Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны
арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотноо болсон нь Цагаан Морин
жилийн Ардчилсан хувьсгалын үндсэн суурь болсон гэдгийг хэн бүхэн
толгой дохин хүлээн зөвшөөрнө. Хайртай бүхнийхээ төлөөх тэмцлийн үр
шимийг үзээд 25 жилийн ойтойгоо золгож буй энэ үед МоАХ-ны анхдагчуудаа
"Ардчилал” сонин шинэ үеийнхэндээ таниулах болон нийт уншигчдаа эргэн
сануулахаар шийдсэн юм. Харин тэд өөрийгөө ярихаас илүү түүхэн цаг
үеийн үнэ цэнэ, үнэн мөнийг онцолж байв. Ц.Оюунцэцэг бол Монголын
ардчиллын алтан хараацай хэмээн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг
С.Зориг агсны анхны нарийн бичгээр ажиллаж байсан эмэгтэй.
Тэртээ 1989
оны арванхоёрдугаар сард МоАХ-нд гишүүнээр элсч, өөрийн ажиллаж байсан
Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газарт салбар зөвлөл байгуулан
зохицуулагчийг нь хийн, МоАХ-ны анхдугаар их хуралд төлөөлөгчөөр
оролцож явсан цөөхөн эмэгтэйн нэг. Хурал цуглааны проткол хөтлөх, нууц
бичиг баримт цэгцлэх, анхны тамга тэмдэг, баланкийг хариуцан бэлтгэсэн
гээд түүний ардчиллын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэх
ёстой. Гэхдээ тэр хэзээ ч би С.Зоригийн анхны нарийн бичиг, Ардчилсан
холбооны анхны бүртгэлийг хийж явлаа гэж гайхуулж байсангүй. Энгийн
эгэл даруухнаар бидний дунд амьдарч байгаа билээ. Ингээд түүнтэй уулзаж
ярилцсанаа хүргэе.
-Таныг С.Зоригийн анхны нарийн бичгээр ажиллаж байсан болохоор энэ хүний тухай дурсч яриагаа эхэлмээр санагдлаа?
-Талийгаач
их сонин хүн. "Стюардесс” янжуур маш их татна. Хурал цуглаан дээр
зарим нь элдэв үг шидэж, хэрүүл өднө. Нөхөр тамхиа татаад, чимээгүй
чагнаад л суудагсан. Тэгснээ онолын хувьд тийм биш үү гээд хоёр
гуравхан үг хэлнэ. Хуралдаж, хуралдаж тараад Санчир /зураач/ ахынд очиж
кофе ууж, тамхиа татна. Бусдаас нэг л өөр хүн байсан. Бусдаас илүү
сэтгэж, их гүн бодож чаддаг. Харин хамт зүтгэж явсан зарим нөхөр нь
түүний хаана ч хүрэхгүй гэдэг нь мэдэгддэг байлаа.
-Их архи уудаг гэж зарим хүн түүний талаар ярьдаг. Тантай хамт ажиллаж байх хугацаанд ийм байдал ажиглагддаг байсан уу?
-МоАХ-ны
даргаас буутлаа миний л мэдэхийн согтуу байтугай үнэртүүлээд явж
байсангүй. Хүлээн авалт элдэв янзын ёслолын үеэр бага зэрэг уухыг нь
харж байсан. Үнэндээ ардчиллын үйл хэргийг эхлүүлсэн анхны 35 маань хэн
нь ч тухайн үед ууж согтуурч байсангүй. Минийхээр Улсын бага хурлын
гишүүн болсны дараа л жаахан уудаг болсон. Түүнээс согтуурхаж
хөлчүүрхэхийг нь би лав хамт ажиллах хугацаандаа хараагүй.
-Бага
хуралд орсны дараа гэдэг чинь нөхөр жаахан ганцаардсан үе байх аа.
Ардчилсан нам нь, Ардчилсан холбоо нь байтал өөрөө БНН байгуулна гээд
явсан ч бий?
-МоАХ-ны хоёрдугаар их хурал 1992 онд болсон.
Энэ үеэр түүнийг ерөнхий зохицуулагчаас буулгах сонирхолтой хүн олширч
эхэлсэн юм. Учир нь, Монголын ардчиллыг монгол байтугай дэлхий нийтээрээ
С.Зоригоор төсөөлдөг болчихсон үе. Гадаадаас ирсэн зочид
төлөөлөгчид ардчиллынхан гэхээр заавал Зоригтой уулзах ёстой гэж
боддог байлаа. Тэгэхээр хамт тэмцэж явсан бусад нөхдийнх нь амбиц
хөдөлдөг. Зориг ганцаараа хийгээ юу, энэ яахаараа ардчиллын эцэг болдог
юм ч гэх хандлага гаргаж эхэлсэн. Иймэрхүү байдал нь түүнийг
ганцаардуулж, МоАХ-ндоо ирээд хуралд суухаар үзэл бодол нь нийлэхгүй,
үг хэлээ ололцохгүй гэдгээ мэдрээд хуралд ирэх нь ховордсон. Энэ үеэс
хуралд суусангүй, ганцаараа тоглолт хийлээ гэх хэл аманд өртөх болсон.
Гэвч С.Зориг амбиц гаргаад ганцаараа явсан гэж би ерөөсөө боддоггүй.
