Ерөнхий сайд аа! Хар тамхины хөнөөлийн талаар, түүнд төрийн өндөр албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэж явахдаа оролцсон талаар удаан хугацаанд ярилаа. Сүүлийн үед хар тамхи тээвэрлэх хэрэгт оролцох явдал хэтэрхий ойр ойрхон гарч, мөрөөр нь хийж байгаа ажил үр дүн муутай, олон нийтэд хаалттай, иргэдийн дунд дөжрөх байдал харагдаж байна. Үүнд дипломат паспорт байнга дагалдаж, холбогдож байгаа, энэ талаар Гадаад харилцааны сайд тэмцээд л байгаагаа илэрхийлэх юм. Одоо Гүйцэтгэх засаглалын тэргүүн Та оролцох хэрэгтэй байна. Хэрэв Та хүсвэл ганцхан цагийн дотор, ганцхан хоногийн дотор энэ байдлыг цэгцэлж чадна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Дэд сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ТЗУГ-ын дарга Н.Анхбаяр, Консулсын газрын захирал Л.Мөнхтүшиг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан нар эрхэлсэн ажилдаа алгуур, хайхрамжгүй хандав уу. Өөр шалтаан байна уу гэдгийг сүүлдээ ойлгохоо болилоо. Уг нь ГХЯ энэ талаар ажиллаж байгааг ойлгож байна. Гэхдээ хэтэрхий үр дүнгүй, цалгар назгай байна.
ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга 2019 оны нэгдүгээр сарын 15-нд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга Э.Эрдэнэд 08/248 тоот албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичигт “ОХУ-ын Улаан-Үд хотод худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Мөнхбат, мөн иргэн Э.Оргил нар Чех улсаас ХБНГУ руу зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн хэмжээ бүхий эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж байгаад баригдан хоригдож байна. Ийм төрлийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр тус яам шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж буй боловч дипломат албанд ажилладаггүй иргэд энэ төрлийн зөрчил гаргах нь “түлхүүтэй” байна. Иймд энэ асуудлыг газар дээр нь нягтлан шалгах, зохих улсын хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авах, хамтран ажиллах, өнөөгийн байдал болон цаашид авах арга хэмжээний талаар дүгнэлт, санал боловсруулах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг үүгээр хүргүүлж байна. Энэ саналын хариу болон дэмжсэн тохиолдолд ажлын хэсэгт орох албан хаагчдын талаарх мэдээллийг ирүүлэх арга хэмжээ авна уу” гэжээ. Ажлын хэсгийг зарлах албагүй ч үр дүн гарсан бол энэ оны аравдугаар сарын 28-ны өдөр Цолмонгийн Энхболд, Ганболдын Бадрах нар Латвийн хил дээр баригдах уу?
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан 2019 оны зургадугаар сарын 14-нд бүх ДТГ-уудад албан бичиг явуулсан. Үүнд“Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр өгсөн үүргийн дагуу дараах хоёр асуудлыг суугаа улсынхаа Гадаад яаманд албан ёсоор ноот бичгээр тавьж хариу ноот бичгийг 18-ны дотор ирүүлнэ үү. Үүнд: ДТГ-т ажиллахаар дипломат ажилтны болон үйлчилгээ, техникийн ажилтны үнэмлэх авсан ажилтнуудын нэрс, үнэмлэхний дугаарыг, тэдний нэр дээр бүртгэлтэй автомашины мэдээллийг гаргаж ирүүлэхийг даалгажээ. Өнөөдрийг хүртэл үр дүнг олон нийтэд мэдээлсэнгүй.
ГХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан энэ хугацаанд хэдэн удаа, хэдэн улс оронд хяналт шалгалтын ажлаар явав. Яагаад гурван паспорттой байх ёстой газарт арав гаруй паспорт байна? Хэдийг хураав? Энэ тоо нууц уу? Гэтэл өөрөө Байгал далайгаар зугаалж яваа, Эрхүүгийн музейг нээж яваагаа мэдээлээд байдаг. Түүнийг удахгүй Унгар улсад Элчин сайдаар явах гэж байна гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Унгар ямар онцлогтой орон бэ гэдгийг та мэдэхгүй бол өөрийн ахлах зөвлөх Б.Энх-Амгалангаас асуугаарай. Чехэд Элчин сайдаар томилохоосоо өмнө асуувал сайн сан. Таны хэлдгээр “Баялаг түүх” ярьж өгөх, ялангуяа хар тамхины бүлэглэлийн талаар ихийг мэдэх, тун учиртай хүн. Эсвэл Элчин сайд З.Батбаяраас асуугаарай. Дипломат паспортыг хэрхэн хуурамчаар үйлдээд, золиос нь Флиппинд хоригдоод, энэ төрлийн бизнес эрхлэгч бүлэглэлийн монгол иргэд дипломат паспорт, дипломат машины дугаар нэхээд суулгахгүй байгаа талаар танд ярьж өгнө. Тэр бол сайн Элчин сайд, шударга хүн юм билээ.
Өнөөдөр УИХ-ын хэдэн гишүүн, Засгийн газар, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагын хэчнээн хүн, тус бүр хэдэн дипломат паспорт ашиглаж байгааг Та мэдэх үү. Үүнийг таслан зогсоохыг хүсч байна уу? Хэрэв таслан зогсоож чадвал Монгол Төрийн нэр хүндийн өмнө гавьяа байгуулсан хэрэг болох юм шүү. Үүний тулд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Дэд сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарт үүрэг өгч 1980 оноос хойш, тухайн улс дахь ЭСЯ-аасдипломат паспорт эзэмшдэг, автомашиндаа дипломат дугаар ашиглаж байсан болон ашиглаж байгаа жагсаалтыг гаргуулж авахыг хүсч байгаагаа илэрхийлсэн албан бичгийг Монгол Улстай харилцдаг дэлхийн бүх улс орны ГХЯ-дад илгээхийг үүрэгдэхэд л хангалттай. Энэ гурван хүн тухайн орны ЭСЯ-даас давж ГХЯ-тай харилцах онцгой эрхтэй юм. Уг бичгийг хүлээн авсан тухайн орны Гадаад харилцааны яам нь Монгол Улсын хэн гэгч иргэн дипломат паспорт эзэмшдэг, автомашиндаа дипломат дугаар ашигладагийг хэдхэн минутын дотор гаргаад ирнэ. Мэдээлэл технологи хөгжсөн энэ цаг үед дээрх бүх жагсаалт Таны гар дээр иртэл хамгийн удаанаар бодоход хэдхэн цаг л болох байх.
Одоо томилсон, албан үүрэг гүйцэтгүүлж байгаагаас бусад бүх дипломат паспорт эзэмшдэг, автомашиндаа дипломат дугаарыг хүчингүй болгосноо мэдэгдсэн албан бичиг илгээхэд л Монгол Улсын дипломат паспортоор “гараа угааж” ашиг хонжоо олдог бүх хүн аль ч улсын хилээр нэвтэрч, хаашаа ч нисч одох аргагүй болно. Энэ ажлыг хийхгүй зөвхөн ярьсаар олон жилийг үдлээ. Лав 20 жил болж байна. Та үүнийг чадна. Үр дүнд нь Монгол Улсын дипломат паспорт эзэмшдэг, автомашиндаа дипломат дугаар ашигладаг хүн тамхи зөөсөн, хар тамхи зөөсөн хэрэгт холбогдож, магадгүй үйлдэж улсынхаа нэр хүндийг унагаж чадахгүй болно. Та үхэхээс ч айхгүй зоригтойгоор ард иргэдийнхээ төлөө зүтгэнэ гэсэн. Тиймээс асар өндөр ашиг орлоготой энэ бүлэглэлийн бизнесийг таслан зогсоож ашиг сонирхлын талд бус ард түмний талд гэдэг харуулна гэдэгт итгэж байна.
Олон нийт яарч байна. Хориотой бизнесийнхэн, хар тамхины бүлэглэлийнхнийг таслан зогсоох үйлст нэгдэнэ, ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан дээр дурьдагдсан нэр бүхий хүмүүсийг улс орноо төлөөлүүлэн Элчин сайдаар томилохгүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Иргэд, олон нийт цаг, хором тоолон хүлээж байна, Ерөнхий сайд аа!
У.Оргилмаа
Эх сурвалж: baabar.mn