ЭХЛЭЛ ХЭМЭЭХҮЙ БЯЦХАН БОДРОЛ
Цаг хугацааг хамгийн хөдөлмөрч бас оюунлаг хүмүүс л эзэгнэдэг гэдэг. Тэгвэл тэдний нэг нь “Хүмүүн судар” булангийн маань хүндтэй зочин Гомбожавын Жигжидсүрэн мөнөөс мөн юмаа.
Нарны хорвоод учир шалтгаангүй юм гэж үгүй. Түүн лүгээ өнөөгийн Төв аймгийн Баян сумын нутаг цээл сайхан талын нэгэн сэжүүрт “Үзүүр шанд” хэмээх газрыг зочин маань миний унасан хөрс шороо гэж хэлдэг юм билээ.
Энэ л нутгийн нэгэн бууц Гүн галуутайд Монголын уран зохиолыг үндэслэгчийн нэг, их зохиолч Дашдоржийн Нацагдорж мэндэлсэн гэдэг. Тэгэхээр тал хээрийн дулаахан өвөр болсон энэ нутаг яруу найраг, урлагийн тэнгэр тэтгэсэн газар юмсан уу.
Д.Нацагдоржийн “Миний нутаг” алдарт шүлгийн мөрүүд асгарч байсан тэр нутгаас төрсөн Г.Жигжидсүрэн хэмээх хүмүүн монгол киноны гол судсыг атган амьдарч яваа юм байна гэж санах.
Тиймээ киногоор овоглосон энэхүү урлагийн нэг том салбарын гол ачааг жар шахам жил үүрэлцсэн түүчээ нь юм.
Түүний эмээгийнх нь үдэш бүхэн ярьж өгдөг байсан үлгэр, домгийн ач буян Жигжидсүрэнг урлагийн ертөнцнөө нүүдэл, суудал хийхэд гүнзгий нөлөөлсөн байж таардаг.
Киноны найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээл олон киног бид мэднэ. “Анхны алхам”, “Суварган цэнхэр уулс”, “Говийн нүдэн, “Зарлаагүй дайны оршил”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр”, “Нарны унага” гээд урсах. Олон кино бий. Кино бүгдийг нь шахам бид мэднэ. Үзсэн өгүүлж барашгүй сэтгэл хөндсөн торгон агшин бүрийг тархиндаа бат шингээж авсан байдгиймаа.
Бүтээлээрээ энэ хүн киноны хувьд үндэсний дархлааг бий болголцож яваа гэж хэлж болно.
Кинонуудаас нь баатарлаг дайчин эрсийн эрэлхэг явдал, хүмүүний мөн чанар, хайр дурлалын нандин хэлхээ гээд юу эсийг мэдэрдэг ээ, биднүүс.
Энд уран бүтээлийнх нь найз нөхөр Монгол Улсын Хөдөмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн үнэлгээг иш татъя. Тэрбээр:
Г.Жигжидсүрэн анхны бүтээл “Анхны алхам” киногоороо Монголын кино урлагт “шивнэж” биш “хашгирч” орж ирсэн найруулагч. Энэ киноны зохиомж нь урьд өмнө байгаагүй энгийн хүүрнэлтэй эгэл амьдралыг өгүүлсэн эхний алхам байсан.
Найруулагчийн өөрийнх нь ажил уран бүтээлийн “дэлбэрэлт” байсан.
Унших мэдрэхээс агшин ч хол байдаггүй, дотроо гэрэлтэй бас авьяасын хувьд ганцхан “хонины морьтой” нэгэн яав ч биш ээ. Миний түүнийг хүндэтгэхийн шалтаг үүнд л байдаг даа гэсэн бий.
Тиймээ. Г.Жигжидсүрэн зүрхэндээ аялгуутай. Тэр аялгуу нь кино. Бас түүний дэргэд байгсад кино урлагт нэг л мэдэхнээ уруу татагдчихдаг гэх. Гэр бүлээрээ киноныхон гэж ч болно. Эхнэр Д.Цэцгээ уг нь цахилгааны инженер хүн. Яамны хэмжээнд хүртэл ажиллаж явсан юм билээ. Гэтэл нэг л өдөр “Жийгээд” уруу татагдаад кино ярьдаг, ном бичдэг, бас кино зүүдэлдэг болсон гэх.
Одоо бол тэр хасах, нэмэх цэнэг өндөр нам хүчдэл гэж огт дурсахгүй оронд нь кино л ярина.
Монгол киног Г.Жигжидсүрэнгүйгээр, Г.Жигжидсүрэнг киногүйгээр төсөөлшгүй гэсэн нэг чихнээ чимэгтэй үг бий. Оносон үг юм даа.
Кино гэдэг тэр чигээрээ амьд ертөнц болохоор үзэгчдийг уйдаадаггүй нэгэн увидас шингээжээ.
Тэр увидасыг дархлагч нэг нь Монгол Улсын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Гомбожавын Жигжидсүрэн ажгуу.
Түүнтэй ярилцахуйд кино урлагийн асар тэнгэрнээ аялах шиг л болхиймаа.
АЙЛЫН ГАНЦ ХҮҮ, КИНОНЫ ХҮҮ БОЛСОН ТҮҮХ
–Хүн өөрийн бага нас цаашлаад аав, ижийнхээ тухай дурсан ярих сайхан байдаг. Эндээс хоёул яриагаа эхлэх үү?
-Би Төв аймгийн Баян сумын харъяат, аав Ж.Гомбожав маань санхүүч хүн байсан. Хүний ганц хүү болохоор аав, ижийн гар дээр эрхэлж өссөн. Жаахан дураараа ийм нэгэн байж.
