Гоо зүйн үүднээс өнөөгийн театрыг төсөөлбөөс тогтсон дүрэм, заавар, зөвлөгөөг зөрчихгүй, хил хязгаараас гарахгүйгээр төсөөлөхийн аргагүй
Ханс-Тис Леман
Постмодернист театрын тухай
Театр судлаачид модернизмын чиг хандлага 1960-1970-аад онд мөхсөн гэж үздэг. Гэхдээ энэ чиг хандлага Баруун Европын орнууд, АНУ, ОХУ-ын театруудад байр сууриа хадгалсаар байгаа. Нэг ёсондоо модернизмын хажуугаар постмодернизмын үзэл баримтлал зэрэгцэн гарч ирсэн. Бусад урлагийн нэг адил театр дахь постмодерн үзэл баримтлалын онцлог нь аливаа юмст ерөнхий зүй тогтол гэж үгүй, ертөнц эмх замбараагүй (хаос) чанартай, театрын урлаг чөлөөт сэтгэлгээ, зөн билгээр илэрхийлэгдэнэ гэж үздэгт оршино.
Гол шалтгаан нь Монголын театрт постмодернист чиглэлийн үндэс суурь болсон постфилософи, уран сайхны гоо зүйн кодыг тайлж мэдээгүй, ойлгож ухаараагүй байгаатай холбоотой. Германы нэрт театр судлаач, онолч Ханс-Тис Леманы “Постмодернист театр”-ыг судлах явцдаа эртний Грекийн театр нь эртний ертөнцийн мөхөлтэй хамт устсаны адил хуучин драмын театрын үе дуусаж, театрын шинэ эрин эхэлсэн хэмээн үзжээ. Найруулагчийн урлаг зонхилсон өнөө үеийн урлагийн нөхцөл байдлыг судлаад шинэ театрыг “постдрамын театр” гэж нэрлэжээ.
Түүний үзэл санаагаар өнөөгийн театрын урлагт драмын зохиол буюу текст нь жүжгийн чухал бөгөөд ганц боломжит суурь байхаа больжээ. Жүжгийн текст гэдэг нь өргөн утгаар хэрэглэгдэх болж, жүжигчний урлагийн хамт хөгжим, пластик хөдөлгөөн, видео проекц, бусад техник технологийн ололтыг оролцуулахыг хэлнэ. Өнөөгийн театрт зохиолыг ягштал баримтлан цээжлэн жүжиглэх нь чухал биш. Урьд өмнөх үеийн зохиолчдын
бүтээлүүдэд дүр, дүрүүдийн хоорондын зөрчил байдаг байсан бол орчин үеийн зохиолчдын бүтээлд тийм дүрүүд, зөрчлүүд байхгүй. Өнөөдөр жүжгийн зохиолын бүрэн эхийг баримтлах шаардлагагүй, түүний сэдвийг ашиглахад л хангалттай байна гэсэн үг.
Драмын театрт жүжигчин өгүүлж буй үйл явдалд оролцон амьдарч, дүр бүтээх явдал байсан бол постдрамын театрт жүжигчин үзэгчдэд өөрийгөө, хувь хүний талаас үзүүлэх явдал чухал. Жүжигчний гол зорилго бол дүрийн чухал байдлыг (амьдрах бус) үзүүлэх явдал гэж Леман үзжээ.
Гэхдээ өнөөдөр цэвэр постдрамын театрын асуудал гэж байхгүй. Шинэ урсгал нь уламжлалт театрын сургуультай зөрчилдөх зүйлгүй гэж Леман үзэж байна. К.С.Станиславский, Г.Крэг зэрэг найруулагчид театрын уламжлалыг шинэчлэх зоригтой алхам хийж, жүжгийн зохиолын утга санааг баримтлах зарчмыг хамгаалж ирсэн гэж тэрээр үнэлжээ.
Монголын хөрсөн дэх постдрамын туршилтууд
Манай театрууд уламжлалт чиг хандлагыг баримталж яваа ч шинэ театрын хандлагыг бага багаар үзэгч олонд харуулж байгаа билээ. Манай театрын найруулагчид Б.Мөнхдорж Б.Галааридын “Шар тэнгэсийн
тарчлаан”, Б.Баатар Н.Гоголийн “Амьгүй албат”, М.Сервантесийн “ Кихот ноён”, Ч.Түвшин Софоклын “Эдип хаан”, Л.Флетчерийн” Уучлаарай та дугаар андуурч”, Ч.Найдандорж Дарио Фогийн “Чөлөөт хос”, Н.Наранбаатар Шекспирийн “Ромео Жульетта” жүжгүүдээрээ шинэ чиглэлийн арга барилаас үзэгчдэд үзүүлсний зэрэгцээ хувийн театр болох “Black box” театрын авангард постдрамын чиглэлийн жүжгүүд манай театрт шинэ уур амьсгал авчирч байгааг тэмдэглэх хэрэгтэй.
