Ямар ч эрх мэдэлгүй Н.Энхбаяраас их багагүй юунд жийрхэнэ вэ. Улс төрийн хоёр том хүчин хамтрахдаа хамтарч, салахдаа салж түүний эсрэг 10 жил тэмцсэн ч өнөөдөр айдас нь хэвээрээ аж. Чухам ямар учир байгааг тунгаах нь надад томдсон асуудал ч хөндөж, тандах сонирхол байна. Тэр МАНАН-г багалзуурдаж, өөрөө эзэн суух гэснээс тэд айдаг байх. Эсвэл МАНАН-г арилгаж, шударга ёсыг тогтоох байх гэсэн хоёр салаа бодох хүртлээ тунгааж сууна. Хариу эс гарна. Ямартай ч эх сурвалжийн хэлж байгаагаар “Н.Энхбаярыг улс төрд огт оруулж болохгүй” гэсэн мафизмын эртний даалгавар өдгөө ч хүчинтэй байгаа гэх. Тэгэхээр МАНАН амь бөхтэй оршиж байна гэсэн үг. “МАНАН-гийн гар хөлийг таслалаа” гээд хэдэн поп нөхөд ордонд ч, талбай дээр ч хашхираад байсан нь худлаа, зөвхөн эрх ашгийн төлөө байжээ гэмээр.
Өнгөрөгч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАНАН-д төөрөөд эргэж ирээгүй Н.Энхбаяр яг 10 жил гудамжинд улс төр хийлээ. Уг нь мафизм Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөс буусан даруйд орчуулгаа хийнэ, эсвэл олон улсын байгууллагад ажиллана хэмээн тооцоолж байсан нь талаар болсон. Арга ч үгүй дөнгөж 50 насны босго давсан эр карьераа орхиод орчуулга хийх үү. Тэр тусмаа Н.Энхбаяр. Гэхдээ л тэр улс төрд эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж эргэж ноцсон. Ид мандаж ахуйд нь “Улсаасаа баян Ерөнхийлөгч”, “Авлигын загалмайлсан эцэг” гээд кампанит ажил өрнүүлэн, сануулга өгсөн ч тоосонгүй. Үнэн хэрэгтээ манай нэртэй нийтлэлч МАНАН-гийн захиалга биелүүлж байсан хэрэг. Түүнээс өнөөдөр бизнесгүй байж тоолж барахгүй мөнгө, нүдэлж гүйцэхгүй хөрөнгөтэй нөхөд улс төрд ид мандаж л байна.
Н.Энхбаярыг зайлуулах мафизмын ажиллагаа түүнийг өөрөөсөө өөрийг тоохгүй мандаж ахуй цагт эхэлжээ. Ингэхдээ Ерөнхий сайд асан С.Баяр Сү.Батболдод ширээ сандлаа уламжлан, зугаалж явах үедээ /2008.09.08/ Хөвсгөлийн Ханхад Ц.Элбэгдоржийг дуудаж, “Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг ялах хэрэгтэй” хэмээгээд сонгуулийнх нь мөнгийг манай томоохон группээс босгож өгсөн гэдэг.
Дуулиан дагуулсан 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээр гудамжинд гарч, нам нь ч нүүр буруулсан бүрхэг өдрүүд ийн үргэлжилсэн юм. Дашрамд дурдахад Ц.Элбэгдоржийг хааны сэнтийд байхад С.Баяр хоригдож, ном бичихдээ тулаагүй, Элчин сайдад /2016.11.17/ хүртэл заларч байсныг анзаарах хэрэгтэй. Харин Элчин сайдаас /2018.05.18/ ямар үед хэн эргүүлэн татсаныг ч эргэцүүл.