Улаанбаатарт өссөн дөө. Манайх Улсын Их Сургуулийн ард байх “Ард Аюуш”-ийн гудамжинд байдаг байлаа. Миний тоглодог газар Сүхбаатарын талбай, Их Сургуулийн урд талын чөлөө байлаа. Бас нэг үе цэцэрлэгт явж байсан. Эмээ Л.Дуламханд надад гоё гоё үлгэр ярьж өгнө. Цэцэрлэгт орсноосоо хойш шүлэг их чээжилдэг. Үүнээс болсон биз. Яруу найраг, зохиол их уншина. Дунд сургуульд байхдаа дугуйланд явна. Үдэшлэг олон нийт хөтөлнө. Өөрөө шүлэг бичнэ. “Залуу гварди” жүжиг тоглуулж байлаа. Ингээд л утга зохиолоор дамжиж кинонд очсон хүн юм даа.
–Дунд сургуулиа төгсөөд киноны сургуульд явсан юм уу?
-Үгүй ээ. Бас жаахан түвэгтэй зам туулж байж киноны сургуульд орсон. Бидний үед сургуульд ороход конкурс энээ тэрээ гэж байсангүй. Харин гайгүй сайн сурлагатай нь гадаадын хуваарь авдаг байлаа.
Би чинь кино ч гээгүй. Зохиолч болох сургуульд явна гэсэн бодолтой байтал миний бодож байсан М.Горькийн сургуулийн хуваарь ирсэнгүй. Намайг Эрхүүгийн Их Сургуулийн хуулийн ангид хуваарь өгдөг юм. Өөрөө бол явчихбал ч явчих санаа төрж байлаа. Гэтэл ижий маань
-Би хүүгээ Мөрдөн байцаагч болгохгүй гэж цааргалдаг юм. Тэгж байтал би Ч.Лодойдамба гуайтай таарав. Намайг шүлэг зохиол оролддог гэдгийг мэднэ л дээ.
За хө яасан ийсэн гэж байна. Би учир явдлыг хэллээ. Тэгсэн чинь
-Чи кино үйлдвэрт нэг жил ажиллачих. Хойтонгоос чамайг киноны зохиолчийн сургуульд явуулж өгье гэж байна.
Тэгээд л би кино үйлдвэрийн босго алхсан даа. 1961 онд Д.Чимэд-Осор гуай, Ц.Дамдинсүрэн гуайн зохиолоор “Гологдсон хүүхэн” киног хийхэд туслах найруулагчаар ажилласан маань киноны хүн болох эхлэл тавигдсан гэж боддог.
Хоёр жилийн дараа ЗХУ-д Кино урлагийн дээд сургуульд элсэж кино найруулагч, зохиолчийн мэргэжлээр төгссөн. Ийм л түүхтэй.
Сургуулиа дүүргэж ирээд кино үйлдвэртээ дагалдангаас ерөнхий найруулагч хүртэл ажиллаж 1995 онд үйлдвэрээ таран тартал байсан даа.
Тиймээс Монголын киночдын ололт, амжилт баяр бахархал алдаа оноотой хутгалдаж л явлаа.
Үүнийхээ хүчинд Монголын киноны түүхэн тоймыг нэлээд гадарлах болсон.
–Энэ мэргэжилд хөтөлсөн багш чинь хэн бэ?
-Монголын киноны нэрт жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осор гуай, Д.Жигжид гуай, Орос талдаа И.В.Кулышов гэдэг багш. Бүгд ардын жүжигчин хүмүүс. Ийм гурван том хүнийг багшаа гэдэг.
МОНГОЛ КИНОНЫ ТУХАЙ ХЭДЭН ӨДӨР Ч ЯРИАД ДУУСАХГҮЙ
–Таныг кино үйлдвэрт ажиллах 50 гаруй жилийн хугацаанд олон арван кино бүтээгдсэн нь мэдээж. Энэ тухай ярьвал монгол киноны түүхийн 80 жилийн түүх бараг хэлэгдэх байх л даа…
-Тэгэлгүй яахав. Монгол кино үйлдвэрийнхэн уран сайхны 300-гаад бүрэн хэмжээний кино, 900 гаруй баримтат кино бүтээсэн байдаг юм.
Уран сайхны киноны 25 нь миний хийсэн кино л доо. Миний сүүлд гаргасан “Сүүдэр шийний хүүхдүүд” номд 55-25 гэсэн код байдгийг анзаарсан бол нэг юм хэлнэ. Уг номд 55 киноны түүх, шүүмж гардаг. Энд миний киноноос 25-уулаа биш 10-аад нь орсон юм.
–Өөрөө бас нэлээд олон кино зохиол туурвисан байхаа?
-Арваад кино зохиол бичиж дээ. Дийлэнх нь кино болсон . Гэхдээ яг өөрөө зохиолыг нь бичээд найруулсан кино ховор. Кино гэдэг чинь хамтын бүтээл юм чинь.
–Миний сонссоноор “Хүний амь” кино таны жинхэнэ өөрийн бүтээл юм биш үү. Ер нь нэлээн түвэгтэй саадтай бүтсэн кино гэдэг шиг санагддаг юм.
-Тиймээ тухайн үед главлет-/Утга зохиол хянах газар/-ын хяналт гэж ёстой хяргадаг байлаа шүү дээ. “Хүний амь” киног социалист нийгмийн үзэл санаанд тохирохгүй хар сэдэвтэй, муу муухай юм харуулах гэлээ гээд. Харин тэр киноны амийг аварсан хүн нь генерал С.Бүдрагчаа гуай л даа.
–Ер нь дэлгэцэнд гаргахгүй гээд байсан юм уу?
-Гаргахгүй ч гээгүй л дээ. Гол хэсгийг нь хасчих гээд байсан юм. Би “Говийн нүдэн” гэдэг киногоо ёстой нэг хяргуулж сүнс сүлдийг доройтуулсан хүн. С.Эрдэнэ гуайн туужаар хоёр ангитай хийсэн кино байлаа. Уг нь эрдэмтэн хүний ажил үйлсийн сэдэвтэй. Уран сайхны тал нь гэр бүлийн асуудлыг нь гайгүй хөндсөн үйл явдалтай байсан юм. Гэтэл Соёлын яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Лувсанвандангаас өгсүүлээд зарим хүмүүсийн санаанд нийцсэнгүй юм байх. Тэд эрдэмтэн хүний ажил амьдралыг гаргахдаа гэр бүлийн будлиан самуунд хутгасан байна гээд.
