Б.Энхжаргал
Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.
Монголын төр бэхжээгүй, бядтай болоогүй үед зах зээлийг чөлөөтэй тавьсан
-Манай улсад эдийн засгийн хүндрэл, хямрал хоёрын яг аль нь нүүрлэчихээд байна вэ?
-Би үүнээс урьтаж нэг оршил ярьмаар байна. Ер нь эдийн засаг гэдэг
байгалийн хувьсалтай төстэй. Эдийн засаг гэдэг ертөнцөд ямар урвал
явагдаж байна гэдгээс шалтгаалаад өөрчлөлт бий болж байдаг. Өөрчлөлтийн
хэлбэрүүд нь зарим үед системийн өөрчлөлтийг гаргаж ирдэг. Зарим үед
нэгээс нөгөөд шилждэг. Энэ процесс дэлхий дээр 1900-2008 онд 25-30 удаа
явагдсан байдаг юм билээ. Хамгийн том нь 1914, 1933 онд болсон. Мөн
дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеийн, нефтьтэй холбоотой 1970 оны, 1997
оны Азийн, 2008, 2009 оны хямралууд байна. Хямрал гэж нэрлэгдсэн нь энэ.
Харин бусад үед дандаа өөрчлөлтүүд байдаг. Хямралыг цааш нь судлаад
үзэхээр эдийн засагт хамгийн их нөлөөлсөн нь улс төр байдаг. Эдийн
засгийн нөхцөл өөрчлөгдөхийг улстөрчид л хийдэг. Тийм болохоор улс
төрийн аргаар зохицуулж болно. Үүнийг Монгол Улсын хөрсөн дээр харъя.
1990 оноос хойш манай эдийн засагт гурван том хямрал болсон. Эхнийх нь
1990 он. Системээс систем, төвлөрсөн эдийн засгаас чөлөөт зах зээл рүү
шилжсэн. Төрийн байгууламж нь нэг нам, коммунист үзэл сурталтай байгаад
олон намын системтэй, парламентын тогтолцоотой, ардчилсан улс руу тэр
процесс шилжсэн. Үүнийг хүн бүхэн мэднэ. Тэр үед системээс систем рүү
шилжиж, манай иргэдийн чөлөөтэй байх эрмэлзэл их байсан. 1992 оны Үндсэн
хуулиар олж авсан хүн өмчтэй байх хүсэл эрмэлзлэл, анх удаа чөлөөт
худалдаанд орж байгаа энэ бүх динамик хүч нь 1990 оны хямралыг авч
гарсан юм. Тухайн үед жилийн 360 хувийн инфляцитай байлаа шүү дээ.
Банкнаас зээл авахад сарын 25 хувийн хүү төлдөг. Хүн өмчтэй болсон,
чөлөөт худалдаанд орсон тэр эрч хүч 1990 оны хямралыг авч гарсан юм.
1997 онд манайд дахиад ийм процесс явагддаг. Тухайн үед Азийн хямрал
үүссэн ч манайх бол тийм юм болж байгааг ч мэдээгүй. 1997 онд ямар
хямрал гарсан бэ гэхээр түүхий эдийн ханш унасан. Гадагшаа гаргадаг
ганц түүхий эд зэсийн үнэ унасан. Мөн алт, нүүрсний ханш хямдхан
байлаа. Харин үүнийг яаж давсан бэ гэхээр үнийг чөлөөлсөнд байдаг.
-М.Энхсайханы Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого уу?
-Тийм. Гол барааны үнийг чөлөөлж, худалдааг улам чөлөөтэй болгосон.
Төр дахиад үүнийг хийгээгүй. Яагаад гэвэл Монголын төр бэхжээгүй,
бядтай болоогүй, ороо бусгаа болсон үед зах зээлийг чөлөөтэй тавьсан.
