-УИХ-ын гишүүн асан Д.Арвин оршин суугчдын байрны ордерыг барьцаалж банкнаас их хэмжээний зээл авчээ-
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас газар, үл хөдлөх хөрөнгөө барилгын компаниудад өгөөд хэдэн жилийн нүүрийг үзэж, сэтгэл санаа эд материалаараа хохирч яваа иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хохирсон иргэд эрх ашгаа хамгаалахын тулд ТББ байгуулж холбогдох албаны хүмүүс болон хууль хяналтын байгууллагад эхнээсээ хандаж эхэлжээ.
Угтаа бол нийслэлийн хуучин удирдлагууд болон барилгын компаниудын худал амлалтаас болж гэрээ хийсэн өрхүүд хашаагаа газарт оруулж, үл хөдлөх хөрөнгөө алдаж хүндхэн байдалд ороод байна. Тиймээс иргэдийн дийлэнх нь компаниудтай хийсэн гэрээгээ шинэчлэх, өөрсдийн эрх ашгийг тусгах, барилга барих эсэх, хэзээ ашиглалтад орохыг тодорхой болгох, хэрэв ойлголцолд хүрэхгүй бол гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авах хүсэлтэй байгаагаа албаны хүмүүст уламжилжээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлт нийслэлийн зургаан дүүрэгт явагдсан. Зургаан дүүрэгт ажил явагдсан хэдий ч гуравласан гэрээ хийснээс хойш хоёр, гурван жил өнгөрч тухайн сонгогдсон компаниуд нь барилгын ажлаа хийгээгүй, хөрөнгө оруулалт байхгүй гэх шалтгаанаар барилга нь ашиглалтад ороогүй байна. Энэ байдлаас үүдээд иргэд маш их хохирч, улмаар эрх ашиг нь зөрчигдөж байгаа юм.
Д.АРВИНЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
Эдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Арвин. Тэрбээр "Сансар” Хотхоны 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг гудамжинд хөөн гаргаж, өдгөө иргэд орох орон оочих аягагүйн улмаас түүнийг царайчилсан ч тусыг эс олжээ.
Тодруулбал, гурван жилийн өмнө буюу 2014 оны аравдугаар сард иргэд орон сууцтай болно хэмээн түүнд итгэл хүлээлгэж нэгэн дор 85 айл өрх газраа чөлөөлж барилга эхлэхийг зөвшөөрсөн гурван талт гэрээ байгуулсан аж. Гэтэл өдгөө 2017 он гарчихаад байхад баригдсан барилга ч үгүй иргэд нөхөн олговрын мөнгөө ч авч чадалгүй өнөөг хүрчээ.
Уг нь иргэд энэ талаар Д.Арвины "Их өргөө” ХХК дээр нь очиж түүнтэй уулзаж, боломжоороо барилга орон сууцаа барьчих, бидэнд тэр болтол нөхөн олговрын мөнгийг минь олгочих хэмээн түүний компани дээр таван өдөр суулт хийсэн боловч ямар нэгэн шийдтэй хариу авч чадаагүйн улмаас өчигдөр хотын удирдлагуудтай уулзаж энэ асуудлаар санал бодлоо солилцжээ.
Түүнчлэн иргэдийг Д.Арвины компани дээр суулт хийж байх үеэр нь өнгөрсөн баасан гарагт АТГ-ын мөрдөгчид ирж "Их өргөө” ХХК-ийн бичиг баримт болон компьютерийг нь битүүмжлэн авч явсан төдийгүй түүнийг улсын хил давах хилийн хориг тавьсан байна.
Тус компанийн эзэд болох Д.Арвины хүү Од гэгч нь "Сансар” хотхоны орон сууцыг барихдаа иргэдийн орон сууцны ордерыг барьцаалж банкнаас зээл авсан аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр барилгын суурь цутгасан дүр үзүүлж банкнаас их хэмжээний зээл авчээ. Тэгэхээр Д.Арвин иргэдийн орон байраар тоглоод зогсохгүй тэдний ордерыг барьцаалан банкнаас зээл авч давхар банк залилсан хэрэгт оржээ.
