УИХ-ын гишүүн асан Ц.ШИНЭБАЯРТАЙ ярилцлаа.
-Та одоо аль намд байна вэ?
-Хамаг Монголын хөдөлмөрийн намдаа л байгаа ш дээ.
-Танай нам "амьд” уу. Ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Монгол орны улс төр, эдийн засгийн байдал өнөөдөр маш хүнд байдал
руу явчихлаа. Ийм үед намын ажлаа идэвхжүүлье гэж бодсон. Боловсон
хүчнээ сургаж, бэхжүүлэх тал дээр манай намынхан илүү анхаарч байгаа.
-Эдийн засгийн байдал хүндэрлээ гэж байна. Хэний дүгнэлт юм бэ?
-Эдийн засгийн байдал хүндэрч байгаа нь нүдэн дээр ил байна шүү дээ.
Валютын ханш өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Улс орны эдийн засаг бүхэлдээ
муудаж, төсвийн орлого ч бүрдэхгүй болж байна. Ямар сайндаа л
арваннэгдүгээр сард баталсан төсвийг хоёрхон сарын дараа дахин тодотгох
гээд ярьж сууна. Ингэж ярьж байна гэдэг бол эрх баригчид ямар харалган
байгааг л илэрхийллээ. Төсвийн ямар ч төлөвлөлт алга.
-Эрх баригчид эдийн засаг сайн байна, 11 хувиар өслөө гэж мэдэгдээд байгаа шүү дээ?
-Яахав ДНБ-ий төвшинд өсөлт харагдаж байж болох. Гэтэл яг жирийн ард
иргэдийн амьдралд өсөлт мэдрэгдэж байна уу. Ямар ч өсөлт байхгүй. Харин ч
эсрэгээрээ үнийн өсөлт, валютын ханшийн өсөлтөөс болж олон хүний
амьдрал нь дордсон. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг цөөн хэдэн хүн л
завшиж байна гэсэн үг.
-Эрх баригчид гэдэгт МАХН-ыг оруулж тооцох байх. Та энэ намыг
байгуулалцсан хүн. МАН-аас гарч байж байгуулсан МАХН-аа одоо гадна
талаас нь харахад ямар байна вэ?
-Засгийн эрх барьж байгаа намуудыг гарцаагүй хамтад нь ярихаас өөр
аргагүй л дээ. Ер нь бол МАХН-ынхан засагт байгаа тодорхой бүлэг хүний
нөлөөлөлд автаад, хийж байгаа алдаатай бодлогыг нь дагаж яваад байгааг
шүүмжлэхээс өөр аргагүй. Тийм учраас өчигдөр нам байгуулж хамт явж
байсан гэхээс илүү өнөөдөр ажлаа хийж чадахгүй байна гэж л ярина. Яагаад
өнөөдөр эд нар хуурамч баг өмссөн, дүр эсгэсэн нөхдүүдтэй хуйвалдаж,
аялдан дагалдаж явж байна вэ гэдгийг ярих болно. Шүүмжлэх ч болно. Тэгж
байж эд алдаагаа засна. Зөв зам руу явна.
-МАХН-ын ажил болохгүй байна гэсэн үг үү?
-Мэдээж. Хэдийгээр хамтарсан засагт орсон ч гэсэн харыг хар, цагааныг
нь цагаан гэж хэлэх хэрэгтэй. Бүх юмыг цагаан гээд яваад байж болохгүй.
Ингэж ард түмнийг хууран мэхлээд байж болохгүй.
-Та МАХН-ынхантай хэр их санал солилцдог вэ. Хуучин шигээ ойр дотно байна уу?
-Би МАХН гэлтгүй бүх намын гишүүдтэй санал солилцдог. Заавал
парламентын нам ч гэхгүй байгаа. Парламентын гадуурх намуудын уулзах
давтамж сүүлийн саруудад эрс нэмэгдсэн шүү. Ярьдаг сэдвүүд нэмэгдэж,
хуулийн төслүүдийн талаар ч санал бодлоо солилцож байгаа.
Яг үнэндээ одоо манай эрх баригчид аль болох л шүүмжлэлээс зугатаж
байна. Парламентад байгаа намуудаа дуугарахгүй, гадна байгааг нь бас
дарах санаатай байх шиг. Ингэлээ гээд юу ч сайжрахгүй ш дээ.
-МАХН мэдээж олон хүний цул. Гэхдээ нам гэхээс илүү засагт орсон сайд нар нь ярьж байснаа, зорьж явснаа мартчихсан юм биш үү?
-Нам гэдэг улс төрийн бодлогоо тодорхойлох ёстой. Ямар чиг шугам
барих уу гээд л. Гэтэл МАХН өнөөдөр АН-ын явуулж байгаа бодлогын дагуу л
явж байна. Голын урсгал дагаж хөвж яваа түмпэн шиг л байна. Ийм нам
байж болохгүй.
-Сая та намуудын уулзах давтамж ихэслээ гэж байна.
Парламентад суудалгүй намуудыг татан буулгах яриа нэг хэсэг гарлаа. Ер
нь Улс төрийн намуудын тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн
хэлэлцүүлэгт танай нам хэр оролцоотой байна вэ?
-Маш сайн оролцож байгаа. Олон ч уулзалт хийсэн. Ерөнхийдөө бол
нөхцөл байдал хүндрээд ирэхээр үнэнийг ярьдаг нам, улс төрийн хүчин,
хувь хүн рүү энэ эрх баригчид дайрдаг. Дуу хоолойг нь хаах гэж оролддог.
Уг нь эрх баригчид болохгүй байгаа ажлаа яаж засах вэ гээд гадна талд
байгаа хүмүүсийн шүүмжлэлийг сонсч ажиллах ёстой. Харамсалтай нь ерөөсөө
дуугарахгүй болгочих гээд л зүтгээд байна даа.
