Хөдөөд шинэ ногоо ургаж урин цаг иржээ. Манай сурвалжлах баг Архангай
аймагт ажиллаад ирсэн юм. Энэ жил Архангай аймгийн Онцгой байдлын
албаны арван жилийн ой тохиож байгаа гэнэ.
Ойгоо угтаад онцгой байдлын албан хаагчид олон бүтээлч ажил
өрнүүлэхээр тун завгүй байна. Зарим албан хаагчид аймгийнхаа бүтээн
байгуулалтын ажилд оролцоод эзгүй, Онцгой байдлын хэлтсийн дарга
Г.Баттөгс гадуур дотуур ажил ихтэй гээд яаруухан уулзаад гарлаа.
Биднийг очиход ээлжийн алба хаагчид цагийн хуваарийн дагуу бэлтгэл
сургуулилтаа хийж байсан юм. Ойн хүрээнд олон ажил санаачилж байгаагийн
нэг нь ерөнхий боловсролын сурагчдын дунд онцгой байдлын албаны
онцлогийг харуулсан гар зургийн уралдаан зарлажээ.
Мөн сүлд дуутай болохоор шүлгийн уралдаан ч зарласан байна. Харин
албан хаагчид өөрсдөө түүхэн сэдэвтэй фото зургийн уралдаанд оролцохоор
бэлдэж байгаа гэнэ.
Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбаатар "Аймгаасаа Өмнөд
Судан руу явж энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн туршлагатай,
чадвартай нэг залуу байгаа” гээд өрөөнийхөө утсаар жижүүр рүү залгасан
юм. Удалгүй даруухан бор залуу орж ирсэн нь манай сонины "Монгол Улсын
төлөө” булангийн зочин ахлах ахлагч Б.Нямхүү байв. Ингээд бид ажил,
амьдрал, мэргэжлийнх нь талаар яриа өрнүүллээ.
Багын хоч "Орос цэрэг” биелэлээ олжээ
Бидний яриа энэ жил хаа сайгүй хуурайшилт ихтэй байгаа учраас аймгийн
хэмжээнд гал түймэр ямар байгаа талаар эхэлсэн юм. Иргэд үнс нурмаа
задгай асгаж, бага насны хүүхдээ хяналтгүй орхисноос галын дуудлага их
ирж байгаа гэнэ. Харин ой модонд гал гарсан тохиолдол гараагүй гэв.
Сүүлийн үед ихэнх нутгаар цас орсноор галын дуудлага багасч байгаа аж.
Архангай аймаг бусад аймгийг бодвол ой ихтэй учир түймэр гарах
эрсдэлтэйг хаана хаанаа анхаарч байгаагаа хэллээ. Манай нийтлэлийн
баатар ахлах ахлагч Б.Нямхүү Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн
аврах гал унтраах 51 дүгээр ангид гал сөнөөгч, аврагчаар ажилладаг.
Төрсөн нутаг нь Ихтамир сум. Одоо аймагтаа эхнэр хоёр хүүхдийн хамт
амьдардаг. Сумандаа дунд сургуулиа төгсөөд 2002 онд цэрэгт явжээ. Дараа
жил нь цэргээс халагдаж ирэхдээ аймгийнхаа цагдаагийн газарт ажиллах
штабын даргын бичигтэй ирж. Тэр үед дарга нь халагдаж очоод юу хийх гэж
байна гэж асуугаад "Ерөөсөө цагдаа бол” гээд бичиг хийж өгч.
Өөрөө ч цагдаа болох сонирхолтой байсан байна. Зүгээр нэг албан
хаагчийг хийх ажилгүй байна гээд цагдаа бол гэхгүй байх. Таны ур
чадварыг үнэлсэн хэрэг гэхэд даруухан инээмсэглэлээ. Тэгээд цагдаа болох
бичгээ аав ээждээ үзүүлтэл "Цагдаа болоод дэмий.
Өдөр шөнөгүй хэргийн хойноос хөөцөлдөнө” гээд нэг л дэмжихгүй байж.