Тэгээд учиртай, сонирхолтой бүхнийг нь хасчихсан юм. Кино тийм аятай болж чадаагүйн учир тэр. Ер нь ганц миний тэр кино ч биш олон хүний бүтээлийг уран сайхны зөвлөлийнхөн, главлетийнхан үрэн таран болгосон баримт бий.
–Та тэр хүний амь киногоо “Миний амь” нэртэйгээр үргэлжлүүлж хийнэ гэсэн гэдэг бил үү?
-Телевизийн хэдэн ангитай кино хийсэн л дээ. Нэрийг “Миний амь” биш “Аймшигтай нүүдэл” гэж. Тэгээд “Хүний амь” киноны гол гурван дүр амьд байгаа юм чинь 40 жилийн дараа тэдний хэн хэн болсон бэ? гэдгийг үзүүлсэн. П.Цэрэндагва бол нэг томоохон олигархи, Ш.Гүрбазар болохоор түүний гар хөлийн үзүүрт зарагдаж явдаг нөхөр, Ц.Төмөрбаатар хяналт шалгалтын хүн болсон тухай зургаан ангитай кино бүтээгдсэн.
Ер нь зарим киног үргэлжлүүлж хийгээч гэсэн санал ирж л байсан. Анхны алхам ялангуяа “Суварган цэнхэр уулс” киноны хувьд зөндөө санал ирсэн. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Нэг гайгүй болоод үзэгчдэд хүрсэн юмыг дахиад хийхээр заавал тааруу болдог талтай. Тиймээс нэгэнт аятай болсон юмаа эвдээд яахав гэсэн бодол надад байдаг юм.
–Таны анхны ном чинь “Нэвтэрхий толь” байхаа?
-Монгол киноны нэвтэрхий толь/энциклопед/ л доо. Хоёр дэвтэр энэ номын дийлэнх ноён нурууг манай эхнэр Д.Цэцгээ л босгосон доо. Би цуглуулсан бүгдийг нь нэг раманд зангидаж өгсөн. Энд нэг онцлог нь монгол кинотой холбоотой түүхэн баримтууд сайн оруулахыг хичээсэн дээ. Жишээлбэл, кино үйлдвэрийн 1975-2005 он хүртэл үеүдэд киног хэрхэн бүтээв, кино бүтээгчид хэрхэн ажиллаж амжуулж үйлээ үзэж байсан гэдгийг энд багтаасан. Тэр нь нэвтэрхий толийн утга санаанд төдийлэн нийцэхгүй ч зүгээр л илүү сонирхолтой болгосон гэж боддог. Дараа нь хоёр дахь ботийг нэлээд зовж хийсэн. Уг ботид кино бүтээгчдийн шинэ үеийнхний тухай юм л даа.
–Монгол кино 80 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд маш олон кино бүтээгдсэн байдаг?
-Тиймээ уран сайхны гэвэл 300-гаад кино, баримтат кино гэвэл тоймгүй олон шүү дээ.
–Таныг анх кино үйлдвэрт очих үе, сүүлд 1995 онд кино үйлдвэр тарах тэр хооронд кино үйлдвэрийн байдал ер нь ямархуу байсан бэ?
-Анх намайг очиход кино үйлдвэр чинь олны мэдэхээр Баасан авгайн чөлөөт ахмадын холбоо байсан урьдынхаар бол улсын симфони хөгжмийн өргөө байсан байшинд байрладаг байсан юм. Тэр жижигхэн байшинд багтсан кино үйлдвэр ямархуу хэмжээтэй байсан нь ойлгомжтой шүү дээ. Жилдээ уран сайхны хоёр кино хийнэ. Кино мэдээ 14 хоногт нэг удаа хийнэ. Ийм л байв. Уран сайхны удирдаачаар Ц.Зандраа гуай, Р.Доржпалам гуай нар ээлжилж хийж байсан. Мөн уран сайхны кинонд нь Д.Жигжид гуай гол хүн байв.
Үйлдвэр сүүлдээ уран сайхны зургаан кино, 200-гаад бүлэг баримтат киног долоо хоногт хийдэг болсон. Хожим нь орчуулгын кино орж ирсэн. Том ч байр байшинтай болсон. Киноны дотор авах зургийг өөрийн байрандаа хийх боломжтой болсон байв. Цөөн жилийн дотор сүрхий өсч хөгжсөн өвөрмөц түүх Монголын кино үйлдвэрийнх гэж болно.Техникийн хувьд ч уран бүтээлчдийн чанар чансаа ч нэлээд өссөн. Сайн сайн өвөрмөц сэтгэлгээтэй, арга барилтай найруулагчид, зураачид ажиллаж байлаа.
Хэдэн кино гадаадын кино наадам фествальд амжилттай оролцсон. Олон улсын кино наадмын анхны шагнал авсан кино бол Д.Жигжид гуайн “Ардын элч” киноны Цэвэлсүрэн гавьяат монгол эмэгтэйн дүрээр авсан. Киноны мэргэшсэн зохиолчидтой болсон байв. Кинонд зохиол хамгийн чухал нь байдаг.
–Монголын анхны уран сайхны кино “Монгол хүү, Норжмаагийн зам” хоёрын аль нь юм бэ?
-“Монгол хүү” түрүүчийнх нь Гэхдээ ийм юм л даа. Товчхон хэлэхэд монгол хүн анх бие дааж зохиолоо бичээд өөрөө найруулж хийсэн кино бол “Норжмаагийн зам” Т.Нацагдорж гуайн бүтээл. Анхны гэх агуулга нь энд байгаа юм. Тэр үед Гэгээрлийн яамны захиалгаар боловсон эмнэлэг гэдгийг сурталчлах зорилготой бүтээгдсэн кино гэдэг юм л даа. Ер нь бол төрийн бодлогыг дагасан ажил энэ байлаа ч гэж болох. Яах ч аргагүй анхны кино.