Дээр нь М.Энхсайхан гаалиас эхлээд хэд хэдэн татварыг багасгасан. 1997
оны хүнд үеийг бид дахиад чөлөөт зах зээлийн чөлөөтэй ажиллах үйл явцыг
сайжруулснаараа давчихсан юм. Сүүлийнх нь 2009 оны хямрал. Тухайн
үеийн процесс яг өнөөдрийн үргэлжилж байгаатай адил. Ам.доллар
1250-иас 1700 төгрөгт хүрч байсан. Улаан буудай, шатахуунгүй болчихсон,
ДНБ-ий өсөлт хасах 1.6 хувьтай байлаа. Зэсийн ханш 6000 ам.доллараас
унаж шууд 4000 болсон. Гэтэл 2009 оныг яагаад даваад гарчихав. 2009
оноос өмнө Төрийн сангийн бодлого гэдэг зүйлийг УИХ хийчихсэн байсан.
Ц.Нямдорж Их хурлын дарга, М.Энхболд Ерөнхий сайд байх үед УИХ-аас
"дөрвөн арвын бодлого” гэдгийг баталчихсан байсан юм. Ингэснээр бүх
татвар багасчихсан байсан л даа. Энэ бол эдийн засагт том дэмжлэг
болсон. Хоёрдугаарт, 2008 онд татварын өршөөлийн болон, нийгмийн
даатгалыг хэрэгжүүлэх хууль гарсан. Бидний хэлдгээр "уучлаарай”, "супер
өршөөлийн хууль” гарснаар дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэхүйц орлого
нэмэгдсэн. Түүний дараа манай иргэдийн хадгаламж 450-500 тэрбум
төгрөгөөр өссөн байдаг юм билээ. Тэр хэмжээгээрээ дотоодын хөрөнгө
оруулалт нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Банкаар дамжуулах зээлийн хүү мөн
тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Дээр нь Оюутолгойн гэрээ хийгдэж,
хоёр тэрбум ам.доллар орж ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн сангийн бодлого
нь урьдчилж хийгдсэнээрээ иргэдэд таатай тэмүүлэл үүссэн гэсэн үг. Энэ
бүгдээс харахад өнгөрсөн хугацаанд болсон хямралуудыг гэтлэхэд иргэдийн
чөлөөт зах зээл рүү зүтгэсэн тэмүүлэл дээр тогтсон. Гэтэл 2013 онд
иргэдийн чөлөөт зах зээл дээр ажиллах идэвхийг сэргээхээс илүү төр өөр
бодлогоор хандах гэж үзсэн. Төрийн сангийн бодлогоор татварын өршөөл
үзүүлэхээр нөгөө талдаа оноо алдана гэж үзээд мөнгөний бодлогоор үүнийг
хийх гэж үзсэн. Монголбанкаар дамжуулж гурван их наяд төгрөгийг
хэвлэсэн, дээрээс нь бондын мөнгө орж ирсэн. Энэ бүхэн нийлэхээр бараг
долоон их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө зах зээл рүү орсон
байгаа. Гэтэл эндээс алдчихсан.
-Яагаад алдсан гэж?
-Бид ийм их хэмжээний мөнгөний бодлоготой ажиллаж үзээгүй. Хэрэв
туршлагагүй хийчихвэл 1920 оны Европын түүх давтагдах гээд байна. Тухайн
үед мөнгөний бодлогоор шийднэ гэж байгаад европчууд гурван марк байсан
кофег жилийн дараа гурван сая болгож байлаа шүү дээ. Мөнгөний ханш
унаад тэр. Түүнтэй адил гурван их наяд төгрөг зах зээл рүү хэвлэж
оруулаад, 2013 оны нэг, хоёрдугаар улиралд зэс, нүүрснийхээ үнээр
түүнийг нөхчихнө гэж үзэхгүй юу. Гэтэл жилийн турш эдгээр түүхий эдийн
үнэ зах зээл дээр унасан. Ингээд хэвлэсэн мөнгөө орлуулах мөнгөгүй
байсаар байгаад валютын ханшийг өсгөчихлөө.
