Улирагч зууны сүүлч, 1999 онд юм. "Зууны мэдээ" сонин санаачлан "XX
зууны манлай"-г тодруулж байсан үе. "Зууны манлай монгол найрагч"-аар
шалгарсан Бэгзийн Явуухулангийн тухай бичих хувь өчүүхэн бичээч надад
тохиож билээ.
Үүнээс улбаалан ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ, Дөнгөтийн Цоодол,
хөгжмийн их туурвигч Дагвын Лувсаншарав... нэрт найрагчийн үе тэнгийн
нөхөд, шавь нартай уулзах ховор завшаан олдсон гэж хэлж болох.
Хүүхэлдэйн театр орж төрийн шагналт, ардын уран зохиолч Бавуугийн
Лхагвасүрэн гуайн өрөөнд анх хөл тавьж байв. Тэгэхэд тэрээр "Б.Явуухулан
бол яруу найргийн их хувьсгагч. Тэрбээр намжсан, улс төржсөн байдлаас
Монголын уран зохиолыг аварсан юм. Түүнийг дагаж монгол хайр, монгол
сэтгэл, монгол дур зорго яруу найрагт орж ирсэн.
Тэр бас өрнө дорнын гэгээн зааг дээр төрсөн их найрагч. Чингэхдээ аль
алиныг нь хохироогоогүйгээсээ гадна аль амттайг нь түүж чуулснаараа XX
зуун байтугай XXI зуунд ч шилдгээрээ үлдэнэ гэдэгт би эргэлздэггүй. Д.
Нацагдорж анхдагчийнхаа хувьд Явуугийн өмнө бичигдэх ч уран бүтээлийнхээ
хувьд Явуу өмнө нь дурсагдах учиртай" хэмээж байв.
Б.Лхагвасүрэн найрагч Явуу багшийнхаа тухай тэртээ 1988 онд дурсамжийн алтан утас ийн хөвөрдсөн байдгийг хамтдаа уншья.
-...Нэг зохиолч нөхөр минь саяхан Ховд аймагт томилолтоор яваад ирэхдээ:
-Явуухулан агсны тарьсан "4 нойморын модонд дуулах бүүвэй" шүлгээ
бичсэн, дурсгалт модыг үзье гэсэн чинь мэдэх, олох хүн нэг ч байсангүй
гэж ярьсан юм.
Уран бүтээлчид, уншигчдын чихэнд тийм ч таатай биш ийм өгүүлбэрээр энэ
дурсамжаа эхэлж суухдаа би ч өөрөө сэтгэл тавгүй байгаагаа нуух аргагүй.
Гэхдээ би энэ дурсамжийг "нулимстай" сэтгэлээр бичих ёстойгоо миний хүн
ёсны үүрэг гэж бодсоор мартах, санах ээлжилсэн олон хоног сарыг ардаа
орхижээ. 1973 оны тавдугаар сард Ховд, Улаангом хотод "Уран үгсийн
чуулган" хийхээр МЗЭ-ийн хорооны дарга С.Удвал, яруу найрагч
Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, П.Пүрэвсүрэн, Д.Тарва, хөгжмийн зохиолч
Г.Бирваа, зураач Г.Гомбосүрэн, дуучин А.Загдсүрэн, Б.Зангад, хөгжимчин
С.Мядагбадам, үлгэрийн танхимын жүжигчин Балгансүрэн агсан зэрэг улс
цаст Алтай нутгийг зорьсон юмсан. Тэр аян замын нэгэн гишүүн нь яруу
найрагч болохыг хүсэгч би байсан юм.
Найрагчид зохиол бүтээлээ уншина. Бирваа гуай хөгжмийн тухай ярьж,
зураач Гомбосүрэн гуай таталбар хийж, дуучид хөгжимчид ая дуугаа өргөж
явсан "хүчирхэг" бүрэлдэхүүнтэй аян замынхан байлаа. Дөнгөж хараалж
байсан уулын тунгалаг гол Буянт, Байтагийн улаан уулс, Үенч, Буданчийн
хаврын хүрэн шугуй, оройд нь гал шиг цас маналзсан Цагаан дэглий,
Хархираагийн догшин уулс дунд бид инээж дуулж явсан сан...