Харин “Монгол хүү” бол зүгээр монголчуудын амьдрал, монгол хүн гэж ер нь хэн бэ гэдгийг харуулах зорилготой хийсэн кино. Найруулагч, зураглаач нар нь орос хүмүүс. Гэтэл зарим нөхөд “Монгол хүү”-г анхны кино гэж тэмдэглэсэн тал бий. Уг нь бол кинонд гарч байгаа үйл явдал дийлэнх нь хилийн цаана авагдсан байдаг юм.
Д.Чимэд-Осорын найруулсан “Гологдсон хүүхэн” киноны зураг авалтын талбарт. 1961 он
–Монголд Оросын болоод Зөвлөлтийн мэргэжилтэн ажиллаж байгаагүй салбар гэж бараг байхгүй. Кинонд бас л байжээ?
-Орос мэргэжилтнүүд эхний үед байсан ч сүүлдээ тийм ч суурин байгаагүй ээ. Харин кино үйлдвэрт хоёр хүн ирж тусласан удаа бий. Нэг нь Ю.В.Тарич гэж том найруулагч. Энэ хүн яагаад ирэх болсон юм бэ гэвэл дайн эхэлчихсэн үед урлаг уран зохиол эх оронч сэдэв голлож байлаа. Оросын хувьд Чипаев, Богдан Мелинский гээд хүмүүсийнхээ тухай кино хийчихсэн байсан. Тиймээс маршал Х.Чойбалсан манайд тийм кино хэрэгтэй байна гээд 1940-өөд оны эхээр И.В.Сталинтай уулзахдаа
-Манай киночид тун ядмагхан. Гэтэл монгол баатруудынхаа тухай кино хиймээр байна. Тиймээс бидэнд туслаач гэж. Тэгээд Ю.В.Тарич гуайг ирүүлсэн юм гэдэг. Тэр хүн ирээд Б.Ренчин гуайтай хамтарч “Цогт тайж” киноны зохиолыг бичсэн.
Тэгээд киногоо бүтээсэн. Б.Ренчин гуай мэт хүмүүс төрийн шагнал хүртсэн. Гэхдээ гол авторын хувьд маапаан бий л дээ. Дэлгэцэнд харахад кино зохиолыг бичсэн Б.Ренчин, Ю.В.Тарич гэж гардаг тэгсэн хэрнээ ерөнхий найруулагч М.Болд, М.Лувсанжамц гэсэн бий.
Уг нь бол ерөнхий найруулагч гэж бичигдэх хүн нь герман Б.Гомбо гэдэг хүн байсан юм билээ. Яагаад гэхээр Болд чинь монтажчин, М.Лувсанжамц нь зохион байгуулалт хариуцсан хүн байсан. Энэ бол миний гаргалгаа л даа. Зарим хүн үүнийг зөвшөөрдөггүй. Сонин түүх шүү.
–Киног бол хамтын бүтээл гэдэг. Гэхдээ чухам хэнд нь голлох үүрэг ногддог юм бэ. Үзэгчид үүнийг ялгаж ойлгодоггүй л дээ?
-Киног бол найруулагчаар нь овоглодог дэлхийн жишиг бичигдээгүй хууль бий.Тэгэхээр кино найруулагч гэж чухам хэн юм бэ гэж лавлах юм бол үндсэн хоёр санаа бий. Нэг нь симфони хөгжмийн удирдагчтай зүйрлэж байгаа юм. Хоёр дахь нь цэргийн командлагчтай адилтган үздэг. Үүнийг бол би зөв жишилт гэж боддог. Халх голын дайны үед бүхнийг хэн командалж захирч байв. Цэргийн жанжин нь Жуков байлаа шүү дээ, хэн ч маргахгүй дээ үүнтэй.
–Найруулагч хүн чинь эх зохиолд хүртэл баригдаад байдаггүй гэдэг. Гэхдээ янз бүрийн арга барилтай найруулагчид байсан л байх даа?
-Тиймээ, зохиолыг яг дагаад байх шаардлагагүй л дээ. Гэвч найруулагч нарын арга барил өөр өөр гэдэг ч үнэн. Тухайлбал, Д.Жигжид гуай гэхэд зохиолоо уншчихаад найруулагчийн зохиолоо бичнэ. Яг зургийн талбай дээр очоод жүжигчинтэй ажиллахаараа зохиолоо яг барьчихна. Энэ нь зураглаачаар олон жил ажилласан хүний арга барил нүдэндээ орчихсон байдгийнх байсан болов уу. Тэгвэл тэр хүний шавь гэх атлаа миний арга барил шал өөр.
–Кино урлаг бол тэр чигээрээ амьд ертөнц. Тиймээс хүн уйдахгүй үзээд байдаг байх л даа?
...сүүлийн үеийн кинонууд урлаг талаасаа туйлын ядмаг болчихоод байна...
-Тийм л дээ. Уран сайхны кино гэхэд ямар ч кино байж болно. 1950, 1960-аад оны киног аваад үзэхэд онцлог нь Монголын нийгмийн байдал тэр чигээрээ харагдаж байдаг шүү дээ. Хот суурин, тэр үеийн хөдөө нутаг, хүний үс гэзэг, хувцаслалт бүх юм байгаагаараа үлдсэн байдаг. Энэ бол урлагийн нэг гол хүч нь. Харин одоо бол сүүлийн үеийн кинонууд урлаг талаасаа туйлын ядмаг болчихоод байна л даа.
УРЛАГ, МӨНГӨ ХОЁР ХАМТ БАЙЖ ХЭЗЭЭ Ч ТААРАХГҮЙ
–Би нэг ном уншиж байхад В.И.Ленин “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэж хэлсэн бол одоо “Урлагийн бизнес дотроос хамгийн чухал нь кино” гэж хөрвүүлчихсэн байсан.