Н.Энхбаярыг ямар ч орон зайгүй явах үед /2010.11.05/ МАХН-ын XXVI Их хурлаар намын нэрийг өөрчилж, МАН хэмээх уугуул нэрээ сэргээсэн нь түүнд том олз болов. Гэвч МАХН хэмээх 70 гаруй жилийн түүхтэй бренд нэрийг авах гэхээр МАНАН-гийн гар хөлүүд яаран тавьж өгсөнгүй. Хэдэн сар тэмцэл өрнүүлсний эцэст /2011.06.24/ Улсын дээд шүүхээс МАХН хэмээх нэрийг Улсын бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн юм. Ууган хүчин нэрээ солин дотооддоо маргалдаж, үүнийг Н.Энхбаяр ч овжин сэвсний хүчинд Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Оюунбаатар тэргүүтэй нөхөд дагаар орж ирэв. Эгэл жирийн гишүүд ч түүнийг бараадсан нь цөөнгүй. Ийн бүл нь өтгөрөх цагаар тэр 2008 оны сонгуулийн будилаан, таван хүн амь эрсэдсэн талаар 200 хуудас протокол /2012.04.12/ нийтэд дэлгэж, маргааш орой нь /2012.04.13/ АТГ-ынхан хүчний байгууллагын сүр жавхааг үзүүлж баривчилсан юм. Ажиллагаа шуурхай өрнөж, маргааш нь /2012.04.14/ АТГ-аас гэрт нь нэгжлэг хийж гээд юм юм болсон.
Энэ үед Н.Энхбаяр МҮАН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулан улс төрийн үйл ажиллагаа нь газар авч байсан учраас Н.Энхбаярыг оруулахгүй гэсэн мафизмын хаалт баривчилгаа болон хувирсан учиртай. Өдүүлсэн гэх хэрэг нь ч хэцүү. Ёстой л захиалгын гэмээр. Улмаар түүнд холбогдох шүүх хурал /2012.07.31/ нээлттэй эхэлж, хоёр өдрийн дараа /2012.08.02/ дөрвөн жилийн хорих ял сонслоо. Н.Энхбаяр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан ч /2012.09.02/ ялыг хэвээр үлдээж, дараа нь /2012.12.07/ 2.6 жил болгосон билээ. Хэдийгээр хоригдож байсан ч тэр УИХ-д бүлэгтэй болсон байв.
Удахгүй 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль болж, МАХН-аас Н.Удвал өрсөлдөж, амжилт байгуулаагүй ч МАН-аас нэр дэвшигчийг хорлож, өс хонзонг нь бага ч атугай нимгэлэв. Ерөнхийлөгчийн сонгууль ч өнгөрлөө. Цагдан хорих, хорих анги, эмнэлэг гурвын дунд хугацаагаа мэрж суусан түүнд Ц.Элбэгдорж өршөөл үзүүлснээр /2013.08.01/ суллав. Ямартай ч хоёр удаагийн сонгууль өнгөрөөгөөд сулласан юм даг. Хорихоос гарсан Н.Энхбаяр О.Баасанхүү нарыг Солонгост дуудан, хурлаа хийж, Хангугаас /2014.10,22/ ирсэн даруйд “Шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Засгийн газарт хамтарсан учиртай. Ямартай ч парламентад бүлэгтэй, Засгийн газарт сайдуудтай болж жааллаа.
Үүнээс харахад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МАНАН бүлэглэлийн хүн биш бололтой. Хэрэв тэр МАНАН-гийн гар хөл байсан бол Н.Энхбаяртай хэрхэн хамтрах билээ. Харин “Шинэчлэлийн” Засгийн газарт сайдаар ажилласан Г.Шийлэгдамба, О.Сономпил нар ял авав. З.Баянсэлэнгэ нарын хүмүүс шалгагдаж шийтгүүлэв. Э.Эрдэнэжамъян интерполд захидал илгээсэн хэргээр хусуулав. Эцэст нь Монгол улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан хоригдож байна. Энэ нь санамсаргүй зүйл биш. Н.Энхбаяраас айсан мафийн гар хөл хүчтэй байгааг харуулсан хэрэг. Харин мафийнхан үүний хойноос “Н.Энхбаяртай хамтарсан бүхэн хэрэгт холбогдож, шоронд орж байна” гэх маягийн мессеж илгээж байгааг ч харж байна.
