Арван долоо дугаар жарны шороон хулгана жил буюу аргын 2002 оны намрын шар наран ээсэн нэгэн дурсамжит сайхан өдөр Дорнын их соён гэгээрүүлэгч, ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит "Саран хөхөө" театрын үүдний талбайд сургуулийн сурагчид, ардын авьяастнууд, театрын уран бүтээлчид, үзэгч олон түмэн хангайн цэцэг мэт хувцас алаглан цугларч дорнын говийнхны хүн бүхэн мэдэх, дуулах дуртай нэгэн дууг Сайншанд хот даяар дуурьсгаж байв аа.
Энэ бол 1958 онд Цэндийн Жагдалын өөрийн найз Жалбуугийн Дансранжавын шүлгэнд ая дан оруулсан "Тал нутгийнхны дуу"-г Дорноговь аймгийн хүндэтгэлийн "Сүлд” дуулал болгож батламжилсан ёслолын ажиллагаа юм. Молхи нэгэн бивээр энэ дууны аяыг бүтээсэн эрхэмийн талаар өөрийн мэдэх зүйл дээр ном хэвлэлээс олж харснаа хачирлан уншигч түмнийхээ мэлмийд өргөн барья уу гэлээ. Дууны эзэн маань билгийн тооллын арван зургаа дугаар жарны анхны туулай жилийн намар, аргын 1927 оны есдүгээр сарын 15-нд эх орны алтан хормой дорнын их говийн, мөнөөхөн их хутагтын төрсөн нутаг Гурван Хөвсгөлийн "Овоон жавагтай” гэдэг газар малчин ээж Самбуугаас түмэн олныхоо сонорыг аялгуу эгшиг, уран үгсээр мялаах авьяас өвөрлөсөөр мэндлэсэн ажгуу. Төрүүлсэн үрсээрээ түмэн олондоо үрийн жаргал хайрласан энэ буянт ээж, Жагдал хүүгээ ч бас нутаг усныхаа танил Цэндийндээ үрчлүүлжээ. Цовоо сэргэлэн, эрүүл саруул өссөн, ардын түр сургуулийн анхны сурагчийн нэг Ц.Жагдал хүү маань тэр үеийн сумын Улаанбулангийн эрхлэгч, авъяаслаг хөгжимчин А.Түмэнжаргалаар лимбэ хөгжим заалгаж, хөгжим, дууны амтанд орсон байна.
Тэрвээр арван хэдтэй байхдаа суманд ирсэн төв театрын тоглолтон дээр нэгэн орос хүн (Б.Смирнов, театрын сургагч багш) Монгол ардын дууг олон хүнээр дуулуулахыг үзээд дууг зөвхөн хөгжимдөх, дуулах төдий бус бүр зохиож болох юм байна гэсэн мөрөөдөх сэтгэл анх төрсөн юм байж. Ц.Жагдал хорь арай хүрээгүй байхдаа улсын хэмжээний уран сайхны тэмцээнд оролцож "онц” үнэлгээтэй шалгарч урлаг гэдэг их айлаас анхны шангаа хүртсэн гэдэг. Аугаа их эх орны дайнд Зөвлөлт Холбоот Улсын Улаан арми фашист Германыг ялсан 1945 оны тавдугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн сонины анхны дугаар гарсны учир "Ялалт” гэж нэрлэсэн бөгөөд энэ дугаарыг гар ажиллагаатай "Пионер” гэдэг машинаар хэвлэсэн хүн нь Ц.Жагдал байжихуй. Дорнын говийн авьяаслаг бяцхан хүү маань 1947 онд ардын цэрэгт татагдан цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн салаанд алба хашиж байхдаа Улаанбаатар гарнизон болон сургуулийнхаа залуучуудын байгууллагын идэвхтний болон бага хурлуудад сонгогдон оролцдог байсан нь цэргийн албандаа эрдэм мэдлэг, урлаг, уран сайхны ажлаараа өндөр нэр хүндтэй байсны баримт юм даа. Цэргийн хөгжмийн салаанд алба хааж байхдаа Р.Дамдинбазар (УГЖ), А.Чойнсон зэрэг урлагийн алдартнуудтай дотносон үерхэж, байнга захидлаар харилцаж, тэд нөхөд нь бялар хөгжмийн хулс, нотны цаас явуулж "хулчин шар" хэмээн өхөөрддөг байсан нь дотно үерхлийн тодотгол биз ээ.