Өөрөөр хэлбэл,
хэвлэчихсэн гурван их наяд төгрөг маань өөрийнхөө биет үнэ цэнийг
нэхсээр байгаад энэ. Улс төр хуурч болохоос эдийн засаг хүнийг
хуурдаггүй юм.
-Одоо энэ байдлаас Монгол Улс яаж гарах ёстой юм бэ?
-Санхүүгийн эрх чөлөө өг. Компанийн, төрийн, хувь хүний санхүү гэж
байдаг. Энэ гурван санхүү маань буруу замаар явчихсан. Анхнаасаа хуурамч
тайлантай, буруу замаар явчихаар түүнийг нь төр, компани, хувь хүний
аль нь ч ашиглаж чаддаггүй. Ашиглаж чадахгүй байгааг нь харж болно.
Бондын мөнгө гэх мэт долоон их наяд төгрөг ороод ирчихсэн байхад манай
том аж ахуйн нэгжүүд шингээж чадаагүй. 1997 онд үүссэн Азийн хямрал ийм
байдлаас л бий болсон. 1996, 1997 онд зүүн Азийн орнууд руу хөрөнгө
оруулалт тасралтгүй орж байсан шүү дээ. Тэгсэн мөртлөө хямарсан шалтгаан
нь тэгж орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг шингээж авах банк санхүүгийн
систем нь сул байсан. Орж ирсэн хөрөнгө оруулалт нь шууд л урсаад
гарчихсан. Манайд бол одоо яг тийм байдал үүсч байна.
БОНД ГЭДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ӨӨР СИГНАЛ ӨГДӨГ
-Төсвөөс гадуур оруулж ирсэн долоон их наяд орчим төгрөгөөс одоо үлдсэн мөнгө байгаа юу. Монгол Улсад мөнгө байна уу?
-Энэ том тоотой мөнгийг оруулж ирэхдээ яаж менежмент хийхээ манайхан
мэдэхгүй байсан. Тиймээс Монголбанк менежментийг нь авч, арилжааны
банкуудад мөнгөө байршуулсан. Ер нь нэлээн хэдэн зуун сая ам.доллар нь
одоо байгаа л даа. 1.5 тэрбум ам.доллар орж ирнэ гэдэг тэр хэмжээгээрээ
Монгол Улсын валютын сан өсөөд мөнгөний бодлого талдаа ашигтай. Гэхдээ
мөнгөнөөс мөнгө хийдэг зүйл рүү оруулж чадаагүй. Хоёрдугаарт, бондын
мөнгөнөөс болж манайх руу орох гэж байсан маш их хөрөнгө оруулалтууд
зогссон. Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бонд авлаа гээд дэлхий нийтэд
цацахад манай төмөр зам, уул уурхай, цахилгаан станцад хөрөнгө оруулах
гэж байсан нөхөд шууд мөнгөө татчихсан. Бонд гэдэг тэдэнд өөр сигнал
өгдөг. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчид ашиг олохын тулд мөнгөө оруулж
байгаа болохоос алдахын тулд биш. Гэтэл эдийн засагт нь их мөнгө орно
гэдэг "Засгийн газар нь эдийн засаг руугаа хүч түрэн орох юм байна,
бидэнд боломж олдохгүй нь” гэсэн ойлголтыг авдаг. Хоёрдугаарт, шинэ
Засгийн газар гарч ирсэн даруйдаа чөлөөт зах зээлээсээ ухарсан.
МӨНГӨ НЬ ШОРОО БОЛЧИХСОНД Л ТЭД УУРЛААД БАЙГАА ЮМ
-Сөрөг хүчин байхдаа тэд өөрсдөө үүнийг л ярьдаг байсан биз дээ?
