Энэ 2017 онд Д.Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ой тохиож, манай Зохиолчдын байгууллага ойг нь тэмдэглэж, энэ жилийн "Болор цом яруу найргийн тэмцээнийг түүний нэрэмжит болгон явуулж, амьдрал, уран бүтээлийнх нь тухай бичсэн үзэг нэгт анд нөхөд, шавь дүү нарынх нь дурсамж дурдатгал, утга зохиолын судалгаа шүүмжлэлийн эмхэтгэлийг хэвлүүлж, "Цог” сэтгүүлийн нэг дугаарыг зориулжээ. Миний бие 2001 оноос хойш Д.Нямсүрэнгийн уран бүтээлийн тухай "Дорнын найргийн үлгэр-Дорнод Монголын дууч”, 2007 онд "Сүмийн ширээний лаа шиг шүлгийн мөрүүд гэрэлтэх Нямсүрэн судлалыг эхлүүлье”, 2013 онд "Амитаба бурхны сэтгэлээр мөнхийн найраг туурвихуй” зэрэг хэдэн өгүүлэл бичсэн. Бас бус бүтээлдээ ч нэг бус удаа эшлэн дурдсан нь бий. Гэвч тэдгээр ном эмхэтгэлд аль аль нь орсонгүй. Тиймээс их найрагчийн уран бүтээлийн тухай бичсэн өгүүллүүдээ эргэн харж, төрсөн сэтгэгдлээ уншигч танаа хүргэж анам.
Миний бие Д.Нямсүрэнтэй ойр битгий хэл, уулзаж учирч явсангүй. Тийм боломж гараагүй аж. Үүгээрээ түүний олон шавь нар, үзэг нэгт анд нөхөдтэй нь адилгүй. Нямсүрэнгийн анд нөхөд ямар ч олон юм бэ дээ. Ёстой л өөрийнхөө тухай шүлэглэсэнчлэн өнөөх "Бяларын модноо суугч бодь гөрөөс” лугаа адил хүний хайлан байсан болохоор "Зан сайтай айлд хүн болгон цугладаг, замаг сайтай усанд загас болгон цугладаг”-ийн үлгэрээр хүн болгон зорьдог, очдог байсан буй заа. Түүний анд нөхөд, шавь нар гэвэл Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар гээд "Дарьгангын гурвал” хэмээн нэрлэгддэг өнөө цагийн Монгол найргийн нэгэн сод сонин үзэгдлээс эхлээд нутаг нуга нэгт Ц.Жамбалгарав, Ж.Нэргүй, Д.Гансүрэн гээд, Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, Б.Золбаяр, Дарь.Сүхбаатар, Н.Лутбаяр, Т.Содномнамжил, Г.Батбаатар, Ш.Сүхбаатар, Д.Ган-Очир нарын зэрэг ойр дэргэд нь сүр бараа болж явсан бүгдийг нь тоочих гэвэл эцэс төгсгөлгүй юм болох буй заа.
Би Нямсүрэн найрагчтай танил байгаагүй, уулзаж учирч яваагүйгээ дээр дурдсан. Харин "Болор цом”-ын наадам дээр шүлгээ уншиж байхыг нь харж, сонин сэтгүүл дээр шүлгүүд нь гарч, ганц нэг ярилцлага нь нийтлэгдсэн байхыг олзуурхан уншиж, хадгалж явсан төдий. Бас ерээд оны дунд үеэс түүний шүлэг найргийг бусдынхаас нэг л өөр юм байна гэж ойлгон харж, олж уншихыг хичээж, битүүхэн эрэлхийлж явах болсон билээ. Эхний өгүүллээ бичсэн 2001 оны үед би Германд амьдарч байсан агаад Монголоос ном сонин захиж авч үздэг байсны дотор нэгэн дугаарт Нямсүрэнгийн хэдэн сайхан шүлэг нийтлэгдсэн байсныг бүр нэг сэтгэлд нар ургах шиг болж амтлан шимтэн үзэж, хадгалан, байн байн үзэж сэтгэл цэлмэдэг байсан болой.
