Б.ДАМДИН-ОЧИР
Манай сонины "Асуултын тэмдэгтэй хүн” булан явж эхэлснээс хойш оролцож
буй жинхэнэ утгаараа асуултын тэмдэгтэй хийгээд олон нийт, хүн бүр
асуулт тавьж мэдэх "зочин” бол Эдийн засгийн хөгжлийн сайд, "Фортуна”
Н.Батбаяр байх.
Компанийн захирал байж байгаад 2000-аад оны үед улс төрд гэнэтхэн орж
ирсэн. Улмаар Монголын эдийн засаг, санхүүгийн авдарны түлхүүрийг
атгадаг эрхэм болсон. Гэхдээ нуль будлианы хөрөнгө болсон нөхөр гэх
ойлголт жирийн ард бидэнд бий.
Дарга сайд нар өөрсдийгөө танилцуулдаг албаны сайтад түүний намтар байна.
Нямжавын Батбаяр. 1977 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1983 онд
Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургууль, 1983 онд Москва
хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд сургуулийг тус тус
төгссөн.
Эдийн засагч- статистикч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй гэнэ.
Н.Батбаяр нь 1983-1992 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах
улсын хорооны "Комплекс импорт” хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн
дарга, орлогч дарга, 1990-1992 онд АИХ-ын депутат, орлогч дарга,
1992-1999, 2000-2004 онд "Монгол түлхүүр” ХХК-ийн захирал, "Фортуна”
группын ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.
Мөн 1999-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, улмаар
2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Барилга, хот байгуулалтын
сайд, 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан.
2012 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдон ажиллаж байгаа.
Иймэрхүү сайхан намтартай нэгэн ажээ. Төрд ч, хувьд ч ажиллаж байсан туршлагатай.
Харин сүүлийн үед "Фортуна” Н.Батбаяр хэмээх энэ сайдтай холбоотой
асуулт нэхсэн саар мэдээлэл өдөр алгасахаа болив. Тэрхүү мэдээллүүдийг
уншихул, нуль будлиан аж.
Өдгөө Н.Батбаярыг "Их өр-2”-ын автор, Энэ цагийн эдийн засгийн
алуурчин... гэх болж. Чингис бондын мөнгийг би мэднэ гэж занхайж байгаад
Хотын дарга Э.Бат-Үүлд шанаадуулсан. Найз Б.Батболдыгоо "Гудамж”
төслийн захирлаар томилж 200 сая ам.доллар зарцуулах эрх олгосон. Бас
садангийнхаа Сүмбэрзул гэдэг залууг Анагаахын дээдийн захиралд зүтгүүлж
байсан. Хөгжлийн банкны захирлаар өөрийнхөө хүнийг томилуулсан. Энэ
мэтчилэнгийн олиггүй мэдээнүүд ёстой нэг цуварч өгнө дөө.
Саяхан даа, нэгэн сэтгүүлч түүний тухай бичихдээ "Ийм ч сайд байх
гэж...” гээд л уулга алдсан байна лээ. Н.Батбаярыг "уншиж” байх зуур ийм
бодол үүнийг бичигч надад ч бас төрж байлаа.
"Фортуна” Н.Батбаярын мэдээнүүдээс тоймлох гэж оролдсон юм. Зах зухаас нь шүүрдлээ гэдгийг дашрамд хэлье.
...Монгол Улсын 2014 оны төсвийг УИХ-аар батлахын өмнөхөн танхимынх нь
сайд нар түүний эрэлд гарчээ. Н.Алтанхуяг "Улсын төсвөөс хэдэн тэрбум
төгрөгийг багцдаа тусгахаа та нар мэдэхгүй. Ерөнхий сайд би ч бас
мэдэхгүй. Харин "Фортуна” Н.Батбаяр мэднэ” гэж хэлсэн учраас Эдийн
засгийн хөгжлийн сайдтай эртхэн тохироо хийх уралдаан сайд нарын дунд
болсон нь тэр аж. Н.Батбаяр сайд "Төрийн ордонд морилох эсэхээ тэнгэрийн
зарлигаар шийднэ. Улсын төсвийг батална уу, байна уу маньд юуны хамаа”
хэмээн гэдийчихсэн учраас салбар хариуцсан зарим сайд өмнө нь бөхөлзөхөд
хүрчээ. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга түүний өрөөнд
таяг тулан орж, төд удалгүй хөмсөг зангидан гарч ирсэн гэдэг. Тэр ч
атугай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Фортуна”-тай
уулзах үедээ чи, би-дээ тулж барьцалдаж авах шахсан ч гэх шиг...
