Монголчууд дөнгөж л 2000 оноос эхлэн таван хошуу малыг гаршуулан тэжээж байгаа юм ард түмэн шиг санагдах боллоо. Учир нь аль нэг аймагт шүлхий өвчин гарлаа гэхэд л тогтоож торгоож чадахгүй, эдгээж эмчилж чадахгүй өвчий вирусыг таван тийшээ тарааж алдаад сүүлдээ шүлхий туссан малаа буудан хороож алаад булж суудаг болжээ. Малын шүлхий өвчин тийм аюултай юу, ДОХ, хорт хавдар шиг сүүлийн үед л гэнэт гарч ирсэн өвчин үү гэж мэргэжлийн хүмүүсээс асуухад "Яалаа гэж дээ мялзан, галзуу, боом, ям, хамуу, эргүү гэх мэтийн малын өвчинтэй адилхан аль эрт л байсан өвчин шүү дээ. Энэ өвчин байгалиас гарах нь элбэг. Энэ жилийн хувьд талын зээрнээс халдвар тархлаа шүү дээ" хэмээн хэлж байгаа юм.
Тэгэхээр Хүннү гүрний үед ч, Чингис хааны үед ч, хожим ойрад, халхаараа хуваагдаад цусаа холилцож байх үед ч, цагаан улаан оросууд гамин цэргүүд бужигнаж байхад ч, Халх голын дайн болж байхад ч манай улсад малын шүлхий өвчин гарч мал сүрэг хорогдож байсан болж таараад байгаа юм. Өдгөө цацагдаж байгаа мэдээллүүдийг хараад байхад шүлхий гэдэг өвчнийг туссан мал огт эдгэрдэггүй бололтой. Учир нь шүлхий туссан малыг буудан алж газар булаад, харин шүлхий тусаагүй малд вакцин хийх, ариутгах хөл хорио тогтоох аргыг хэрэглэж байгаа юм. Тэгвэл эрт дээр үед шүлхийний эсрэг ямар арга хэмжээ авдаг байсан хэрэг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Ариутгалын бодис, хөл хорионы дэглэм, шүлхийний эсрэг вакцин гээч зүйл лав байгаагүй. Энэ тухайд бичиж үлдээсэн нэгч баримт байхгүй. Тийм учраас монголчууд бүх малаа шүлхийгээр үхүүлчихээд дараа нь аян дайн хийж энд тэндээс хэдэн мал булааж, ахин малтай болдог байсан юм биш биз.
Өнөөдөр болж байгаа үйл явдлын өрнөлийг харахад яах аргагүй л тэгдэг байсан юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа юм даа. Аймаг сумдын засаг дарга нар болоод малчид бушуухан шүлхийний вакцин авчирч хийхгүй бол хэдэн малаа газар булаад дуусах нь байна хэмээн барьц алдаж байгаа нь хачирхалтай. Өнөөдрийн байдлаар 2815 үхэр шүлхийтэй гэгдэн буудуулчихаад байгааг албаны хүн хэлж байлаа. Зах зээл дээрхи ханшаар бол тэрбум гаруй төгрөгийн үнэтэй үхэр буудуулаад газарт булагдсан гэсэн үг. Өвчтэй малаа буудаж алчихаад зогсохгүй вакцин байхгүй л бол өнгөрнө гээд алгаа тосоод, аргаа барсан царай гаргаад суугаад байгаа нь үнэхээр сонин санагдаад байгаа юм. Ядаж байхад тэр шүлхийний вакциныг нь Монгол улсад үйлдвэрлэдэггүй юм гэсэн.