Өөрийнх нь үзэл бодлыг хүлээж авах чадваргүй, хүсэлгүй хүмүүстэй
ярилцах сонирхолгүй гэдгээ л илэрхийлсэн арга нь. Хоёрдугаар их хурлын
өмнө түүнийг хавчаад, ганцаардуулж байгааг өөрөө мэдэрч, "Би больё,
надаас энэ албан тушаалаа ав, би заавал хийе гэх шаардлага алга” гэж
билээ. Тэгээд л хоёрдугаар их хурлаар МоАХ-ны ерөнхий зохицуулагчаар
Элбэгдоржийг томилсон юм. Талийгаач маань тэр үед өөрийгөө ийм байдалд
орчихно гэж бодоогүй нь ойлгомжтой. Ганцаардаад шахагдаад эхлэнгүүтээ
"За Оюунаа минь чи цаашдаа улс төрөөр явахаар төлөвлөсөн бол маш их
зүйлээ золиослох шаардлагатай болно гэдгийг эртнээс ухаарах ёстой шүү.
Тэгэхээр би чамайг улс төрөөр яв гэж хэлж чадахгүй. Чи нөхөртэй, хоёр
хүүхэдтэй хүн” гэж билээ. Хөөрхийг шахаад эхлэхээр намайг мэдээж давхар
шахна. Өөрт нь их хэцүү байсан байх л даа.
-Сэтгэл нь
нэгэнт ингээд хөрчихсөн хүнээс зүтгэл гарах хэцүү л байх. Энэ хүнийг
ингэж ганцаардуулах ямар шалтгаан байсан гэж та боддог вэ?
-Бага
хурлын гишүүнээр сонгогдсоноосоо хойш Зориг маш идэвхгүй болж
эхэлсэн. Талийгаач "Нэгэнт эд миний санааг хүлээж авахгүй нь” гэдгээ
мэдээд өөрөө ч идэвхгүй болсон байх. Уг нь энэ хүн маш гүн сэтгэдэг,
нөгөөдүүл нь би л гэж амбиц хөөсөн нөхөд байсан юм шүү. Тэр байтугай
нэг хурал дээр муудацгаагаад талийгаачийг цус нөжтэй нь хольж байсныг
би мэднэ. Энэ бүхнээс болоод маш их шантарч эхэлсэн. Би энийг хэнд ч
ярьдаггүй юм шүү. Яагаад гэвэл цаг нь болоогүй гэж бодож байлаа.
Үнэндээ амбиц хөөсөн, өөрийгөө л гэсэн хувиа бодогчид бүгд дээр
гарчихаж. УИХ-ын гишүүд, дарга нар болж. Гэхдээ хар усаа хувааж уугаад
хатсан талхаа хамт идсэн хүмүүс маань дарга боллоо гээд атаархаад ч юм
уу, би ажилгүй байна гэсэн бодлоор үүнийг ярвсан юм биш. Намайг ингээд
яриад эхлэхээр зарим нэгэн нь энэ юу ч үгүй үлдсэндээ хорслоо гэх байх.
Хоёр хүү минь хоёулаа дээд сургууль төгссөн, сайхан ажил амьдралтай
байна. Зоригийг Бага хурлын гишүүн байх үед хэрвээ хүсвэл ямар л бол
ямар албан тушаалд очих боломжтой байлаа. Гэхдээ би энэ хүний туслах,
өөрийнхөө ажлыг дуустал нь чанартай хийх ёстой гэдгийг гүн гүнзгий
ухамсарлаж зүтгэсэн.
-Чухам яагаад хуваагдах болсон юм бэ. Ардчиллын төлөө, эрх чөлөөний төлөө гэсэн том зорилго энэ хүмүүсийг нэгтгэсэн биз дээ?
-Миний
бодлоор эрх чөлөө гэсэн ганцхан зүйл дээр төвлөрсөн ч үзэл бодол нь
нэгдмэл биш, зөвхөн нэг зорилгод зангилагдсан залуус цуглаж. Зарим нь ч
амбицтай байсан биз. 1992 оноос манайхан үзэл бодлоороо ялгараад
хуваагдах болсон. Хүмүүсийн үзэл бодлын зөрчил, амбиц л талийгаачийг маш
их ганцаардуулсан гэж боддог юм.
-Гэхдээ үзэл бодол нэгдээд ярилцаж чаддаг хүн түүнд байсан байх л даа?
-Бага
хуралд орохын тулд бүх нам, холбоод нийлээд Ардчилсан хүчнүүдийн
эвсэлийг байгуулсан. Эвсэлд нь Ардчилсан хөдөлгөөн, Социал демократ
намаас Баабар, Гончигдорж хоёр, Шинэ дэвшилт, холбооноос Да.Ганболд,
Батсүх, МоАХ-ноос Зориг, Бат-Үүл, Оюутны холбооноос Болд ордог. Тэд
сонгуульд яаж оролцох уу, жагсаал цуглаанаа хэрхэн хийх үү гээд их
уулзаж ярилцана. Зориг маань энэ хүмүүстэй маш сайхан санал нэгдэж илэн
далангүй ярилцаж чаддаг. Харамсалтай нь, яг холбоон дээрээ очихоороо
дуугаа хураачихдаг. Миний ажигласнаар шүү дээ.
-Таны
намтар дээр МоАХ-ны ерөнхий зохицуулагч С.Зоригийн нарийн бичгийн
дарга, хувийн туслах гэж бичжээ. Хувийн туслах гэдэг нь ямар учиртай юм
бэ?