Тийн нэг удаа Берлиний монголчууд цуглах үед ном зохиол, шүлэг найраг хэлэлцэн агаад намайг тойрон суусан нөхдөдөө Нямсүрэнгийн тэр шүлгүүдийг уншиж өгсөн юм. Бүгд л "Сайхан шүлэг байна. Энэ хэн гэдэг яруу найрагч вэ? гэлцэн, бас ойлгохгүй байна, Юу гэсэн утгатай юм бэ?” гэлцэн сонирхож, би бээр чадлынхаа хэрээр тайлбарлан өгүүлэхүйд дуу алдацгаан: "Ийм байдаг ажээ. Гайхалтай, гайхамшигтай!” хэмээцгээж байсан нь одоо ч сэтгэлд тодхон. Чингээд тэр хэдэн шүлгээс төрсөн сэтгэгдэл, эл монголчуудын цуглаанаас үүдсэн бодол санаагаа цааснаа буулгаж "Дорнын найргийн үлгэр-Дорнод Монголын дууч” өгүүллээ бичиж Монгол руу явуулснаар удалгүй "Өдрийн сонин”-ы тэр оны 11 дүгээр сарын 12-ны дугаарт, дараахан нь бас "Үнэн” сонинд нийтлэгдсэн болой.
Өдгөө тэдгээр өгүүллүүдээсээ эшлэн дурдсу:
"...Түүний шүлгүүд эртний монгол шүлэг, дорно дахины сонгодог яруу найраг ийм л байсан юм шүү хэмээн мартсан, гээснийг эргэн сануулах мэт ээ.
(Төрийн ордонд)
Энэтээх ордонд
Элвдийн хүн зон цуглаж
Тэртээх балрын юм
Хуучлана.
Энэ бодвол урьд шөнө
Лам шувууны
Зулзгаа барьж идсэн
Цаг болой...
Нямсүрэнгийн шүлгүүдийг уншихад үнэхээр гүн гүнзгий дүрслэл бясалгал хөврөн үргэлжлэх агаад тэдгээр нь гүн утга, далд ёгт санаагаар дүүрэн, шүр сувд мэт яруу сайхан үгсээс бүтсэн жинхэнэ сонгодог монгол бичгийн хэлээр бичигдсэн байх аж. Дээрх шүлгийг (Төрийн ордонд) гэж нэрлээгүй бол огт өөрийг бодож мэднэ. Харин чухам чингэж хаалтан дотор нэр оноосноос нь үүдэн элдэв бодол хөврөх нь юун хэмээхүл төрийн ариун хоймор өргөө болсон ордонд "элдвийн” хүн зон цуглаж бах юм гэнэ. Бодохул "урьд шөнө нь лам шувуу зулзгаа барьж идсэн” хэмээх нь мөнөөх аравдугаар сарын хоёрны цуст аллагын шөнийг эрхгүй санагдуулна. Тэр ч атугай "Тэртээх балрын юм хуучлах” нь лав арван жилийн өмнө лам шувуу бас нэгэн зулзгаа барьж идсэнийг улайран хуучилж суугаа мэт...” гэжээ.
Бас 2007 онд "Цаглашгүй” хэмээх гайхамшигт шүлгийнх нь тухай ингэж бичжээ:
ЦАГЛАШГҮЙ
Үзэсгэлэнт галбарвасанд Галбингын янаглан эгшиглэх цаглашгүй
Үзүүрсгэн дээлийн дотоод хормой шүүдэрт норох цаглашгүй
Үзэм болоод чавганы исмэлийг амсахын зуур согтох цаглашгүй
Үүлэн сүүдэр дайраад өнгөрөхийн завсар хасын үзэгдэх цаглашгүй...