-Өнөөгийн кино зөвхөн арилжааны хэрэгсэл болсныг хэлсэн үг тэр байна л даа. Кино бүтээнэ гэхээр мөнгө хөөсөн бодол нь давамгайлчихаад байна. Тэгэхээр урлаг, мөнгө хоёр хамт байна гэж хэзээ ч таарахгүй ээ.
–Эндээс үүдээд асуухад кино бүтээх орчин нөхцөл ямар байна, техник хэрэгсэл сайн байна уу, үгүй юу гэдгээс кино сайн, муу болох нь шалтгаалдаг юм биш шиг байна л даа. Дээр үеийн кинонуудыг үзэхэд ийм бодол төрдөг?
...техник, технологи мундаг байвал л кино сайн болно гэдэг үгүй юм...
-Бид хоёрын ярианы гол асуудал энэ юм л даа. Кино гэдэг бүхэл бүтэн цогц зүйл. Зохиол чамбай байна уу, найруулагч ямар ажиллав. Жүжигчдийн жүжиглэл хэр болсон гээд олон талын шалтгаантай. Гэтэл их мөнгө байгаад техник, технологи мундаг байвал л кино сайн болно гэдэг үгүй юм. Тийм бол сүүлийн үед гараад байгаа кинонууд сайн болох нь яасан юм.
Олигтой нь тун ховор байгаа шүү дээ. Жар, далаад оны кинонууд шиг дахин дахин үзмээр кино л лав байхгүй дээ. Уг нь үзэл суртлын хүлээснээс тайлагдчихаад 30-аад жил болж байхад өсөх өөдлөх байтал тийм биш байна. Бүтээл гэж бодоогүй мөнгө гэж харсан кинонцорууд яаж ч сайн болох вэ дээ.
–Дүр бүтээдэг жүжигчид ч бараг алга юм шиг…?
-Яг тийм. Зохиолд гарсан дүрд чадах жүжигчнээ олох гэж найруулагч хүн нажидаа эдэлдэг юм шүү дээ. Гол дүрийн жүжигчнээ олж чадаагүйгээс киногоо хойшлуулж байсан баримт ч бий. Кино зохиолыг жүжигчиндээ зориулаад биччих явдал ч бий.
Би гэхэд “Хүний амь” киноны гурван гол дүрийг Ц.Төмөрбаатар /Эрдэнэ/, П.Цэрэндагва /Лхүндэв/, Ш.Гүрбазар /Саруул/ нарыг бодож байгаад зохиолоо бичсэн.Ингэж бичих амар. Б.Лхагвасүрэн “Хүн чулууны нулимс” киног Д.Цэрэнпагмад зориулж бичсэн гэдэг юм. Тиймээс “галзуу Цэвэл”-ийн дүр ёстой галзуу дүр болсон байдаг.
–Ер нь кинонд дүр бүтээнэ гэдэг онцгой авьяас шаардсан ажил байх шүү?
-Тэгэлгүй яахав. Дүрийг бол бүтээдэг. Ролийг бол тоглодог юм. Би дүр бүтээсэн гэж Д.Чимэд-Осор гуай, А.Очирбат гуай, Т.Цэвээнжав гуай, тэр Б.Цэрэнпагма, Н.Дагийранз, хоёр Цэгмэд нарын хүмүүс бол хэлж болноо доо. Оросын ардын жүжигчин Плотников гуай 70 насныхаа ойгоор ингэж хэлсэн байдаг юм.
-Би энэ театрт 50-иад жил ажиллалаа. Энэ хугацаанд 300-гаад рольд тоглосон. Тэр дотроос 2-3 хан дүр бүтээсэн гэж өөрийгөө дүгнэсэн байгаа юм.
Гэтэл өнөөгийн кинонд нэг рольд тоглосон залуу нөхөр “Би дүр бүтээсэн” гэж зовох ч үгүй хэлж байх юм. Хажуугаас нь зовмоор.Ер нь урлагийн дээд сургуульд суралцуулж төгсгөлөө гээд тухайн хүнийг найруулагч, жүжигчин мэргэжилтэй болголоо гэж үздэг нь оновчгүй зүйл л дээ.
Тэр дээр үеийн киноны алдартай жүжигчид тэгвэл миний дээр нэрийг дурдагдсан хүмүүс бол авьяас нь дарс шиг иссэн хүмүүс байлаа шүү дээ. Ямар ч сургууль төгсөөгүй хүмүүс шүү дээ.
–Сүүлийн үеийн кино муухан байгаа гэдгийг зөвхөн бид хоёр яриагүй л дээ. Түмнээрээ ярьдаг асуудал. Тэгэхээр өнөө үед киноны зүтгэлтэн гэхээр хүн дутмаг киног зөвхөн ашиг хонжоо хараад хэт хялбарчилж хийж байх шиг. Ер нь хүн толгойтой бүхэн кино хийх болжээ гэж ч болмоор байна. Энэ талаар таны бодол…?
-Үнэн л дээ. Киноны хэмжүүр их өндөр. ЗХУ-д миний төгссөн кино урлагийн сургуульд гэхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийг элсүүлдэггүй. Харин урлагт сэтгэлтэй авьяастай өөр дээд сургууль төгсгөсөн тийм хүнийг авдаг. Тэгж байж киноны сайн найруулагч, мэргэжилтнийг бэлтгэдэг.
Солонгосын киноны хөгжлийн корпораци гэж бий. Энэ нь Засгийн газрынхаа дэргэд киноны бодлого барьж байгаа байгууллага юм билээ. Зохион байгуулалтын хувьд хувийн хэвшилтэй хамтарч ажилладаг. Өөрийн уран бүтээлчдээ гадаадын киноныхонтой хамтран ажиллахад ч анхаарч, зөвшөөрөл олгодог юм билээ. Энэ нь киноныхоо чанарт их нөлөөлдөг шиг байгаа юм.
