Ардчилалын алтан хараацайнуудын нэг болох С.Зоригийг тэртээ 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр онц хэрцгий аргаар амийг нь хохироосноос хойш 18 жил өнгөрчээ. Уг нь илэрдэггүй хэрэг, эзэнгүй хэрэг гэж байдаггүй гэж ярьдаг. Энэ өнгөрсөн хугацаанд улс төрийн захилгат хэрэг илэрсэнгүй, жинхэнэ эзнийг нь олсонгүй. Харин өнгөрсөн онд С.Зоригийг хөнөөсөн хоёр алуурчныг цагдан хорьлоо гэсэн мэдээлэл гарснаас хойш энэ хэргийг шалгах Ажлын хэсгийнхэн эрчимтэй ажиллаж эхэлсэн гэж хэлж болно. Хамгийн гол 1998 оны үед Ш.Отгонбилэгийн малчин байсан гэх хоёр иргэнийг хорьж цагдсанаас хойш хэргийг нотлох баримттайгаар хуулийнхан илрүүлж чадсан уу гэдэг нь их ээдрээ, эргэлзээтэй.
Өнөөдрийг хүртэл хүүгээ, ханийгаа, дүүгээ цагдан хориулсан ээж, ах дүү нар нь хэвлэлд хандах эрхгүй явсаар аргаа барахдаа өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ. Тухайлбал, хэрэгт сэжигтнээр татагдсан Б.Содномдаржаагийн төрсөн ээж Л.Жавзмаа, түүний хань Г.Энхбаяр гурван хүүхдийн хамт, мөн сэжигтнээр татагдан жил гаруй хугацаанд хоригдсон Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.
Тэдний ярьж буйгаар одоогоос олон жилийн өмнө Эрдэнэтэд таксины жолоочийг мөчилж амийг нь хохироосон Амгаланбаатар гэгч этгээдийн гүтгэлэг, өс хонзонгоор гэмгүй хоёр хүнийг хилс хэрэгт тулгаж, хийгээгүй хэргийг нь үүрүүлэхийг оролдож, одоо бүр хуулийн байгууллагаас хэргийг шалгаж дууссаад шүүхэд шилжүүлж таслуулахад бэлэн болсон мэт ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгаад харамсаж бас гомдож байгаагаа илэрхийлэв. Үнэхээр гэмгүй хүмүүсийг гэмтэн болгож, амьдралыг нь орвонгоор нь эргүүлчихсэн юм биш биз дээ гэсэн хардлага төрж байна.
Л.Жавзмаа: Би хүүгийнхээ гэрч, өмгөөлөгч болно
Ингээд Б.Содномдаржаагийн төрсөн ээж Л.Жавзмаа юу гэж ярив.
Тэрбээр "Миний хүү Содномдаржаа С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт сэжигтнээр татагдан 461 дүгээр ангид хоригдоод жил 2 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ар гэрийнхэнтэй нь ганц нэгэхэн удаа уулзуулав. Энэ хэрэгт хилс хэргээр хоригдож байгаа хүүгийнхээ талаар Монголын ард түмэнд мэдэгдье гэж бодлоо. Би өөрөө Булганы мал аж ахуй фермэрийн аж ахуй эрхэлдэг. Миний хүү энэ фермэрийн эзэн байсан. 2014 оноос эхлээд миний хүүд мессэж ирдэг боллоо. Хэнээс гэдэг нь мэдэгдэхгүй, дандаа дарамталсан мессэж ирдэг. Чи Зоригийн хэрэгт холбогдоо биз дээ, Танайхыг ална хядна гэсэн утгатай 28 хуудас мессэж болов. Бид нар гайхаад хууль хяналтын байгууллагад өгсөн. Гэтэл тоогоогүй. 