"ХЭРЛЭНГИЙН БАРЬЯА " МИНУ ЗЭЭ
Монголын төрт ёсны айзам их дууны нэг "Хэрлэнгийн барьяа”.
Хэрлэн мөрний дэнжнээс хээтэн төрсөн энэ их дууг наран ургах нутгийнхан
үеийн үед дуурсгасаар иржээ. Уг эш,уламжлал хэзээ ч бүдгэрч тасарч
боломгүй айзам аялгууны алтан аргамжтай ажгуу. Тэгээд ч Дорнод аймгийн
төр засгийн байгууллага, уул дууг өвлөн суралцах өргөн хүрээтэй ажлыг
"Хэрлэнгийн барьяа-1090” сэдвээр өрнүүлж байна. Хэрлэн гол эх орондоо
1090 км урт урсгалтайг бэлэгдэн ийм тооны дуучид аймгийнхаа баяр
наадмаар энэхүү дуулалыг дуурсган шуранхайлж төрдөө хүндэтгэл үзүүлэн,
Хэрлэн мөрнөө баясгана.
Баяр ёслолын хүндэтгэл төдийгүй язгуур урлагийн арвин сангаас
хүртэн суралцах, түгээн дэлгэрүүлэх,залгамж үедээ уламжуулан үлдээх
гурван цагийн холбоог айзам аялгуунд нийтгэн шингээжээ.
Дууны утга агуулгыг бүрнээ ойлгосон дуулаачид, дуундаа сэтгэл
итгэлээрээ шингэн орвоос дуугаа сонсогч түмэндээ хүргэж чадахсан
билээ гэсэн нэгэн бодолд хөтлөгдөн,эрэгцүүлж бодсноо уншигч нартаа
толилуулья.
МЗЭ-ийн шагналт уран зохиол судлаач,сэтгүүлч Л.Хэрээ
Дууны нэр.
"Хэрлэнгийн барьяа” хэмээх их дууллын "барьяа” хэмээх үгийг
дуулаачид болон судлаачид их усны долгио халигааны "боргио,харгиа”-тай
холбон "баргиа” болгон тайлбарлах нь олонтой байх юм. Харин монгол улсын
гавьяат жүжигчин алдарт уртын дууч Ж.Дорждагва агсан "...Хэрлэнгийн
барьяа гэдэг нь Хэрлэнгийн дэнж гэсэн үг шүү дээ. Хэрлэнгийн барьяа-г
эмэгтэй хүн хийсэн юм гэдгийм...” гэж ам нээсэн хууч яриаг эрдэмтэн
зохиолч Ж.Саруулбуян тэмдэглэн үлдээжээ Их дуучийн энэ яриа, өнө холоос
өртөөлөн дамжуулсан эрэгцүүлж бодох үг юм шиг санагдана. Тиймээс
"барьяа” "дэнж” гэдэг хоёр үг, утгын сүлжээгээр хэрхэн холбогдохын
учрыг эрэгцүүлж бодлоо.
Хэдэн зууны турш Хэрлэн мөрнөө дээдлэн шүтэж ,рашаан усыг нь
хүртэж ирсэн уугуул нутгийнхан урин цагийн эргэлтэд Хэрлэнгийн дэнжнээ
ханат гэрээ шийрлэж, унагаа зэллэн гүүгээ барьж,хурдан хүлгээ сойж,уяа
хурдыг тааруулан үсэргэж, сунгаж,уралдуулж наадаж ирсэн уламжлалтай.
Сэвэлзэх салхитай сэрүүн сайхан дэнжид армаг хүлгийн асгарах хөлс шингээ
биз ээ. Ингэж бодвол Хэрлэн мөрний дэнж бүхэн хурдан хүлгийн барианы
газар, барианы зурхай болох юм шиг санагдана. Ер нь тухайн газар оронд
болж байсан үйл явдлаар нь тэр газар нутгийг нэрлэсэн явдал олон
байдаг.