–Манайд киноны зохиолч их ховор болжээ дээ. Зохиол ч дутмаг байгаа гэдэг. Энэ нь сүүлийн үеийн кино тааруу болдгийн нэг шалтгаан юм гэж зарим хүн хэлж байхыг сонслоо. Нөгөө талаар өнөөгийн нийгмийн байдал, хүмүүсийн сэтгэл зүйн доройтлыг ашиглаад хөнгөн чанарын хошин шог талын кино л их гарч байнаа даа.
Хошин урлагийнхан гэж зүгээр марзагнадаг нөхөд гарч ирээд тайзан дээр бараг л шалдан бөгсөө харуулчихаад үзэгчид инээхээр “бид сайхан тоглож байна” гэж эндүүрдэг.
-Өнөөгийн нийгмийн тийм далимыг ашиглаад хошин шог руугаа орчихгүй юу. Энэ чинь үзэгчидээ “алж” байгаа юм. Театраар жишээ авъя л даа. Хошин урлагийнхан гэж зүгээр марзагнадаг нөхөд гарч ирээд тайзан дээр бараг л шалдан бөгсөө харуулчихаад үзэгчид инээхээр “бид сайхан тоглож байна” гэж эндүүрдэг. Тэдний тоглолт бол жүжиглэл биш зүгээр доог тохуу юм л даа. Түүнийг хүмүүс нэг хэсэг нь урлаг гээд ойлгочихсон үзээд байдаг болсон. Нэг талаас мэдлэг, оюуны ядуурлын нэг дүр зураг энэ. Кинонд ч адил л даа.
–Хатанбаатар, Мандухай цэцэн хатан, Тунгалаг тамир, Хүргэн хүү мэт шиг сайхан кино сүүлийн үед гарсангүй гэх хүн тааралддаг. Гэтэл зарим нь тийм санааг хэт үгүйсгэж түүхэн баримт, болсон явдлаас сэдэвлэсэн үзчихээр кино ч байна гэж ярих юм. Жишээ нь UBS ТВ-ийнхний хийсэн Содура, “Говийн домог” бас маш нууц гэсэн сэдэвтэй кино гээд л …
-Миний хувийн бодлоор хүн сонирхож байгаагийн хувьд тийм сэтгэгдэл төрж болно. Түүхийн эгзэгтэй үеийн байдал юм уу, тухайн үед болсон үйл явдлын үнэн мөнийг нуучихсан хэсгийг гаргаад тавьсан зэрэг нь сонин л доо. Нөгөө талаар энэ байдлыг “ашиглаад” өнөөгийн оюун санааны доройтолд тааруулан комертизац хийгээд байгаа нь элбэг байна.
Гэхдээ түүхийг үг үсэг алдалгүй дагаж уран сайхны кино хийнэ гэж байхгүй л дээ. Бас миний харамсаж явдаг юм бий л дээ. Монголын түүхэнд тодорсон үндэсний баатар юм уу, их сод хүмүүс тухайлбал, Чингүнжаваас эхлээд Ханддорж ван, То-ван нарын тухай бүгдээр нь кино хийсэн. Харин бүгд кино биш болсон. Яагаад кино биш болсон бэ гэвэл найруулагч дээр л алдааг тохож боддог. Ингэж хэллээ гээд зарим нь надад гомдох байх л даа. Үнэн нь тэр юм чинь.
Түүхийн нэг сэдвийг хөндөөд муу кино нэгэнт хийсэн хойно тэр сэдвээр, тэр хүний тухай дахиад сайн кино төрөх боломжгүй болж байгаа юм. Ү.Аварзэд баатар бид хоёр нэг удаа эмнэлэгт эмчлүүлж байлаа. Тэгэхэд баатар өвгөн гаслаад байх юм. Тэгээд надад чи нэг тус болооч. Чингүнжаваар кино хийж. Би мөнгө, зардлыг нь олж өгье гэсэн. Урьд нь хийгдсэн кино тэр хүнд огт таалагдаагүй юм билээ. Кино хийхэд илж өнгөрнө гэж нэг юм байгаа юм. Кино кино биш болно гэдэг энэ л дээ. Түүхэн сэдэвт зэрэмдэглэлт их газар авсан юм.
Америкийн “Спартак” гэдэг мундаг киног үзэгчид мэднэ. Энэ киног Жорж продюссорыг нь хийхэд өөрөө гол дүрд нь тоглоно гээд өөр найруулагчаар найруулуулж эхлэсэн. Гэтэл нэлээд явж байтал болох шинжгүй болоод ирсэн. Тэгэхээр нь киногоо зогсоогоод найруулагчтайгаа гэрээгээ цуцлаад өөр найруулагч авчирч киногоо дуусгасан гэдэг. Кино ч сайн болсон. Энэ бол продюссор хүний чадвар ямар байсныг харуулсан.
КИНОНД МӨНГӨНӨӨС ТӨРИЙН БОДЛОГО ИЛҮҮ ЧУХАЛ
–Киног нөлөөтэй, хүчтэй урлаг гэдэг. Кино хүн хүмүүжүүлэх зэвсэг гэж үздэг үе ч байв. Нэг ийм үг өгүүлбэр уншсан санагдана. Тэр чинь юу байв гэвэл маш бага улс орныг, маш цөөн үндэстнийг кино л том харагдуулдаг гэж.
-Яг тийм. Наана чинь кинонд төрийн бодлого явж байгаа юм. Солонгос киног манайхан савангийн дуурь гэж нэрлээд муулах гэж оролддог. Тэгвэл Солонгос тэр кинонуудаа төрийн бодлогоор хийдэг байгаа юм. Тийм болохоор Солонгосын түүхийг баяжуулж ойлгуулдаг. Бас их учиртай. Гучин ангитай сериаль хийлээ гэхэд эхний таван анги нь ийм юмыг тодруулж гаргана. Солонгост ийм хаан байсан гэдгийг хэлнэ. Дараагийн таван ангид нь тэр хаан ийм ийм үйл бүтээсэн юм шүү гэдгийг хэлнэ гэх мэтчилэн чиглүүлж өгдөг байгаа юм.