Алтайн дээгүүр давж явахад тэр сүрлэг уулсын хэц магнай, дэвхрээд
буучихмаар ойрхон, газраар урсах сүүдэртэйгээ нийсч яваа онгоц хамгийн
их ойртохыг тэгэхэд би үзсэн... Ёстой л,
"...Хошууран цуврах Алтай
Айлын нүүдэл шиг
Хурган цагаан үүлс
Тууврын мал шиг..." үзэгдээд ян өндөр Алтай дээгүүр ч, Явуухулангийн
шүлгийн мөрөн дээгүүр ч нисэж явах шиг санагдаж, талын хүн би их уулсын
сүрд дарагдан биширч мэгдэж явж билээ.
Бид бүгдээрээ хаврын ойворгон салхитай саарал өдөр Ховд хотын цэцэрлэгт
мод тарьцгаасан... Тэгэхэд Явуу найрагч үржил шимээрээ гайхуулсан
Ховдын элсэрхэг шар шороогоор саяхан суулгасан "нялх" модныхоо өлмийг
удаан нь аргагүй манаж эргэж тойрч бүх хүмүүсээс хамгийн сүүлд хүрзээ
тавьж билээ".
-Их нямбай хүн юм даа гэж хүн бүхэнд бодогдохоор байсан. Магадгүй тэр агшинд
"...Яруу найргийн мод бүүвэй
Явуухулангийн мод бүүвэй..." гэсэн шүлгийнхээ мөрийг шивнэн шивнэж
байсан ч юм бил үү. Хамгийн сүүлд нэгэн хэмжээний наамал модон дээр
бичсэн нэрсээ зүүж байсан сан... Тэнд үлдээсэн "модны овог" түүнээс хойш
хэд дэх хаврын салхинд хийсээ юм бол доо гэж энэлэн бодож суугаа ч
гэсэн Явуу найрагчийн тарьсан мод ямар ч байсан тэнд ургаж буй гэж
бодоход товлоод очиход олохоо байсан ч ургаж байгаа гэсэн сэтгэлийн ууч
урсан ирнэ.
Эргээд зочид буудал руугаа явах замдаа бид тарьсан модоо хэр сайхан
ургах бол... олон он жилийн дараа Ховдын домогт улиаснууд шиг модод
болно доо гэцгээж явсан сан. Явуу найрагч "Миний мод ургана аа. Би
багаасаа олон мод тарьсан хүн шүү дээ" гээд дээд уруулаа шилэмдэн
хуучилж "Эндээс Ховдын амбан хөдлөхдөө "Хаясан бургасан саваа хүртэл
ургадаг газар шороо гэж уйлж явсан юм шүү дээ" гэж яг л үзсэн хүн шиг
ярьж байсан нь өнөө санахад тов тодхон. Явуу найрагч ярьсан үг
өгүүлбэрээ баталж ярьдаг зантай хүн байсан.
Хожмын хүн Ховдод яруу найрагчийн тарьсан модыг үзэхийг хүсэмжилэхэд он
цаг аль модыг нь заах бол... гэхээс сэтгэлд эргэлзэл бууна. Бид
өнөөдрийнхөн, өчигдөрийнхөн аль нь ч тэр өөрийнхөө явсан замын тодод
илүү анхаарч өрөөл сайн нөхдийнхөө ул мөрийг мартаж яваа юм биш байгаа
даа гэхээс айдас төрнө.
Бид олуулаа энэ зууны сүүлийг мушгиж яваа шүүдээ. Тод дуугарах гэж
тонгочсон тоосоороо мөнхийн үнэний нүдэнд борт унагачих вий. Түүхийг
хүндлээгүй хүн түүхэнд хүндлэгдэнэ гэж үгүй билээ. Манай үеийнхний зарим
нь түүх нэг үгнээс нэг эгшнээс бүрэлддэгийг анзааралгүй өнгөрч түүх
болон үнэний өмнө зэм хүлээх вий гэхээс эмээхээ больчихсон мөртлөө
"Түүхийг бид бүтээж байна" гэж ярьдаг юм биш байгаа... гэж бодогдоно.