/Эх сурвалж: Wikimon.mn 2014- 2-28/
...Гэтэл салбарын яамд нь авах ёстой мөнгийг нь одоо болтол өгөхгүй
гүрийгээд байгааг Эдийн засгийн яамныхныг буруутгаж байгаа аж. Нөгөө
талд Эдийн засгийн хөгжлийн яамныхан нь салбарын яамдууд тендер
гүйцэтгэгчээ шалгаруулахдаа удаан, шан харамж горьдоод байна гэсэн
хатуухан үгийг чулуудаж суугаа юм...
/Эх сурвалж: News.mn 2013-8-18/
...Ийм ч сайд байх гэж... "Сайдын ажлыг хийж чадна” гэж албан тушаалд
оччихоод эцэст нь хариуцсан ажлууд нь явахгүй болохоор зугтааж болдог юм
уу...
...УИХ-аар Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийг хэлэлцэх үед сайд
Н.Батбаяр "Ам.долларын ханшийг 1384 төгрөг рүү буулгана. МАН-ын гишүүд
та нар битгий муу амлаад бай. Амьдрал сайхан байхад...” гэж агсарч
суусан...
/Эх сурвалж: News.mn/
...Тэгтэл Эдийн засгийн форумдаа ч оролцоогүй Эдийн засгийн хөгжлийн
сайд Н.Батбаяр хотын даргын өөдөөс хэдэрлэж, "Та нарт ганц ч төгрөг
өгөхгүй” хэмээн томорсон байна. "Хоёр сая 900 мянган монголчуудыг
барьцаанд тавьж байж авсан "Чингис бонд”, "Самурай бонд”-ын мөнгө дан
ганц чиний шийдэж зарцуулдаг хөрөнгө юм уу?” хэмээн Үүл баатар уурсаж,
бухимдахын зэрэгцээ мэстен дээрээ томорсон Фортуна сайдад ухамсрын шанаа
өгчихсөн гэнэ...
/Эх сурвалж: Bugd.mn 2014-3-31/
...Засгийн газар тендер болгоныг яамдад байршуулахгүй, будлиантуулахгүй
гэх үүднээс дэргэдээ Тендерийн хороо байгуулсан. Тендер гэдгийг луйвар
гэж орчуулж ойлгодог болсон энэ цагт луйвраас сэргийлэх гэж Засгийн
газар Худалдан авах ажиллагааны газар буюу Тендерийн хороо гэдэг нэртэй
хэрэгжүүлэгч агентлагийг дэргэдээ байгуулсан.Гэвч "Гудамж” төслийн 200
сая ам.долларын хөрөнгө тэдэнд хамааралгүй болж, Эдийн засгийн хөгжлийн
сайдын "үзэмжээр шийдэх асуудал” болж гээгдсэн нь ч учиртай...
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Гудамж” төслийн удирдагчаар
өөрийн найз Б.Батболдыг тавьсан гэдэг. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд
авсан бондны 200 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөгөөс зөвхөн
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн
гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажилд 3.8 тэрбум төгрөгөөр
санхүүжүүлсэн. Олон тэрбумаар хэрэгжиж буй энэхүү төслийн удирдагч
Б.Батболд нь энэ хугацаанд "Мүүди” ХХК-ийн захирлаар ажиллаж байж.
"Мүүди” ХХК нь өнгөрсөн жил Б.Есүгэн охины аминд хүрсэн барилгын
захиалагч нь. Захирал нь тухайн үеийн "Мүүди” компани, одоогийн
"Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан
Б.Батболд аж...
