч, улс төр судлаач мэргэжилтэй тэрээр 1975 онд Өвөрхангай
аймгийн Хужиртын 10 жил, 1981 онд ЗХУ-д Хууль зүйн их сургууль, 1989
онд Улаанбаатар хотод улс төрийн сургууль тус тус дүүргэсэн байна. Мөн
АНУ, Герман, Япон, Голланд, Австри, ОХУ, Энэтхэгт хууль эрх, иргэний эрх
зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Орос хэлтэй тэрээр эхнэр, хоёр
охин, хүүгийн хамт амьдардаг бөгөөд хүү С.Цог нь хар тамхины хэргээр
хоригдож буй билээ. Д.Сугар 1981-1987 онд Сэлэнгэ аймгийн АДХ-ын
гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, 1987-1992 Хууль зүйн яаманд
хэлтсийн дарга, 1992-1996 Хууль зүйн яамны дэд сайд, тэргүүн дэд сайд,
1996-2000 Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, 2000-2004 УИХ-ын
гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга, 2004-2005 Монгол шуудан банкинд
газрын захирал, 2006 оноос Төрийн өмчийн хорооны дарга, 2012 оноос
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. Түүний намтраас ажвал
төрийн өндөр албыг тасралтгүй хашсаар ирсэн байна. 2004 онд УИХ-ын
гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутгийн дүү Д.Зоригт Монгол
шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ. Түүнээс өөрөөр
Д.Сугарын албан тушаалын байдал тасралтгүй өссөнийг харж болно.
Нөгөөтэйгүүр тэр өөрөө хуульч, дээрээс нь Монголын хууль зүйн бодлогыг
тодорхойлогчдын нэгэнд зүй ёсоор тооцогдохуйц албан тушаалд ажилласаар
иржээ. Гэвч энэ хугацаанд Д.Сугар хуулиас гадуур яаж амьдрах вэ,
хариуцлагаас хэрхэн бултах вэ гэдэгт нэвтэрхий сайн суралцсан нэгэн юм.
Тэрээр Төрийн өмчийн хорооны даргаар долоон жил ажиллахдаа намтраа
нэлээд зузаалж авсан байдаг. Сүүлийн үед дуу авалцан шалгуулж, шийтгүүлж
байгаа авлигын, мөнгө угаалтын том хэргүүдэд түүний нэр яаж ийгээд л
хавчуулагдана. Бүр барим тавим баримттай хэр нь л тэр сугарч үлдсээр л
байна. Хэр удаан ингэж "амьдрах”-ыг нь хэн ч үл мэднэ. АТГ Д.Сугараас
түүний хөрөнгө, орлого, тэдгээрийн эх үүсвэрийн талаар Авлигын эсрэг
хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.13.7-д заасны дагуу авсан тайлбарыг та
бүхэнд хүргэж байна.
-2003 ОНД 70 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ АМИНЫ СУУЦ, МАНААЧИЙН БАЙР, ХАШАА БАРЬСАН ГЭЖЭЭ-
Түүнээс хөрөнгө, орлогын мэдүүлгийн
‘орон сууц, барилга байгууламж" хэсэгт өөрийн болон гэр бүлийн гишүүний
хамтран өмчилдөг эрхийн улсын бүртгэлийн Ү-220415134 дүгээрт бүртгэлтэй
БЗД-ийн 1З хороо, Алтантэвш хороололд байрлах 30 м2 талбайтай хувийн
сууцыг мэдүүлээгүй шалтгааны талаар асуухад "Тэр хувийн сууц бол БЗД-ийн
13-р хороо, Алтан тэвш хороолол дахь 372 м2 талбайтай хувийн сууцны
хамт 2003 онд барьсан манаачийн байр. Энэ барилгыг өөрийн үндсэн хувийн
сууцны хамт гэж үзээд мэдүүлээгүй. 2003 онд 70 сая төгрөгийн зээл аваад
амины сууц, манаачийн байр, хашаа зэргийг барьсан” хэмээн мэдүүлжээ. Мөн
хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн "гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах
зөвлөлийн гишүүн” хэсэгт 2010 оны 11 дүгээр сараас "Хууль зүйн сургалт,
судалгаа, төслийн төв” ТББ-ын гишүүнээр бүртгэлтэйг мэдүүлээгүй талаар
асуухад "Хууль зүйн сургалт, судалгаа төслийн төв ТББ-ын талаар огт
санахгүй байна. Уг төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй учраас
мэдэхгүй" хэмээсэн байна. Улмаар АТГ-аас Д.Сугарын БЗД-13 хороо,
Алтантэвш хороололд байрлах 30 м2 талбайтай манаачийн байшинг өөрийн
үндсэн хувийн сууцны хамт гэж үзээд мэдүүлээгүй. "Хууль зүйн сургалт,
судалгаа, төслийн төв” ТББ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй учраас
санахгүй байна” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзжээ.