Ямартай ч иргэдийн итгэл сэтгэлээр тоглосон Д.Арвин "Би та бүхнийг орон сууцтай, үл хөдлөх хөрөнгөтэй болгохын төлөө зүтгэх болно” хэмээн хэлж найман байрны газрыг, нийтийн эзэмшлийн зам талбай болон иргэдийн байрны ордерыг авсан нь өдгөө хууль хяналтын байгууллагаар шалгагдахаар болчихлоо.
ТӨРИЙН АЛДААТАЙ БОДЛОГООС БОЛЖОЛОН МЯНГАН АЙЛ ӨРХ ОРОХ ОРОНГҮЙ БОЛЧИХСОН
УИХ-ын гишүүн асан Д.Арвингийн иргэдтэй хийсэн гэрээ нь хэт нэг талын давуу байдлыг тусгасан, иргэдийн хууль эрхзүйн мэдлэггүй байдлыг далимдуулан хууран мэхлэх замаар хийсэн гэрээ байж болох талтайг ч хуульчид хэлж буй юм. Юутай ч хүн амыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилтээс үүдсэн асууда, хууль эрхзүйн орчныг бүрдүүлээгүй, төр засгийн алдаатай бодлогоос болж олон мянган айл өрх орох оронгүй болох аюул нүүрлээд байгаагийн нэг жишээ нь энэхүү "Сансар” хотхоны 500 гаруй иргэд.
Өдгөө өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус хотхоны арав гаруй иргэн сэтгэл санааны гүн хямралд орж амь насаа алдсан тухай "Сансар” хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын тэргүүн Ч.Туяа манай сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсан удаатай. Хэрвээ жирийн нэг иргэн Дорж, Дулмаа нар энэ мэтээр залилан хийж 10 гаруй хүнийг үхэлд хүргэсэн бол асуудал өөр тийшээ явах нь дамжиггүй. Тиймээс л хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой учраас 500 гаруй иргэний амьдрал хувь заяагаар тоглочихоод байгаа Д.Арвинд төр төмөр нүүрээ харуулж түүнд хариуцлага тооцох нь зүйн хэрэг.
Түүнчлэн хотын удирдлагууд өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нд иргэдтэй уулзахдаа тэднийг хохироогоод буй барилгын компанийн эздийг болохгүй бол хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ хэмээн хэлж байсан. Энэ ажлаа одоо ажил хэрэг болгож гудамжинд гарчихаад буй 4000 гаруй иргэний ядаж 500 гаруй хүнийх нь асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байх. Угтаа бол тэд Монгол Улсыг дээрээ төртэй, дороо хуультай эрх зүйт төртэй учраас ийнхүү итгэсэн хэрэг шүү дээ.
Юутай ч УИХ-ын гишүүн асан Д.Арвин олон иргэнийг хохироогоод зогсохгүй бэрийнхээ компанид хууль бус тендер олгосон хэргээр шалгагдаж эхэлсэн тухай хэвлэлүүд шуугиж байна. Тодруулбал, тэрбээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт сайдын багцаас Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөлд 1.3 тэрбум төгрөг төсөвлүүлэн худалдааны төв байгуулах төсөл болгон өөрчилжээ. Улмаар уг төслийг ямар ч зураг төсөлгүй, тендер зарлалгүй, хэрэгжүүлэх эрхийг хүү Одынхоо эхнэрийн нэр дээр байдаг "Өү Ти Юү” компанид шилжүүлэн өгсөн гэх хэрэгт холбогдож хоёр асуудлаар ийн хууль хяналтын байгууллагад шалгагдах боллоо.
Яг үнэндээ өнгөрсөн найман жилийн хугацаанд Д.Арвинтай холбоотой маш олон тендерийн хэрэг сөхөгдсөн боловч тэрбээр тухайн үед УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж энэ асуудлаас хөнгөхөн мултарч байсан удаатай. Тэгвэл тэрбээр энэ удаад яалт ч үгүй шалгагдахаар боллоо.
Өглөөний сонин
Р.Саруул