Консерваторийн дуулаачийн тэнхмийн эрхлэгч Ч.Чинзоригийг энэ буландаа урьж ярилцсан юм. Болгар улсын Софи хотын Улсын их сургуульд дуулах ур зүйн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалаад эх орондоо ирж ажиллаж буй тэрбээр манай улсын дуурийн урлагийн од Ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсны төрсөн эгчийн хүү юм. Сонгодог урлагт өөрийн зам мөртэй түүний яриа сонирхолтой байлаа.
-Та өөрийгөө танилцуулах уу. Хаанахын хэний хөвгүүн бэ?
-Би Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул. Арван хүүхэдтэй айлын отгон нь. Таван эгч, дөрвөн ахтай. Аав маань Сундуйн Жаргалын Чимэддорж гэж Лиглүүд Хөгдүүд овгийн хүн. Ээжийн нэр Н.Намжилмаа. Би Дашбалбар сумандаа аравдугаар анги төгсөөд хөдөө гарсан. Нэг жил малчин байлаа.
-Аав ээж нь бага хүүдээ мал хөрөнгөө өвлүүлэх гэж зориуд хөдөө гаргаа юу?
-Дунд сургуульд байхад ээж өнгөрөөд. Ах, эгч нар бүгд хот суурин газарт ажилтай болохоор надаас өөр хөдөө гарч аав, дээд талын ах хоёртой хамт мал маллах хүн байгаагүй юм. Таван хошуу мал малладаг, бас аймгийн төв рүү мал туудаг хүүхэд байлаа.
-Хэзээ дуучин болсон юм?
-Хүмүүстэй хамт жимсэнд явж байхдаа "ЗИЛ-130”-ын тэвшин дээр дутуу дулимаг дуулж явахад сумын клубын эрхлэгч Балжид эгч анзаарсан юм билээ. Тэгж явсны дараахан Балжид эгч намайг ахаар дуудуулсан байлаа. "Улс тунхагласны ойн баярын концертыг арай өөрөөр бэлдмээр байна. Танай арван хүүхэд дотор дуулах хүн байх ёстой. Ээжийн чинь талынхан дуучин, урлагийн хүмүүс юм чинь. Дүү чинь дуулахаар юм билээ, хурдан явуулаарай” гэж гэнэ. Ахын зөвлөснөөр очиход хөгжмийн багш Өлзийсайханд даатгаж бэлдүүллээ. Би хоёр л дуу мэддэг. Нэг нь хөгжмийн зохиолч Г.Дарамзагд гуайн "Байгалиас ирсэн охин”. Нөгөө нь дуучин, Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү гуайн дуулдаг "Бурхан өршөөг”. Хөгжмийн багш энэ хоёр дээр Ч.Сангидорж гуайн "Зулай цагаан Алтай”-г нэмж өгөөд бэлдүүлсэн юм. Концертод дуулахад зарим үзэгч "Хаанахын дуучин ирээ вэ” гэж байсан гэсэн. Мөн удалгүй Балжид эгч хотоос очсон манай сумын уугуул СУИС-ийн багш профессор Г.Батцэрэн багшид сумын 70 жилийн ойн концертод гурван хүүхэд бэлдээд явуулаач гэж л дээ. Тэр гурвын нэг нь би. Ингээд л Г.Батцэрэн багштай ажиллахаар Улаанбаатарт ирсэн юм.
-Сумын клубийн эрхлэгч эмэгтэй таныг дуучин болох замд оруулсан байна шүү дээ.