Газар шороо, тэнгэр хэлгүй... Хэлж, хийж бүтээж сөнөөж босгож чаддаг нь
нарны шар хавтгайг даган дэлхийтэйгээ эргэж яваа эрхэмсэг хүн төрөлхтөн
л байна шүү дээ.
Одоо бид алдаагаа залруулж Ховдын цэцэрлэгийн нэгэн модонд нэр хаяг
"сэргээн " оноох л болж байна. Бид өөрсдийнхөө салангаас болж хойд үеэ
мэхлэх гэж үү. Тэд үзээгүй, байгаагүйн учир хууртаж болох авч бид үнэн
явсан гэж омог бардам хэлэх эрхээ хугаслах бус уу.
Бидний тэр аян зам цаашаа Увс аймгийн дээс алхаж үргэлжилсэн юм.
Улаангом хотын онгоцны буудалд онгоц газардахад "хотын хүн" ардын
жүжигчин Гэндэн агсан тосож билээ. Явуу найрагч, Гэндэн гуай хоёр Увс
аймагт байх хэдхэн хоногт "хоёр загал" мэт л салахгүй хамт байж дээр нь
Пүрэвсүрэн найрагч нэмэгдэж "гурван загал" болцгоосон сон. Онгоц Увсын
буудлаас хөөрөхөд бор саарал цувтай, Алтайн уулс шиг цагаан толгойтой
Гэндэн гуай биднийг үдэж "чих нь" намирч" торойсоор үлдэж билээ. Явуу
найрагч онгоцны хорол цонхоор Гэндэнгээ салж ядсан нүдээр ширтэн байснаа
-Гэндэн бол цул алт юм шүү дээ гэж хэлэх зуур цагаан үүлэн дунд онгоц орсон сон...
Явуу, Гэндэн гэх энэ хоёр сайхан хүн хоёулаа одоо бидний дунд алга.
Тэдний байсан нөхөгдөшгүй орон зайг бүтээл нь "эзэмшсэн" байна.
Энэ аян зам намайг Явуу найрагчид болсон болоогүй шүлгээ уншиж байх
"эрх" өгсөн юм. "Сүнтэй будрын чулуу" гэдэг найраглал шүү юмаа уншихад
Явуу найрагч:
-Алга ташилт бол бүтээлийн эцсийн үнэлгээ биш шүү гэдэг үгээр миний
дөнгөж эхэлж байсан "дэгдээхэй" уран бүтээлд минь хандсан даа. Дөрөө
нийлсэн тэр аянаас хойш найман жилийн дараа Явуу найрагч бид хоёр миний
анхны "Уянгын тойрог" номыг хэвлэлд бэлдэх үед, нэгэн зорилгын үзүүрт
зохиогч, редактор хоёрын ерөөлөөр зам нийлсэн.
Байн байн хэсэг шүлэг барьсаар өрөөнд нь ордог сон... Баярлах, гуних нь
тийм ч ил байдаггүй Явуу найрагч шүлгийг минь шүүн тунгаана. "Улаан
бурхантсан" шүлгүүдийг минь тусгаарлана. Арав хорин шүлгээс сайндаа л
дөрвөн шүлэг сэтгэлд нь таарвал дээдийн заяа.
-Яасан ч хатуу хүн бэ дээ. Миний анхны л ном шүү дээ. Дандаа сайн
шүлгээр бүтэх албатай юм уу гэж бодогдох өдөр байсан ч бодсоноо хэлэхийн
сачий надад дутдаг байсан. Тэнэглэн тэнэглэдэг мөртлөө тэгэхэд би
чингэж хэлээгүйгээ яамай даа гэж одоо болтол боддог юм. Бодсоноо тэгэхэд
би Явуу найрагчид хэлсэн сэн бол алдас болсон үгийнхээ буулганд гунихын
ихээр гуниж явах байж...
