Жүжигчин, дуучин Ч.Энхзул "Алтан шара наран" нэртэй өөрийн даасан тоглолтыг энэ сарын 27-нд хийх гэж байна. Буриад зон олныхоо өв уламжлалыг тээж яваа дуучин бүсгүйтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Таны бага нас, нутаг усны талаар ярилцлагаа эхэлье?
-Би Хэнтий аймгийн Батширээт суманд мэндэлсэн. Зургаан настай байхдаа Дадал суманд шилжиж ирснээс хойш 16 нас хүртлээ Дадал суманд амьдарсан. Манай Батширээт, Дадал сумын байгаль их үзэсгэлэнтэй, мөн тэдгээр нутагт буриад зон олонтойгоороо онцлогтой л доо. Би нутгаа диваажин шиг сайхан нутаг гэж сэтгэл дотроо үргэлж бодож, залбирч, шүтэж хайрлаж явдаг. Энэ зүйрлэлийг ганцхан би хэлж байгаа юм биш л дээ. Манай нутгаар аялсан хүн бүхэн сэтгэл хангалуун над шиг бодолтой буцдаг. Энэ сайхан баялаг нутагт төрж өссөн ард түмэн худлаа ярихгүй, хулгай хийхгүй, цэвэр ариун хөдөлмөрөөрөө амьдрах ёстой гэсэн хүсэл эрмэлзэлтэй болдог гэж би дотроо боддог. Мөн манай нутгаас маш олон алдартан төрж гарсан байдаг. Тухайлбал, буриад дуугаар л гэхэд МУГЖ О.Ичинхорлоог онцолж болно.
-Та Буриад зон олныхоо урлаг соёлыг хэдий үеэс сонирхож эхэлсэн бэ?
-Өсвөр насандаа буюу 16-17 настайгаасаа л сонирхож эхэлсэн. Учир нь 1994 онд "Алтаргана” наадам Хэнтий аймгийн Дадал суманд анх зохион байгуулагдсан. Одоо бол олон улсын наадам болж өргөжсөн л дөө. Анх "Буриад дууны наадам” гэж зохион байгуулагдаж байсан юм. Тэр үед их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр арилаагүй, хүмүүс Буриад гэж хэлэхээсээ ичдэг байсан үе. Тухайн үед зохион байгуулагдаж байсан "Алтаргана” наадам хүмүүст үндэсний үзлийг нь маш их сэргээж өгсөн. Хүмүүст би Буриад юм байна, уг гарвалаа судлах ёстой юм байна гэсэн бодол төрүүлсэн гэж болно.
-Одоо бол Буриад түмэн үндэс угсаагаа маш сайн мэддэг болсон байх гэж бодож байна?
-Тийм ээ, Буриад зон олон маань удам угсаагаа их сайн мэддэг.
-Анх урлагийн замд хэрхэн оров оо?
-Би цэцэрлэгт байхаасаа л дуулж эхэлсэн. Дөрөвдүгээр ангиасаа шударга буюу шанз хөгжмөөр хичээллэж эхэлсэн. Бүжгийн болон дууны дугуйланд явдаг байлаа. Бага байхад минь хүмүүс чи дуу хөгжимд дуртай, тал бүрийн авьяастай болохоор жүжигчин болвол чамд их зохино гэдэг байсан. Тэр үг нь ч надад маш их нөлөөлж урам өгсөн. Би бүр багаасаа л жүжигчин болно гэж мөрөөдөж эхэлсэн дээ.
-Урлагийн хүн болоход гэр бүл тань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх.Гэр бүлийнхнийгээ бидэнд танилцуулаач?
-Миний ээжийг Ц.Мөнбиш гэдэг. Нутагтаа нэр хүндтэй ардын багш. Урлагийн их авьястай, бас шанз хөгжим тоглодог. Бүх ард түмний урлагийн их наадам болдог байсан үед Мэргэжлийн шанз хөгжимчдийн 3 дугаар зэргийн тоглогч байсан юм. Миний ээж бас урлагт их хайртай хүн. Ээж маань урлагийн хүн болох мөрөөдөлтэй байсан ч тухайн үед Соёл урлагийн их сугууль гэж байгаагүй гэдэг. Оронд нь Кино драмын ангийн жүжигчний ангид шалгалт өгөх гэсэн боловч дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг байж л дээ. Ээжийг минь төгссөн жил таараагүй, тэгээд жүжигчний ангид орж чадаагүй гэж ярьдаг юм. Өөрийнх нь биелүүлж чадаагүй хүслийг биелүүлж яваа болохоор ээж минь надад их баярладаг, надаар бахархдаг. Би бас ээжийнхээ хүсч мөрөөдөж байсан мэргэжлээр ажиллаж байгаадаа их баярладаг.