И.В.Гёте “Фауст”
2018 онд Германы нэрт зохиолч Иоганн Вольфганг фон Гётегийн (1749-1832) “Фауст” алдарт жүжгийн зохиолыг залуу найруулагч М.Батболд Монголын тайзнаа найруулан тавив. Москвагийн театрын их сургуулийг (ГИТИС) Оросын нэрт найруулагч, Оросын театрын авангардизм, постмодернизм, сюрреализмын төлөөлөгч болсон Юрий Бутусов, Сергей Женовач нарын удирдлага дор төгсөж ирээд анхныхаа бүтээлийг үзэгч олонд танилцуулсан юм.
“Фауст” жүжгийг найруулагч М.Батболд Соёлын төв өргөөний тайзнаа тавихдаа ертөнцийг таньж мэдэхийн хүсэлд автаж, мэдлэгийн шуналд донтож, шинжлэх ухааны тайлаагүй зүйлийг олохыг хүссэн боловч жүжгийн төгсгөлд Фауст ертөнцийг олох гэж хичээх биш өөрийгөө л олох гэж хичээх нь чухал гэдэг санааг жүжгийн гол илэрхийлэл болгожээ.
Дээр өгүүлсэн постдрамын зарчмууд энэ жүжигт хангалттай шингэж, багийн гишүүн бүрийн оролцоо үүнийг нотолсон. Нэрт зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва, зураач Г.Ганбаатар (УГЗ), Фаустын дүрийг бүтээсэн С.Болд-Эрдэнэ, Г.Мягмарнаран (МУАЖ), Мефистофелийн дүрд хувирсан Л.Баттулга (МУГЖ), хөгжмийн зохиолч М.Болд зэрэг баг хамт олон бүтээлчээр ажиллаж чаджээ.
Найруулагч М.Батболд зураач Г.Ганбаатарын хамт тайзны шийдэл, голограмм болох дэвшилтэд шинэ хэлбэрийг жүжгийн нэгэн дүр болгосон, элсэн зураг, том кубээс эхлүүлэн жижиг кубийг эвхддэг маягаар хийж, гэрлийг тодоос шаргал бараан болгож бүдгэрүүлэн гаргасан, олон дэлгэцүүдийг байрлуулж жүжгийн чухал санаанууд, өнөөгийн ертөнцийн сүйрэл, албан тушаалтнуудын эрх мэдэл, албан тушаалд донтсон дүрийг дэлгэцээр тодруулсан эффектүүд болон метафор (зүйрлэл) үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байв.
“Фауст” постдрамд хүлээлтээс тэс өөр шийдлүүдийг оруулж, зохиолыг ягштал баримтлаагүй, зохиол дээр зоригтой нэмэлт өөрчлөлт оруулаад, хасалт хийж Фаустад хор уулгах, Бурханыг хүүхдүүдээр төлөөлүүлэх, Мефистофелийн дүрийг долоон дүрээр шийдэх, амьд нохойг тайзнаа гарган циркийн илбээр алга болгох, оронд нь Мефистофелийг гаргах нь гэнэтийн гайхшруулсан хэрэг болж үүнийг л найруулгын чухал зорилгын нэг зүйл хэмээн найруулагч М.Батболд үзжээ.
Фауст нь энэ хорвоогийн зовлон жаргалыг үзэж, амьдралын нугачааг даван туулж, жүжгийн эцэст хүний оюун ухаанд, сайн сайханд итгэх итгэлийг харуулж буй дүрийн настай докторт АЖ Г.Мягмарнаран, залуугийн дүрийг С.Болд-Эрдэнэ бүтээв. Г.Мягмарнаран туршлагатай мастер гэдгээ тоглолт болгоноороо батлаж байдаг тул энэ удаа ч шинийг эрэлхийлэх, хүн төрөлхтөнд туслах зорилгоор Мефистофельтэй гэрээ хийн өөрийн
амьдралаа залуужуулж ертөнцийг танин мэдэх гэж зүтгэж буй дүрийг чадварлаг үзүүлэв.