-Засгийн эрхийг авангуутаа түүнээсээ ухарсан. Хамгийн түрүүнд 1990
оноос хойш өнөөдрийг хүртэл өөрсдийн жамаар явж байсан бүх аж ахуйн
нэгжүүдийг хардсан. Хоёрдугаарт, засгийн эрх мэдэл олж авангуутаа зах
зээлийн эрх мэдэл рүү дайрсан. Тиймээс хэсэг улсад хүүгүй мөнгө тараах
байдлаар зах зээлийг тийшээ хандуулах гэж оролдсон л доо. Бод л доо,
жилийн 16 хувийн хүүтэй зээл авах уу, Ерөнхий сайд Н.Алтанхуяг,
Монголбанкны Н.Золжаргал хоёроос 1.2 хувийн хүүтэй зээл авах уу. Таваас
зургаа дахин бага хүүтэй зээл авахын тулд бизнесмэнүүд тийшээ л зүтгэнэ
шүү дээ. Ингээд жамаараа явж байсан эдийн засгийг гажуудуулж байгаа
юм. Өөрөөр хэлбэл, урьд нь ярьсан эдийн засгийн гурван удаагийн
хямралаас гарснаас эсрэг зүйл хийсэн гэсэн үг. Дотоодын аж ахуйн нэгж,
иргэд 1992 оны Үндсэн хуулиар олж авсан эрхээ эдлээд, үр шимийг нь
хүртэж байтал улс төртэй хутгасан. Энэ манай шинэчлэлийн Засгийн газрын
маш том алдаа. Валют хомсдлоо, эдийн засаг муудлаа гээд яриад байгаа
мэт боловч энэ хоёр нам толгой дээрээ хэтэвчээрээ нэгдчихсэн. Улс төр,
эдийн засгийн нийлбэрийг манайхан олигархи гэж нэрлэдэг. Харин энэ
олигархи нь манай хоёр намын томчууд. Харин одоо эдний мөнгө алга
болчихсон. Ард түмний мөнгө алга болсонд биш, тэднийх алга болчихсон
болохоор өөрсдөө бачимдаад байгаа хэрэг.
-Тэгээд тэдний мөнгө хаачсан гэж?
-Манай улсын хэрэглэж байсан нийт валютын 40-50 хувь нь уул уурхайд
шууд орж байсан. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад нэг хэсэг
зогсолтын байдалд орлоо шүү дээ. Энэ үед манай нийт валютын 40-50 хувийг
эзэмшдэг нөхөд мөнгөө тийшээ хийчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний
мөнгө шороо болчихоод байгаа юм. Үүн дээр л манай олигархиуд уурлаад
байгаа шүү дээ.
ДАВХАР ДЭЭЛИЙГ МАНАЙ МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ Л ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ
-Ярианыхаа
сэдвийг жаахан өөрчилье. Улс төрийн хүрээнд "давхар дээл”-ийн асуудал
их яригдаж байна. Та энэ процессыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Эдийн засаг хүндэрчихсэн энэ үед бид гарц хайх нь чухал байгаа. Зуд
боллоо гээд малчин хүн хоттой хонио хаяад явдаггүй биз дээ. Одоо бол
эдийн засагт зуд болчихсон байгаа нь ойлгомжтой. Харин энэ зуднаар
хоттой хониныхоо талыг нь ч болов яаж авч үлдэх вэ гэдэг зүйлийг ярих
ёстой. 73 мянган аж ахуйн нэгжээ хэрхэн дампууруулчихгүйхэн шиг авч
үлдэх билээ, ажлын байр, цалингийн фондыг нь авч үлдэх вэ гэдэг нь
одоогийн төрийнхний гол ажил байх ёстой. Дан, давхар дээлийн асуудал
тэртээ тэргүй Үндсэн хууль зөрчсөн гэж бөөн маргаан үүсгэнэ. Энэ гол
асуудал биш.