-С.Зориг Ардын их хурлын депутатаас Улсын бага хурлын
гишүүн болсон шүү дээ. Би нарийн бичиг нь гээд МоАХ, Бага хурал хоёрын
хооронд их гүйнэ. Тухайн үед өнөөдөр та нар ямар хурал хийсэн бэ, хэн
юу гэж ярьсан бэ хурлынхаа протколыг өгчихөөч, мөнгө өгнө шүү гэх хүн ч
байсан гээд бод. "Хурлын проткол хөтөлсөн нь үнээн. Гэхдээ дарга нарт
өгчихсөөн” гэдэг. Тэгэхээр шар Зоригийн хүүхэн гээд үзэн ядах хүн ч
цөөнгүй. Би чинь уг нь нөхөр, хоёр хүүхэдтэй хүн шүү дээ. 1991 оны
тавдугаар сард юм уу даа. Бага хуралд суучихаад МоАХ дээр иртэл миний
сейфийг онгойлгоод хамаг бичиг баримтыг маань авчихаж. Чи Зоригийгоо
дагаад яв, бичиг баримтыг чинь өөр хүнд шилжүүлсэн гэж байна аа. Уур ч
хүрэх шиг болж, хувийн дэвтрээ шүүрч аваад л, нэг ширэв татчихаад
гарсан. Талийгаачид утасдаж энэ тухай хэлтэл "Наадахаа хая. Би өөрөө
чамайг цалинжуулна. Хувийн туслахаараа ажиллуулна” гэдэг байгаа.
Үнэндээ өөрөө Бага хурлын гишүүний цалинтай, өөр ямар ч орлогогүй хүн
намайг цалинжуулна гэж юу байхав. Гэхдээ хөөрхий надтай сарын 2000
төгрөгөөр ч бил үү гэрээ хийсэн юмдаг. Ингээд би МоАХ руу ч очихоо
больсон. Бага хурлын гишүүний өрөө, эсвэл гэрт нь очиж бичиг хэргийг нь
зохицуулна. Надад нэг удаа 2000 төгрөгийн цалин өгсөн санагдана. Тэгээд
л өгч чадаагүй, мөнгөгүй хүнээс чинь юу ч авах вэ дээ.
-Бага
хурлын гишүүнээр ажиллаж байх үед нь нэг хэцүү шуугиан гарсан даа.
Таны нэр ч холбогдсон. Ордны цонхоор С.Зориг бие зассан энэ тэр
гээд...?
-Үнэхээр айхтар шуугиан болсон. Танай сонины
Адьяахүү гээд сэтгүүлч залруулж нийтлэл бичиж байсан юм. С. Зориг
Төрийн ордны цонхоор морь харсан. Би морь харуулсан болж хэвлэл дээр
гарсан. Тэр шуугиант мэдээллийн маргааш нь бил үү, нөгөөдөр нь олон
улсын парламентчдын хурал болох гээд бид бөөн бичиг цаасны ажилтай
байсан юм. Тэгэхэд одоо АНУ-д Элчин сайдаар ажиллаж байгаа Алтангэрэл
Бага хурлын гадаад харилцааны хэлтсийн дарга байсан юм. Өрөөнд нь орж
ирээд, ажил төрөл ярилцаад би материал цэгцлээд. Алтангэрэл гадагшаа
яваад ирсэн гээд нэг жижиг шил вискитэй орж ирсэн санагдана. Би ч тэр
хоёрыг түр орхиод Алтангэрэлийн өрөөнд орсон. Хэдэн бичиг баримт
цэгцэлж янзалчихаад оройн 20.00 цагийн үед бид гурав хамт ордноос
гарсан юм. Тэд цонхоор бие застлаа согтчихсон байсан уу гэвэл үгүй.
Жаахан халчихсан байсан уу гэвэл тийм. Би өрөөг нь цоожилчихоод гарсан.
Талийгаач сугандаа нэг жижиг цүнх хавчуулаад л явна. Нөгөө цүнхээ
миний урд унагачихаар нь би бөхийж авч өгчихөөд, ордноос гарсан. Ийм л
үйлдэл хийсэн. Өөр юм үгүй. Ордны баруун урд талын замаар явсан шар
пааз автобусанд гараа өргөөд л гурвуулаа сууж аваад харьцгаасан.
-Гэтэл...
-Тэгсэн
сонин дээр Төрийн ордны цонхоор морь харсан болоод гарлаа. "Ардын
эрх” дээр гарч гээд хүмүүс надад хэллээ. Тэр нийтлэлийг нь Ганди
бичсэн. Эрхлэгч нь Балдорж байсан юм. Балдорж эрхлэгчтэй маргааш нь
очоод уулзлаа.
Хэллээ. Нэгдүгээрт, энэ ордны цонхыг шээхийн тулд
онгойлгоод байдаггүй юм. /Тухайн үед гараар онгойлгох аргагүй, нэг
дэгээгээр гогдож татаад их л хэцүү онгойлгодог байсан / Тэгээд ч
С.Зоригийн өрөөний яг хажууд нойл байдаг. Би архи уудаг хүн биш. Намайг
одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан газрынхнаас минь асуу.
Тэр үед парламентчдын хуралд бэлтгээд С.Зоригтой хамт байсан нь үнэн
гэсэн чинь "Содном гуайн жолооч харсан. Харуулуудад ч хэлсэн гэсэн” гэв.