Ингэснээр цаад түүх нь үнэн эсэхийг бүү мэд. Уг кино нь Солонгос чинь Чингис хаанаас ч өмнө ийм хүчирхэг байж шүү дээ гэсэн ойлгоцыг үзэгчдэд өгөөд байгаа юм. Солонгос хэмээх улсын түүхийн үнэнийг ямар бид дүгнэх биш.
–Би Монголынхоо нэг кино театрын даргын ярилцлагыг уншсан. Түүнээс нэг киног ямар хугацаагаар гаргаж байна вэ гэж асуухад тэр дарга хариулахдаа: “Уг кино ямар орлого олж байнав гэдгээс нь шалтгаалж хэчнээн хоног гаргах нь шийдэгддэг” гэж хэлсэн байна лээ.
-Уг нь ашиг орлогоор нь киног үнэлдэг жишиг дэлхий нийтэд бий. Гэхдээ тухайн киног ямар талаас нь илүү олон хүн үзээд байнав гэдэг бас цэгнэж бодох асуудал, Даангүй манай Монголд.Продюсоруудын хооронд байдаг том сүлжээ дэлхийд байдаг. Түүнд манайхан нэгдэж чадахгүй байгаа юм. Тив тивдээ ч сүлжээ бий. Киногоо кино театруудад тараах арга нь бас сүлжээтэй. Уул нь дээхнэ үедээ манайд төв, хөдөөд киногоо хүргэдэг сүлжээ байсан бол одоо байхгүй болчихож. Гадаад ч киногоо гаргаж чадахгүй байна.
–Өнөө үед уран сайхны нэг бүрэн хэмжээний кино хийхэд 50-200 сая төгрөг зарцуулж байна гэх юм. Уг нь кино хийхэд хялбар болсон цаг. Тэгвэл өмнөх үед кино үйлдвэртэй байх үед “Тунгалаг тамир” ч юм уу томоохон киног ямар зардлаар хийдэг байсан бэ. Энэ хоёр үнэлгээг харьцуулж үзэж болох уу?
-Би түүхэн кинон дээр ярья. “Хатанбаатар” киног гэхэд 800 мянга орчим төгрөгөөр хийсэн гэдэг. Тэр үеийн 800 мянга чинь том мөнгө л дөө. Гэтэл “Мандухай цэцэн хатан” киног хийхэд 13 сая төгрөг өгсөн байдаг. Энэ чинь кино үйлдвэрийн таван жилийн киноны төсөвтэй тэнцэх хөрөнгө байлаа. Тиймээс ч кино сайн болсон. Ер нь Монголд улс даяараа хөдөлж дэмжиж хийсэн кино хоёр л бий. Нэг нь “Цогт тайж”, нөгөөх нь “Мандухай цэцэн хатан”.
–Киноны тухай хууль гаргах сураг чимээ намжчих шиг, ер нь юу болсон бэ?
-Хууль гаргана гэж яриад олон жил боллоо. Эхний үед би хууль болгох ажилд нь оролцож л байлаа. Сүүлдээ очихоо байсан. Ер нь бол киноны тухай хуулийг анх санаачилсан үед би яаманд кино хариуцсан мэргэжилтэн байлаа. Хуулийг боловсруулахад ч оролцсон. Гэхдээ Орос, Унгарын киноны хуулийг орчуулж хуулийнхаа дэвсгэрийг гаргаж авч байлаа. Гэтэл сүүлийн үед уг хуулийн төсөл нь киноны биш кино үзвэрийн хууль болгочихсон, яаж мөнгө олохов гэдэг тал нь дийлсэн. Уран бүтээл рүү хандсан нэг ч заалт байхгүй.Тэгэхээр юуны хууль байхав. Би ч оролцохоо больсон.
–Тэгээд тэр хууль одоо ямар шатанд явдаг юм бол?
-Ёстой мэдэхгүй. Хойшлоод л байгаа сураг дуулддаг байсан. Ганц үгээр тодорхойлж хэлбэл мэргэжлийн бус талаас нь харж хийсэн хууль л болж хувирсан юм шиг байна лээ. Би нэг жишээ хэлье. Биднийг Солонгост очиход харагдсан нэг зүйл бий. Аль нэг кино театр шинээр нээх зөвшөөрөл хүсэхэд болзолтой байдаг гэнэ. Тэр нь юу вэ гэвэл танай театрт сар, жилд гарах киноны 50-60 хувь нь Солонгос кино байна шүү гэсэн гэрээ хийгддэг гэнэ лээ. Энэ чинь төрийн бодлого шүү дээ. Үндэснийхээ кино урлагийг дэмжиж байгаа бодлого гэж болно.
–Кино гэдэг урлаг ер нь хэдий үед үүссэн юм бэ? XIX зууны үед гэж л уншсан санагдаж байна.
-Тийм л дээ. 1828 онд гэдэг байхаа. Францын хоёр том инженер ах дүү хоёр нийлж кино хийгээд олон нийтэд үзүүлсэн байдаг. Тэр хоёрын нэг нь химик, нөгөөх нь оптикийн инженер. Тэд нийлж үйлдвэрлэл явуулдаг байсан туршлагадаа тулгуурлаж кино бүтээх санаагаа хэрэгжүүлсэн байгаа юм.
Киногоо үзүүлсэн өдөр нь 1828 оны арван хоёрдугаар сарын 25 гэдэг байхаа. Кино нь “Галт тэрэг ирж байна” гэсэн нэртэй. Ийм зүйл урд нь байгаагүй болохоор хүмүүс ч их сонирхсон. Экраныг нь хүртэл барьж үзэж гайхаж байсан гэдэг юм. Бас анхны уран сайхны маягийн киноны эхлэлийг бас тэр хоёр нөхөр тавьсан гэдэг.
–Мартсанаас мал мэнд үү гэгчээр нэг асуулт асууя. Та ер нь киноны судалгааг хэдий үеэс эхэлж хийсэн юм бэ?