-Тийм ээ. Би ч гэсэн тэгж боддог. Нэг өдөр Г.Батцэрэн багш "Чи дуулах хүсэлтэй бол хавар элсэлтийн шалгалтад ороорой. Чамд юм байна” гэж байна. Багш энэ тухай Жагаа нагацад хэлсэн юм байна л даа. Тэгэхэд нь нагац "Нөхөд минь урлагт арын хаалга байхгүй. Та хоёр өөрсдөө сайн бэлдээд орвол ор. Би мэдээж туслахыг бодно. Харин шалгалтад унавал яаж ч чадахгүй шүү” гэсэн гэдэг. Ингээд л Гавьяат жүжигчин Н.Найдалмаа, О.Ичинхорлоо багш нараар заалгаж байгаад 1995 оны хавар шалгалт өгч СУИС-д орсон юм. Дуулаачийн ангид шалгалт өгсөн 100 гаруй хүүхдээс 15-ыг авахад багтчихдаг юм байна. Тэр үед одоогийн У.Далантай гавьяат, дуучин Б.Баттөр, "Далны” Т.Баттогтох, "Талын гурван улаан” гэж дуулдаг Х.Болормаа гавьяат нарын хүүхдүүд тэнцэж орсон. Улаан хацартай, батгатай, ичимхий, бүрэг хүүхэд яаж нэг юм багш нарын асуултад хариулсан юм. Тэгж л Ардын жүжигчин Д.Жамъянжав багшийнхаа шавь болсон доо. Багш надтай их тулж ажилласан. Басс хоолойтой болохоор хажуугийн ангид хичээл заадаг Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж багшид сонсуулж зөвлөгөө авдаг байлаа. Манай Д.Жаргалсайхан нагацад бас сонсгож, яаж ажилласан нь дээр вэ гэх зэргээр асууж ярилцдаг байсан. Оюутан болоод удалгүй Дуурийн театрын найрал дуунд, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад дуулж эхэлсэн. Дуучин, Гавьяат жүжигчин Д.Дашням гуай намайг нутгийн хүү гээд дотно байдаг байсан юм. "Чи миний дуунуудыг өөрийн болго оо” гэдэг байсан болохоор "Нисэгчийн дуу”, "Саарал шинелиэ тайлаагүй” гэх зэрэг олон сайхан дууг нь заалгаж авсан. Мөн Р.Дамчаа гуайн дуулдаг "Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” киноны дуу гээд олон дуутай болсон. БНАСАУ-ын "Хаврын баяр”-т явлаа. Ингэж хоёр жил гаруй сураад 1998 онд элсэлтийн шалгалт өгч Болгарын Хөгжмийн дээд сургуульд С.Мөнгөнцэцэг бид хоёр явсан даа.
-Болгар дахь амьдрал тань сонирхолтой байв уу?
-Очоод болгар хэл сурах гэж хоёр жил болсон. Хугацааны дунд ч ороогүй байж буцах шахаж байлаа. Дуучин болох гэж очсон байдаг, болгар хэлнээс өөр юм заадаггүй, уйдсан. Буцах гээд онгоцны билетээ авчихсан, найр хийх шахуу юм болж байтал Софийн их сургууль төгсөөд Болгарт суурин амьдардаг Сайнбаяр гэж ах зэмлэв ээ. "Монголын хамаг том уран бүтээлчид энэ сургуулиас төрж гарсан байхад чи орхиж явах гэж байгаа юм уу. Голоод байгаа юм уу. Эхнэр, хүүхэд хоёроо санаад байгаа юм бол аваад ирэхгүй юу. Хэл талд би тусалъя. Сурахын хажуугаар наймаа хийж тэднийгээ тэжээ” гэлээ. За, тэгээд товчхондоо би тэр дороо бууж өгч, онгоцны билетээ буцаасан хүн дээ. Ахын хэлснээр эхнэр, хүүхдээ, бас аавыгаа аваачсан. Тэгж бүгдээрээ нэг дор цуглаж аваад зургаан жил ирээгүй. Хөгжмийн дээд сургуулиа дуулаач мэргэжилтэй бакалавр зэрэгтэй төгсөөд Софийн их сургуулийн магистрт сурсан. Түүнийгээ дүүргээд эх орондоо ирж УДБЭТ-т гоцлол дуучин болсон юм. У.Далантай, М.Түмэндэмбэрэл, Б.Баттөр нар маань ажиллаж байлаа. Дуурьт бүтээсэн анхны дүр Ж.Бизегийн "Кармен” дуурийн цэргийн дарга Цунига. Ардын жүжигчин А.Долгор эгчтэй хамт дуулж байлаа. Ер нь би Ж.Вердийн "Трубадур” дуурийн цэргийн удирдагч Фернандо, "Аида”-гийн Египетийн хаан, "Травиата” дуурийн доктор гээд 20-иод дүртэй. Үндэсний дууриудаас "Учиртай гурван толгой” дуурийн Балган, "Хан бүргэдэй”-н Насанбат жонон байна. Театртаа найм дахь жилдээ ажиллаж байтал хоолойн хөвч дээр полип гэдэг дээ, үү гараад. Хоолойн өнгө паржигнаад ирсэн.