2015 оны наймдугаар сарын 31-ны өдөр хүүг минь хашаандаа явж байтал тагнуулынхан ирээд баривчлаад аваад явсан. Хэнд ч мэдэгдээгүй, ар гэрийнхэн нь хайсаар байгаад 4 хоногийн дараа 461 дүгээр хорих ангид хорьсныг мэдсэн. Хүүтэйгээ уулзах гээд 3 сарын хугацаанд уулзуулаагүй. Энэ үед ямар хүнээс мессэж ирсэн бэ гэвэл манайтай хамар хашаанд айл саахалт байсан Амгаланбаатараас ирдэг болсныг мэдсэн. Энэ хүн таксины жолоочийг мөчилж алаад шоронд орж, Ерөнхийлөгчийн зарлигаар цаазын ялаас нь хэлтрүүлж, 25 жилийн ял авсан хоригдож байсан юм билээ. Тэгээд миний хүү рүү "Чамтай хамт би Зоригийг алсан. Хэргээ хүлээнэ биз дээ” бичиж байж. Тагнуулын байгууллага 2 жилийн хугацаанд манайхыг тагнаж мөрдсөөр байгаад баривчилсан. Миний хүүг шоронд байгаа Амгаланбаатартай холбож, тэр залуугаар бамбай барьж, С.Зоригийн хэрэгт холбогдолтой гэж шалгалаа. Энэ хугацаанд айлын амьдрал сүйрлээ. 4 нялх хүүхэдтэй эхнэр нь өр зээлд баригдаж амьдрах аргагүй боллоо. Миний хүүг элдвээр дарамталж С.Зоригийн хэргийг хүлээ, чи оролцоо биз дээ гэж энгийн ногоочин малчин хүнийг дарамталж хилс хэрэг хүлээлгэх гэж зүтгүүлж байгаад үнэхээр харамсаж бас гомдож байна. Улстөрийн захиалгат хэргийг хөдөөний нэг жирийн малчин ногоочинд үүрүүлэх гэж яагаад дайраад байгаа юм бэ” гэлээ.
Ингээд түүнээс цөөн асуултад хариулт авав.
-1998 оны 10 сарын 2-нд хүү нь яг хаана байсан бэ?
-Би өөрөө хүүгийнхээ гэрч, өмгөөлөгч болно. Мал аж ахуй эрхэлдэг хүн ажил ихтэй байдаг. Тухайн үед миний хүү аавтайгаа трактороор хадлан бэлтгээд явж байсан. Аавтайгаа гэртээ орж ирэхэд нь будаатай цайгаа чанаад хэдэн хүүхдээ тойруулаад сууж байсан тэр өдрийг тод санадаг юм. 10 сарын 02-ны өдөр гэртээ байсан юм шүү.
-Тухайн үед таны хүү хэдэн настай байсан бэ?
-Тухайн үед 22 настай байсан.
-Өс хонзонгоор хэрэг хүлээлгэж байна гэлээ. Амгаланбаатартай найз байсан юмуу?
-Хууль хяналтын байгууллага тагнаж чагнасаар байгаад миний хүүг баривчилсан. Амгаланбаатар ямар учраас миний хүүд манад өс хонзон санадагийг мэдэхгүй. Миний хүү рүү "шоронгоос гараад чамайг ална, танайхыг шатаана” гэж дарамталдаг байсан юм билээ. Тагнуулынхан 2 жилийн хугацаанд жүжгээ тавьж байна. Миний хүү ерөөсөө юм ярьдаггүй. Бид нар ойр дотно байгаагүй.
-Яагаад энэ хэргийг танай хүүтэй холбоод байгаа шалтгааныг олсон уу?
Цэвэлмаа, Маньбадар гэж хоёр хөгшин ганц охиндоо хань хийж, Амгаланбаатарыг өргөж авсан. Манайхтай хамар хашаанд айл саахалт байхад манайх мал аж ахуйгаа дагаад нүүгээд явсан. Тухайн үед Амгаланбаатар 10 хэдэн настай байсан. Чухам ямар сэжмээр үндэслэлээр холбоод байгааг ойлгохгүй байна.
-Хуулийн байгууллагад 51 удаа хандаж захиа бичихэд ямар хариу өгдөг вэ?