-Д.Сугар: "БИ БИ ЭС БИ" ББСБ МИНИЙ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХАДГАЛЖ БАЙГАА-
Мөн хөрөнгө, орлогын мэдүүлгийн "зээл”
хэсэгт Транс Трейд "Би Би Эс Би” ББСБ-аас авсан зээлийн талаар
мэдүүлээгүй шалтгааны талаар асуухад "Би Транс Трейд "Би Би Эс Би”
ББСБ-аас зээл авч байсан. Гэхдээ хэдэн төгрөгийн зээлийг ямар
зориулалтаар авснаа санахгүй байна. Би тэр ББСБ-аас мөнгө хэрэг болсон
үөд мөнгө авдаг. Түр зээлээд буцаагаад төлсөн учраас хөрөнгө, орлогын
мэдүүлэгтээ мэдүүлээгүй. Транс трейд "Би Би Эс Би” ББСБ-иас олгож байгаа
зээлд би хүү бараг төлдөггүй. Уг компанитай би огт хамааралгүй. Гэхдээ
миний нэг тэрбум төгрөгийг хадгалж байгаа. Хоролсүрэн гэдэг хүн Транс
трейд "Би Би Эс Би” ББСБ-тай холбоотой байдаг. Тэр хүнээс би мөнгө
шаардлагатай үед хэлээд авдаг. Тэр хүн тэр мөнгийг хаанаас зохицуулж өгч
байсныг би мэдэхгүй. Зарим үед баримт бүрдүүлэх шаардлагатай гээд
санхүүгийн болон зээлийн баримт дээр надаар гарын үсэг зуруулж байсан.
Дээрх зээл түр зуурын шинж чанартай байсан учраас хөрөнгө, орлогод орсон
их хэмжээний өөрчлөлт гэж ШЕЗ-д мэдэгдэж бүртгүүлээгүй” хэмээсэн байна.
Д.Сугар 2012 оны 2 дугаар сарын 1-ний
өдөр Транс Трейд "Би Би Эс Би” ББСБ-аас 273.6 сая төгрөгийн, 2012 оны 5
дугаар сарын 31-ний өдөр мөн дээрх ББСБ-аас 113 сая төгрөгийн зээлийг
тус тус авсан байх ба 113 сая төгрөгийн зээлийг одоогийн албан тушаалд
томилогдсоноос хойш авсан байжээ. Д.Сугар Транс Трейд "Би Би Эс Би”
ББСБ-тай 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ2012/10 дугаар гэрээ
байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу 113 сая төгрөгийг сарын 2 хувийн
хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлж аваад 2012 оны 9 дүгээр сарын
26-ны өдөр 113 сая төгрегийг буцааж төлсөн. Зээлийн гэрээнд заасны дагуу
зээлийн хүүд төлбөл зохих 8.7 сая төгрөгийг төлөөгүй, түүнчлэн хөрөнгө,
орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийн талаар 30 хоногийн дотор
мэдэгдэж бүртгүүлээгүй гэдгийг АТГ-аас нотолжээ.
-290 САЯ ТӨГРӨГИЙН ХУВЬЦААГ ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖЭЭС АВСАН ГЭЖЭЭ-
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн "компани,
нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт" хэсэгт мэдүүлсэн "Ай
даблью Эн” ХК болон "Даблью даблью” ХК-иудын талаар асуухад "Би эдгээр
хувьцаат компаниудын хувьцааг худалдаж авсан. Одоо нэр нь өөрчлөгдөөд
"Ай даблью Эм" ХК нь /Айванхоу майнз/, "Даблью даблью" ХК нь "Wins Way”
нэртэй болсон. Би эдгээр компаниудын хувьцаанаас нийт 290 сая төгрөгийн
хувьцааг олон улсын үнэт цаасны биржээс авсан. Энэ талаар сүүлийн хоёр
жилийн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Ногдол ашиг огт аваагүй. Би өөрийгөө "Ай
даблью Эм”, "Даблью даблью” ХК-тай нэгдмэл сонирхолтой гэж үзэхгүй
байна. Яагаад гэвэл миний авсан хувьцаа дээрх компаниудын нийт хувьцааны
маш бага хэсгийг эзэлдэг” гэжээ.