-Аавынхаа тухай дурсвал?
-Аавыг минь М.Чимэдтогтох гэдэг. Намайг бага байхад бурхан болсон. Гэхдээ миний санаанд аавтай минь холбоотой үлдсэн дурсамжууд их байдаг. Манай аав намайг урлагаар хичээллэхийг их хориглодог байлаа. Харин би ааваасаа зугтаад янз бүрийн дугуйланд их явна. Намайг бага байхад "Монголжингоо” гэдэг олон талын авьяасыг нь шалгаруулдаг тэмцээн зохиогддог байсан. Би дөрөвдүгээр ангид байхдаа нэг удаа аавдаа хэлэлгүйгээр нууцаар тэр тэмцээнд оролцсон юм. Сум жижигхэн болохоор аав минь тэмцээн болох гэж байгааг сонсоод очиж үзэж л дээ. Тэгсэн охин нь байж байдаг. Дөнгөж дөрөвдүгээр ангийн хүүхэд хэрнээ 16 настай хүүхдүүдтэй өрсөлдөөд түрүүлснийг аав минь хараад надаар маш их бахархсан гэдгээ хэлж байсан /уйлав/. Аавыгаа ярихаар ингээд уйлчих гээд байдаг юм. Аав минь тэрнээс хойш намайг хорихоо больсон. Урлагт хайртай, урлагт дурласан хүн урлагаар хоолоо олж идэхээс илүүтэй тайвшрал авдаг юм байна гэдгийг аав минь ойлгож намайг дэмждэг болсон. "Аав нь усандаа явъя, миний охин даарч хоолойгоо гэмтээв. Гамнаарай, дугуйландаа яваарай” гэдэг байсан. Тэрнээс хойш нэг их удалгүй охиныхоо сайн сайхан явааг харж амжаагүй өнгөрсөнд их харамсдаг юм. Би чинь аавынхаа эрх охин нь байлаа шүү дээ. Одоо ингээд намайг тоглолтоо хийх гэж байгааг минь харсан бол хичнээн их баярлах байсан бол доо. Тэр цагаас хойш аавын минь оронд аав болж биднийг юугаар ч дутаахгүй хүмүүжүүлж, өсгөсөн ээж минь бидний амьд бурхан юм даа.
-Амжилттай яваа хүн бүрийн цаана хань ижил нь түшиг болж байдаг. Гэр бүлийнхээ хүний тухай яривал?
-Манай нөхрийг Э.Зоригтбаатар гэдэг. Барилгын архитектур мэргэжилтэй. Дорнод аймгийн Баяндун сумын хүн. Бас л над шиг Буриад гэж цохилох зүрхтэй, эх оронч үзэлтэй залуу бий. Буриад залуучуудыг нэгтгэсэн "Амин тоонто” ТББ-ын тэргүүн.
-Та жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэж ярьсан. Мөрөөдлөө биелүүлж чадав уу?
-Ер нь бол чадсан шүү. /инээв/
-Та өөрийнхөө тоглож байсан дүрүүдийнхээ талаар яриач?
-Би оюутан байхдаа хамгийн анх Буриад зон олны тухай харуулсан "Мойлхон” кинонд туслах дүрд тоглож байлаа. Төмөрийн эхнэр гэж ногоон алчууртай, хүрэн дээлтэй жирэмсэн эмэгтэйн дүр байдаг даа. Киноны зураг авалт Хэнтий аймгийн Дадал, Батширээт сумдад болсон. Нэгдүгээр курсын оюутан байхдаа киноны туслах дүрд тоглоод өөрийгөө кинонд тоглож чадах юм байна гэсэн итгэлтэй болсон. Харин оюутан байх үед кинонд тоглох эсвэл гадуур ямар нэгэн уран бүтээлд оролцоход манай мэргэжлийн багш нар тийм ч таатай ханддаггүй. Учир нь чиний анх бүтээсэн "түүхий” дүр чинь хүмүүст чамайг дутуу үнэлэхэд хүргэдэг гэдэг байлаа. Тийм болохоор оюутан байхдаа нэг их кинонд тоглоё гэж бодож явсангүй. Сургуулиа төгссөнийхөө дараа МҮОНРТ-ийн "Өдөр өдрийн нар” олон ангит киноны Хорол гэдэг сувилагч бүсгүйн дүрийг бүтээсэн. Түүнээс хойш олон киноны туслах дүрд тоглолоо.