Энэ жил шүлхий дэгдсэнтэй зэрэгцэн вакцин нэхсэн хүмүүс өчнөөн гарч ирсэн төдийгүй өнгөрсөн жил зүүн гурван аймагт малаа вакцинжуулаарай гэж өгсөн мөнгийг нэр бүхий хүмүүс өөр зүйлд зориулаад үрчихсэн, найдвартай хэмээн өгсөн вакцин нь муудсан байсан гэсэн мэдээллүүд ч гарч ирээд хэл ам татлаад байгаа. Малаа маллаж чадахгүй, өвчин туссан малаа эмчилж чадахгүй, тэгээд дээр нь өвчний эсрэг вакцин авах мөнгийг хуваагаад идчихсэн байгааг юу гэх вэ. Шүлхийний вакцинд зориулж төсвөөс хувиарласан мөнгө нь тийм ч бага биш, дөрөв таван тэрбум төгрөг гэж яригдаж байгаа юм. Энэ мэтийн асуудал ч яахав. Ухаангүй ноёдын урагшгүй албатуудын хийсэн үйлдэл гэж бодоход хэдэн мянганы туршид мал сүргээ маллаад ирсэн ардын сайхан уламжлал алдагдаад байгаа талаар нэлээд ултай ярилцмаар байна.
Манай монголчууд Төв Азийн цээжнээ суурьшин амьдарч ирсэн цагаасаа хойш өдийг хүртэл малаа маллаж яваа ард түмэн. Цаашдаа ч малаасаа салж чадахгүй, тэднийхээ буян хишгийг шүтэж амьдарсаар байх нь тодорхой. Тиймээс одооноос эхлэн малын өвчнийг хэрхэн яаж анагааж байсан талаархи ардын дом, арга барил, аливаа засал эмчилгээг дэлгэрүүлэн судалмаар байна. Малаа маллангаа малын дунд гардаг шүлхий мэтийн өвчнийг эдгээж анагааж байсан өвөг дээдэс болон хашир малчдынхаа арга туршлагыг сэргээн суралцаж эзэмшиж авмаар санагдах юм. Манай ахмад үеийнхэн "Шүлхий бол гарч л байдаг, эдгэж л байдаг малын өвчин. Шүлхий туссан малыг буудаж алаад хөл хорио тогтоодог гэдгийг одоо л сонсч байна. Шүлхийтэй малыг бусад малтай нийлүүлэлгүй нэг хашаанд ялгаж хийгээд эмийн ургамлаар тэжээж, утаж бариад эдгээдчихдэг байсан юм даг. Одоогийн мал өөр болсон юм уу, шүлхий өвчин нь бууны сумнаас өөр юманд дийлдэхээ байсан юм уу?" хэмээн гайхаж суугаа билээ.
Түүнээс гадна "Европын мал эмнэлэг гээч зүйл Монгол улсад орж ирж хэрэгтэй хэрэггүй вакцин туулга хийдэг болсноор малын бие дэх өвчний вирусууд хүчтэй болсон. Үүнээс гадна 1990 оны өмч хувьчлалаар малын дөргүй хүмүүс малыг хувьдаа өмчлөн авсны харгай" гэх хүн ч байгаа юм. Манай улсад 1996, 1999, 2005, 2010 онуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарч байснаас хамгийн их өргөн хүрээтэй тархсан нь 1999 оны шүлхий юм байна. Тэр үед ч гэсэн малчид малаа устгана, вакцин өг гэж гүйлдэлгүй, бусад малаасаа тусгаарлан тэжээж байгаад л эдгээгээд авч байсан юм байх. Монголчууд энэ мэтчилэн малынхаа бүхий л өвчнийг анагааж эдгээж байсны хүчинд өдий хүрсэн байж таарна шүү дээ.
Тэгээгүй бол таван хошуу мал тал дүүрэн бэлчиж, монгол түмэн мөр бүтэн гэдэс цатгалан явж чадахгүй байв. Одоо л харин малаа маллаж чадахаа болиод, мал маллах арга ухаанаасаа хөндийрөөд нэг өвчин гарахад л дарга цэрэггүй эм тариа яриад гүйчихдэг болсон шиг санагдана. Энэ маягаараа бол мал "цахлайтахад" л эмчилж чадахгүй духанд нь буу тулган буудаж алчихаад булдаг болж мэдэхээр байна шүү.
Ноцтой мэдээ