
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах эсэх тухай яриа
хөөрөө жил дамнан үргэлжилж, намдаа жигүүр хүртэл ургуулсан. Шинэ
жигүүр эхэндээ сүрхий эрчтэй дэвж намын томчуудаа нойргүй хонуулах нь уу
даа гэмээр байсан ч хоосон сүр үзүүлснээс цаашгүй.
УИХ-ын экс
гишүүн А.Мурат нарын гишүүдээс бүрдэх жигүүрийнхэн намынхаа удирдлагад
хандан нийтээрээ дагаж мөрдөх үурэгтэй үндсэн дүрмээ дагаж намын
төлөөллийн төв байгууллага Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай
хуралдуулахыг шаардсан нь ялалтандаа бялуурсан АН-ын томчуудад гайгүй
дохио болж чадсан. Гэвч А.Мурат нарыг албан тушаалын хуваарилалтаас
хоцорч, тоглоомын тойргийн гадна үлдсэндээ гоморхогчид, айлгаж байгаад
ажилтай болохоор шийдэж гэхчилэн элдэв чимэг зүүлтээр харамгүй "гоёсон".
Гэхдээ энэ шаардлага АН-ын жирийн гишүүдэд таалагдаж байсан юм. Учир нь
2012 оны сонгуулиар парламентад хамгийн олон суудлыг авснаас хойш намын
ажлаа төрийнхөөр сольсон дарга нар нь ҮЗХ гэдэг байгууллагаа үндсэнд нь
сул зогсоосон. Уг нь АН-ын үндсэн дүрэмд ҮЗХ-г жилд хоёроос доошгүй
удаа хуралдуулна хэмээн заасан ч 2012 оны долдугаар сар буюу сонгуулийн
дараа "Шударга ёс" эвсэлтэй элбэж засгаа тохинуулах, эрх мэдлийн сандал
ширээнд хэн хэнийгээ суулгахаа ярьснаас хойш цуглаагүй гэхэд болно.
Өнгөрсөн
жил халтихан хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн асуудлаа
халтуурдсаныг эс тооцвол ҮЗХ намын бодлого, улс орны хөгжлийн болон
нийгэм эдийн засгийн тодорхой асуудлыг сонсох, авч хэлэлцэх, зөвлөмж
шийдвэр гаргах, Гүйцэтгэх зөвлөлд чиглэл өгөх үүргээ биелүүлээгүй хэмээн
гишүүд нь үзэж буй юм. Тийм ч учраас ҮЗХ-г яаралтай хуралдуулж, улмаар
намын Их хурльш товыг тогтоох ёстой хэмээн шинээр өдөлсөн жигүүрийнхэн
өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ярьж байгаа. Намын дарга
Н.Алтанхуягийн нэр дээр шаардах бичиг илгээн "ҮЗХ-г энэ сардаа, Их
хурлыг энэ ондоо багтаан хуралдуул" хэмээн чангарч байснаас нь хойш
өдгөө хагас жил харвасан сум шиг одов.
Энэ хооронд АН-ын жигуүрийн
зохицуулагч А.Мурат, Д.Намсрай, Н.Мэндсайхан, Х.Ганболд нар намын
ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь,нарийн бичгийн дарга Д.Анхбаяр,
О.Чулуунбилэг нартай хамтран ажлын хэсэг байгуулж, ҮЗХ-ны хурлын товыг
ирэх дөрөвдүгээр сарын дундуур хэмээн тохиролцлоо гэж мэдээлснээс өөр
бодитой зүйл сонсогдоогүй. Гэтэл саяхнаас улс орны эдийн засгийн
тогтворгүй нөхцөл байдлаас үүдэн намын ҮЗХ-ны хурлыг хойшлууллаа гэх
мэдээлэл цацагдах боллоо. Улмаар АН-ын дарга Н.Алтанхуяг жигүүрээс
тавьсан саналуудыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн гэж хүртэл
дуулдах болов. Албан ёсоор зарлаагүй ч эл мэдээллүүд үнэн байж
магадгүй. Учир нь ҮЗХ-ны гишүүдэд хурлын товыг 30 хоногийн өмнө мэдэгдэх
ёстой ч одоогоор энэ талаар дуулж сонссон зүйлээр маруухан гэх хүн
олон. Товлосон хурлаа цуцалж, хугацаа хэлэлгүй хойшлуулсан гэж буйг
олонхи нь АН-ын дарга Н.Алтанхуягтай холбож байна билээ.
