Үндсэн хуулийн өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно. Тэндээс хамгийн сонирхолтой нь “давхар дээл”. Дөрвөөс илүүгүй сайд “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн байж болохоор Үндсэн хуульд өөрчилсөн. Одоо Ерөнхий сайдаас бусад сайд “давхар дээл”-тэй. Тэгвэл тавдугаар сарын 25-нд Засгийн газар огцрох уу, яаж зохицуулах вэ?
Зарим хуульч “давхар дээл”-ийн зохицуулалт тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болохгүй, Үндсэн хуульд ингэж огноолсон ч, органик хуулиар хугацааг зааж өгнө гэж тайлбарлав. Энгийнээр, Үндсэн хуулийн өөрчлөлт тавдугаар сарын 25-нд хүчин төгөлдөр болсон ч, уг заалтыг Засгийн газрын тухай хуулиар долдугаар сарын 1, эсвэл өөр нэгэн өдрөөр огноолж, тэр өдрөөс нь мөрдөж эхлэх юм байх. Анзаарвал, ийм тайлбарыг хоёр төрлийн хуульчид голдуу хэлэх. Эхнийх нь, “давхар дээл”-ийг мөрдөх хугацааг алдаж огноолсноо хамгаалсан хэсгийнхэн. Хоёрт, МАН-аас нэр дэвших УИХ-ын тойрог горьдсон ганц нэг хүн.
Хуульзүй бие даасан шинжлэх ухаан. Мань мэт сайн мэдэхгүй. Хуулийн шинжлэх ухаан дотроо оргил нь Үндсэн хууль. Хэн ч маргахгүй. Гэхдээ Үндсэн хуулийг нэг минут ч зөрчиж болохгүйг, Үндсэн хуулиас давсан заалттай органик хууль гэж байж болохгүйг мэдэхэд нэг их шинжлэх ухаанч ойлголт хэрэггүй. Нийгмийн олонхи энэ зэргээ мэдэхтэйгээ. Иймэрхүү л зөрчлийг гаргуулахгүй гэж Цэцээр Үндсэн хуулийг мануулдгийг гадарлахтайгаа.
Аливаа хуулийн тайлбар нь уг хуультайгаа, Үндсэн хуулийн тайлбар ч мөн адил Үндсэн хуультайгаа адил хүчин төгөлдөр үйлчлэлтэй. Хэрвээ мөрдөхгүй, хүчин төгөлдөр болохгүй юм бол Үндсэн хуульд яах гэж “тавдугаар сарын 25” гэж огноолсон бэ? Заавал Засгийн газрын тухай мөрдөх хугацааг ахин баталгаажуулах ёстой юу? Сонгуулийн өмнө ингэж улс төрийн хэрүүлийн сэдэв дэвсэх, Үндсэн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтөө хүчгүйдүүлэх сонирхол хэнд, юунд байв аа?
Энгийн зүйл асууя. Хэрвээ “давхар дээл-ийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд заасан тавдугаар сарын 25-наас мөрдөхгүй юм бол Засгийн газрын тухай хуульд мөрдөх хугацааг хэзээ ч гэж тавьж болох уу? 2020 оны долдугаар сарын 1, эсвэл аравдугаар сарын 1 гэх мэт. Ер нь бол болно. Учир нь хууль тогтоох бол УИХ-ын онцгой бүрэн эрх. Тэгвэл одоогийн УИХ “давхар дээл”-ийг зохицуулсан Үндсэн хуулийн харилцааг бүр 2025 оноос мөрдөнө гээд хугацааг хойш шидэж болох ч логик энд харагдна. Бодит кейс дээр жишээлье. Өмнөх УИХ-ын үед Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөх байлаа. Энэ хуулиар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “ялтайд тооцох” хугацаа дуусч, улмаар О.Баасанхүүгийн авсан МАХН-ын мандатаар 2017 оны Ерөнхийлөгчид нэр дэвших бүрэн эрхтэй болох байв. Харин засаг авсан МАН-ынхан Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хаахын тулд Эрүүгийн хуулийн мөрдөх хугацааг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу 2017 оны долдугаар сарын 1 болгож хойшлуулж байв. Энэ бол засаглаж буйн, УИХ-ын хууль тогтоох давуу эрхийг ашигласан улс төр байв.