гэж эхэлсэн энэ шүлэг цаашлах тусам гүн ухааны гүн сэтгэлэг, гүн мэдрэмжээр улам баяжин төгөлдөржиж байна. Энд уг шүлгийг бүтнээр нь дурдах нь илүүц биз. Харин өөрт төрсөн нэгэн сэтгэгдлийг жишээлэн хэлье:
Марал мичид гудайх шөнийн тэнгэрээд бөртэ чоно улих цаглашгүй
Манхайн цайх үүрийн улаан туяанд Манжуурын толгод ногоорох цаглашгүй
Гоо марал тэнгисээс ирж Дэлүүн болдогт хужирлах цаглашгүй
Долоон зуун жил туж солонго татах Бурхан-халдун уул цаглашгүй...
гэж дуулсан шад мөрүүдээрээ л гэхэд энэ шүлэг өнгөрсөн 2006 онд болсон Дэлхийн яруу найрагчдын Их хурлын үеэр зохиогдсон Чингис хааны тухай шүлгийн уралдаанд магнайлан давхих байсан бус уу гэж бодогдном. Энэ мөрүүдэд Хөх монголын мандсан төрийн үүх түүх буй аснаараа бүр үлгэр домгийн балар эрт цаг үеэс эхлэн сонсдож, бидний өвөг дээдсийн үүдэн мэндэлж, нүүж суун ирсэн тэр л уудам их Хээр талын гайхамшигт симфони дуулал мэт дуурьсан эгшиглэсээр, бас түүнээс хойших өчнөөн он жилүүдийн буурал цаг хугацааг нэвтлэн та бидний өлгий болсон Бурхан-халдун хэмээх их Хэнтийн уулс цадиг хайлах мэт туж солонгорон гэрэлтсээр буйг Нямсүрэнгээс өөр хэн олж харав аа?...”
Одоо 2013 онд бичсэн "Амитаба бурхны сэтгэлээр мөнхийн найраг туурвихуй” нэрт өгүүллээсээ эшлэе.Энэ өгүүлэлдээ би найрагчийн гайхамшигт шүлгүүдийн нэг болох "Амитаба” шүлгийг мөхөс оюуныхаа хэмжээнд ухаж ойлгосноо уншигчдад тайлбарлан хүргэхийг оролдсон ухаантай. Түүнийг үзсэн олон хүн сэтгэгдлээ хэлж, "Энэ шүлгийг урьд нь уншихад төдийлөн сайн ойлгодоггүй байсан. Одоо таны энэ тайлбарласантай хамт дахин уншихад үнэхээр гайхамшигтай шүлэг болох нь илт байна” гэсэн байдаг: "...Гуравдахь хэсэг буюу дараачийн зургаан мөр нь найрагчийн шашны тухай ойлголт мэдлэгийн илэрхийлэл агаад, энэ мөрүүдээс Д.Нямсүрэн шашны ямар гүн гүнзгий мэдлэгтэй болох нь харагдана. Ялангуяа тэрбээр Буддын шашны гүн бясалгалыг хэчнээн чадамгай сайн хийж чаддаг, ямар их бясалган суудаг, сайн сайхны тухай ямар гүнзгий сэтгэн, сэтгэлээ чилээн байдаг нь бүрнээ харагдана. Үүнээс нь үүдэн түүнийг "Даяанч нэгэн”, "Гүн бясалгагч”, Нирваан дүрд хувилагч”, "Хувилсан гэгээн” хэмээн янз бүрээр нэрлэж болох мэт.
Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил
анир алдрах вэ?
Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний
ойчих чимээг сонсох вэ?
Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч
сая сая жилд үлдэх вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч
амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд
жишимгүй суух вэ,
Яаж би Амитаба шиг, дэргэдээ ээжгүй болоход
уйлахгүй байх вэ?...
Эдгээр мөр шадуудаас Буддын шашны гүн ухааны илэрхийллүүд, түүний үндсэн үзэл онол болсон хоосон чанар, ертөнцийн буй бүх юмс, үзэгдлийн мөн чанар, утга учир бүхнийг та олж уншин, ойлгож сэтгэж болно. Тэгээд энэ эгэл даруухан шүлэгч яаж ингэж агуу ихээр, яаж ингэж хязгааргүй чөлөөтэй сэтгэн бясалгаж чадав аа? Хэрхэн тэгж сэтгэж сурах вэ? хэмээн бахдан бодох буй заа.