-Яваагүй газар, уулзаагүй хүн гэж байхгүй. Яагаад гэвэл эх хүний хувьд үр хүүхдийнхээ төлөө явахаас өөр арга байхгүй. Элбэгдоржид өргөдөл өгсөн. Энэ хүн хууль хяналтынхаа байгууллагыг өөгшүүлж байна. "Зоригийн хэрэг илэрнэ, хуулийн байгууллага сайн ажиллаж байгаа” хашгирч босч ирснийг нь бодохоор үнэхээр харамсч байна. Яагаад хуулийн байгууллагыг гэмгүй хүнийг хохироохгүй төлөө явдаггүй юм бэ. Тагнуулын дарга Б.Хурц хариу өгдөггүй. "Шалгаж байна. Суллах болоогүй, ажиллагаа явагдаж байна” гэхээс өөр юм хэлдэггүй. Хүүг минь гаргачих болов уу гэж жил гаруй хугацаанд харлаа. Гэтэл гаргахгүй бүр цаашид хорьж таслана гэж байна. Тиймээс хөлөө хүрэх газраа хүртэл явна. Миний хүүд дарамтаар хэрэг хүлээлгэж байгаад үнэхээр гомдолтой байна шүү. Хүүгээ гаргаж авахын тулд өмгөөлөгч авсан ч үнийг нь дийлэхгүй юм.
-Ш.Отгонбилэг агсны малчид байсан гэх мэдээлэл гарсан?
-Үгүй. Тэр хүнийг таних ч үгүй. Тэр хүн Завханых биз дээ, бид чинь Булганы хүмүүс. Харж байгаа ч үгүй, гар барьж ч үзээгүй.
-Хүүгийнх нь биеийн байдал хэр байгаа вэ?
-Жил гаруйн хугацаанд эмнэлэгт хэвтүүлэх хүсэлт тавьсан хүлээж аваагүй. Бие нь муудсан хараа нь муудаж гар хөл нь салганадаг болсон.
Т.Хүрэлбаатар: Т.Чимгээг Амгаланбаатарын гүтгэлгээр барьсан
"Миний дүү Т.Чимгээг өнгөрсөн оны наймдугаар сард ажилдаа явж байхад нь автобусны буудал дээрээс тагнуулынхан баривчилсан байдаг. Баригдсан үндэслэл нь юу байдаг юм бэ гэхээр Амгаланбаатар гэж нөхөр манай дүүгийн нөхрийн талын хоёр хөгшин өргөж авсан хүүхэд байдаг гэсэн. Тэр нь хүн амины хэргээр шоронд орсон. Хоёр жилийн өмнөөс миний дүү рүү элдэв мессэж бичиж эхэлсэн. Дандаа дарамталж "Чамайг шоронд оруулна” гэдэг. Энэ хүний гүтгэлэгээр баривчилсан. Барьснаас хойш бид нарыг тоотой уулзуулдаг. 1998 онд манай дүү гурван хүүхэдтэй байсан. Эх хүн ийм том хэргийг үйлдэхээр хот руу явна гэдэг ямар ч эрүүл хүний ухаанд багтахгүй ш дээ. Бядтай хүн биш. Ямар ч үндэслэл байхгүй, Амгаланбаатарын гүтгэлэгээр хорьсон. Жилийн хугацаанд хуулийнхныг хүндэтгэж чимээгүй байсан. Тагнуулаас нууц задруулж мэдээлэл өгөхгүй байхыг үүрэгдсэн. Бид нар хийгээгүй хэрэг юм чинь үнэн мөнийг олоод суллачих байх гэж харлаа. Гэтэл одоо бүр шүүхэд шилжүүлж тасална гэж байна. Үнэндээ энэ хэргийг илрүүлсэн нэртэй хоёр хүнд ялыг нь үүрүүлээд хавтаст хэргийг хаах гээд байна. Хэдэн жилийн өмнө хаа байсан гадаадаас нэг хүнийг сэжиглэж авчраад үүрүүлэхийг оролдсон ч амиа алдсан. Одоо