Өнөөдөр
аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 21. Лхагва гараг.
Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин
жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 22. Тооно одтой, 3
хөх мэнгэтэй хар луу өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Сансар. Наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа
хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах,
зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар
малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой,
бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө
гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал 11 цаг 16 минутад
эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно
хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Осолтой
өдөр. Гэнэтийн таагүй байдалд оруулах эсвэл төлөвлөгөөгөө заавал
өөрчлөхөд хүргэх мэдээ хүлээн авах бололтой. Болгоомжгүй үг хэллэг
согтууруулах ундаанаас татгалз. Унаж бэртэх аюултай байгаа тул өндөрөөс
болгоомжил.
Үхрийн орд (4/20-5/20): Таатай
өдөр. Та өөрийн төлөвлөгөөг тодорхой хэрэгжүүлж үйл ажиллагааныхаа
ирээдүйг тэлж чадна. Өнөөдөр олон янзын асуудлуудыг үр дүнтэйгээр
шийдвэрлэх болно. Өөрийн өмнө өртөнцийн хэмжээний асуудлуудыг бүү тавь.
Хэд хэдэн асуудлуудыг нэгэн зэрэг шийдэхээр бүү зүтгэ. Таны хувийн
амьдралд таагүй нөлөө үзүүлэх гэнэтийн нөхцөл байдлаас болгоомжлохыг од
эрхэс анхааруулж байна.
Ихрийн орд (5/21-6/21): Таны
болзоог эс тооцвол баяр хөөртэй өдөр болох нь. Жолооны шалгалт өгөх
хүмүүс болгоомжтой бай. Учир нь олон жолооч янз бүрийн ааш зан гаргах нь
мэдээж. Бясалгал хийх нь хэн нэгэнд ашигтай байх болно. Настай
хамаатан чинь таниас тусламж хүсэх бололтой. Мэргэжлийн амжилт, улс
төрийн нөлөө, эд баялгийн болон байгалийн баялгаас ашиг олж магадгүй
байна.
Мэлхийн орд (6/22-7/22): Гэр
бүлийн халуун дулаан харилцаа, хурим найр, хүүхэд олоход тааламжтай
өдөр. Ертөнцийг өөрчлөх гэсэн хүсэл, түүнчлэн биеэ барих чадваргүй
байдал эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй эргэн тойрны хүмүүсийн
дургүйг хүргэх болно гэдгийг сана. Ялангуяа таны ийм байдал хөршүүдэд
тань тийм ч тааламжтай санагдахгүй бололтой.
Арслангийн орд (7/23-8/22): Эерэг
өдөр. Өөрчлөлт хийхэд бэлэн бай, тэгээд танд ирэх сайхан цагийг хүлээ.
Та үнэхээр гэртээ байхыг хүсч байгаа ч гэсэн өнөө оройны зугаа цэнгэл,
инээд наргианы урилгаас бүү татгалз. Таны байдал бусдын эрч хүчээр
сэргэх болно. Ахмад настангууддаа анхаарал тавь үгүй бол хууч өвчин
хөдлөж нэлээд хүнд байх нь.
Охины орд (8/23-9/22): Таагүй
өдөр. Та аливаа зар сурталчилгаанаас хол бай. Учир нь та хэрэггүй
зүйлд мөнгөө үрж болзошгүй. Охины ордны оюутнууд аливаа факт,
баримтуудыг ч хүлээж авах чадвартайгаа мэдэрнэ. Хамгийн чухал зүйл бол
өөрийн дотоод сэтгэлээ ойлгох, дараа нь явах замаа тодорхойлох юм.
Чухал үүрэг даалгавраа хойш тавь.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Эерэг
өдөр. Таны байнга авахыг хүсдэг зүйлийг чинь санаанд оромгүй нэгэн
бэлэглэх болно. Удаан хугацааны нөхөрлөл чинь хайр дурлал болж хувирна.
Ганц бие жинлүүрүүдэд олон хос болох хүн гарч ирнэ. Гэвч дотно
харилцаанд орох гэж яарсны хэрэггүй. Удаан хугацаанд үерхсэн, хамт
байсан хайртай хосууд хайр дурлалдаа умбана.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хоёрдмол
өдөр. Үдээс өмнө ажлын шинэ санаа санал хүлээн авах болотой. Энэ нь
танд хожим нь ашигтай байх болно. Үдээс хойш хүүхдүүдтэйгээ харьцах
харьцаанд бэрхшээл үүсч болзошгүй. Бага насны хүүхдүүддээ анхаарлаа
хандуул. Түлэгдэх өвдөж болзошгүй.
Нумын орд (11/22-12/21): Хүнд өдөр. Мөнгө санхүүгийн асуудлаас үүдэн та гэр бүл болон
хамтрагчтайгаа муудалцаж болох тул анхаарал болгоомжтой бай. Хижээл
насныханы архаг хууч өвчин сэдрэх магадлалтай. Гандан хийдэд мөргөж буян
үйлдэхэд сайн. Томоохон эд зүйлс худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
Матрын орд (12/22-1/19): Сансарын
эрч хүчийг эзэмших өдөр. Гэрлэн бүрхүүл, амьдралын эрч хүч, дур булаам
байдал нэмэгдэнэ. Энэ өдрийг харилцаа холбоо тогтоох, уулзалт зохион
байгуулах, уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд зориул. Янз бүрийн ажил,
жижиг сажиг зүйлүүдэд ихээхэн хүч зарах нь. Гэвч санасандаа хүрэхгүй.
Олон хүнтэй газраас зайлсхий. Та олон нийтийн сэтгэл хөдлөлд автаж
болзошгүй.
Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр
хумхынханы өмнө эрх чөлөө болон өөрийгөө илэрхийлэх өргөн дардан зам
нээлттэй байна. Саад тотгор тохиовол шаргуу, уужуу, эрүүл ухаанаар
давахыг хичээгээрэй. Гомдол, цухадлаа март. Ядарч яваа нэгэндээ зовж
явахад тусал.
Загасны орд (2/19-3/20): Эерэг
өдөр. Сугар гараг таны өөрийн орд болох загасны ордонд орж байгаа
бөгөөд та илүү дур булаам болно. Та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх
хэрэгтэй. Бизнесийн уулзалт, хэлэлцээрт давуу байх болно. Мөн та бусад
хүмүүсийг амар тайван байлгаж чадна. Нийтийг хамарсан үйл явдал, эсвэл
сайн дурын ажилд оролц. Та хийж буй зүйлээ олох болно. Бусдад туслах
хүсэл эрмэлзэл дүүрэн байна.