Ингээд Ц.Жагдал 1953 онд Улаанбаатар хотноо хөгжмийн багшийн дамжаанд сурапцахдаа аугаа их Гончигсумлаагаар хөгжмийн онол заалгасан гэдэг. Ерөөс түүний хөгжмийн боловсрол олох явц нь анх цэргийн хөгжмийн салаанд алба хаасан, дамжаанд суралцсанаар дуусах мэт боловч угаас өөрийн унаган авъяас, уйгагүй хөдөлмөр, дуу хөгжмийн урлагт дурласан сэтгэл нь түүнд аялгуу зохиох онгод юугий нь эрчилж Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Догмидын хэлсэнчлэн "гарт баригдаж, сэтгэлд тэмтрэгдэм” үгтэй, вальс хэмнэлтэй "Хавар” гэдэг 1955 онд өөрөө үг, аяыг нь зохиосон анхны энэ дуугаараа дорнын говь талдаа, бас өөрийнхөө уран бүтээлд "хаврын урин"-ыг авчирсан тэр үед ёстой л дуугардаг бүхэн дуулдаг, хөдөлдөг болгон бүжиглэдэг, хуруутай бүхэн хөгжимддөг, бүтээл байсныг миний бие мэдэх юм. Тэр үед энэ бичвэрийг тэрлэгч миний бивээр Хэнтий аймгийн Дархан сумын Н.Гэлэгсодов (СТА) эрхлэгчтэй Улаанбулангийн уран сайханч байж дуу, хөгжмийн урлагийн сайханд автан донтож байсан үедээ үеийн залуус Ж.Цагаан, Г.Дашзэгвэ, Ц.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, ахмад уран сайханч О.Жагдаг, Б.Довжид, Мань нартай цуг Улаанбулангийн жижигхэн тайз, олон нийт, үдэшлэг хаа явсан газраа дуулж, хөгжимдөж, бүжиглэж байснаа дурсан санаж амьд баримт нь болж үлдэж дээ.
Ц.Жагдал "Хавар" дуугаа олны хүртээл болгосноос хойш "Гапуун цуваа”, "Атар говь”, "Тал нутгийнхны дуу”, "Уул усны цаана" зэрэг хэдэн арван дуу, шүлэг, бүжиг, хөгжмийн бүтээл, "Нарнаас урьхан”, "Төгсөөгүй тулалдаан" зэрэг бүрэн хэмжээний жүжиг зохиож тоглуулснаас олон бүтээл нь өнөө цагийн уран бүтээлчдийн урын санд орж Монголын радиогийн алтан санд байдаг нь түүний уран бүтээл ардын уламжлалт үг, аялгуунаас үндэслэсэн байдагтай холбоотой бололтой. Үүнээс гадна төв орон нутгийн сонин хэвлэлүүдэд "Та манай говиор аялаарай”, "Малчин бүсгүй", "Хөгжмийн эгшиг" зэрэг олон шүлэг бүтээл нь гарч нийтлэгдсэн нь уншигч, үзэгч, сонсогчдод хүлээн зөвшөөрөгдсөн том уран бүтээлч болохыг баталдаг юм.
Тэрээр олон сум байгууллагын соёл урлагийн өдрүүдийн болон ойн концерт, жүжгийг чадварлаг найруулан тоглуулж байсны дотор зөвхөн Дэлгэрэх сумын сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байхдаа "Баясгалант бага нас” үндэсний хөгжмийн, "Цэнхэр яргуй” үлээвэр хөгжмийн хамтлагуудыг байгуулан ажиллуулж "Монголын пионер сурагчдын урлагийн үзлэг”-ийн хошой алтан медаль хүртсэн байдаг. Эндээс дуу хөгжмийн дөртэй болсон, сурлага хүмүүжлийн төлөвшил олсон шавь нар нь байдаг бол "тэнгэрээс унаж, газраас ургасан” мэт байлгүй энэ буянтай багшийнхаа талаар бага ч гэсэн дуугарч ачийг нь дуурсаж алдаршуулах ажил хийгээсэй билээ!
Энэчлэн энэ сайхан уран бүтээлчийн тухай төрсөн нутгийнхан, түүний ажиллаж байсан сум, байгууллагынхан, бүтээл юугий нь уншиж, дуулж байсан, дуу хөгжим заалгасан шавь нар нь, тэр дундаа "Тал нутгийнхны дуу”-гий нь аймгийн хүндэтгэлийн дуугаа болгосон нутгийн удирдлагын байгууллага нь түрүүлж ойн жилд нь ч бол дуугарах байтап чимээгүй байгааг уран бүтээл, түүнийг бүтээгчдийг "нэг удаа урдаа барьдаг бамбай мэт ашиглаад мартан хэлтийддэг болж дээ” хэмээн мунхаглахад хүргэж байна шүү.