Өнөөгийн аман аялгууны "бариа” гэдэг үгийг монгол бичгээр
"барияа” гэж бичдэг уламжлалтай. Их дууч Ж.Дорждагва гуайн айлдсан
"Хэрлэнгийн дэнж”-гэдгийн учир үүнд орших юм шиг бодогдож байна. Энэ
бодлоо уг дууны тэргүүн бадагт байгаа " Хөхрөн хүдэнтсээр харагдана
билүү зээ” гэсэн шадаар бататган хэлэхийг хичээе.
Монголчууд тал хөндий дэнж толгодоор хөшиглөн татах агаарыг "хөх
ногооны униар”,”ногооны униар " гэж ярилцдаг. "Дөрвөн цаг” хэмээх урт
дуунд "ногоо нь газартаа хөхрөөд байна” гэж өгүүлдэг.
Манан,будан,хүдэн,униар зэрэг үгс нь ойролцоо утгатай боловч найруулга
зүйд утгын нарийн ялгамжийг илэрхийлдэг байна. Борооны манан.усан
манан,цасны будан,алсын униар гэх мэт. Хүдэн гэж хуурай мананг хэлнэ
гэж тайлбар тольд тэмдэглэжээ. Гол мөрний урсгал дээгүүр усан манан
татахаас бус "хүдэн” хэмээх хуурай манан татахгүй биз ээ. Дуунд өгүүлэх
"ахай лаа” буюу ахайтанг ухаант дээдэс маань усны мандал дээр бус
хөхрөх дэнжид залан дуулжээ. Иймээс дууны тэргүүн хос мөр нь Хэрлэнгийн
барьяа буюу Хэрлэнгийн ногоон дэнж хөхрөн харагдаад хуурай манан
татаад байна гэсэн санааг илэрхийлж байна. Дууны нэрийг ийм утга
санаагаар ойлговол ямар вэ ?
2. Дууны утга агуулга.
Энэ дуу зуун зууны турш түгэн дэлгэрч, уламжлагдан ирэхдээ үг
болоод аялгууны хэд хэдэн хувилбартай болжээ. Аман зохиол судлаач
У.Загдсүрэн агсны хэвлүүлсэн "Монгол дууны судлалын товч тойм” номонд
орсон уг дууны нилээд дэлгэрэнгүй хувилбарыг барьж, утга агуулгыг
тоймлож болмоор байна.
Хэрлэнгийн барьяа ахай лаа минь
Хөхөрч харагдана /бусад хувилбарт Хөхрөн хүдэнтсээр/
Хөөрхий бяцхан тэр минь ахай лаа минь
Түүний тэнд суудаг бий
Хөхөрч харагдах ахай лаа
Хөөрхий миний нутаг
Хөөрхий бяцхан тэр минь ахай лаа минь
Сураглан дурсаж суудаг бий
Золгоё гэж зорилоо ахай лаа минь
Золгож баяслан зорьсон хэрэг бүтэв
..............................................................
Одоо би чинь буцъя
Уяас хийгээд унавал ахай лаа минь
Унаган цавьдар умдаасна болов уу
Уулзъя гэж санавал ахай лаа минь
Улсын хэл гайхна болов уу /гол 4 бадаг шүлгийг авав/
Хэрлэнгийн дэнжид суугаа "ахай лаа” буюу эрхэмсэг намбалаг,нас
тогтсон эмэгтэй болоод түүний дүү хоёрын харилцан бие биесээ санан
мөрөөдөх сэтгэлийн их тэмүүлэл шүлгийн мөрүүдээс урган гарахын сацуу
зорин очиж,баясан учиралдсныг өгүүлжээ. Бас унаа болсон унаган хүлгээ
хайрлах сэтгэлээ илэрхийлээд ,”Уулзъя гэж санавал ахай лаа минь
Улсын хэл ам гайхна болов
уу” гэсэн учир битүүлэг нэгэн санаа шингэсэн байна. Хадамын босгонд
очиж, нас тогтсон эзэгтэйн араас аав ээж ахан дүүс нь тэр бүр
давхилдаад байдаггүй заншилтай. Тэгээд ч монголчууд "Ус ундны ойр
нь,ураг төрлийн хол нь” гэсэн ёс уламжлалыг дээдлэн, санан мөрөөдөх
сэтгэлийн жолоогоо "Хадамд очсон хүүхэн хаданд харвасан сум” гэж татаж
иржээ. Энэ их дууны гол утга нь эгч дүүгийн бие биесээ санан мөрөөдөх
тэмүүлэл нь нэгэн биеийн шаналал,зуун зуунаар дагасан ёс заншлаа
дээдлэх нь төрт ёс гэсэн гүн утга санааг илэрхийлж байх шиг санагдана.