Залуу Фауст мөрөөдөл, амьдрал хоёр, тэнгэрлэг бүхий зүйл, дэлхий ертөнцийг холбосон эрэлд бэдэрч явааг жүжигчин С.Болд-Эрдэнэ амжилттай бүтээлээ. Түүний тоглолтын хувьд үзэгч бидний санаанд үлдсэн Гамлетийн дүрийн өнгө аяс, ялангуяа Фаустын монолог дээр давамгайлан байсныг бодох биз. Харин Маргаритагийн дүрийг бүтээсэн Г.Оюунчимэгт Фаустад дурласан бүсгүйн дүр дээр илүү ажиллах шаардлага байна. Бурханд итгэх итгэл, Мефистофелийн чөтгөрийн мөн чанарыг мэдэрч, хайрынхаа төлөө бүхнийг хийхэд бэлэн байгаа, гэнэн цагаан сэтгэл нь бузарлагдаж үхэлд хүргэж буй байдал зэрэг дүрийн олон талын чанаруудыг тод гаргах нь чухал байна.
Энэхүү жүжгийн гол ачааг жүжигчин Л.Баттулгад (МУГЖ) оногдуулсан нь найруулагчийн хүлээлт байлаа. Мефистофель бол Фаустын мөнхийн дагуул, хүний дүр төрхөнд хувирсан тэрээр ухаалаг, боловсон харагдана. Жүжигт Мефистофелийг бүтээсэн Л.Баттулгын дүр АЖ Л.Жамсранжавын бүтээсэн Ягог тод санагдуулж байлаа Гётегийн санааг дагаж найруулагч М.Батболд хүн төрөлхтөнд гарц үгүй, хүний амьдрал үнэ цэнэгүй болсон, сайн сайханд итгэдгүй, хүмүүс хүн байх чанараа алдаж дуусан, хээл хахуульд баригдсан, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон тухай олон санааг Мефистофелийн дүрд шингээж тодоор үзүүлжээ. Үүнийг ч жүжигчин Л.Баттулга ойлгомжтой гаргажээ. Харин түүний сүүлийн үед хошин шоунд тоглож буй хоосон марзагнал үе үе гарч ирж байсныг анхаарах биз ээ.
Жүжгийн урилга, анонс дээр “Постдрам” гэсэн тодотгол хийсэн нь анхаарал татаж үнэхээр постдрам болж уу гэдэг сонирхол төрүүлсэн юм. Тэгээд жүжиг үзтэл дээрх зүйлүүд үнэхээр постдрам болж чадсан бүтээл гэж
дүгнэхэд хүргэлээ.
Ө.Үлэмжтөгс “Амьгүй биет”
Постдрамын театрт бидний мэдэх үйл явдал (сюжет), логик холбоо, сэтгэл зүй гэх мэт ойлголтууд чухал бус. Энэ нь зохиолд баригдахгүйгээр олон лейтмотиваас нэг зонхилох санааг чухалд авч, түүнийгээ өрнүүлэхийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, зохиомжийн (композици) “нэвтрэн гарах монтаж” бий болно. Постдрамын жүжигт тавьсан асуултад хариу өгөхгүй, үзэгч өөрөө хариугаа олж авах боломжтой. Нэн шинэ театрт перформатив хэлбэр зонхилох болжээ. Перформатив хэлбэр гэдэг нь олон жанр төрлийн нийлбэр үзүүлбэр юм. Энд хөгжмийн, бүжгийн, пластик хөдөлгөөний, хүүхэлдэйн театрын, циркийн урлагийн төрлүүдийн нийлмэл ноёрхож, мультимедиа, техник технологийн арга хэрэгслийг чухалд үзэх болжээ. Тиймээс нэгэн стиль хэв маяг байхгүй, постдрамын театр олон чиг зүгт хөдөлж хувьсаж, тайзны үйлдлийн өвөрмөц моделийг гаргаж ирдэг байна. Үүгээр жүжгийг олон талаас тайлбарлах боломж олгодог гэж Х.-Т Леман үзжээ. Логик холбоонууд эвдэгдсэнээр үйлдэл нь тэр чигээрээ метафор буюу зүйрлэлийг бий болгодог байна. Постдрамын энэхүү зарчмууд зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” жүжигт тод шингэжээ.
Зохиолч залуу, шинэ, мэргэжлийн уран бүтээлчдийн баг бүрдүүлж найруулагчаар Я.Билгүүнсар, тайзны зураачаар С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Ц.Даваажаргал, Ата Боргужин нарыг ажиллуулж, уламжлалт театрын
зарчмуудыг эвдсэн постдрамыг тайзнаа үзүүлэв. Манай театрт зохиолч Д.Урианхай, Б.Батрэгзэдмаа, У.Шигүүргэ, Д.Мэндсайхан, П.Батхуяг нар реалист бус аргаар жүжгүүдээ бичиж орчин цагийн жүжгийн зохиолын чиг хандлагыг тодорхойлж байгаа гэж үздэг билээ. “Амьгүй биет” жүжгээрээ зохиолч Ө.Үлэмжтөгс энэхүү зохиолчдын эгнээг тэлж өөрийн байр сууриа илэрхийлэн Монголын театрын постдрамын нэгэн төлөөлөгч болохоо тод харууллаа.