Харин 1990-ээд онд Дэлгэрэх сумын уугуул Ц.Жагдал багшийн шавь гэж болох Л.Одончимэд (СГЗ) санаачлан уран бүтээлийнх нь тоглолтыг хийлгэсэн ба ахмад ажилтан Х.Арсэд, С.Ичинхорлоо нар энэ уран бүтээлчийн төлөв байдал, зохиол бүтээлийнх нь тухай нөхдийнх нь яриа, дурьдатгал, дуу шүлгийг нь багтаасан ном, товхимол хоёронтаа гаргасанд үнэхээр баярлууштай. Дашрамд хэлэхэд өнөө ба ирээдүйн ухаантай мэргэдүүд маань энэ уран бүтээлчийн бүтээл юугий нь сурталчлан судлаж, сударлан бичиглээсэй гэж хүсэхдээ хэрвээ тэгэх аваас тийм ч бага бус, бас дэмий ажил гэж үл бодном. Ер нь Ховдын "жижиг” Лувсаншарав, Увсын Цэрэв, Дорнотын Нямбуу, Хэнтийн Дэмбэрэл, Өмнөговийн Чулуундорж, Сүхбаатарын Доржцэрэн, Сэлэнгийн Лхаваанцэрэн... гээд нутаг ус, улс орондоо танигдаж, ард олондоо үнэлэгдсэн нэгэн үеийн дуу хөгжмийн төрөлхийн авъяастнууд тэр үед олон байсныг одоо цагт мартах шахсан нь харуусалтай. Уг нь уламжлал дээр үндэслээгүй шинэчлэл гэж үгүй хэмээн хэн хүнгүй л ярьдаг атлаа зөвхөн өөрсдийгөө мэдээд багшийг мартагч "ичиг, ичиг” гэмээр. Дорнын говийн авьяаслаг морин хуурч А.Баатар арван насаар ах Ц.Жагдалыг "Монголын элсэнд төрсөн Чайковский” хэмээн уулга алдан магтсан байдаг.
Нэгэн удаа алдарт Л.Мөрдөржийг Прага хотод очиход нь Л.Одончимэд хэлмэрчээр ажиллахдаа шүлгийн дэвтэртээ Ц.Жагдалыг зурсанаа саваагүйтэж үзүүлэхэд "Энэ чинь одоо Жагдал уу даа” гэснээ Дорноговийнхон тийм мэдрэмжтэй уран бүтээлчээ үл ялих шалтгаанаар дарж мөхөөсөн өөдгүй амьтас” хэмээн загнасан гэж дурсамждаа бичжээ. Бас "Саран хөхөө” театрын жүжигчин, бидний хайртай шавь Б.Төмөрбаатар (СТА) театр байгуулагдсаны гучин жилийн ойгоор "Хутагт аравнайлсан намтрын сүм” гэдэг түүхчилсэн сайхан ном бүтээж өөртөө болон театртаа "Номон суварга” босгосон.
Энэ номондоо: " ... Гончигсумлаа багшийнх нь "Жаргаах зүрхэн” дуу, Жагдал багшийн өөрийнх нь "Уул усны цаана” гэдэг дуу хоёроос үүдэж "Сул толгой” Жагдалыг "Говийн Гончигсумлаа” гэж нэрлэгдэхэд хүргэсэн..." тухай дурьдаад яруу найрагч, сэтгүүлч Л.Эрдэнэбатын "Жагдал гуай” шүлгийг хавсаргажээ. Тэр шүлгэнд:
... Дэвж яваа бөх шиг Халх Монгол даяараа
Дээлэндээ түүртсэн өвгөний гарын аясыг дагадаг юм.
... Ингэ ботго нийлэлдсэн дорнын их говио
Ижий зөөлнөөр хайрладаг эр хүн байсан юм.
... "Хэнийд хэзээ очихоо хэлэхгүй явлаа би” гэж
Хээр үдшийн саран дор дуулж алхдагбайсан юм.
