УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 7-нд нээлтээ хийнэ. Уг нь жил бүрнйн
хаврын чуулганыг дөревдүгээр сарын 5-нд хийдэг ч, энэ удаа ажлын өдрийг
тааруулахын тулд хоёр хоногоор хойшлуулж байна.
Хаврын чуулганаар
хэлэлцэх асуудлын дарааллыг ч холбогдох Байнгын хороо сая баталсан. Ер
нь жилийн энэ улирлын эхэн үе өөрөө их онцлогтой л доо. Байгалийн
хувьслаар бол хавар болж, ханш нээгдэнэ. Ханш нээгдэхээр амьд байгалийн
алив амьдрал сэргэн, хорхой шавьж хөдөлж, ичигсдийн түруүч гарч, бургас
мод гөлөглөж, булгийн ус оргилж, голын мөс ханзарч халиа гүйн захлан....
гэж монголчууд ярьдаг.
Товчоор хэлбэл, амьтай бүхэн хөдөлгөөнд
ордог гэх үү дээ. Хувьсах байгалийн үзэгдэл улирлын энэ өдөр ийн
өөрчлөгддөгтэй зэрэгцэн улс төрийн амьдрал ч хөдөлгөөнд ордог. Өмнө нь
"гудамжны" гэгдэх тодотголтой иргэний хөдөлгөөнийхөн алив асуудлаар УИХ
Засгийн газарт шаарддага хүргүүлж, саарал ордны гадна жагсдаг байсан
бол, сүүлийн үед энэ үзэгдлийг парламент дотроос дэглэх болсон. Өнгөрсөн
жил хаврын чуулган хөшгөө нээгээд долоо хонов уу үгүй юу "шинэчлэлийн"
Засгийн газрын тэргүүнийг огцруулах бичгийг сөрөг хүчний зүгээс өргөн
барьж байлаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан
хугацаандаа улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлж, бараа
бүтээгдэхүүний үнэ өсч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан.
Гэвч
энэ бүгдэд дорвитой арга хэмжээ аваагүй нь Ерөнхий сайдыг огцруулах
үндэслэл болж байлаа. Дээрээс нь зарим аймгийн Засаг даргыг томилохдоо
Үндсэн хууль зөрчсөн, Бурхан халдун уул руу 70 шахам хүн дагуулж явангаа
төөрсөн, тэднийг олох гэж төсвөөс өчнөөн сая төгрөг зарлагадсан нь
нэрмээс болсон. Ганц Ерөнхий сайд ч улс орны эдийн засгийн асуудалд
хариуцлага хүлээхгүй болохоор Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд
Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт мөн адил "эрүүний
шөл" уулгаж, сайдын суудлаас нь буулгах талаар УИХ албан ёсоор хэд хэдэн
удаа хэлэлцсэн. Гэхдээ тухай бүрт нь олонхийг бүрдүүлж буй талууд
хамгаалаад үлдэж байв.
Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах
санаачилга дахин гарч, аяны хүрээнд албан бус тохироо яваад эхэлсэн
сурагтай. Гэхдээ энэ удаа цөөнхөд нэмэлт хүч байгаа аж. Тодруулбал
Ардчилсан намын фракцуудын хагарал Н.Алтанхуягийн суудлыг дэнжигнүүлэхэд
бэлэн болжээ.
ЯЛСАН НАМЫН ГИШҮҮНИЙ АМБИЦ ЯАГААД Ч ДАРАГДАХГҮЙ
Ардчилсан
нам олон фракцын нэгдэл. Тэр хэрээрээ олон эрх ашиг, олон амбицын
цугдуулга. Амбиц өндөртэй улстөрчдийн энэ араншин нам нь эрх барьж
байгаа үед илүү товойно. Тиймээс Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайд болж,
өөрийнхөө кабинетыг бүрдүүлэхдээ "хонь бүрэн, чоно цатгалан" байхаар
олон фракцынхаа ая данг нь тааруулсан. Гэхдээ л нам хийгээд төрд хамаг
удирдах албан тушаалыг алтангадасчууд авсан болохоор, тэдэнтэй байр
суурь булаацалдах фракцууд багадахгүй. Хамгийн том нь МоАХ Бүр УИХ-ын
сонгууль болохоос өмнө Ардчилсан намын дарга гэдэг дараагийн Ерөнхий
сайд болохыг урьдчилж харсан Х.Баттулга энэ суудлын төлөөх тэмцлийн
энерциэ өнөөдрийг хүртэл сулруулаагүй байна.