-Уг нь тийм. Гэтэл энэ байдалд хяналт тавьж, эрх баригчдыг
шахаж шаардах ёстой сөрөг хүчин маань дан, давхар дээлийн асуудлаар улс
төр хийгээд байгаа юм биш үү?
-Тантай санал нэг байна. Би түрүүн хэлсэн. Манай дээдсийн түвшинд
хэтэвчээрээ холбогдчихсон хүмүүс эдийн засгийг ярих нь өөрсдөд нь ч хүнд
байгаа. Тиймээс дан, давхар дээлийн яриагаар анхаарлыг өөр тийш нь
хандуулахын тулд улс төрийн шоу хийж байна. Энэ бол өнгөлөн далдлалт.
Ингэж засгаараа зугаа хийж байхын оронд нэгэнтээ эрх мэдлийг нь авчихсан
хүмүүс үүрэх ёстой үүргээ үүрээд , макро түвшний алдаагаа засч, чамбай
ажиллахыг нь сөрөг хүчин шахах ёстой юм. Тэгэхгүйгээр хүндрэлээс гарах
арга замаа эрэхгүй, нэгдэн нийлж ажлаа хийхгүй байж дан, давхар дээл
яриад л гүйгээд байдаг. Угтаа бол давхар дээлийг манай МАН-ынхан өөрсдөө
л хийчихсэн шүү дээ. 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийж, Засгийн
газрыг Их хурлаас бүрдүүлсэн. Тиймээс өнөөдөр эдийн засгийн хүндрэлээс
яаж алдагдал багатай гарах вэ гэдэг дээр ухаанаа уралдуулах ёстой.
Зуднаас хоттой хонио хорогдолгүйхэн шиг авч гараад, зуны дэлгэр цагт,
найр наадмын үеэр наад улс төрөө хийж болно. Улс төрийн зугаа цэнгэл
хийж болдог үе гэж байна, болохгүй үе гэж бас бий. Одоо газар
тариалангийн цаг эхэлж байна, мал төллөж байгаа, томоохон бизнесүүд
идэвхиждэг хаврын үед болохгүй. Жишээ нь, би Х.Тэмүүжин сайдыг гайхаж
байна. Засаглалын хуваарилалт энэ тэр гэж арав гаруй жил их сургуульд
хичээл заадаг байсан. Дөнгөж саяхан Ц.Нямдоржийг "Та хоёр банзан дээр
сууж байна. Нэг тал нь Засгийн газар, нөгөө талд нь УИХ” гэж шүүмжлээд
сууж байсан хүн өөрөө эрх мэдэл дээр очингуутаа "нөгөө хоёр зүйл нь мөн ч
их хэрэгтэй юм байна” гэж байгаа нь улс төрийн шоглоом юм даа.
ДӨРВӨН ДАВХАР ДЭЭЛ НӨМРӨӨД СУУЖ БАЙГАА ХҮН БОЛ МАНАЙ С.ДЭМБЭРЭЛ
-МҮХАҮТ-ийн даргын сонгуулийн процесс ойртож байна. Та үүнийг анзаарч
байна уу. Өмнөх удаагийн сонгуульд та нэр дэвшиж байсан шүү дээ?
-Танхимын дарга хэн байх вэ гэдэг хувь хүний асуудал надад сонин биш.
Гэхдээ дөрвөн давхар дээл нөмрөөд сууж байгаа хүн бол манай С.Дэмбэрэл
дарга. Их хурлын гишүүн сайд нар бол хоёр дээлтэй, түүнийхээ нэгийг
тайлуулна гээд сууж байдаг. Гэтэл С.Дэмбэрэл даргад дөрвөн дээл байдаг
юм. Энэ нь түүний ч буруу биш. Танхимын дүрэм тийм байдлаар хийгдчихсэн
болохоор тэр хүн арван хэдэн жил даргаар яваад байдаг. Танхимын дарга
гэж байна. Бас Удирдах зөвлөл гэж бий. Жилд хоёр удаа хуралдаж шийдвэр
гаргадаг. Хурлын дарга нь Удирдах зөвлөлөө хуралдуулах эрхтэй. Дараа нь
тэргүүлэгч гэж 25 хүн бий. Тэргүүлэгчийн хурлыг зарлаж хуралдуулах эрх
нь танхимын даргадаа байдаг. Мөн арбитрын шүүх гэж том зүйл бий.