Сонгуулийн хууль гэснээс зарим зүйлийг хэлье. Улс төр гэдэг
өрсөлдөөн, үзэл бодлын уралдаан байдаг. Үүний үр дүнд улс орныг авч
явдаг. Гэвч автомат машины зохиомол программаар гарч ирсэн хүмүүс
өнөөдөр төрийг жолоодож байна. Өрсөлдөөнөөр гарч ирээгүй өрсөлдөх
чадваргүй ийм хүмүүс улс төрд гарч ирэхээр улс орныг сүйрүүлдэг гэдгийг
одоогийн УИХ бодитой нотлоод байна. Автомат машины тоглоомын
хүүхэлдэйнүүд улс орныг авч явж чадахгүй гэдгээ хэлээд хурдан зогсоохгүй
бол дараа дараагийн хариуцлага аюултай шүү. Жишээ нь, Украин улс
авлигачдаасаа саллаа. Бид ямар үнэ цэнээр салах ёстой юм бэ. Одоо
манайд улс төрийн зөвшилцөл л юу юунаас илүү хэрэгтэй байна.
Зөвшилцөхгүйгээр явна гэж байхгүй. Зөвшилцөхгүй бол сүйрэл ойрхон
байна.
-Парламентад бол зөвшилцөл алга байх шиг.
-Угаасаа энэ УИХ үхмэл байна. Ялзарч байгаа тогтмол устай адилхан
болчихож. Ямар ч хөгжил, хөдөлгөөн алга. Гарч байгаа хуулиуд нь
бүгдээрээ хууль зөрчсөн, Байнгын хороо нь ирцгүй хуралддаг, УИХ-ын
чуулган дээр гишүүд нь бие биеийнхээ өмнөөс санал өгдөг. Ийм л дүр
зурагтай парламент ажиллаж байгаа нь нуух аргагүй үнэн.
-Таныг анх МАХН-ыг байгуулалцсан хүн гэдгээр нь түлхүү
асуугаад байж магадгүй юм. Голд хөвж байгаа түмпэн шиг байгаа талаар нь
МАХН-ын удирдлага болох Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нартай нь ярьж үзсэн
үү?
-Би өнгөрсөн дурсамжаар амьдардаг улстөрч биш. Одоо бид ирээдүйн
тухай ярьмаар байна. Өнөөдрийн болохгүй байгаа юмыг ярихгүй бол болохгүй
нь. Улс орноо хурдан өөд нь татаж авахгүй бол болохгүй нь. 24 жил
хэдхэн хүн тоглолоо ш дээ, энэ улсаар. АН-ын залуус яасан сул дорой юм.
Ардын намын залуус ч яасан арчаагүй юм бэ. Бусад намын залуус ч гэсэн 24
жил яасан өсч дэвшиж чаддаггүй юм. Одоо сэр л дээ. 24 жил хэдхэн
улстөрч гэсэн үл бүтэх этгээдийн тоглоом болж явлаа. Яагаад эд нараас
салж чадахгүй байна вэ. Би энэ залуусыг бодохоор өрөвдөж байна. 24 жил
явсан хэдхэн улстөрч л дахин дахин гарч ирээд байвал энэ улс орон ер нь
яаж хөгжих вэ.
МАН-ын НАМЗХ, АН-ын залуучуудын байгууллага нь ерөөсөө л сонгуульд
нэр дэвших гэсэн залуусаар дүүрсэн. Яасан ч боолын сэтгэлгээтэй юм бэ.
Уг нь тэд нар ном уншаад, өөрсдийгөө боловсруулаад явбал 24 жил
ноёлчихсон хэдхэн улстөрчөөс илүү гарч чадна ш дээ. Гэвч тэд нар ерөөсөө
л хөдөлмөрлөхгүй байна. Гадаадад бол манайх шиг 24 жил хууль
тогтоогоод явдаг улстөрч гэж байдаггүй юм. Чадалтай нь найман жил,
чадахгүй бол дөрвөн жил л парламентад суугаад солигддог. Ингэж шинэ үе
гарч ирж байж улс орон хөгждөг байхгүй юу.
-Нээрээ таныг шүлхийтэй махыг Ерөнхийлөгчид идүүлье гэсэн гэх юм. Яагаад тэгсэн юм бэ?
-ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал шүлхийтэй мах
хоргүй, эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж мэдэгдсэн. Уг нь дэлхийн аль ч
оронд шүлхийтэй малын махыг хүнсэнд хэрэглэдэг жишиг байхгүй. Ямар ч
эрдэмтэн хэрэглэж болно гэж хэлж байгаагүй юм билээ. Гэтэл яаж тэгж хэлж
ард түмнээрээ даажигнаж байгаа юм бэ. АН-ын ҮЗХ-ны гишүүн, өмнө нь дэд
сайд байсан хүн ингэж хэлж байхад улс төрийн хариуцлага тооцох ёстой.
Ийм болчимгүй мэдэгдэл хийгээд байхад нь чимээгүй байгаа нь энэ махыг
хэрэглүүлэх гэж байна ш дээ. Ингэж болохгүй ш дээ. Хэрэв тэгж л байгаа
бол эхлээд өөрсдөө хэрэглэх ёстой. Тэр тусмаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга,
Ерөнхий сайд эхлээд хэрэглээд зүгээр байвал ард түмэндээ санал болгох
хэрэгтэй. Үгүй, хэрэглэхгүй гэж байгаа бол болчимгүй мэдэгдэл хийж
байгаа төрийн нарийн бичгийн даргадаа хариуцлага тооцох ёстой ш дээ.
Ч.ГАНГЭРЭЛ