-ТОКИО ДАХЬ ОРОН СУУЦАА 2008, 2009, 2010 ОНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГТЭЭ МЭДҮҮЛЭЭГҮЙ БАЙНА-
"Д.Сугар Токиогийн баячуудын хороололд
байртай” гэх мэдээллийн талаар асуухад "Би Япон улсын Токио хотын Адачи
дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр /Монголбанкны ханшаар
2008 5.19-ний өдөр Японы 1 иений 11.16 төгрөгтэй тэнцүү байсан/ буюу 535
6 сая төгрөгөер орон сууц худалдаж авсан ба 2010 онд анх худалдаж авсан
үнээрээ худалдсан” гэжээ. Харин АТГ-аас шалгаад Япон улсын Токио хот
дахь орон сууцны талаар 2008, 2009, 2010 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт
уг орон сууцыг худалдсанаас олсон 535 сая төгрөгийн орлогыг тус тус
мэдүүлээгүйг нотолжээ.
-Д.СУГАР: БИ ТЭР ДАНСЫГ БАРАГ АШИГЛАДАГГҮЙ БАЙСАН УЧРААС МЭДҮҮЛЭЭГҮЙ-
"Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар
оффшор данстай бегөед уг данснаасаа иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7
сарын 16-нд 199941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116956 ам доллар тус
тус шилжүүлсэн” гэх мэдээллийн талаар асуухад "Хонконгийн HSBC банкинд
миний нэр дээр оффшор данс байсан бөгөөд одоо тийм данс байхгүй. Тухайн
үед миний нэр дээр данс нээлгээд, надаар гарын үсэг зуруулж байсан
бөгөөд тэр нь гадаад улсад байр авахад төлбөр хийхтэй холбоотой байсан.
Энэ дансыг хэдэн онд хаалгасан талаар санахгүй байна. Одоогийн албан
тушаалд томилогдох үед Хонконгийн HSBC банкин дахь миний нэр дээрх
оффшор данс аль хэдийнэ хаагдсан байсан. Би тэр дансыг бараг
ашигладаггүй байсан учраас мэдүүлээгүй” гэжээ. Улмаар энэ дансны талаар
шалгахад Д.Сугар нь 2007 оноос эхлэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ
Хонконгийн "Эйч Эс Би Си” банкин дахь өөрийн нэр дээрх оффшор дансны
талаар мэдүүлээгүй байжээ.
-"ҮНДЭСНИЙ ҮНЭТ ЦААС” ХХК-ИАС ОЛСОН НООГДОЛ АШГААРАА СОЛОНГОСТ БАЙШИН ХУДАЛДАЖ АВСАН ГЭЖЭЭ-
Солонгос улс, Чэжү, РАӨН хотхоны 101/701
тоот орон сууцыг хэдэн онд, хөрөнгийн ямар эх үүсвэрээр авсан талаар
тодруулахад "Би 2001 онд хувьчилж авсан. "Үндэсний үнэт цаас” ХХК-ийг
Д.Түмэнжаргалд 2007 онд худалдсанаас болон тус компаний ногдол ашгаас
нэг тэрбум орчим төгрөгтэй болсон ба энэ мөнгөөрөө 2011 онд 600 сая
орчим төгрөгөөр уг хувийн сууцыг худалдаж авсан. Би 2007 оны мэдүүлэгтээ
"Үндэсний үнэт цаас” ХХК-иас олсон ногдол ашиг, хувьцааг нь худалдсаны 1
тэрбум төгрөгийн орлогыг мэдүүлсэн. Анх тэр байрыг худалдаж авсан РАӨН
компанид 2013 онд 580 сая төгрөгөөр худалдсан ба байрыг худалдсан
мөнгийг өнөөдрийг хүртэл аваагүй байгаа. Энэ байрыг худалдсан талаар
2013 оны мэдүүлгийн ‘орон сууц, барилга байгууламж” хэсгийн "Орлогын эх
үүсвэр” хэсэгт "2013 оны мэдүүлгийн 3.2-ийн 2-т мэдүүлсэн орон сууцыг
зарсан боловч мөнгө нь орж ирээгүй байна” гэж бичсэн байгаа” хэмээжээ.