Бурхны сургаалын англи орчуулгын номонд "sound of silence” буюу "аниргүйн чимээ” гэсэн ойлголт, ухагдахуун гардаг. Энэ бол "нисээд явчихсан шувуу адил анир алдрах, тэр аниргүйн думдаас "өөрийнхөө үсний очих чимээг сонсох” лугаа агаар нэгэн ойлголт, тийм зөн билгийн торгон мэдрэмж юм. Аниргүйн думдаас чимээ сонордоно гэдэг бол цаад утгаараа бас өөрийгөө сонсох, дотоод сэтгэлээ олж сонордох, улмаар ертөнцийн мөн чанар хийгээд туйлын үнэнийг анирлан ухаарч буй хэрэг мөн.
Бурхан Будда Гаутама Сидхарта наян хоёр насны сүүдэр зооглоод жанч халж ариун Сугаавадийн оронд залрахдаа хэлсэн сүүлчийнх нь үгийг би Бурхан багшийн сургаалийн герман орчуулгын судраас нь ишлэе: "-Alles ist verganglisch, was das geborden ist. Strebt nach eurem heil!” гэсэн энэ үгийг монголчилвол: "Энэ орчлон дээр буй болсон бүхэн үгүй болно. Тиймээс аль болох их буян үйлдэж, гэгээрцгээ!” гэсэн сургаал болой. Энэ бол "үүлс бүрхэж мөс хучсан ч сая сая жилд үлдэх”, "үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх”, "дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух”, "дэргэдээн ээжгүй болоход уйлахгүй байх” Нямсүрэнгийн олж харсан тэр гашуун боловч амьдралын жинхэнэ үнэнтэй агаар нэгэн агуу их ойлголт билээ. Хүмүн бидэн энэ бүхнийг олж харах чадалтай, боломжтой ч, эгэл аж төрлийн буулганд дарагдаад, чингэж олж харж чаддаг нь Нямсүрэн мэт цөөхөн байдаг бус уу...” гэж бичсэн байна.
Би бол яруу найрагч биш, судлаач хүн. Залуудаа үзэж харсан зүйл, сэтгэлд төрсөн бодол санаагаа цаасан дээр буулгаж, тэмдэглэлийн дэвтэртээ хавсарган хадгалдаг явжээ. Тэр ч ёсоороо Нямсүрэн найрагчид зориулж хоёр шүлэг бичиж, дэвтэртээ хадсан байх юм. 1996 оны зун гадаадын судлаачтай хамт Монгол орноороо нар зөв тойрон аялсан юм. Нэгэнтээ Дорнод аймгийн нутагт байдаг Хэрлэн барс хотын туурийг үзээд үдэш шөнөөр буцаж явахдаа сэтгэлд ургаж тэрлэсэн нэгэн шүлгээ энд оруулья:
Д.Нямсүрэнд зориулму
Тэргэл улаан сар
Талын дээгүүр хөөрөвэй.
Түүний дор Баянтүмэн
Түнэрэн бараантан хоцровой.
Шөнө хугаслан давхихуй
Шүлэг нойрыг үргээж
Элчилгүй их тал
Эцэсгүй мэт үргэлжилнэ.
Эртний хотын туурь
Хэрлэн Барсын цамхаг
Цагийн жамыг үзүүлэн
Харанхуйн думд сүглийх нь
Цадиг хайлах шиг,
Зүүдийн ертөнц өө.
Цамхагийн орой дээгүүр
Цагийн манан хургаж
Буурал түүхийн салхи
Хуугин үлээх шиг ээ.