-Ямар харамсмаар юм бэ.
-Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд ороход амжилттай болсон ч удалгүй ажилдаа орсон маань алдаа болоод. Гам сайн барь гэхэд нь хайнга хандсанаас болоод болохоо байсан. Улаан-Үдэд, Хятадад ч очиж эмч нарт үзүүлсэн, нэмэр болоогүй. Тэр үед дуучнаа боливол ямар ажил хийдэг юм билээ гэж бодож явдаг байхад 2006 онд Ардын жүжигчин Б.Жавзандулам эгч сургуульдаа багшлаач гэж санал тавихад нь ажиллаж байлаа. Шавь нар төрүүлсэн. Тэгтэл ХБК-д дуулаачийн багшаар ажиллаж байсан Жагаа нагац маань дуудлаа. "Нагац нь санал тавья. Чи ч дуулах урлагийн болгар школтой, би ч адил. Чи миний багшийн шавийн шавь. Бидэнд хийх, үлдээх юм байх ёстой. Миний бие чилээрхэх боллоо. Чи энд, миний хажууд ирж болох уу” гэсэн л дээ. Тэгээд ахынхаа үгэнд орж ХБК-д багшилж эхэлсэн юм. Багшлаад удаагүй байтал Болгарт докторантад суралцах боломж гарахаар нь явсан. ХБК-ийн захирал Г.Эрдэнэбат, Ардын жүжигчин Х.Уртнасан багш гэх зэрэг удирдлагууд маань дэмжиж, манайд дуулаачдыг судлах чиглэлээр цол хамгаалсан хүн байхгүй, яваад ир, ажлын орон тоог чинь хадгалж байна гээд илгээсэн юм. Их баярлаж явдаг.
-Докторын зэрэг горилж суралцахдаа хийсэн судалгааныхаа талаар сонирхуулаач.
-Дэлхийн дуучдыг судалж байлаа. "Монгол, Болгарын дуурийн дуучдын хоолойн онцлог” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Монголынхоо өндөр амжилтад хүрсэн дуурийн дуучид П.Ганбат агсан, Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гавьяат болон бусад баритоны хоолойн онцлог, өнгө тембр зэрэг үзүүлэлтүүдэд үндэслэж дэлхийн дуурийн урлагт монгол гэсэн школ бий боллоо гэж тунхаглах гээд арай бараагүй. Амжилтуудаар нотлох гэхэд тэгвэл тэр дуучны багш нь хэн бэ, багшийн багш нь юм гэж ухаад байхаар ихэнхдээ Болгар болон ЗХУ тийш хазайгаад байдаг. Яадаг ч байсан монгол дуучдын хоолой байгаль цаг уурын онцлог, үндэсний уламжлалт уртын дууны бядтэй сүлэлдсэн монголчуудынх гэсэн өнгөтэй, тэсвэртэй хоолой гэдгийг албан ёсоор тайлбарлаж бичсэн. Докторын ажлууд мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж, салбарт хүлээн зөвшөөрөгддөг нь ач холбогдолтой юм билээ.