-Таныг МҮОНРТ-ийн буриад мэдээний хөтлөгч гэдгийг хүмүүс мэддэг?
-МҮОНРТ-ийн МН2 суваг анх нээгдэхэд буриад мэдээний хөтлөгч болсон. Өнөөдрийг хүртэл "Монголын мэдээ" сувгаараа Буриад зон олондоо мэдээ мэдээллийг хүргэж байна.
-Буриад аялага их уянгалаг, чихэнд зөөлхөн сонсогдоод байдаг юм?
-Ер нь олон хүн ингэж хэлж байсан шүү. Буриад аялага маш гоё сонсогддог. Буриад хүмүүс ер нь их халуун цустай хүмүүс байдаг байх гэж. Сонсголонтой, дуунууд нь аялгуу их сайхантай гэдэг. Харин үгийг нь ойлгоод сонсвол үгийн утга учир нь бас гүн гүнзгий байдаг. Буриад зон олон ер нь урлагт маш дуртай хүмүүс. Тухайлбал, Ленин багшид зориулсан дуу, Сүхбаатар жанжинд зориулсан дуу ч бий. Нэг хүнд зориулаад дуу хийгээд явчихдаг. Тийм л урлагт ойр хүмүүс байдаг юм.
-Удахгүй таны тоглолт болох гэж байна. Буриад дууны тоглолт гэхээр их сонирхолтой санагдаж байна?
-Би 2016 оны "Алтаргана” наадамд зориулж өөрийн бие даасан анхны "Алтан шар нар” нэртэй буриад дууны цомгоо гаргасан. Цомгийнхоо баярыг тохиолдуулаад 11 дүгээр сарын 27-ны 16:00 цагт "Алтан шар нар” нэртэй буриад дууны тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын хамгийн гол онцлог бол БУРИАД тоглолт гэдэгт оршино. Миний "Алтан шар нар” цомогт багтсан бүх дуу дуулагдахаас гадна Монгол ардын үндэсний хөгжимтэй Буриад ардын дуунуудыг дуулна. Мөн амьд хөгжмийн хамтлагтай буриадын орчин үеийн дуунуудыг орчин үеийн хэв маягтай дуулна. Тоглолтод маань урилгаар таван дуучин оролцоно. Нэг нь "Алтаргана" наадмын тэргүүн байрын шагналт Г.Барсболд дүү минь байгаа. ӨМӨЗО-ы Шинэхэнээс СУИС-д ирж суралцаж байгаа гурван сайхан авьяаслаг дүү маань ая дуугаа өргөнө. Миний найз Болдын Ганцэцэг гэж дуучин бүсгүй бий. Б.Ганцэцэг бид хоёр дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа хамгийн анхны тоглолтоо хийж байсан. Одоогоор ОХУ-д байдаг буриад зон олны "Байкаль" театрын гоцлол дуучнаар ажилладаг.
-Уран бүтээлч хүний хувьд цаашид их олон зорилго тавьсан байх гэж бодож байна?
-"Мөрөөдөл дууссан газарт амьдрал дуусдаг гэдэг" их үнэн үг юм байна. Би Буриад дуу дуулаад цомогтой болох юмсан гэж анх "Алтаргана" наадамд оролцож байхдаа мөрөөдөж байлаа. Тэр мөрөөдөл минь энэ жил биелэлээ орж байгаад баяртай байна. Би Улаан-Үд хотод ч юм уу, Шинэхэнд ч юм уу, Буриад улсад тоглолт хиие гэж бодож байгаагүй. Тухайн үед миний мөрөөдөл Улаанбаатар хотод тоглолтоо хийх байсан. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, надад Улаан-Үд, Москвад тоглолтоо хийгээчээ гэсэн санал ирсэн. Маш их баяртай байна.
Ингээд бүхий л Монгол туургатнуудад эрүүл энх сайн сайхныг хүсье. Буриад дуу хууранд хайртай хүн бүрийг 11 дүгээр сарын 27-ны 16:00 цагт МҮСТӨ-д ирж тоглолтыг минь үзэхийг урьж байна. Тоглолт маань олон сайхан гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно.
-Баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.
MNB