Содномын жолооч ордны харуулд энэ тухай хэлсээр байтал өрөөнд нь орж
ирээд анхааруулахгүй байна гэж хэзээ ч үгүй шүү дээ. "Ордон дотор ийм
зүй бус үйлдэл гаргасан юм бол яагаад харуул гүйж ирж хэлсэнгүй вэ”
гэсэн чинь Балдорж "Би мэдэхгүй ээ, мэдээллийн мөрөөр сурвалжилж бичсэн”
гэж хариулсан. Харин талийгаач огт тоогоогүй. За яахав дээ, хая хая л
гээд өнгөрсөн. Миний бодлоор тухайн үед Зоригийн нэр хүндийг унагах л
оролдлогын нэг байх.
-Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Нас
бардгийнхаа урд жил манайд ирсэн. Би Мардайд амьдарч байсан юм.
Дашбалбар явах замдаа ороод гарахдаа "Чи өөрийгөө болж байна гэж бодож
сууна уу. Манай нам засаг барьж байхад хот ор. Ажил төрөл хий” гэж
хэлсэн юм хөөрхий. Намайг ажил төрөлгүй болсонд өөрийгөө их буруутгадаг
байсан байх аа. Эхнэртэй болсон, танилцуулна аа гэж ярьсан. Гэвч
амжаагүй л дээ.
-Та МоАХ-той анх хэрхэн холбогдож, С.Зориг гэдэг хүнтэй яаж танилцаж, нарийн бичгийн ажлыг нь хийх болсон юм бэ?
-МоАХ-ны
анхны цуглаанд бол ороогүй. Арванхоёрдугаар сарын сүүлээр Эрх чөлөөний
талбайд хийсэн нэг цуглааныг очиж сонирхлоо. Нинжтэй энэ үеэр
танилцаад тэдний үйл хэргийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улаанбаатар
Цахилгаан шугам сүлжээний газарт би ээлжийн диспетчер хийдэг байлаа.
Нинжийг байгууллагадаа дагуулж очиж яриа хийлгэн, салбар зөвлөл
байгуулан зохицуулагчаар нь ажиллаж эхэлсэн. Нэг өдөр Нинж Зоригтой
намайг танилцууллаа. Тэд МоАХ-ны бүртгэл, бичиг цаасны ажилд туслаач
гэсэн хүсэлт надад тавьсан юм. Хааяа ажлынхаа заваар малыш
Энхтүвшингийн өрөөнд очиж, холбооны бичиг баримтыг эмхэлж цэгцэлнэ.
-Мэдээж өөрийн гэсэн байргүй болохоор боломжтой нэгнийхээ ажлын өрөө бүр гэр орныг нь бараадаад л цугладаг байсан гэсэн?
-Нэргүй
докторынд манай томчууд голцуу очино оо. Манайхан намайг дагуулж нэг
удаа очоод бичиг баримт, гишүүдийн үнэмлэх бүртгэлийн ажлыг энэ эмэгтэй
хийдэг юм хэмээн танилцуулсан. Тэгж бужигнасаар хоёр сарын их хурал
гэдэг том ажлын ард гарлаа. Харин би гэдэг хүн ажилтай ч юм шиг, ажилгүй
ч хүн шиг л баахан бичиг цаастай зууралддаг болсон. Азаар ээлжийн
ажилтай учир аль болох зохицуулаад гүйнэ. Их хурлын дараа л талийгаачид
Нэргүй доктор "Албан ёсны нарийн бичигтэй бол. Бичиг цаасны ажлыг
замбараагүй байлгаж болохгүй” гэж. Талийгаач ч хүлээн зөвшөөрч намайг
авч ажиллуулья гээд надад энэ тухайгаа өөрөө хэлсэн. "Одоогоор чамд өгөх
цалин мөнгө байхгүй. Гэхдээ чи миний албан ёсны нарийн бичгээр
ажиллаач” гэж хэлсэн санагдана. Би ч за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй.
Бодьё л гээд өнгөрсөн. Гэхдээ мэдээж зөвшөөрсөн. Үнэний төлөө, сайхан
эрх чөлөөтэй амьдралын төлөө зүтгэж байна. Энэ үйл хэрэгтээ үнэхээр
үнэнч зүтгэе гэсэн сэтгэлдээ л хөтлөгдсөн нь тэр.
-Цалингүй гэдэг нь ямар учиртай юм бэ. Тэгээд амьдралаа хэрхэн залгуулах хэрэг вэ?
-Хоёр
хүүхэд маань бага. Нөхөртөө надад ийм санал тавилаа гэтэл "Чи өөрөө л
мэд. Чиний үйл хэрэг, зорилгыг би хорихгүй. Үнэндээ цалин мөнгөгүй ийм
ажилд явах ямар байх юм бол доо. Гэхдээ өөрийнхөө зөв гэж байгаа
ажилдаа л яв” гэдэг байгаа. Ингээд тавдугаар сард МоАХ-ноос албан ёсны
тушаал гарч, ерөнхий зохицуулах зөвлөлийн нарийн бичиг гэсэн албан ёсны
ажилтай болов. Хурлын проткол хөтөлнө, бүртгэл явуулна бас албан ёсны
тамга, тэмдэгтэй болсон. Барилгын зургийн институтийн салбар
зөвлөлийнхөн маань тамга тэмдгийн эскиз энэ тэрийг маш хурдан
гүйцэтгэсэн.