Манайхан энэ шүүхийн учрыг ерөөсөө ойлгодоггүй. Бизнесийн ертөнцийн шүүх
л дээ. Гэтэл энэ шүүхийн дарга нь бас л танхимын дарга. Шүүхийн дарга,
Тэргүүлэгчдийн дарга, Удирдах зөвлөлийн дарга, тэгээд танхимын дарга.
Дөрвөн дээлтэй нөхөр тэнд халууцахгүй суугаад байдаг. Бүх эрх мэдэл тэр
хүнд байгаа учраас арван долоо найман жил дарга хийгээд суугаад байгаа
юм. Хүн төрөлхтөн хүртэл "Хаан дээр бүх эрх мэдэл байж болохгүй юм аа”
гээд салгасан. Гэхдээ зүгээр онолоор салгаагүй. Туршлагаар салгасан.
Жишээлбэл, XIII Людвиг 53 жил төр барьсан.Саяхан Английн хатан хаан тэр
рекордыг эвдлээ. Таван настайгаасаа эхлээд 58 хүртлээ төр барьсан хүн
бол Людвиг. Яагаад тийм олон жил төр барьсан бэ гэхээр Засгийн газар,
хууль тогтоох гэх мэт бүх эрх мэдэл хаанд байсан. Харин анх удаа Людвиг
аавынхаа заавраар өөрийнхөө Засгийн газрыг тусдаа гаргасан. Төвлөрлийг
сааруулах анхны процесс тэнд өрнөсөн байгаа биз. Тиймээс энэ хаан
хүчтэй болсон. Түүнээс хойш бараг 150 жилийн дараа Засгийн газар, хууль
тогтоох эрх мэдлийг салгах тухай ярьж эхэлсэн. Шашин, төр хоёрыг
салгах гэж европчууд 200 жил зарцуулсан. Харин манайх ганц өдөр л
болсон. 1924 оны Үндсэн хуулийн гайхамшигтай зүйл нь шашин, төр хоёрыг
нэг өдөр салгасандаа л байдаг юм. Харин европчууд 100 жилийн дайн хийж,
200 жил махаа цайсан. Харин 1924 онд бид гайхамшигтай зүйл хийчихсэн л
байгаа биз дээ. Түүхээ харвал тийм. Түүнээс биш С.Дэмбэрэл даргадаа
биш. Тэр хүн дөрвөн дээлтэй суухыг танхимын дүрмээр түүнд өгчихсөн.
Үүнийг би 2010 онд хараад шүүхэд хандсан, танхимын тэр дүрмээр шүүх бүх
шатандаа шийдвэр гаргачихсан. Хүч төвлөрүүлж гайхалтай зүйл хийж
болдгийн нөгөө талын жишээ болж байгаа нь С.Дэмбэрэл дарга. МҮХАҮТ бол
дөрвөн даргатай, дүрэмтэй, бүх үйл ажиллагаагаа өөрсдөөсөө
санхүүжүүлнэ, 100 гаруй хүнийг цалинжуулна. Бас орон байртай болгоод,
танхим гэдэг зүйлийг байгуулж өдийг хүртэл түмэнд нүүртэй, харах
ордонтой явуулаад байгаа юм. Энэ бол төвлөрсөн хүчний нөгөө нэг давуу
тал. Гэхдээ тодорхой ажил хийгээд, амжилтад хүрсний дараа XIII Людвиг
шиг тэр хүчийг нь өгч чаддаг байх хэрэгтэй.
ӨДРИЙН ШУУДАН