Тэртээ 1921 онд Италийн нэрт жүжгийн зохиолч Луижи Пиранделло (1867-1936) Нобелийн шагналт (1934) “Зохиолчийн эрэлд гарсан жүжгийн 6 дүр” хэмээх жүжгээ бичиж орчин үеийн жүжгийн зохиолд нэгэн тэсрэлт хийсэн байдаг. Энэ жүжигт “Бодит амьдрал гэж юу вэ?” гэсэн асуулт тавьж, хариу өгөөгүй байдаг. Жүжиг нь тайз чимэглэлгүй эхэлнэ. Найруулагч Пиранделлогийн жүжгийг тавих бэлтгэл хийж байна. Хүнгүй үзэгчийн танхимаас 6 “дүр”-Эцэг, Эх, Дагуул охин, Хүү, Бага хүү, Бага охин гарч ирж тэдний түүхийг ярих нь чухал гэж мэдэгдэнэ. Нэг гэр бүлийн түүх гарна. Урьд цагт эх нь нөхрөө орхин явж шинэ гэр бүлтэй болжээ. Гэтэл тэр нөхөр нь нас барж өөрийн том охин, бага охин, хүүгийн хамт хаясан нөхөртөө эргэж ирнэ. Энэ жүжгийн оргил хэсэгт нөхөр нь янхны газарт өөрийн дагуул охинтой таарна. “Дүрүүд” нь жүжигчдэд ролио шилжүүлнэ. Гэтэл бэлтгэлийн явцад “дүрүүд” нь жүжигчдийн тоглолтод дургүйцэж, жүжигчид үнэмшилтэй тоглож чадахгүй тул “дүрүүд” аажмаар тайзнаа гарна. “Дүрүүд” нь өөрийн эмгэнэлт төгсгөлтэй. Улмаар зохиомол амьдрал нь бодит амьдрал руу орж, зохиомол “дүрүүд” нь бодит найруулагч, жүжигчдийг тайзнаас гаргаж зайлуулна. Баг өмсөх нь энэ ертөнцийн хамгийн чухал шаардлага гэж зохиолч үзжээ.
“Амьгүй биет” жүжгийг үзэж зогсохдоо амьгүй биет болох зүрх сэтгэлгүй, хөдлөл мэдрэмжгүй спикерээс үзэгчдэд ухаарлыг мэдрүүлэн гарах дуу хоолой, үзэгчдийн зүүсэн чихэвч, тайзны гол байранд дэлгэцэн дээр гарах ямарч утга илэрхийлээгүй график дүрс энэ бүгд гол дүрд тоглож харин нөгөө амьд, нүцгэн эр эм 2 хүн таазнаас зүгээр л сүлжмэл уутан дотор дүүжигнэн, ямарч дуу хоолойгүй туслах дүрийг “тоглож” байсан учир
Л.Пиранделлогийн тэр жүжиг санаанд орж байсан юм. Найруулагч зураач нар уламжлалт театрын тайз засал сценографийг эвдэж дүрслэх урлагийн нэн шинэ урсгал болох инсталяц хэмээх зохиогчийн үзэл санааг тодруулах аргыг хэрэглэсэн нь оновчтой болжээ. Хамгийн гол нь энэ жүжигт гол дүрд “тоглосон” спикер үүргээ сайн биелүүлж, амьд мөртлөө амьгүй байгаа абсурд чанарын тухай сануулж хүлээснээсээ гарах, хүн чанараа олох тухай ярив. Зохиомол амьдрал нь бодит амьдрал руу орж, зохиомол “дүрүүд” нь бодит найруулагч, жүжигчдийг тайзнаас гаргасан Л.Пиранделлогийн санааг Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” жүжигт найруулагч Я.Билгүүнсар тод гаргаж чадлаа.
Эцэст нь…
Тайз нь урлагийн олон төрлийн уулзвар газар болон хувирч байна. Постмодерн буюу нэн шинэ театр нь найрал дуунаас, хөгжмөөс, киноноос, моно-жүжгээс бүрдэх хандлагатай. Энэ нь театрт олон үзэл баримтлал, чиг баримжааг нэгтгэн нийлүүлж, гоо зүйн олон систем, утга агуулах шинэ текст бий болно гэсэн үг.
http://eagle.mn/r/64662