Ажилтай голдуу хүмүүс болохоор ихэвчлэн орой
хуралдана. Хурлын проткол энэ тэр гэсээр 22:00 цагт гэртээ харивал эрт
очлоо гэж баярладага. Шөнө хоёр, гурав, дөрвөн цаг хүртэл хуралдана
заримдаа. Дугуй зааланд хуралдахаар манай гишүүд гээд баахан хүн ирээд
эмоцоороо ярьдаг учраас удирдах төвшний хүмүүс нь аминдаа тэднээс
зугатаад хааяа Монументаль чимэглэлийн үйлдвэрт ажиллаж байсан
Хайнзангийн Цэгмэдийн өрөөнд очино. Заримдаа хэрэлдэнэ, заамдалцана. Би
ганцаараа эмэгтэй хүн проткол хөтлөнө. Шөнөжин суух үе ч гарна. Эрчүүд
маань угаартаж унатал тамхи татна. Стресстээд тэдэнтэй нийлж татсаар
байгаад нэг хэсэг тамхичин болчихсоноо ч мэдээгүй. Үнэндээ идэх ч
хоолгүй, талх хугалж идээд, хүйтэн усаа уудаг үе байлаа. Ярианд нь
оролцоод ганц нэг үг хэлмээр үе бидэнд гарна. Гэхдээ хэлээ хазаад л
өнгөрөөнө. Ингээд шөнө дүл болгоод тарцгаана. Бидэн дундаас Буянгийн
Жаргалсайхан хамгийн баян нь. Хар 24 машиндаа 40,50 мянгатынхнаа чихэж
аваад л гарна. Эхлээд намайг буулгана. Гэртээ ороод гэрлээ асаахаар нь
хөдөлнө гээд тохирчихсон. Би ороод гэрлээ асаахаар л тэд явна.
-Нөхөр
чинь бол шинэ үеийн хүн. Харин ээж аав чинь хуучин нийгмээр өсч
хүмүүжсэн. Таныг МоАХ-ны гишүүн бүүр даргынх нь нарийн бичгээр ажиллана
гэхээр дургүйцээгүй хэрэг үү?
-Би хар багаасаа өөрийнхөө
үзэл бодолд их тууштай, бас их эрт биеэ даасан хүн. Намайг МоАХ-д
ажиллаж байхад манай сургуулийнхан Оюунцэцэг бол энэ ажилд яг тохирох
хүн л гэж байсан гэдэг.
-Та түрүүн Нэргүй докторынд их
цугладаг байлаа гэсэн. Ардчиллын үйл хэргийг анхнаас нь дэмжиж байсан
энэ хүн яагаад гэнэт МоАХ-ноос нүүр бууруулаад явчихсан юм бэ?
-Түрүүн
хэлсэн шүү дээ. Тэд Ардчиллын төлөө гэсэн нэг зорилгод нэгдсэн ч
хэзээ ч нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэж байгаагүй. Хэрэв Зориг "Бид нар
ийм замаар явах ёстой, ингэж хийх ёстой” гэж хэлбэл нэг хэсэг нь
дэмждэг ч нөгөө хэсэг нь бидний эсрэг үзэл санаа гаргалаа гэж
байдгаараа үзэн ядна. Анх санаа нэгдэж бие биедээ түшиг тулгуур болж
байсан хүмүүс маань дөрөвдүгээр сарын 27-ны пикетын дараа л мөр мөрөө
хөөцгөөсөн. Дөрөвдүгээр сарын 26-нд бид Нэргүй докторынд цуглаж, 27-ны
үйл ажиллагааны талаар ярилцсан юм. Манайхны авгай нар над руу утасдаад
"Чи эмэгтэй хүн байж хэлээч. Хэрвээ та нарыг баривчлаад явбал нялх
нойтон хүүхэдтэй бид яах вэ” гэж байлаа. Бидний хувьд цэрэг цагдаагийн
хүч хөдөлгөсөн гэсэн мэдээлэл авсан учраас 27-ны цуглааны үеэр
баривчилгаа явагдана гэдэгт бат итгэж байлаа. Хамгийн гол нь хэн ард нь
үлдэж, үлдсэн нь ажлаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг талаар л их
ярилцсан.
-Гэхдээ яриа хэлэлцээр хийгээд эв зүйгээ ололцсон. Хүссэндээ хүрсэн байтал яагаад салж сарницгаах болсон шалтгаан нь?
-Нэргүй
доктор Бошигт хоёрын санаа бол гуравдугаар сарын 8-нд Сайд нарын
зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцорч, Ардын түр хурал гэдгийг
байгуултал өлсгөлөнгөө зогсоохгүй байх. Гэтэл манайхан огцорно гэсэн
хэлэлцээр хийснийх нь дараа өлсгөлөнгөө зогсоочихсон. Тэр хэлэлцээрийг
Бат-Үүл, Зориг нар хийсэн л дээ. Дөрөвдүгээр сарын 27-ны пикетын үеэр
мөн л хэлэлцээр хийгээд зөвшилцөлд хүрч, цуглаанаа буулгасан учраас
Нэргүй доктор үүнийг маш хатуу байр сууринаас хүлээн зөвшөөрөхийг
хүсээгүй. Тэгээд л салах шалтгаан болсон. Дөрөвдүгээр сарын 26-нд
Бошигтын хэсгийнхэн "Пикетыг больё мөргөлдөөнд хүрэх юм биш үү бид
гарлаа” гээд л салсан бол Нэргүй докторын хувьд пикетыг зөвшилцлөөр
тараасанд их бухимдсан. Үзэл санааныхаа төлөө цэх зогсч чадсангүй,
дандаа л ингэж зөвшилцөж бууж өгч байна гээд Бат-Үүлд дургүйцлээ
илэрхийлж байлаа. Тэгээд Нэргүй доктортой хамт Буян Жаргалсайхан,
Я.Батсүх, Мурат гээд анхны 35-ын нэг хэсэг нь салж явсан юм.
-Та
бол хэдийгээр анхдугаар цуглаанд оролцоогүй ч Ардчиллын төлөө гэх
үйл хэрэгт манлайлан зүтгэж явсан хүмүүсийг хамгийн сайн мэдэх хүн.
Хэдийгээр МоАХ ерөнхий зөвлөлийн 35 гишүүн, тэргүүлэгч есөн хүн байсан
гэдэг ч өнөөдөр ардчиллын партизанууд гэх хүн захаас аваад олдох болж.
Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Миний бодлоор анхны
цуглаан жагсаалыг гардан хийсэн хүмүүс өнөөдрийн партизан гэж яриад
байгаа нөхөд дунд цөөн. Энэ үеэр хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн хүн
олон харагдаж байгааг үгүйсгэхгүй. 25 жилийн ойн бэлтгэл ажилд зориулж,
анхны партизануудын анкетыг авлаа. Тэнд ирүүлсэн материалыг харж байхад
дийлэнх нь нам байгуулагдсанаас хойш элссэн хүмүүс байна. Бид нар шиг
яг анхны зохицуулагч гэсэн үнэмлэхтэй хүн. Анхны их хурлын үеэр салбар
зөвлөлийн зохицуулагч биш мөртлөө орон нутгаас ирээд би энэ их хуралд
оролцъё гэсээр мандат авсан хүн олон.
-Анхдугаар их хурлыг анх хэдэн төлөөлөгчтэй зохион байгуулахаар төлөвлөсөн юм бэ?
-Анх
салбар зөвлөлийн зохицуулагч нараа Их хуралд оруулья гэж төлөвлөсөн.
Тухайн үед 200-гаад албан газрын зохицуулагч байсан. Тэдний хажуугаар
маш идэвхтэй дэмжигч хүн олон. Цуглаан хийхэд зарим нэг зүйл нь олдохгүй
тохиолдолд "надад байна” гээд аваад ирдэг чин сэтгэлтэй хүн олон
байсан юм шүү. Гэхдээ цуглаанд оролцсоноо МоАХ-ны партизан гэж
тодорхойлж болохгүй. Зарим нь дэмжээд ирж байсан ч зарим нь зүгээр л
сонирхоод ирсэн нь ч бий.
-Тэгвэл таныхаар хэнийг партизан гэх вэ?
-Миний
бодлоор хамгийн зоригтой энэ үйл хэргийн төлөө өөрийгөө зориулахад
бэлэн байсан нь намын их хурлаас өмнө л гишүүнээр элссэн хүмүүс. Их
хурлын үеэр Шинэ дэвшил, Ардчилсан социалист хөдөлгөөн гээд үүссэн юм
шүү. Хэрвээ МоАХ байгуулагдаж, Их хурлаа хийгээгүй бол ийм
хөдөлгөөнүүд гарч ирэхгүй байлаа.
-Зарим хүн ярьдаг л даа. Их хэцүү үе байсан. Гудамжинд явж байхад барьж хорьчих гээд ...?
-Учир
зүггүй гудамжнаас барьж хорьдог юм бол байгаагүй. Харин бидэн дунд
мэдээлэгч байсныг үгүйсгэхгүй. Намайг тагнуулаас дуудаж байцаасан
удаагүй. Би бүх протколыг хөтөлж, бүх бичиг цаасыг эмхлэж байсан учраас
хэрвээ байцаах бол намайг л хамгийн түрүүнд дуудмаар санагдах юм. Яг
үнэндээ намайг байцаагаагүй учраас бусдыг бол байцааж цагдсан нь юу л
бол. Харин ямар үзэл бодолтой удирдлагатай байгууллагад ажилладаг вэ
гэдгээс шалтгаалаад албан газрын шахалт бол байсан. Ажлаасаа
халагдчихаад ирлээ гэх хүмүүс зөндөө л байлаа. Биднийг судалдаг тагнадаг
тохиолдол байсаан. Харин нийтийг хамруулж барьсан хорьсон, дарамталсан
зүйл бол байгаагүй. Үнэндээ Теньминий талбайд оюутны бослогыг дарсан
шиг биднийг дарах боломж Улс төрийн товчоонд байсан. Гэхдээ дээр сууж
байсан хүмүүс нь тэнэг биш учраас бид байр сууриа тавьж өгөх цаг нь болж
гэдгийг мэдэрсэн юм.
-Бага хурлын даргаар С.Зоригийг
Ардчилсан хүчний эвслээс нэр дэвшүүлсэн ч хөдөөний амьдрал мэдэхгүй
гэдэг шалтгаанаар сонгогдоогүй гэдэг юм билээ. Та тэр талаар мэдэх үү?
-Эвсэл
байгуулагдаад Бага хурлын гишүүнээр хэнийг сонгох вэ, эвслээс хэнийг
бага хурлын даргад дэвшүүлэх вэ гээд их ярьсан. Ардчилсан хүчний эвсэл
болоод дарга нар нь МАХН болоод Улс төрийн товчооныхонтой олон уулзсан
юмдаг. Бидэнд үнэмлэх өгөөд урд хойно маань хамгаалагч гаргаад ордонд
их л сүртэй оруулна. Долоо найман хүн л уг нь ордог. Шинэ дэвшил
холбооны Сүх-Эрдэнэ бид хоёр проткол хөтлөнө. Бусад нь хэлэлцээр
хийнэ. Тэр үед хувьсгалт намын үзэл суртлын хэлтсийн дарга нь Цэрэндорж
гэж хүн байсан санагддаг юм. Зөвхөн тэдний зүгээс л видео камераар
бичлэг хийнэ. Бага хурлын даргад эвслийн зүгээс Зоригийг дэвшүүлнэ гээд
уг нь тохиролцоонд хүрчихсэн. Нэг өдөр намын төв хорооныхонтой уулзалт
17.00 цагт товлочихоод байтал Гончигдорж ирдэггүй. Бид МУИС-ийн
байранд хүлээгээд л. Гэтэл Гончигдорж би намын төв хорооныхонтой
уулзчихаад ирлээ гэдэг байгаа. Ганцаараа орлоо энэ тэр гээд бөөн л юм
болцгоосон. Үнэндээ ямар тохиролцоо яригдсаныг мэдэхгүй. Үүний дараа
Бага хурлын даргыг сонгоход С.Зоригийг малчны амьдрал ахуй мэдэхгүй
гэсээр Гончигдоржийг дарга болгосон юм.
-Хэдийг хүртэл та хоёр хамт ажилласан юм бэ?
-1993
он хүртэл хамт ажилласан. Сүүлдээ ч надад цалин өгч чадахгүй болохоор
намайг ир гэж шахаж, шаардаж ч байсангүй. Уг нь манай цахилгаан шугам
сүлжээнийхэн намайг МоАХ-г дэмжлээ гэж шахаж байгаагүй ч би сайн
дураарааа ажлаасаа гарсан хүн эргээд ажилдаа оръё гэж хэлж чадахгүй.
Ичээд байгаа юм л даа. Тэгээд л 1993 онд Мардай руу явсан. Хадам ах
маань оросуудтай компани байгуулаад ажиллаж байсан. Үнэхээр сайхан
амьдрал тэнд байна гэж мэдэрсэн болохоор "Энэ миний амьдрах газар юм
байна” гээд шууд л шийдсэн. Гаднаа өөрийн гэсэн цэцэрлэгтэй, айл бүр
амьжиргааны ногоогоо тарина. Айл бүр битүү модоор хүрээлэгдсэн яг л
Оросын тосгоны амьдрал байсан юм шүү.
-Тэгээд "Би Мардай явлаа” гэхэд чинь хэрхэн хүлээж авав?
-Нэг
хүнд харьяалагдаад ажиллаж байгаагийн хувьд ээлжийн амралтаа авлаа
гээд Мардай явсан юм. Хотод ирээд талийгаачид Мардай явж ажиллалаа
гэтэл "Хөдөөнөөс Улаанбаатарт ирж ажиллая гэж хүмүүс хэлдэг байтал чи
хөдөө явлаа гэх юм. Үнэхээр сайн бодсон биз” гэсэн. Би ч "бодох юм
байхгүй ээ явлаа” гээд зүтгэсэн.Байраа түрээслэчихээд
Дорнод явлаа. 1999 он хүртэл "Мардай” ХХК-д
Хангамжийн мэргэжилтэн хийсэн. Мардайн орд Дорнодын Дашбалбар
сумын харьяа. Талийгаач тэндээс УИХ-д сонгогдсон. Тийм учраас тэрүүгээр
их ирнэ ээ. Ардчилсан намаас, МоАХ-оос тэнд очсон хүмүүс манайд ирдэг
байв.
-Таны хэлснээр тийм сайхан тосгонтой болчихсон,
үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан уурхай яагаад гэнэт хаагдсан юм
бэ. Дотор нь ажиллаж байсан хүнээс энэ тухай сонсвол сонин байх?
-1999
онд Канадууд хөрөнгөө татаад эхлэхээр Монгол, Орос хамтраад цаашдаа
ажиллуулж чадахгүй болоод зогсоохоос өөр аргагүйдсэн. Канадын мөнгийг
татуулах ажлыг М.Энхсайхан л хийсэн гэж би боддог юм. Нүдэн дээр маань
уурхай үгүй болохыг харсан шүү. Ерөнхий сайд ирлээ гээд М.Энхсайхан
Мардайд вертолётоор бууж байсан тэр үед. Канадууд хөрөнгө оруулалт
хийгээд монгол ажилчдыг өндөр хангамжтай ажиллуулж эхэлж байлаа. Гэтэл
манай Засгийн газар гэрээ хийгээгүй. Канадууд хөрөнгө оруулалтаа шууд
татаад Мардай удалгүй балгас болж хувирсан. Үнэндээ Монголын Засгийн
газраас ямар ч хөрөнгө оруулалт шаардалгүй, их ажил эхэлсэн байхад
зүгээр л зогсоочихсон. Бүхэл бүтэн тосгоны амьдралыг орвонгоор нь
эргүүлсэн. Тэгээд л оросуудыг гаргаад уурхайг ТӨХ-нд хүлээлгэж өгсөн.
1996-2000 онд шүү дээ. Манайхан Засгийн эрхэнд ажиллаж байсан үе.
Хамаг юмыг нь хуваагаад идчихийг би нүдээрээ харсан. Их сонин нь би
дандаа тарж бутарсан зүйлийн гэрч болсон байдаг юм.
-Таны анх зорьж байсан тэр ардчилалд бид хүрч чадсан гэж боддог уу?