Б.Нямхүү багадаа ахмад хүний үгнээс зөрдөггүй их л даруухан хүүхэд
байсан учраас аав ээжийгээ цагдаа болгохгүй гэхээр үгийг нь дагахаар
болсон байна. Гэтэл нэг өдөр радиогоор явсан "Онцгой байдлын хэлтэст хүн
шалгаруулж авна” гэсэн зарын дагуу очиж шалгалт өгөөд 30- аад хүнээс
ганцаараа тэнцжээ. Энэ тухайгаа тэрээр "Намайг багад манай хамаатнууд
бүгд "Орос цэрэг” гэж дууддаг байсан. Сүүлд онцгой байдлын хэлтэст алба
хаагчаар орсны дараа цэргийн хүн болох байж. Хочлоод байдаг "Орос цэрэг”
биелэлээ оллоо гэдэг юм. Дунд сургуульд байхдаа малчин болохоор эмээ
өвөө дээрээ очсон. Мал маллах хэцүү санагдаад нэг өдөр гэнэт сургуульдаа
явмаар болоод аав ээждээ хэлээд буцаад очсон” гэлээ.
Судан явах ажиллагаанд ганцаараа нэрээ өгчээ
Тэрээр онцгой байдлын албаны хувцсыг гөлийтөл индүүдэж өмсчээ. Ахлах
ахлагч Б.Нямхүү "Албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж явахын тулд наад зах
нь хувцсаа цэвэрхэн өмсөх хэрэгтэй. Гадаадад олон орны алба хаагчтай
үүрэг гүйцэтгэхэд эх орон, гэр бүлээ их санадаг” гэв.
Тэрээр энэ байгууллагад 18 наснаасаа хойш өдийг хүртэл 12 жил гал
сөнөөгч, аврагчаар ажиллаж байгаа юм. Тэдний анги аймгийн хэмжээнд гарч
байгаа бүх обьектыг хариуцаж ажиллана. Шаардлагатай үед ойролцоох сумууд
руу гал түймрийн дуудлаганд явдаг байна. Гэвч холын дуудлаганд хоцрох
аюултай тул дүрмэндээ аймгаас 30 километрийн дотор үүрэг гүйцэтгэнэ гэж
заасан байдаг аж.
Ой хээрийн томоохон түймэр гарсан үед гамшгийн голомт унтартал тэндээ
байрлах, дуудлага ихтэй үед амралтгүй хэдэн хоног, сараар ажиллах
тохиолдол ч гардаг гэнэ. Тэрээр "Хүмүүс манай албан хаагчдыг галын гэх
мэт янз бүрийн дуудлагагүй үед амардаг гэж ойлгодог. Тайван үед өдөр
тутмын цагийн хуваарийн дагуу тогтмол хичээл сургуулилт хийнэ.
Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд анхаарахгүй бол болохгүй. Бидний
ажил улирлын чанартай.
Өвөл дуудлага гайгүй байдаг ч хавар, намар нэмэгддэг. Аврагч гал
сөнөөгч хүн түргэн шуурхай, багаж зэвсгээ бүрэн хариуцаж чаддаг
мэргэжлийн ур чадвартай байх ёстой. Угаасаа шаардлага нь тийм” гэсэн юм.
Тэрээр 2012 онд Өмнөд Судан улсад энхийг сах иулах ажиллагаанд үүрэг
гүйцэтгээд иржээ.
Онцгой байдлын алба хаагчдаас ажиллагаанд оролцох нэр авахад ангиасаа
ганцаараа нэрээ өгсөн байж. Анх Суданд очоод хүүхдүүдээ л их санасан
гэнэ. "Тэнд есөн сар үүрэг гүйцэтгээд ирэхэд тэндэхийн хүмүүсийг юу
иддэгийг нь мэдэж чадаагүй. Голдуу дал модны жимс идэж харагддаг.
Хүүхдүүд нь борооноос тогтсон шалбааганд усанд ордог. Бас шаталсан
анги гэж байхгүй. Том жижиг хамаагүй хүүхдүүдийг нэг ангид оруулаад
хичээл заадаг. Их өрөвдмөөр. Монгол цэргүүд Суданд нэр хүндтэй байдаг”
хэмээн сонирхуулсан юм. Түүний энгэрт НҮБ-ын медаль, Ерөнхийлөгчийн
энхийн төлөө, онцгой байдлын төлөө- 3 медалиуд гялалзаж байна.
Мөн өнгөрсөн жил Архангай аймгийн шилдэг залуугаар шалгарсан гэнэ.
Залуу хүн болохоор цаашид хийж бүтээх олон зүйл байгаагаа хэлсэн юм.
Ингээд бидний яриа өндөрлөж, тэрээр эх орон ард түмнийхээ амар тайвны төлөө зүтгэхээр бэлтгэл сургуулилтаа хийсээр үлдсэн юм.