-Удахгүй Монголын дуурийн урлагийн үндсийг тавьсан Ардын жүжигчин Г.Хайдав гуайн 90 насны ойг СУИС-иас дуурийн дуучдын баяр болгон тэмдэглэх гэж байна. Г.Хайдав гуай Монголын дуурийн урлагийн эхлэл цэг гэж ойлгож болох уу?
-Мэргэжлийн сургуульд суралцсан мэргэжилтэн, багшийн хувиар хичээл зааж, студи байгуулан дуурийн дуучид бэлтгэж эхэлсэн болохоор мөн. Гэхдээ сэдэл санаа арай эртнээс эхтэй юм билээ. Маршал Х.Чойбалсан гэртээ албаны хүмүүс хүлээн авч уулзахдаа дуурийн орос дуучдаар ари, романс дуулуулж байсан баримт бий. Сүүлд 1950-иад онд Ю.Цэдэнбал дарга Их тэнгэрт мөн төрийн хүндэтгэлийн хүлээн авалт хийх үеэрээ Оросоос ирсэн дуучдыг дуулуулж, зочид гийчдээ баярлуулжээ. Тэр үед Ю.Цэдэнбал дарга сэтгэл нь хөдөлчихсөн "Хүн яаж ингэж дуулдаг болдог юм бэ” гэж асуухад оросууд "Дуулах урлагт сургалтаар системтэй бэлтгэж ийм болгодог юм аа” гэж хэлсэн гэдэг. Түүнээс хойш удалгүй Г.Хайдав гуайг дуулаачийн урлагт суралцаад ир гэж улсаас Москва дахь П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд явуулсан түүхтэй.
-Сонирхолтой юм. Таны Д.Жаргалсайхан нагацтайгаа хамт өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан байсан байх даа.
-Нэг дор ажилладаг болохоор байнга уулздаг байлаа. Харин бидний анх танилцсан түүх сонин байж магадгүй. Бага байхад өвөл зарим өглөө малын баас түүхээр гарахын өмнө ээж "Хүлээж байгаарай. Миний дүү одоо радиогоор дуулах гэж байна. Сонсоод гар. Та нарын нагац ах шүү дээ” гэдэг байсан юм. Нэлээд хэдэн өглөө ингэж командлуулж байлаа. "Халуун элгэн нутаг”, "Саарал шинелиэ тайлаагүй", "Мээнэг мээнэг” гэх зэрэг сайхан дуунуудыг нь тэгж сонсдог байлаа. Нэг өглөө босоход баруун орон дээр нэг хүн унтаж байна. Би зөнгөөрөө, элгээрээ таамагласан уу хоолойгоо шахаж бүдүүн болгоод "Манайд ийм том толгойтой хэн ирж хоноо вэ” гэж асуусан юм. Тэгэхэд нагац эргэж хараад "Юу гэнэ ээ” гэсэн. Ингэж бид танилцаж байлаа.
-Танайхны дунд урлагийн хүн олон байдаг гэсэн. Өөр хэн байна?
-Бас нэг нагац ах маань Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин, Гавьяат жүжигчин Дондог. "Анхны алхам” киноны бригадын даргын дүрд тоглодог хүн. Жагаа нагацын хүү Ж.Чингис ах маань бас дуучин. Хүмүүс мэдэх байх.
-Таны хоолой багаас бүдүүн, аргил байв уу?
-Ер нь тийм. Жагаа нагацынхаа радиогоор дуулахыг сонсох бүртээ шахам хоолойгоо шахаж тоглодог байлаа. Үхэр малдаа явж байхдаа бух болж тоглоно. Хоолойгоо шахаж бөрхирнө. Энэ мэтээр оролдсоор байтал бүдүүрсэн дээ. Сүүлд мэргэжлийн сургуульд багш нар басс чиглэлд хөгжүүлсэн.
Р.Оюунжаргал. "Өнөөдөр" сонины 2017.9.11-ний дугаарт хэвлэгдсэн.
Гэрэл зургийг Г.Аргуужин.