Энэ ёсыг эс дагаваас хэл ам, хилс ташаа үг гарна гэсэн санаа аль ч
хувилбаруудад ажиглагдаж байна.
Хэрлэнгийн дэнж нь эгч дүүгийн уулзан золгох "барианы
газар”.санан дурсахын тэмүүллээ тайлах "барианы газар” болж, хатан
Хэрлэнгийн эгшиглэн,айзам их дууны аялгуунд сүлэлдэн мөнхөрчээ.
3. Дуу зохиогдсон он цаг.
"Их дууч С.Дамчаа өөрийн гарын шавь Ч.Шархүүхэнд /ардын
жүжигчин/ "Хэрлэнгийн барьяа”-г зааж байхдаа –Энэ дууг Хэрлэнгийн
боргио,Хэрлэнгийн барьяа гэдэг байсан хэмээгээд Чингис хаан аян дайнд
мордохдоо Хэрлэнгийн барьяа дуулуулж байсан гэдэг домог бий” гэсэн хууч
яриа бичгийн баримт болон үлджээ. Үүнээс улбаалуулан зарим судлаачид
"Өвөг дээдсийн минь мянган жилийн өмнө зохиосон "Хэрлэнгийн барьяа” нь
Монголын айзам их урт дууны хаан мөн буюу:” гэж үзсэн байх юм. Дууны
шүлгийн бүтэц,уран чадварыг ажиглахад 13 дугаар зууны үеийн яруу
найргийн сонгодог жишээ болсон Монголын нууц товчооны шүлгүүдээс
ихээхэн өөр байна. /монголын Д.Цэрэнсодном,өвөр монголын Баяр нарын
эрдэм шинжилгээний орчуулга/ Уг дууны шүлэг нь уртын дууны яруу найраг
хэлбэршин төлөвшсөн 17-18-р зууны үеийн бүтээл болов уу гэж бодогдоно.
Тиймээс голлох хувилбаруудад
Хэрлэн гэгч гол мину хөөрхий
Хэнтий хаанаас эхтэй л билээ зээ
Хилсхэн хол урсан урссаар
Баргын далайд цутганам зээ гэж өгүүлжээ.
Баргачууд 1732,1734 онуудад Хөлөнбуйрын тал рүү хоёр удаа
нүүдэллэн очиж, хуучин,шинэ баргын хошууд үүссэн гэж түүхчид үздэг нь
хөдөлшгүй үнэн бололтой. Баргачууд энэ нутагт суурьшсанаас хойш Хөлөн
нуурыг Баргын далай гэж нэрлэдэг болжээ. Тэгвэл энэ дуу дээрх он цагаас
хойш зохиогдсон байж таарна. Эсвэл уг бадгийг сүүлд зохион нэмж оруулсан
байж болох талтай.
Хэрлэнгийн барьяа айзам урт дуу учир, алс холынх байх ёстой
гэсэн санаа бодолдоо хөтлөгдөн, хууч ярианы хуудуутай эсэхийг
нягтлалгүй,түүхэн баримт эшийг шүүрдэн харалгүй, харьцуулж судалж
узэлгүй өндөр дээдсийн үеийн дуу, өнөөдрийн хаан дуу гэж тайлбарлан
толилуулах нь их л эргэлзээтэй юм.
Хэрлэнгийн барьяа төрт ёсны агуу их дуулал болюу.