... Суль ганхсан талынхаа дууч нь явсан танд
Шүлгэн хөшөө босголоо, амар амгалан болтугай
гэсэн мөрүүд нь өвгөн багшийг тодруулсан дурсгал болсон санагдана. Энэхэн бичвэрийг тэрлэгч миний бие энэ бурхнаас заяасан авьяастай, буянтай буурал өвгөнөөр бичиг ном заалгаж, дуу хөгжмөөр шавилаагүй ч гэсэн дуу, хөгжмийн бүтээл нь өчүүхэн намайг дуу хөгжмийн "хэлд орж, хөлөө олоход” тус дэм болсон гэж боддог юм. Ийнхүү эчнээ танил болсноос эхлээд Дорноговь аймагт томилогдон ажилласнаас хойш сайхан танилцаж өөрийнх нь олж тэмдэглэсэн ардын дуу болон зохиосон дуугаар нь дан найрал, цөөхүүл дууны найруулга хийн дуулуулж театрын уран санд оруулж байх явцдаа өөрийн эрхгүй "багш” хэмээн хүндэтгэн авгайлдаг байсан нэгэн билээ. Ц.Жагдал багшийн бүтээл нь миний бодоход сүржигнэж чамирхаагүй, байгаль юмс, хүмүүний амьдралын бодит байдал, сэтгэгдлийг энгийн даруухан байдлаар дүрслэн хэлж аяс дөлгөөн, гоёмсог аялгуугаар илэрхийлэн хэлсэн байдаг нь хүний ухаан бодолд нийцэлтэй бас сонсголонтой сонин сайхан байдаг юм байна гэж төсөөлөгддөг юм.
Энд нэгэн зүйлийг дурьдахад Дорнын говь нутагтаа орчин цагийн дуу хөгжмийн урлагийн "Тулгын гурван чулуу” болсон "Тал нутгийнхны дуу” - Цэндийн Жагдал, "Ээжээ дурсана”- Дашдонойн Пунцагбал, "Алтан говийн унага”- Чойн Банзрагч нарын тухай хааяа нэг бичээд, дурсаад, дуулаад зогсмооргүй. Хөвсгөл аймаг төв талбайдаа Монгол бөхийн алдарт гурван аваргынхаа хөшөөг хүндэтгэн залсны адил алдаршуулан мөнхжүүлээсэй.
Данзанравжаагийн нэрэмжит "Саран хөхөө” театр ч гэсэн хөшөө биш юм гэхэд хөрөг зургийг нь хүндэтгэн залж болно доо. Эдгээр хүмүүсийн бүтээл аймаг улсдаа төдийгүй хилийн чанадад эгшиглэж судлаачдын бүтээлд нэмэр хачир болж байдаг талаар хэн хүнгүй нэгийг бодож нөгөөг хийх цаг оройтож буйг бодмоор боллоо шүү. Өвгөн багшийн тэнгэрт хальсаны дараахан түүний багадаа хурдны морь унахдаа өмсөж байсан малгай, цамц, туухавч, хэрэглэж байсан бялар, лимбэ хөгжим, дуу, шүлгийн гар бичмэл зэрэг зүйлсийг агуулсан Монгол авдрыг аймгийн музейд бидний хэдэн нөхөд хүлээлгэн өгснийг, нягтлан үзэж цэгцлээд үзмэрт залахад яагаад болохгүй байх билээ. Ер нь л бид чинь өнөөг бодохоосоо өнө холыг харж санах сэрэх цаг болж дээ. Бичиг эрдэм соёлын их суутан Ц.Дамдинсүрэн авгай нэгэнтээ "хар авдранд ном бий. Хазгар өвгөнд эрдэм бий. Хамаагүй басч болохгүй” хэмээсэнтэй дүйцэх авьяасын далай Цэндийн Жагдал багш бол хүн төрөлхтний хөгжлийн хорь дахь зууны дундаас хойшхи он жилүүдэд дуучин, хөгжимчин, түмнийхээ таашаалд нийцэж зүрх сэтгэлд оршин үлдсэн, уран сайхан аялгуу дуурьслаараа "хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарилцсан” буянтан мөнөөсөө мөн гэж би ам бардам хэлнэ ээ.
Дорнын их соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нутгийн дуу хөгжмийн авъяаслаг ханхүү Цэндийн Жагдалын бүтээсэн уран яруу хэллэг, аялгуу эгшиг нь түмэн олныхоо дунд үеийн үед дуурсаж байх адисжанлав оршсон агаад авъяасаараа мөнхөрсөн өвгөн багшдаа үгэн хадаг барьж сэтгэлийн зул өргөсүү.
Лувсандоржийн БУЯНХИШИГТ (МУГЖ)