/Эх сурвалж: Bolod.mn/
...Барилга хот байгуулалтын яамны сайд байх хэсэгхэн хугацаандаа
Төрийн ордны өртгөтгөлийн барилгыг өөрийн ахын компанид авч өгөн улсын
өч төчнөөн тэрбум төгрөгийг үрсэн ба одоо ч ажил нь дуусаагүй мөнгө
уусаар байгаа тухай хэвлэлүүдэд бичиж байсан.
"40.000 айлын орон сууц” хөтөлбөрийн талаар том том юм яриад байсан,
энэ үлгэрийн далай нь одоо болтол эхлээгүй л байна. Барилгын бараа
материалын гаалийн татварыг хөнгөллөө, хямд орон сууцтай болох боломжтой
боллоо гээд бураад байсан, байрны үнэ хаданд гарсан хэвээр, хэрэглэгчид
хохирсоор л байна. Энэ бол "Фортуна” Батбаярын төр, ард түмэнд хийсэн
лай ланчгийн нэгээхэн хэсэг.
Оюутолгойтой хийсэн тогтвортой байдлын гэрээний талаар сангийн яамны
төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатартай мэтгэлцэхдээ 68 хувийн
татварыг цэвэр зэснээс л авна гэдэг хуулийн заалтыг мэдэхгүйгээс болсон
уу, улсад орох дөрвөн сая доллар байхгүй болсон байна гэж ирээд л дайрч
байсныг монгол даяар харсан. Айвенхоу майнз 68 хувийн татварын асуудал
дээр хүлээцтэй хандаж эцсийн бvтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулж
өгнө гэж хэлснийг тэрээр сонсоогүй бололтой баахан буруу зөрүү юм ярьж
байгаад байнгын хорооны хуралдаан дуусгаж байсан...
/Эх сурвалж: www.olloo.mn 2007-9-07/
...Гадаадаас хуулж нутагшуулахаар зүтгэж яваа Хөгжлийн банк шинэ
захиралтай болжээ. Нэлээдгүй хэл ам дагуулж, шүүмжлэлд өртөж байдаг
энэхүү банкны шинэхэн гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат гэх залуухан хүн
томилогджээ. Тэрээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын зөвлөхөөр
ажиллаж байсан аж.
/Эх сурвалж: Bataar.mn 2013- 8-21/
...Хүнд нь зориулж бус хөгжилд нь зориулж яамдын тоог нэмэх ёстой
байсан. За яах вэ, яамдын тоог нэмлээ гэхэд хүнээ зөв сонгох ёстой байж.
Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яаманд Н.Батбаярыг тавьсан нь
Н.Алтанхуягийн хамгийн том алдаа. Энэ алдааныхаа үйл лайг өөрөө эдэлж
байх шиг. ..
/Эх сурвалж: Eagle.mn 2013-10-23/
...Харин "Фортуна” хэмээгч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
"Монгол түлхүүр” ХХК-ийн 100 хувь, "Жаргалан сэрвис” ХХК-ийн 50 хувь,
"Эм Си Ди Си” ХХК-ийн 40 хувь, "Эм Ай Си Пи” ХХК-ийн ЗО хувийг
эзэмшдэгээрээ айргийн дөрөвт багтаж буй...
/Эх сурвалж: Ildald.mn/
...Гэтэл хамгийн сонирхолтой нь энэ өдрийн чуулганаас Эдийн засгийн
хөгжлийн сайд Н.Батбаярыг олж харсангүй. Бүр салбар хуралдаанууд дээр ч
бараагаа харуулсангүй. Уг нь "Монголын эдийн засгийн форум” уулзалт
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хамгийн их хамаатай. Гэсэн ч
тэрээр үүнд огтхон ч ач холбогдол өгсөнгүй.
/Эх сурвалж: Bodlogo.mn/
Ийн Эдийн засгийн хөгжлийн сайд, "Фортуна” Н.Батбаярт тавих асуулт
үргэлжилсээр...Тэр бидэнд хариулахгүй ч байж магад. Гэхдээ тэр хэзээ
нэгэн цагт энэ бүгдийн хариултыг Монголын ард түмэнд өгөх цаг ирэх биз
ээ.