Одоогийн УИХ-аас “давхар дээл”-ийг 2020 оны долдугаар сарын 1-нээс мөрдөхөөр Засгийн газрын тухай хуулиар зохицууллаа гэж бодъё. Хэрвээ Засгийн газрын тухай хуулиар зохицуулах огноо нь Үндсэн хуулийн заалтаасаа илүү үйлчлэлтэй байх нь үнэн л юм бол 2020 оны сонгуульд ялсан намынхан, олонхи болсон УИХ-ын гишүүд “давхар дээл” өмсөхийн тулд яаралтай горимоор, долдугаар сарын 1-нээс өмнө амжаад энэ хуулийг өөрчилж болно, амжина. “Давхар дээл”-ийн мөрдөх хугацааг бүр 2025 он болгож хойшлуулах ч боломжтой бөгөөд тийм эрхтэй. Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хаасан кейстэй буюу Эрүүгийн хуулийн мөрдөх хугацааг сунгасантай яг л ижилхэн. Хэрвээ ингэвэл Үндсэн хуулийг өөрчлөхийн утга юунд байна вэ, өөрчлөх хэрэг байсан уу?
Хууль тогтоох нь УИХ-ын бүрэн эрх ч тэд Үндсэн хуулийн алтан хилийг давж гишгэх эрхгүй. “Давхар дээл”-ийн зохицуулалт дээр жишээлэхэд чухамдаа 2024 он болгож Засгийн газрын тухай хуулиар хугацааг хойш татуулахгүйн тулд, УИХ-ын гишүүдийн хууль тогтоох онцгой бүрэн эрхийг хязгаарлахын тулд мөрдөх хугацааг заавал Үндсэн хуулиар зааж өгөх ёстой бөгөөд тэгсэн гэж ойлгож байгаа. Тэр нь тавдугаар сарын 25. Алдаж огноолсон эсэх нь тусдаа асуудал.
Хэрвээ Монгол Улс эрхзүйт төртэй л юм бол тавдугаар сарын 25-наас “давхар дээл”-ийг зохицуулсан Үндсэн хуулийн харилцаа хүчин төгөлдөр болно, мөрдөгдөж эхэлнэ. Сайд нар “дээл”-ээ тайлна. Харин Засгийн газар огцрохгүй. Баталгаатай. Энд гурвын зэрэг үндэслэл бий.
1. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар нь Ерөнхий сайд, сайд нараас бүрдэнэ. Ерөнхий сайд бол Засгийн газрынхаа тал нь. Дангаараа 50 хувь. Иймд Ерөнхий сайд өөрөөсөө гадна танхимын нэг сайдтайгаа /Ерөнхий сайд + 1 сайд / байхад л Засгийн газар эрхзүйн чадамжтай үлдэнэ. 50 хувь + 1 сайд гэдэг утгаар. Гэтэл одоогийн одоогийн танхимаас нэг биш, дөрөв сайд нь УИХ-ын гишүүний “дан дээл”-тэйгээ үлдэх Үндсэн хуулийн эрхтэй. 50 хувь + 4 сайд болох учир Засгийн газар огцрох нөхцөл байдал үүсэхгүй, эрхзүйн чадамж хөндөгдөхгүй. Харин үлдсэн 11 сайдын тухайд асуудал яригдана.
2. Үндсэн хуульд “Засгийн газрын гишүүдийн тал нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар огцрох” хуучин заалт мөн тавдугаар сарын 25-наас хүчингүй болж байгаа.
3. Тавдугаар сарын 25-наас Засгийн газар, ялангуяа Ерөнхий сайдаас эхлээд бүх сайдын томилгоо, огцролт нь УИХ-ын халааснаас бүрэн гарч байгаа. Танхимын сайдаа чөлөөлөх, томилох нь гагцхүү Ерөнхий сайдын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх болж тавдугаар сарын 25-наас эхлэн Үндсэн хуулиар хамгаалагдана. Тэгэхээр үлдсэн 11 сайдаас танхимдаа үлдэх нь УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, УИХ руу явах нь явж, явсных нь оронд Ерөнхий сайд томилгоо хийснээр үйл явдал дуусна. Ерөнхий сайдын захирамжаар чөлөөлнө, Ерөнхий сайдын захирамжаар томилно. Томилгоонд Ерөнхийлөгч, УИХ-ын оролцоо байхгүй. Тавдугаар сарын 25-нд үүнээс өөдтэй улс төрийн үйл явдал байтугай, өлгөөд сонгуулийн сэдэв болгочих улс төрийн хэрүүл ч гарахгүй дээ.