Намын
үндсэн дүрмийг мөрдөлгүй бараг гурван жил болж, төлөөллийн
байгууллагаа бүрдүүлж хуралдуулах тал дээр анхаарал тавихгүй байгаа нь
өнөөгийн удирдлагын хүлээх ёстой хариуцлага мөн хэмээн А.Муратын
"цэргүүд"-ээс гадна өөр бусад гишүүд нь ч үзэж буй юм. Тиймээс
хэлбэрэлтгүй мөрдөж байх учиртай намынхаа дүрмийг зөрчин, гишүүдээ
сонсохоо больж гэнэт дээшээ хөөрчихөөд байгаа даргатайгаа 2016 оны
сонгууль хүртэл тэвчих үү, эс тэвчих үү гэдэг асуудал ч босч ирж байгаа
гэнэ.
АН-ын ҮЗХ 228 гишүүнтэй. Гэтэл үүнийх нь 60 шахам нь
төрийн албанд очиж энд тэндхийн дарга болсон учраас намын сонгуульт
ажлаасаа хуулийн дагуу татгалзах учиртай. Тиймээс өнөөдрийн байдлаар
ҮЗХ-ны 26.3 хувь бүдүүн тоймловол бараг гуравны нэг шахам нь хуулийн
дагуу чөлөөлөгдсөн эрхмүуд байх аж. Нэг үгээр тэд ҮЗХ-нд багтаж намын
бодлогын асуудал шийдэх эрхгүй гэсэн үг. Чөлөөлөгдсөн хумүүсийн оронд
ротаци явуулж шинэ гишүүдийг тодруулах ёстой ч АН-ын удирдлагууд үүнд
огт яарахгүй байгаа. Юун ротаци, элдэв шалтаг заан хурлыг товлохоос
цааргалж одоо бүр улс орны эдийн засгийн байдал таатай биш байгаа учраас
ҮЗХ-г хуралдуулах боломжгуй гэсэн бор шувуу нисгэж эхэлсэн юм байх.
Тиймээс
гишүуд нь удирдлагадаа шахалт шаардлага илгээж намаа дүрмиинх нь дагуу
удирд эс бол зайгаа тавьж өг хэмээн чангахан дуугарахаар төлөвлөж буй
гэнэ. Ийм шахалтад З.Энхболдын Ардчилсан хүчний холбоо чамгүй их дэм
өгч, жигүүрийнхний дээлийн захыг сэм сэмхэн мушгиж суугаа гэлцэх юм
билээ. Михайлд нэг бодол бий гэдэг шиг тэдэнд ч бас том зорилго бий аж.
Гол нь тэд бие жижиг ч бэлчээр томтой З.Энхболдыгоо намын даргын суудалд
залж улмаар гүйцэтгэх засаглал толгойлуулахын тулд ийм тоглолтыг дэмжих
бололтой. Ардчилсан хүчний холбоо илт идэвхжсэний шалтгаан
Н.Алтанхуягийн "Аптангадас" албан тушаал, эрх мэддийн бялууны амттай том
хэрчим бүрийг авч, өөрсдөд нь өөдөс үйрмэг төдийхөн үлдлээ хэмээн
гоморхсоноос үүдэлтэй гэнэ.
Тиймээс хууль тогтоох дээд
байгууллага гэж хөрөнгө мөнгө захиран зарцуулахад гар дүрэн оролцож
болдоггүй, хуулийн хэрэгжилт, бодлого энэ тэрхэн ярьж суудаг спикерээс
Ерөнхий сайдын сэнтий илүү тухтай хэмээн тооцоолсон бололтой.
Тэгээд
ч тэдэнд амжилт олох магадлал урьд урьдынхаас илүү болж буй. Улс орны
эдийн засаг хямарч, төсвийн уутны амыг уруу нь харуулаад сэгсэрч орхисны
гайгаар хаа хаагүй хэцүүдэж, хувьд ч, хувьсгалд ч мөнгөгүйн зовлон
нүүрлэн ядуусын арми хүрээгээ тэлэхэд хүрээд буй юм. Түүнээс гадна эдийн
засгийн өсөлт буурсан ч ДНБ өслөө, гадаад зах зээлээс тэрбум тэрбумаар
нь мөнгө босгоод ирлээ хэмээн тогтоох аргагүй том том тоо ярьж орой бүр
телевизээр шоудах Ерөнхий сайд Н.Алтанхуягийн яриа иргэдийг татахаа
хэдийнэ больсон. Тоогоор хуурч, тоолох мөнгөгүй суугаа Засгийн газрыг
унагахад ч ядах юмгүй. Тиймээс эвтэйхэн тоглож чадвал энэ удаа
З.Энхболдыгоо гүйцэтгэх засаглалын тэргүүнд залж, Ардчилсан хүчний
холбооныхон амттай бялуу амаараа гартал зооглоно хэмээн хүлээж суугаа
гэнэ. Гэхдээ тэд тоглоомыг өөрсдөө биш өрөөлөөр бүр тодруулбал өдөлсөн
хэрнээ хол дэвж хүчрэхгүй байгаа А.Муратын жигүүрт дэм өгөх маягаар
гүйцэлдүүлэхээр төлөвлөсөн гэх юм.
Н.ГЭРЭЛ