АН олонхи болоогүй ч Засгийн газраа эмхлэн байгуулах халуухан үүрэг
хүлээсэн нь ёстой л "муу эрд халдаг дараа” гэгч болж байх шиг.
Тулхтай, туршлагатайг нь бодож урьдын хамтрагч МАН-аа гуйх гэхээр
зургаахан сарын өмнө хаяж одсон байдаг, дээрэлхэж дарлаж байхад амрыг
бодож ИЗНН-тай нэгдэх гэхээр цаадуул нь дэндүү цөөхөн гээд тэдэнтэй
нийлэх улстөрийн бүлэглэл МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс өөр
байсангүй. Энэ эвсэл нь гудамжны хоосон тэмцэгчид, нэгэн цагт цөөн сарын
хугацаагаар сайдын суудалд заларч үзсэн аснуудаас гол төлөв бүрдэнэ.
Дарга нь хүртэл Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 дугаар зүйл ангиудаар
яллуулах гэж байгаа авлигач. Үнэнийг хэлэхэд Засгийн газарт хамтарч
ажиллаач гэж гуйхад дэндүү доошоо орсон л хэрэг. Энэ мэт ч яахав гэж
бодоход урьд өмнийн явдлуудаа санаж сэхээрдэггүй л юм байх даа.
МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ыг 1996-2000 онд засгийн эрх барьж байхад
нь дөрвөн ч удаа унагаж байлаа. Сүүлдээ АН-ын засагт ажиллах боловсон
хүчин олдохоо больж, ямар сайндаа хорин хэдтэй Ч.Сайханбилэг хэмээх
хөтлөгч залууг Гэгээрлийн сайдаар томилж байхав дээ. Үнэн хэрэгтээ энэ
хэдэн жилд АН боловсон хүчний хувьд ч тэр, бүх талаараа туйлдаж элгээрээ
мөлхөж байлаа. Элгээрээ мөлхөх ажиллагааг Н.Энхбаярын шууд удирдлагаар
АН дотроосоо хийсэн байдгийг ч өдгөө хүн бүхэн мэднэ. Тэрбээр 1997 онд
М.Энхсайханы Засгийн газрыг, 1998 онд Ц.Элбэгдоржийн, мөн ондоо
Ж.Наранцацралтын, 1999 онд Р.Амаржаргалын гээд дөрвөн ч Засгийн газрыг
унагаж байв. Ийнхүү АН-ын дөрвөн ч Засгийн газрыг унагаад, дараа нь 2000
онд төрийн мэргэшсэн гэх 15 мянган албан хаагчийг гудамжинд гаргасан
юм. Энэ бүхэн Ардчилсан намын эсрэг Н.Энхбаярын гараар хийгдэж байлаа.
Харин 2004 оны сонгуулиар хүч тэнцүүхэн өрсөлдсөн улстөрийн хүчнүүд "их
эвслийн” хэмээх Засгийн газрыг байгуулж тэргүүнээр нь Ц.Элбэгдоржийг
томилсон. Энэ Засгийн газрыг ч Н.Энхбаяр огцруулсан гэдэг.
Ийнхүү АН таван Засгийн газраа Н.Энхбаяраар багалзуурдуулж байжээ.
Н.Энхбаярын гарт "амь тавьсан” Засгийн газрууд чухам ямар учраас огцорч
байв гээд хөөхөөр бүгд л түүний хатгаасаар дотроо үзэлцээд нэгийгээ
аваад хаячихсан байдаг. Өнөөдрийн жишээн дээр аваад үзэхэд л
байгуулагдаагүй байгаа Засгийн газрынхаа сайдын суудлыг булаалдаад
эхэлчихсэн нь шаргал ордноор нэг үймээн дэгдээж байна. "Фортуна”
Н.Батбаярт сайдын суудал олдохгүйд хүрч, уурандаа өөрийн болон дөрвөн ч
гишүүний картыг авч, хурал хаяж одохоос эхлээд зөндөө зүйл болж байгаа.