-Намайг хойно сурч байхад миний багш доктор Кулышов гэдэг хүн байсан. Би сургуулиа төгсөж 1967 онд ирчихээд эндээ ажиллаад 1969 онд “Анхны алхам” киногоо хийгээд буцаж очиж дипломоо хамгаалсан. Тэгэхэд манай багш
-Жийгээ чи энд үлд. Аспирант бол гэсэн. Би ч зөвшөөрсөн. Тэгээд тийм санал дэвшүүлсэн албан бичигтэй ирсэн. Би коллегийн хурлаар ордог юм. Тэгсэн гишүүдээс Э.Оюун багш, Н.Чүлтэм гуай хоёр л дэмжсэн. Бусад нь өө юу гэсэн үг юм. Тав, зургаан жил улсын хөрөнгөөр сурч ирээд юу ч бүтээгээгүй ганц кино хийсэн нөхрийг явуулахгүй. Хүчийг нь үзнэ гэдэг байгаа. Тэгээд гүйцээ. Гэхдээ би судалгааны ажлаа орхиогүй ээ. Анхны бүтээл ч гэх юм уу даа 1970 он гэхэд Монголын уран сайхны киноны жүжигчдийн ур чадварын тухай томоохон өгүүлэл байдаг юм.
–Одоо таны хийж байгаа шиг судалгаа хийдэг хүн киноны салбарт бэлтгэгдэж байгаа юу?
Монголын кино урлаг хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь кино судлаач байхгүйд оршиж байна гэж боддог.
-Байхгүй. Одоо Монголын кино урлаг хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь кино судлаач байхгүйд оршиж байна гэж боддог. Кино шүүмж үзэгчийн сэтгэгдэл төдийхөн л байна шүү дээ. Энэ талаар дүгнэж үзээд надад нэг бодол байдаг юм.
–Түүнийгээ хэлж болох уу?
-Яахав би нэг цөөвтөр хүний хүрээнд кино судлалын кабинет маягийн юм байгуулах санаа төрдөг. Хэдэн жилийн дараа гайгүй залуучууд гарч ирээд аваад яваг. Миний санааг дэмжиж байгаа хүмүүс ч байна л даа.Тийм жижиг байгууллага байгуулаад хааяа цугларч кино шүүмжийн сэдвээр ярилцдаг, болж өгвөл санал онолоо бичдэг сэтгүүлтэй байсан ч зүгээр л дээ.
–Одоо кино хийх зорилго байгаа юу танд ?
-Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй хамтарч нэг томоохон кино хийх бодолтой. “Хүн чулууны нулимс” ч юм уу. “Бүлээн нурам” шиг ч юм уу, хэмжээний хувьд бол. Жаахан газарт хэдхэн хүний дунд болж байгаа үйл явдал мөртлөө цаагуураа улс орны бүр цаашлаад хүн төрөлхтний өмнө зогсож байгаа эмзэг сэдвийг хөндсөн кино болгох л зорилго бий дээ. Кино зохиол бараг бэлэн болж байгаа гэсэн. Б.Лхагваа маань кино зохиолоо “Бурханы шарх” гэж нэрлэсэн гэж байгаа. За тэгээд яагаа ч үгүй байж сюжет ийм тийм гэж яриад юүхэв дээ.
–Таныг сүүлд Монголын үндэсний телевизэд байхдаа бас чамгүй бүтээлтэй ажилласан гэдэг юм билээ.
-Тиймээ. Хийсэн бүтээсэн юмс бий. Наад зах нь киночдын түүхэн дурсамж уулзалтууд зохион байгуулсан. Үзэгчдэд нэлээд хүрсэн дээ. Мөн киноны нэртэй зүтгэлтэн, алдартай зохиолчдын кино хөрөг олныг хийсэн.
Тухайлбал, үзэгчид санаж байгаа байх. Д.Нацагдоржийн амьдралын тухай телевизийн олон ангитай кино хийж үзэгчдийн хүртээл болгосон. Бас “Дэлхийд данстай Монгол өв соёл” гэсэн баримтат цуврал нэвтрүүлэг хийсэн. Энэ сэдвээр төсөл хэрэгжүүлэх учраас цаашид үргэлжлүүлэн хийнэ ээ.
–Бас нэг асуулт байна. Таны номонд “Би кино үйлдвэрээс авлагатай, харин Үндэсний телевизэд бол өртэй гэсэн байсан. Энэ тухай жаахан тайлбар өгнө үү?
-Би чинь Монгол кино үйлдвэрт жинхэнэ даргаас бусад албыг хашсан. Ололт амжилт, алдаа дутагдал бүхэнтэй нь хутгалдаж явахдаа уран бүтээл бүрийн хувь заяаг тэгшитгэх гэж бодол санаагаа зориулж л явсан хүн. Гэтэл 1995 онд кино үйлдвэр тарахад бусдын адил зөвхөн “духан дээрээ” чөлөөт уран бүтээлч гэсэн тамгатай төдий л орхигдсон. Гэхдээ түүнээс хойш миний хувьд киноны ажилдаа үнэнчээр зүтгэж чадсан.Үүний гэрч нь киноныхоо буянаар дэлхийн болон олон улсын кино наадамд оролцож хэд хэдэн удаагийн шагнал хүртэж байлаа. Энэ онд гэхэд Францад болсон олон улсын кино наадамд урилгаар оролцоод ирлээ.
Нэлээн сүүлд чөлөөт уран бүтээлч байхдаа “Урлагийн гавьяат зүтгэлтэн” болсон. Улмаар Монголын Үндэсний Телевизийн 40 жилийн ойгоор тэндхийн тодорхойлолтоор “Ардын жүжигчин” гэх эрхэм дээд цол шагнал авсан даа. Хэлсэн үгийн маань учир тэр. Үнэндээ Монголын кино үйлдвэрт байхад юу авлаа, ямар нэр алдар хүртлээ гэж санах юм байхгүй л дээ. Энэ утгаар авлагатай гэж хэлсэн юм л даа.
Зууны мэдээ
Д.Цэрэннадмид