Харин АТГ-аас шалгахад Д.Сугар "Үндэсний үнэт цаас” ХХК-ийн ногдол ашиг,
тус компаний хувьцааг худалдсанаас 2007 онд олсон гэх 1 тэрбум
төгрөгийн орлогын талаар 2007 оны мэдүүлгийн "хөрөнгө борлуулсны орлого”
хэсэгт мэдүүлээгүй бөгөөд дээрх мөнгийг иргэн Ч.Хоролсүрэнд
хадгалуулсан гэх боловч 2007 оноос хойшхи онуудын мэдүүлгийн "хадгаламж”
хэсэгт болон 2011-2013 оны мэдүүлгийн "авлага” хэсэгт мэдүүлээгүй зэрэг
нь Д.Сугарын өгсөн тайлбар, мэдүүлгийн хяналт шалгалтын ажлын хүрээнд
цуглуулсан баримт, бичгүүдээр тогтоогджээ. Мөн 2012 оны мэдүүлгийн "орон
сууц, барилга байгууламж” хэсэгт дээрх орон сууцны байршлыг мэдүүлгийн
программд оруулах гэтэл англи үсэг хүлээж авахгүй байснаас Улаанбаатар
хот, Баянзүрх дүүрэг гэж мэдүүлсэн гэж тайлбарласан боловч уг орон
сууцны "эх үүсвэрийн тайлбар” хэсэгт " 2012 онд ажилгүй байхдаа бизнес
хийсний орлого” гэсэн нь 2007 онд олсон 1 тэрбум төгрөгийн орлогоос
авсан гэх тайлбартай зөрчилдөж байгаа учир тайлбарыг бодитой гэж үзэх
боломжгүй гэж үзжээ. Мөн Д.Сугарын 2007, 2008, 2009 оны хөрөнгө, орлогын
мэдүүлгээс үзэхэд мэдүүлгийн "орлого” хэсэгт 2007 онд 17,4 сая
төгрөгийн, 2008 онд 209. 4 сая төгрөгийн, 2009 онд 29 сая тегрегийн
орлогыг тус тус мэдүүлсэн нь түүний "Би 2007 оны мэдүүлэгтээ Үндэсний
үнэт цаас ХХК-иас олсон ногдол ашиг, хувьцааг нь худалдсаны 1 тэрбум
төгрөгийн орлогыг мэдүүлсэн” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэхэд
хүргэжээ.
-МИАТ КОМПАНИАС САРД 3000 АМ.ДОЛЛАРЫН ЦАЛИН АВЧ БАЙСАН НЬ НОТЛОГДООГҮЙ БАЙНА-
Д.Сугар ТӨХ-ны дарга байхдаа
Ч.Хоролсүрэнгийн зөвлөхийн ажлыг давхар хашиж, "МИАТ" компаниас сард
3000 ам.долларын цалин авч байсан" гэх мэдээллийн талаар асуухад "Би
МИАТ ХК-иас 3000 долларын цалин авч байгаагүй учраас хөрөнгө, орлогын
мэдүүлэгт мэдүүлээгүй” гэж тус тус тайлбарласан байна. "МИАТ" ХК-иас
АТГ-т 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/1044 дүгээр албан бичгээр
Д.Сугар нь 2006 оны тавдугаар сараас 2010 оны тавдугаар сарыг дуустал
тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан дээрх хугацаанд нийт
8520000 төгрөгийн /сард 120000-200000 төгрөг/ урамшуулал авсан байна.
Эндээс үзэхэд Д.Сугар ТӨХ-ны дарга байхдаа Ч.Хоролсүрэнгийн зөвлөхөөр
ажиллаж, МИАТ компаниас сард 3000 ам.долларын цалин авч байсан гэсэн
мэдээлэл нотлогдохгүй байна гэж үзжээ.
Дээр дурьдсан нөхцөл байдлууд нь Д.Сугар
хөрөнгө, орлого тэдгээрийн эх үүсвэрийн талаар Авлигын эсрэг хуулийн 13
дугаар зүйлийн 13.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөес урьдчилан сэргийлэх тухай хуулийн
23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдүүлэх үүргээ биелүүлээгүй,
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. 10.4. Нийтийн албанд
нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5. 17 дугаар
зүйлийн 17.3. 17 5 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл болно
гэж АТГ-аас үзсэн юм. Мөн шалгалтаар илэрсэн зөрчлийн нийт хэмжээ нь
түүний жилийн цапингийн дүнгээс /жилийн цалин, хөлс 14734872 төгрөг/
илүү байх тул Д.Сугарт Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг
сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн
29.2.4 дэх заалтыг үндэслэн "албан тушаалаас халах” хариуцлагыг
хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Их Хурал, УИХ-ын
дарга З.Энхболдод ийнхүү албан бичиг хүргүүлээд буй билээ.
Б.БУРМАА
medee.mn