Анхны номыг минь "эх барихдаа" чин сэтгэлээсээ хандсаныг мартаж яасан ч
чаддаггүй. Шилж авсан шүлгэнд үзэг ердөө ч хүргэхгүй. Засуулах болбол
заавал надаар бичүүлнэ. Ном бэлдэх хугацаа маань хоёр гурван сараар
сунжирсан...
Явуу найрагч гадаад дотоодод явчихна. Сайн шүлэг бичиж чадахгүй, эсвэл
новш ноохойн дундаасаа өөдтэй шүлэг олохгүй болохоороо би бас "ороолно".
Нэг өдөр "Элегия" гэдэг шүлгээ барьсаар босгыг нь давлаа. Явуу найрагч
тамхиа татаад хана ширтэн сууж байна. Миний шүлгүүдийг хассан авсанаа
ялгаад урдаа тавьчихаж.
-За, одоо номоо шилжүүлнэ ээ хө. Хассан шүлгүүд нь номонд орох шүлгээс
олон байвал сайн ном болдог юм шүү дээ гэлээ. Магадгүй би тэр үед ямар
олон шүлэг хасаав дээ гэж "нүдээрээ" үг унагасан байх...
-Энэ шүлгийг нэг уншаад өгөхгүй юу гэхэд авч хэдэнтээ уншсанаа
"...Одоо ингэж нэгэн гүүний унага адил ч
Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо!..." гэсэн
төгсгөлийн мөрийг зааж "Энд чи алдсан байна. Энэ шүлэг чинь "хараал"
хэлж төгсөж байна. Ийм гүн бодлын шүлэг яаж ингэж төгсөхөв дээ, нөхөр
минь" гэж зэмлэнгүй харсан. Тэгэхэд анх удаа үзгээ шүүрч том гээч нь
"хөөрхий" гэдэг үгийг шүлгийн минь төгсгөлд нэмж бичсэн... Тэгж миний
номонд, өөрөөр минь засвар хийлгэдэг "дотоод дүрмээ" зорчиж ганцхан үг
ганцхан удаа бичсэн сэн... Тэр онож бичсэн ганцхан үг хараалыг-хайр
харуусал болгон өөрчилж билээ.
"...Одоо ингэж нэгэн гүүний унага адил ч
Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо, хөөрхий!..." гэж уншихад хайр харууслын гашуун үнэн амтагдах шиг болдог.
Үгийг бодож, онож хэлэхийн учрыг надад Явуу найрагч ингэж "чанга" хэлж
өгсөн. Маргааш нь очиход номонд минь оршил бичээд тавьчихсан байсан.
Ингэж миний анхны ном сайн сайхан сэтгэлтэй жинхэнэ яруу найрагчийн гар
дээр "хүй нь цөглөсөн".
Номонд минь оршил бичсэнээсээ хойш хэдхэн удаа нар мандаж, од
шингэрсний дараа Явуухулан найрагч орчлонгийн мөнх бусыг үзүүлж билээ.
Номоо гарсны дараа баярлан үзүүлэх хүн минь ингэж дутсан. "Далдхан" хайр
шингэсэн нүдээр намайг тоож ширтэх хүнээр ч бас дутсан. Шүлэг болгоноо
бичиж суухдаа орчлон ертөнц, олон түмнээ гомдоочих вий, Явуухулан
найрагч таны мөнхийн нойронд сүүдэр унагачих вий гэж дандаа бодож явдаг
шүү.
Үлдсэн их уул, үргэлжилсэн их дуунд Явуухулан найрагч-"хөөрхий".
Дүнжгэр их хайрагч Явуухуланг "хөөрхий" гэж хэлэх балчир зулгуй мэт
санагдаж их бүтээлийн нь дэргэд багадах авч сэтгэл минь өөрийн эрхгүй
ийнхүү дуун алдлаа.
"...Явуулын хүн дэргэд чинь ирж байг
Яахав намайг тэд дурсан ярьж байг
Яруу найргийн мод бүүвэй
Явуухулангийн мод бүүвэй!..." гэж бичиж суухдаа юу гээчийг бодож бичээв дээ, та мину...
Ц.Галбадрах