Ер нь тавдугаар сарын 25-нд сайд нарын “давхар дээл”-ийг тайлах, нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгэмд бодитой мэдрүүлэх хамгийн сайн ПиАр болно. Мөн У.Хүрэлсүхийн өөрийнх нь хэлснээр энэ өдрөөс Монгол Улсын Ерөнхий сайд “Шүдгүй арслан” байхаа болино. Бас л түүний хэлснээр Монгол Улсын Ерөнхий сайд энэ өдрөөс гүйцэтгэх засаглаа болон ялсан намаа “засаглах” бүрэн эрх мэдэлтэй болно, “власть”-аа бүтэн авна. Ерөнхий сайд өмнөхөөсөө илүү хүчтэй, бяртай болно. Үүгээрээ “Сонгодог парламентын засаглал бол парламентаа тараах чадамж бүхий Ерөнхий сайдын засаглал мөн” гэх олон улсын утгадаа дөхөж очиж байна. Энэхүү чадамж нь ажил хийе, улс орныхоо төлөө ажиллая гэсэн чин сэтгэлтэй үе, үеийн Ерөнхий сайдын мөрөөдөл байлаа. Харин энэ УИХ-ын үед Үндсэн хуульд өөрчлөлт хийж, анхны Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх байж таарлаа. Азтай, хувьтай л байна. Энэ өөрчлөлтийг хийж чадсан УИХ-ын бүрэлдэхүүнд, эрх баригч намын даргын хувьд улс төрийн манлайлал үзүүлсэн МАН-ын даргад, дэмжиж түүчээлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид, АН-ын болон бүлгийн дарга нарт баяр хүргэе. УИХ-ын даргын манлайлал ч байсан нь гарцаагүй. Хэдийгээр “Бүрэн зураглал” гэж нэвтрүүлэгт дүрс нь таллаад ч болов гараагүй хэрнээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн голыг нугалж, “гал тогоонд нь гурил зуурсан”-ы төлөө Д.Лүндээжанцан, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарт, мөн нарийн яривал энэ УИХ-ын үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн “галт тэрэг”-ийг хамгийн анх хөдөлгөсөн тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нарт ч баяр хүргэх нь зүйн хэрэг. Түүх үнэнээрээ байх ёстой. Юу ч гэж дуудуулахаасаа үл хамраан тухайн он цаг, үйл явдлын үнэнийг бичих нь сэтгүүлчдийн үүрэг юм. Үндсэн хуулийн өөрчлөлт өөрөө улс төрийн баримт бичиг. Дээр нь зөвхөн улс төрийн зөвшилцлөөр шийдэгддэг нийгмийн хамгийн том гэрээ. Тийм учраас улстөрчдийн манлайллын “малгай” дор мэргэжлийн олон сайн хуульчид, эрдэмтэн багш нар, УИХ-ын Тамгын газрынхны хүчээр өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлт бүтсэн нь гарцаагүй түүхэн үнэн юм.
Үүнээс гадна тавдугаар сарын 25-наас, энэ удаагийнхаас эхлээд УИХ-ын сонгуулийн өнгө ч өөрчлөгдөнө. Өмнө нь сайд болох шалгуур хангах, шат ахин нэг гишгэхийн тулд УИХ-ыг босго намхантай дамжаа болгож дуртай нь зүтгэдэг байлаа. Одоо ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог, Ерөнхий сайд нь засаглах бүрэн эрхтэй болсноор УИХ-ын сонгууль бол хэн нь гүйцэтгэх засаглалын тэргүүн болох Ерөнхий сайдын сонгууль болон өөрчлөгдөж байна. Сонгуульд намаа ялуулах нь намын рейтинг, нэр хүндээс гадна Ерөнхий сайд болох намын даргын улс төрийн манлайлал, туршлага мэдлэг, баг хамт олон, нэр хүндээс ихээхэн хамарна. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр 2020 оны сонгуулийг буулгаж харвал өнөөдөр гол намуудын дарга У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, нэмээд эвслийн тэргүүн Н.Энхбаяр нарын хэн нь дараагийн Ерөнхий сайд болох өрсөлдөөн, хувь улстөрчдийн манлайлал дээр явах нь. Үүгээрээ улс төрийн нам ч фракцуудын нэгдлээс лидер дагасан нэгдэл рүү хүссэн эс хүссэн ч орох болов. Сонирхолтой нь, нийгэм ч өөрөө үүнд бэлтгэгдсэн мэт намуудын рейтинг өнөөдөр түүхэнд байгаагүйгээр унажээ. Нэмээд нэр дэвшигчдээсээ 100-400 сая төгрөгийн дэнчин нэхэж буй АН-ын бодлого, үйлдэл нь бүр нэрмээс болов. УИХ-ын гишүүний сарын цалин 2 сая төгрөг гэвэл дөрвөн жилийн цалингийн орлого нь татвар тооцохгүй дүнгээр 96 сая төгрөг. Дэнчинд төлсөн 100 саядаа ч хүрэхгүй. Гэтэл 96 саяын орлогын төлөө 400 саяыг дэнчингээр зарлагадан зүтгэхийн цаад улс төр, цаад орлогыг л ойлгохгүй юм.
Г.Отгонбаяр
Эх сурвалж: Itoim.mn