Мөн Шонхор, Нэг
ардчилал, Зүүн хойд Ази, МҮДН зэрэг хүчтэй фракцууд бас байна.
Н.Алтанхуягийн хувьд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг, ИЗНН-тай
хамтарч, кабинетаа бүрдүүлсэн болохоор бусад фракцуудын хувьд
"Алтангадас"-ыг унагах ганц арга нь МАН-тай хамтрах. Өөрөөр хэлбэл
Н.Алтанхуягийн кабинетыг унагаж, Монголын Засгийн газарт дахин "МАНАН"
татах бололтой. Мэдээж олонхийг бүрдүүлж байгаа гэдгээрээ эрх ашгийн
эрэмбэ дарааллаараа Ардчилсан намынх урд нь байх биз. Ийм нэгэн мессэж
Ардын намын цагаан байрнаас хальж, "алтангадас"-аас бусад фракцуудын
дунд өрнөөд эхэлжээ. УИХ-ьш хаврын чуулган эхлэнгүүт энэ операцийн хүч
нь эрчимжих аж.
Н.Алтанхуягийг унагах шалтгаан угаас мундахгүй.
Төгрөгийн ханш унаж, төрийн данс улайсан. Төрдөө тонгоруулсан хувийн
хэвшлийнхний "тэг зогсолт" ч тэдэнд том шалтгаан болж өгнө. Эдийн
засгийн байдал Н.Алтанхуягийг огцруулахаар анх хэлэлцэж байсан өнгөрсөн
жилийн энэ үеийнхээс улам унасан болохоор, улс төрийн энэ операци амжилт
олох магадлалтай гэж болно.
МоАХ УХАРЧ АРДЧИЛСАН ХҮЧНИЙ ХОЛБОО ДАВШИЛНА
Н.Алтанхуягийн
Засгийн газрыг огцруулах албан бус аян бүрт дараагийн Ерөнхий сайдаар
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нэрлэгддэг байлаа. Өөрөөр хэлбэл
энэ бүхний ард Х.Баттулга буюу МоАХ байгаа нь илчлэгддэг байв. Тэгвэл
энэ удаагийн аяныг Ардчилсан хүчний холбоо давалгайлах гэнэ. Тодруулбал
Их хурлын дарга З.Энхболд гардах сурагтай. Төрийн эрх барих дээд
байгууллага болох парламентын спикер гэдэг хэн нэгэн аавын хүүд тэр бүр
олдоод байдаг боломж биш. Гэвч З.Энхболд даргад хууль тогтоож,
хэрэгжилтийг нь хянадаг Их хурал биш, хөрөнгө мөнгө захиран зарцуулдаг
Засгийн газрын тэргүүний суудал илүү харагдах болжээ. Өөрийнх нь санаанд
ч багтаад байгаа бололтой. Хүчтэйхэн хийж чадвал тоолох мөнгөгүй
болтлоо эдийн засгаа уруудуулсан Засгийн газрыг торох юмгүйгээр унагаж
чадах биз.
Их хурлын гишүүн гэдэг иргэдийг цуглуулж байгаад
уулзалт хийдэг байсан бол энэ удаад өөрсдөө очдог жишгийг МАН-ынхан
тогтоосон. Чуулганы завсарлагааны бараг бүхий л хугацаанд МАН-ын Удирдах
зөвлөл хийгээд УИХ дахь бүлгийн гишүүд нь хөдөө орон нутаг, нийслэлийн
есөн дүүрэгт ажилласны хэрэг юу билээ. Худалдаа наймааны орлого
хагарахаа больсон бодит байдлыг Засгийн газрыг унагах боломж болгон
ашиглалгүй яахав. Тэгэхээр Засгийн газарт хариуцлага тооцох бичгийн
уламжлал ёсоор МАН өргөн барьж, З.Энхболдынхон түүнийг нь эрчилж өгөх
өнгө төрх харагдаад байна.
Б.ЭНХЖАРГАЛ