Намд санал өгөх журмаар томсгосон тойрогт өрнөсөн 2012 оны сонгуулиар Н.Энхбаярын бүлэглэл бренд нэрийн дор УИХ-д бүлэгтэй, Засгийн газарт суудалтай болсон учраас 2016 оны сонгуулийг жижиг тойрогт явуулсан байх. Магадгүй Н.Энхбаярт зориулсан хууль. Өнөөдөр ч томсгосон тойрогт намд бус нэр дэвшигчийг дугуйлна гэж байгаа нь эртний танил МАХН нэрнээс жийрхэж байна. Тиймээс 2012 оны сонгуулиар МАХН-аас О.Баасанхүү ганцхан суудал авсан. Харин О.Баасанхүү аймшиггүй зоригтойгоор МАХН-ыг авах оролдлого хийж, эцэст нь АН-д дагаар орсноор дуусаж байх шиг. О.Баасанхүү шиг нөхөр зориглох ажил биш, МАНАН-гийн захиалга мөн. Ж.Батзандан “О.Баасанхүү Б.Хурцын машины хонины хонхорт явдаг” хэмээсэн төдийгүй үүнийг бататгах бичлэг ч бодитоор тарсан. Тэгэхээр О.Баасанхүү МАНАН-гийн мэдээлэгч гэдэг эх сурвалжтай энэ бичлэг яах аргагүй мөргөнө. Мөн Н.Энхбаяр МАНАН-гийн машинд 10 жил хэрчүүлжээ гэдгийг ч оймсных нь хүүхэд баталж байна.
Аанай л 2016 оны сонгуульд нэр дэвших эсэх асуудал өрнөж, эцэстээ “Таван жилийн ялын хугацаа дуусаагүй” гээд мафизмын анхны зурсан зургаас гажсангүй. Гэтэл түүний хүсэн хүлээсэн Ерөнхийлөгчийн сонгууль болоход /2017/ Сонгуулийн ерөнхий хорооноос Н.Энхбаярын материалд хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй, ялын хугацаа наймдугаар сарын 2-нд дуусна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь таваас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй гэх мэт олон шалтгаан гаргаж тавиад цааш харуулав.
Өдгөө нэгэнт ялын хугацаа /2017.08.02/ дуусаж, 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн ч гэнэт “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүмүүсийг нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт оруулж ирээд унагаад авав. Уг нь урьд өмнө ийм утгатай заалтыг Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрөлгүй буцааж байсан ч энэ удаад зөв гэж үзэв. Мафи Үндсэн хуулийн цэц хүртэл гар хөлөө шургуулж байна гэж Н.Энхбаяр ч өөрөө хэлсэн нь үнэн байх. Тэгэхээр айсуй Ерөнхийлөгчийн сонгууль ч түүнд хаалттай гэсэн үг. Үүнийг хэн хийгээд байгааг ч мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. Сонгуулийн тухай хууль хэлэлцэх үеэр /2019.12.19/ Т.Аюурсайхан гэнэт энэ саналыг гаргаж, О.Баасанхүү “Хууль тогтоох дээд байгууллага цэвэр байх ёстой” хэмээн ташуурдаж байгаагийн цаана чухам хэн байв. Т.Бадамжунай, Б.Хурц нартай хундага тулган, ногоон мөнгө нэхээд сууж байсан О.Баасанхүү энэ зэргийн ташуур өгөхөөс яах билээ. Ийм л нэгэн хаашаа ч үгүй болсон нөхөр чухам яах гээд тэднийг айлган сууна вэ.
Эх сурвалж: Өглөөний сонин