АН-ын энэ мэт дотоод самуун Н.Энхбаярын дэргэдүүр зүгээр ч нэг
өнгөрөхгүй байх шүү. Үүнээс гадна албан тушаалд дуртай залуучууд олон
бий. Албан тушаалын донтонгуудыг бол Н.Энхбаяр тун ч хялбар ашиглана.
Тийм түүх ч бий, туршлага ч бий. Юутай ч Н.Энхбаярын огцруулсан таван
Засгийн газрыг танилцуулъя.
М.Энхсайханы Засгийн газрыг дүрмээр боомилж огцруулав
1996 онд МҮАН-МСДН-ын "Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг
суудал авч эвсэл анх удаа дангаараа Засгийн газраа байгуулсан түүхтэй.
Засгийн газрын тэргүүнээр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн
М.Энхсайхан сонгогдож, бүрэлдэхүүнд нь сонгуульд эвсэл болон орж ялалт
байгуулсан МҮАН, МСДН-ын төлөөлөл 50:50 хувийн харьцаатай орж байлаа.
Тухайн цагт нялх ардчилагчид дөнгөж учраа олох гэж ядаж байхад нь
буюу 1997 онд Н.Энхбаяр УИХ-д нөхөн сонгуулиар орж ирсэн юм. Тэрбээр
УИХ-д орж ирсэн даруйдаа бүлэглэл, фракцын зохион байгуулалтыг найруулж
эхлэнгүүтээ М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж байв.
Тэр цагт МҮАН дүрэмдээ "Намын дарга нь Ерөнхий сайд байна” гэж заалт
оруулсныг Н.Энхбаяр олж хараад ашиглахгүй хаачихав. Ингэж тэр анхныхаа
Засгийн газрыг унагаав. Үүний дараа АН-ынхан нэлээд үймж байж,
Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг байгуулж байлаа.
Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг банкаар далимдуулж нясаллаа
Нэгэнтээ дүрэм ийм хойно, тухайн үед МҮАН-ын тэргүүн байсан
Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдов. Энэ үед УИХ дахь олонхи,
цөөнхийн бүлэг банкны асуудлаар санал зөрөлдөж чуулганы хуралдааныг нэг
сар гаруй гацаасны эцэст нууцаар санал хурааж, Ц.Элбэгдоржийг огцруулж
байсан билээ. Түүнийг огцрох ажлыг Н.Энхбаяр гардан зохион байгуулсан
бөгөөд энэхүү ажиллагаандаа АН-ын "хөдөөний” гэгдэх фракцыг ашигласан
байдаг.
"Элсний 13” хэмээх бүлэглэл нэгэн үе юм юманд л хошуу дүрж явдаг
байсныг уншигч та санаж байгаа байх. Өвөрхангай аймгаас сонгогдсон "сум”
хэмээх хочит Н.Дашзэвэг тэргүүтэй хэсэг нөхдийг Н.Энхбаяр ийнхүү намын
даргынх нь эсрэг ашиглаж байлаа.
Энэ үед Ц.Элбэгдорж банкны салбаруудыг шалгаж эхэлсэн ч өөрсдийн
талын зарим банкинд хэт их анхаарал хандуулсан гэдэг үндэслэлээр "Элсний
13”-тай нь нийлэн огцруулж дөнгөсөн юм. Ц.Элбэгдоржийн Засгийн газар
гуравхан сарын настай байв.
Ж.Наранцацралтын Засгийн газрыг захидлаар далимдуулж унагав.
Ийнхүү хоёр дахь Засгийн газрынхаа маанийг уншсан ардчилагчдын хүч
тарамдаж хоорондоо муудалцах нь ч улам ихэсч байв. Яг л энэ үед
Ардчилсан холбоо эвслийн удирдлагууд шинэ Ерөнхий сайдад МҮАН-ын дэд
тэргүүн Да.Ганболдыг санал болгосон ч тухайн үеийн Ерөнхийлөгч "Да.
Ганболд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд банкны
асуудлуудыг хуулийн дагуу хяналт тавьж таслан зогсоох, засч залруулах
арга хэмжээ аваагүй учир түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах
саналыг УИХ-д оруулах боломжгүй” хэмээн долоон удаа буцаасан түүхтэй.