Цаанаа л нэг гэгэлгэн аяз
Сэтгэл сэмэртэл хайлах нь
Цочин зогтусан бодохул
Чихэнд хоногшсон,
Эрээнцавын эвдрээгүй найрагч
Нямсүрэнгийн шүлэг ээ!..
Нөгөө нэг шүлэг нь ийм болой:
Найргийн тэнгэр, хүмүний хайлан
Нямсүрэн найрагчтай нэг удаа учрах юмсан,
Найрлаж суугаад хоёулхнаа үдшийн намуунд
Найргийн онгод мялааж сэржим өргөх юмсан.
Удаж удаж хотод нэг ирэхээрээн Та
Улсын Төв музейд үзмэр болох нь холгүй гэнэм.
Улс амьтан таныг сураглаж, уулзахсан гэхдээн
Үүдтэй болгоноор шагайж хайдаг гэнэм.
Нөхөд олноор хүрээлүүлж, өдөр үл алгасан Та
Ноён хүн шиг ямбалан залардаг гэнэм.
Нөхөд биш ноход заримдаан алдрыг тань "ууж”
Нохой гурав хартлаан хэд сайн савдаг гэнэм.
Тийм ээ, нөхөд олонтой бурхан хүн Та,
Тийм ээ, ноён удамтай найрагч хүн Та,
Тэгэхдээн, ноход шуугиулж явахын оронд
Тэнгэрлэг найргийнхаан шүтэн бишрэгчтэй уулзахсан бол уу?
хэмээн 2001 оны 3 дугаар сарын 1-ний өдөр, Париж хотод ахудаан тэрлэсэн байх юм.
Харин Нямсүрэн найрагч надад бас хоёр шүлэг зориулсан байдаг. Түүнийг нь Мэнд-Ооёо найрагч надад өгч, би 2010 онд хэвлүүлсэн "Утга зохиолын тухай яриа” номынхоо эхний хуудсанд залсан болой. Одоо тэр хоёр шүлгийг уншигч танд хүргэсү:
Я.Ганбаатарт:
Нангиадач гэхээр-
Толь гялбалзах мэт.
Нангиад шүлэг гэхээр-
Торго намилзах шиг ээ...
Удаахь шүлэг нь:
Аяа, Нангиадын үед шувууд
Ай, ямар гайхамшигтай жиргэдэг гэж,
Алтан сүмэн өвс амандаан зууж, Аттила
Амраглан зүүдэлдэг гээд л бод доо.
Аяа, Нангиадын үед модод
Ай, юутай үзэсгэлэнтэй жимсэлдэг гэж,
Дэрний дэргэд эхнэр минь ирж
Дээлээ хөлдөөн орхиод
Дэнгийн голыг чимхдэг гээд л бод доо...
2001 оны 12 дугаар сарын 6, Эрээнцав.
Энэ хоёр хандал шүлгээ найрагч маань миний мэргэжил, судалгаатай холбоотой бичсэн нь илт тул өөрийнх нь тухай бичсэн миний анхны өгүүллийг үзээд сэтгэл дотроо надад битүүхэн баярлаж, бас намайг сураглаж ямар хүн байдгийг минь мэдэж авч дээ гэж бодогддог юм. Хожим нь 2005 оны үед шиг санагдана, найрагчийн нутаг нэгт, уран бүтээлийн их анд Г.Мэнд-Ооёо намайг Бээжинд ажиллаж байхад нэг ирэхдээ ийм хоёр шүлэг байдаг тухай дуулгаж, бас дараахан нь хоёр шүлгийг надад үзүүлэнгээ Нямсүрэнгийн хандал шүлгүүдээр нэг ном хийх санаатай байгаа, түүндээ оруулна гээд хувийг нь өгсөн нь энэ бөлгөө. Цаг хугацаа зогсолтгүй улиран оддог, үйл явдал нэг л болоод өнгөрдөгийн үлгэр энэ буюу. Ухаант хүмүн харин үйл явдлыг түүх болгон үлдээж, хожим хойдын цагт үл мартагдахын үлгэр болгодог учиртай.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар,
2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр.