Барон Унгерн Монголд "тусгаар тогтнол” олгосон гэж сүүлийн үед их
ярих. Би олон юм ярилгүй зүгээр л нэг архивын баримт танилцуулах гэсэн
юм. Энэ бол Автономит Монгол улсаас Хятадын Да Жунтанд өргөсөн бичиг
байгаа юм. Энэ бичигт Нийслэл Хүрээг Барон Унгерн эзэлснийг тайлбарлаж,
Хятадын талаар баримтлах байр сууриа Автономит Монгол Улсын Засгийн
Газар илэрхийлсэн албан бичиг юм. Бароны "мэдлийн” Засгийн газрын бичиг
гэсэн ч болно байх. Сонирхол татах хэсгийг тод хараар тэмдэглэв. Их
чухал баримт байгаа юм…
Автономит Гадаад Монгол Улсын Засгийн Газрын бичиг.
Их Жунтан Танаа хичээнгүйлэн өргөв.
Өргөн мэдүүлэх учир.
Эдүгээ Дундад Иргэн Улсын Аравдугаар он хоёр сарын 22.
Монголын цагаагчин тахиа жилийн цагаан сарын 15.
(Судлаачийн тайлбар: Энд олноо өргөгдсөн гэх тусгаар тогтнолын билэгдэл болсон он тооллыг хэрэглээгүй байна. Х.Д.Г.)
Монголын маш арилсан Богд Жавзундамба хутагт хаантан хуулийн ширээнд
суусныг их Дундад Улсын сюзеринитетийг баримталж, мөн Дундад улсын
Засгийн газраа мэдэгдэж, Дундад улсын хууль дүрмийг зөрчин мөн их сайдын
эрх эвдсэн буруу санаат сайд Го Син Лигийн цэргээс хагацсан баярыг
Дундад улсын Засгийн газраа мэдүүлсүгэй. Дундад улсын Засгийн газар ба
мөн засгийн сюзеринитет бүхий Гадаад Монголын ашгийг бат болгохоор зүтгэж агсан хятад сайд Чин Игийн (?) биеийг Го Син Ли, Чү Люй Жан нарын цэрэг Хүрээнээс хүчээр авч явсанд нэн зовнимуй. Одоо Монгол Засгийн газраас их хайрт Чин Иг (?) Хүрээнээ буцаж хуулийн эрхийг явуулахыг гуйж түүнд бичиг явуулав.
Го Син Ли, Чү Люй Жан нарын цэрэг лүгээ байлдсан нь Дундад улс лугаа холбоо таслах ба гэрээ бичгийн эрхийг эвдэх хэмээсэн бус (?) гагцхүү өөрийн эрхийг хууль ёсоор байгуулж, мөнхүү их тушаалын сайдыг
хүчээр хүчинд авч Маш арилсан Богд Жавзундамба хутагт хааныг барин авсан
ба хятад, монгол энгийн гэмгүй ардыг дээрэмдэн сүйтгэж байсан
захиргаанд орохгүй цэргийг дарж, Дундад улсын Засгийн газраа тус болохыг
хичээсэн билээ.
Монголчууд болбаас эрт урьдаас нааш Дундад
улс лугаа холбоо холбоо тасарсангүй явж ирсэн бөгөөд Автономит Монгол
гагцхүү Дундад улсын сюзеринитет мандаж өөрийн ашгийг дэлгэрүүлж чадах
учрыг манай Монгол засгийн газар мэднэ. Манай монголчууд удаа дараагаар
өөрийн гачигдал ба хүсэх зүйлүүдийг гаргаж Бээжингийн засгийн газраа
мэдүүлж мэдээ нэвтрүүлэх хэмээсэн боловч тэрхүү мэдээ нь засгаас санаа
урвасан цэргийн эрх баригчдын гарт орж цааш гол засгийн газраа
хүрсэнгүй амуй.
Дундад улсын Засгийн газраа буруу ба худал үг хүрч Дундад улсын хоёр овгийн ард нарын найрамдлыг (?) эвдэх нь болзошгүй тул миний Монгол засгийн газраас хязгаарын доторхи цагийн байдлыг гүйцэтгэн тодорхойлон мэдэгдэхийг хүсмүй.
Ноднин жил есөн сард Оросын нутаг болох Олон голын эх бөгөөд алтны ойр
бүхий уулнуудад Оросын Барон Унгерний цэргүүд Го Си Лингийн цэргүүд
лүгээ байлдаж, мөнхүү газраас Го Си Лингийн цэрэг оросын улаан нам лугаа
нийлж хязгаар хил давж Монголын хязгаарт орсноос хойш гурван сар илүү
Монголын хязгаарын дотор байлдаж бүхийд Монголчууд яаж ч чадахгүй,
энэхүү олныг сүйтгэж бүхий хэргийг холоос харж байсан бөгөөд хятад
цэргийн сайдуудаас урьдын хураан авсан буу зэвсгийг эгүүлэн өгч дайныг
зогсоолгож, Орос цэргийг зайлуулах ба тэр үед Бээжингийн засгийн газар
лугаа байлдаж байсан Сюй Шу Жангийн гарт орохгүй явдалд тус болму хэмээн
гуйн хэлсэн боловч тэд нар хариу өгсөнгүйн учир манай монголчууд
Оросын цагаан цэргийн жанжин лугаа харилцан хэлэлцэж, түүний санааг
асууваас "жанжин би Хятад засгийн журамт цэрэг лүгээ байлдах бус Го Син
Лингийн цэрэг лүгээ нийлсэн Орос улаан цэрэгтэй байлдмуй” хэмээжээ.
Цагийн байдал тийм болж Хятад цэргийн эрх баригчид Монголын тэргүүлэгч
Богд хаантныг дарлан барьж язгуурын холбоот их Дундад улсын эрхийг
эвдэх хэмээсэн ба мөн муу дээрэм зэргийг үйлдэж бүхий сайд Го Син
Лингийн цэрэг лүгээ байлдахаар Монголчууд Барон Унгерний цэрэг лүгээ
нийлэхээс өөр замгүй болсон билээ.
Одоо Монголын хязгаараас
цэргийн сайд Го Син Лин өөрийн цэргийн хамт зайлсан тул гадаадын орос
цэргийг агуулж байх нь зохихгүй учрыг гаргаж цэргийн жанжин Барон
Унгернд хэлбээс тэрхүү Барон Унгернаар зөвшөөрч, "би өөрийн цэргийг авч
хойт зүгт явмуй” хэмээн батлан хариу өгвэй.
Монголын Засгийн
Газраас Барон Унгернд хятад худалдааны хүмүүсийн сүйдсэн зүйлийг төлөн
өгсүгэй хэмээн хэлбээс түүнээс "хятадын санаа урвасан Го Син Лингийн
цэргүүд орос, хятад худалдаачин ба Хүрээний зэрэг монгол газрын бусад
энгийг хүмүүсийн юмыг их л сүйтгэсэн учир би төлж чадахгүй” хэмээн
хариуцжээ.
Дундад иргэн Улсын наймдугаар онд манай Монголын
Засгийн газраас Бээжингийн Засгийн газрын хуулийн сайд Чэнь лүгээ
харилцан хэлэлцэж, хоёр этгээдийн найрамдлыг сайжруулж холбоог
бататгахыг завдан байтал Сюй Шу Жан, түүний захиргааны цэргийн сайд Го
Син Лингийн хамт ирж, Дундад улсын хуулийн төлөөлөгч Чин Игийн биеийг
хар гэрт хорьж, цэргийг сүрээр Монгол засгийн газар ба Богд хаантныг
айлгаж, эрхийг булаан авах байтугай эрхээ дуртайяа өгөв хэмээх бичиг
хийлгэж авсан буй. Тэрхүү батлах бичигт Богд хаан өөрөө тамга дарсан
бус учрыг хамтаар гаргасугай.
Сюй Шу Жангийн биеийг дуудан
аваачаад түүний оргосны сүүлд барьсан хүнд их л шагнал олгомуй хэмээн
Засгийн газраас зарлаж Чин Ид хуучин эрхийг олгосныг манай Монгол
Засгийн газар мэдмүй. Чин И ирж Монгол газрын цэргийн засгийг халж сайн
журмын ёсоор тохинуулах буй за хэмээн монголчууд итгэн байсан нь үл
бүтжээ. Чин И өөрийн хувийн цэрэггүй болох тул хоорондоо ба монголчууд
лугаа эсэргүүцэж хятад монгол гэмгүй энгийн хүмүүсийг дарлан сүйтгэж
байсан цэргийн сайд Го Син Лин, Чу Люй Жан нарыг захиргаандаа оруулж
чадсангүй амуй.
Одоо Монголын байдал болбоос Дундад иргэн
Улсын наймдугаар онд Чин И лүгээ хоёр этгээдийн найрамдлыг сайжруулах
тухай харилцан хэлэлцэж байсан лугаа дахин адил болмуй хэмээн манай
Засгийн газар санамуй. Жич, Монголын сангийн байдал таван сарын энэ хир
нэн муу болсныг Монголын засгийн газраа тодорхой мэдэх учир гадаадаас
тусламж олохгүй аваас үл болмуй. Ийнхүү тусламжийг язгуураас их
холбоот Дундад улсын Засгийн газраас хүлээмүй. Монгол газраа идэж уух
юмгүй болоход Бээжингийн Засгийн газраас зүгээр харж байхгүй. Эрхгүй
бусад улсаас урьд Дундад Монголын ашигт хортой цэргийн сайдыг хөөх
зэргийн тус хийсэн өөрийн ах дүү мэт Монголд тусламж үзүүлэх буй за
хэмээн манай Монгол Засгийн газраа нэн итгэмүй.
Хятад цэргийн сайдуудад эвдүүлсэн эрхээ дахин босгоход монгол олон ба
хятад худалдааны дарга нар баяр болжээ. Эд нар болбоос үүнээс хойш Хятад
Монголд их үнэ ашигтай худалдаа, боловсрол сайжран тохиноход үнэнээс
итгэх явдлыг Монгол засгийн газраас хамтад гаргаж, үүнийг Их Жунтан
Танаа хичээнгүйлэн өргөв.
Дундад Иргэн Улсын 10 дугаар он. Гурван сарын хоёрон. Монголын цагаагчин тахиа жилийн цагаан сарын 23 хэмээжээ.
Сийрүүлсэн: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 03 дугаар сарын 28.