Үүнээс хойш дөрвөн сарын дараа УИХ-ын гишүүдийн олонхын саналаар
Ж.Наранцацралт Ерөнхий сайдаар томилогдсон юм.
Гэвч энэ Засгийн газар тийм ч удаан настай байсангүй, найман сарын
дараа захидлын асуудал боссоноор огцорсон түүхтэй. Мань Н.Энхбаяр 1999
оны долдугаар сарын 15- нд УИХ-ын чуулган дээр "Монгол Улсын Засгийн
газрын тэргүүн Ж.Наранцацралтаас 1999 оны нэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын
Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ю.Д.Маслюховт он, сар нь засвартай нэгэн
захиа явуулжээ. Энэ захиаг Ерөнхий сайд маш яаруу, нууцаар хийсэн
бололтой.
Энэ захиа "Эрдэнэт”-ийг 240 мянган ам.доллараар худалдаад Монголд
оногдох хувиа худалдахад та нар чимээгүй байна шүү гэсэн утгатай байна”
гэснээр Ж.Наранцацралтын Засгийн газар өвдөг шороодсон гашуун түүхтэй.
Р.Амаржаргалын Засгийн газрыг намынх нь зөрчлөөр дөрөөлж буулгалаа
Энэ үед дөнгөж зургаахан настай ардчилагчид ёстой л модоо барьж,
Засгийн газраа яаж байгуулж хэн хэнийгээ сайд болгохоо ч шийдэж
чадахгүйд хүрч байв. 1999 оны долдугаар сард Р.Амаржаргалыг Ерөнхий
сайдаар томилсон юмдаг.
Энэ үед 2000 оны сонгуулийн чимээ ойртож, нялх ардчилагчид хоорондоо
"алалцах” нь жирийн үзэгдэл болов. Ус үзээгүй хормой шуусан нялхас
хоорондоо эрх мэдлийн дайн хийсээр, эцэс сүүлд нь ардчиллын алтан
хараацай С.Зориг амь насаа алдав.
Тун удалгүй казиногийн хэрэг босч гурван ч УИХ-ын гишүүнээ шоронд
илгээсэн учраас Р.Амаржаргалын Засгийн газрыг намынх дотоод зөрчилд
дөрөөлж байгаад буулгаад авсан юм. Энэ бүх дотоод зөрчил нь тэднийг 2000
онд навс ялагдахад хүргэсэн билээ.
Ахиад л Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаав
2000 оны сонгуулиар бүрэн ялалт хүлээсэн АН-ынхан 2004 оны сонгуульд
"Эх орон-ардчилал” эвсэл байгуулан оролцсон. Харин энэ удаагийн
сонгуулиар "Эх орон-ардчилал” эвсэл тухайн үеийн МАХН, өдгөөгийн Ардын
намтай тэнцүү суудал авсан.
Тиймээс УИХ дахь "Эх орон ардчилал” эвслийн болон МАХН-ын бүлгүүд
гурван долоо хоног зөвшилцсөний эцэст Засгийн газрыг МАХН, "Эх
орон-ардчилал” эвсэл 50, 50 хувиар хамтран их эвслийн Засгийн газар
байгуулах, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг эвсэл намууд хоёр, хоёр
жилээр хаших зөвшилцөлд хүрэв. Зөвшилцлийн дагуу их эвслийн Засгийн
газрын тэргүүнээр Ц.Элбэгдорж томилогдов.
Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газарт ажилласан МАХН-ын сайдуудын
огцрох өргөдлийг УИХ-аар авч хэлэлцэхэд АН-ын гишүүн М.Энхсайхан,
М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг болон Ард түмний намын дарга
Л.Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар огцруулахыг дэмжсэн санал
өгснөөр МАХН, Ардчилсан намын хамтарсан их эвслийн Засгийн газар огцров.
Үүний ар талд Н.Энхбаяр л байв.
Хонгорнутаг