болохоор ядарсан иргэдэд энэ хэргийг үүрүүлэх гэсэн сонирхол хэн нэгэн эрх мэдэлтэй хүнд байна гэж харж байна. Энэ хэргийг хааж, үүний ард албан тушаалаа дээшлүүлэх гэсэн оролдлого. Дүүгийн ар гэрийнхнийг байнга тагнана чагнана. Хаа байсан Дорноговьд байгаа өндөр настай ээжийн минь гэрийг хүртэл тагнуулынхан очиж шалгаж нэгжиж айлгаж ичээсэн. Энэ бол зүгээр дарамт болж хувирлаа. Хөшигний цаана найруулсан жүжиг гэж хардаж байна. Мэдээлэл авдаггүй хөдөөний иргэд хараад Зоригийн хэрэг илэрч гэнээ л гэж ярина. Гэтэл энд явагдаж байгаа процесс нь хууль бус, баримтаар нотлогдохгүй байхад ядарсан иргэдэд хэргийг үүрүүлээд хаах гээд байгаад харамсч байна. Хоригдож байгаа нөхцөл байдал нь хүнд. Миний дүүгийн том охин нь Сэлэнгэ рүү сайн хүнд ээжийгээ үзүүлэх гэж яваад өнгөрсөн зургадугаар сард автын ослоор амиа алдсан. Сэтгэл санааны хүнд дарамттай байхад бид дуулгаж чадахгүй байхад, тагнуулын байгууллагынхан өөрсдөө дуулгасан. Ийм дарамтан дунд тэр хүн эрүүл бус болоод байна. Ийм болгож байж хэрэг үүрүүлэх гэж байна. Намайг байнга дагадаг, бас чагнадаг. Би айхгүй байна асуудлыг бүр хурцаар тавьж шат шатны байгууллагад хандана” гэлээ.
Түүнчлэн "Миний дүү Дорноговь аймгийн театрт бүжигчин хийж байгаад Эрдэнэт рүү шилжсэн. Тэнд ирээд тогооч хийдэг байсан. Хэрэг төвөг хийсэн хүмүүс биш шүү. Миний дүү өмнө хэрэгт холбогдож байгаагүй. Тухайн үед Эрдэнэтийн Бямбасүрэн гэж залуутай суугаад шилжиж ирсэн” гэв.
Г.Энхбаяр: Миний хань бага хүүхдээ ч харж чадаагүй хоригдсон
"Миний хань Содномдаржааг 2015 оны наймдугаар сарын 31-ны өдөр олон машинтай хүмүүс гэрээсээ гараад жорлон ороход аваад явсан. Миний хань бага хүүгээ ч харж чадаагүй, гэдсэнд байсан. Нэг удаа л уулзсан. Харгалзагч нар нь их муухай юм билээ. Хүүхдийг нь аавд нь нэг удаа үнсүүлчихээд гэхэд үнсүүлээгүй. Аав нь хараагүй, саяхан л царайг нь харуулсан. Амгаланбаатар их муухай үгээр доромжилж манай хүн рүү мессэж бичдэг байсан. Тэр хүний манай сайхан байсан амьдралыг орвонгоор нь эргүүлж хаясанд гомдож байна. Зүгээр байгаа хүнийг хөлдөө чирчихлээ” гэлээ.
Тэрбээр уйлаад ярьж чадахгүй байв. Харин хадам ээж Л.Жавзмаа нь "Энэ айлын амьдрал хэцүүдэж байна. Том хүүхэд нь Эрдэнэтэд хагалгаанд орсон байгаа. Хуулийн байгууллага жирийн иргэдийг хохироож байна. Ард түмэнд үйлчилдэг хууль ер нь байдаг юмуу. Бид бүх юмаараа хохирч байгаад гомдож байна. Үнэн юм гэж байна уу би харамсч байгаа” гэлээ.
О.Сайхан
zaluu.com