-Үгүй
ээ. Энэ үйл хэрэгт эрх чөлөөтэй нийгмийг байгуулна гэж чин сэтгэлээсээ
зүтгэхдээ би цаашдаа дарга болно гээд орсон хүн ховор гэдэгт итгэдэг.
Тийм бодолтой хүн ганц нэг байсныг үгүйсгэхгүй. Байсан талхаа хувааж
идээд л нэг үйл хэргийн төлөө зүтгэсэн хүмүүсийн маань 80 хувь нь хүний
мөс чанараар дорой байж гэдгийг хожим л мэдсэн. Бүгд нэг төвшнөөс
эхэлсэн ч өнөөдөр албан тушаалд хүрсэн нь бусдыгаа дээрээс харж байгаа
нь миний санаанд үнэхээр нийцээгүй. Яг үнэндээ юм үзээгүй хүмүүст албан
тушаал үзүүлчихээр ханах сэтгэл байдаггүй юм байна. Эдний идэж уухын
дэргэд улс төрийн товчооныхны хангамж юу ч биш байж. Түр зуурын энэ
амьдралаа мөнхийн гээд бодчихсон хүмүүсийг өрөвддөг. Энэ бол миний хүсч
хүлээсэн ардчилал биш. Үүний төлөө би өөрийгөө золиослож тэмцээгүй. Хүн
хүндээ хүнлэг байгаасай л гэж хүсч байсан юм. Эцсийн бүлэгт хүн
төрөлхтөн бүгд нэг ижил хувь заяатай. Гэхдээ би хэнээс ч юу ч
гуйгаагүйдээ баярладаг. Магадгүй би ямар нэгэн албан тушаалтай байсан
бол хүнлэг чанараа алдчихсан байх биз. Ардчиллыг хувьдаа ашиглаагүй ч
хүн бүр хүссэн газар орноо үзэх эрхтэй, даргынхаа өөдөөс үг хэлэх
чадалтай болсон нь энэ үйл хэрэгт миний оруулсан гавьяа. Ардчилсан
хувьсгалд тэмцэж явсан дийлэнх хүн нийгмийн шоовдор гэсэн харьяалалд
орсон бол тэдний мөрөн дээр гишгэж дөрөөлөгсөд албан тушаалд дулдуйдсан
авлигач болчихож. Хамт тэмцэж явсан хүмүүсээ хаяна гэдэг адгийн хүний
шинж гэж боддог. Гэхдээ ийм хүмүүсийг бий болгосонд бидний буруу
байгаа.
-Одоо та хэрхэн амьдарч байгаа вэ. Ямар ажил хийж байна?
-Нөхөр
бид хоёр 1996 онд анх Ганданд хоёр давхар палкан байшин өөрсдөө
барьсан юм. Түүх дурсгалын газрын харагдах орчинг халхалж байна гээд
тухайн үедээ шүүхэд ч дуудагдаж байсан. Бидний хувийн өмч, ардчилсан
оронд амьдарч байна гэж заргалдсаар байгаад 2002 оноос хойш хэл ам нь
гайгүй болсон. Наймаа энэ тэр хийгээд хоёр хүүхдээ гарыг нь ганзганд
хөлийг нь дөрөөнд хүргэлээ. Би хэзээ ч, хэнээс ч, юу ч гуйж байгаагүй.
Надаас хүнд амьдралтай олон хүн байгаа даа, тэд нь эхлээд байр орон
сууцандаа хамрагдаг гэсээр сүүлд МоАХ-ны дарга Х.Баттулгад "Хүүхдүүдтэй
амьдарч байна, ажилгүй учраас аливаа зээлэнд хамрагдах боломжгүй. Байр
олгоно уу” гэсэн өргөдөл өгсөн. 23 жилээр надад МоАХ-ноос нэрэмжит
шагнал гардуулсан. Нэрэмжит шагналыг нэг өрөө сууцаар байлдаг юм билээ.
Одоохондоо байрандаа ороогүй байна.
-Та түрүүн хамт
тэмцэж байсан хүмүүсээ хаяна гэдэг хамгийн адгийн хүний шинж гэсэн.
Жишээ нь, хэнийг хамгийн түрүүнд анхаарч харж үзээсэй гэж хүсч байна вэ?
-Эрдэнэцэцэг,
Туул гээд хоёр эмэгтэй бий. Тэдэнтэй уулзаасай гэж бодож байна.
Эрдэнэцэцэг бол Бат-Үүлийн бичиг хэргийг нь хариуцан ажиллаж байсан
эмэгтэй. Хүний эхнэр, хүүхдүүдийн ээж гэдгээ бараг л умартан, ажил
амьдралаа золиослоод, ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан цөөхөн
хэдэн эмэгтэйгээ харж үзэх цаг нь болсон. Би энэ өдөр манай бичээчээр
ажиллаж байсан Ганчимэгийгээ заавал дурсмаар байна. Миний гараар
хөтөлсөн протокол бүртгэл гээд баахан бичиг цаасыг эмхэлж цэгцлээд
хуруугаа эвэрштэл тоншсон хүн юм шүү. Энэ хүнийг заавал дурсаж, үр
хүүхдэд нь анхаарал хандуулах хэрэгтэй.
Тухайн үед зарим бүсгүйчүүд
маань ажил төрөл, эр нөхрийн дарамтаас болж, гэр бүлээсээ салж, ажилгүй
болж золиослогдсон ч үйл хэрэгтэй үнэнч байсаар бурхны оронд одсон юм.
Н.БАТ
ASSA