Энэ удаагийн дугаартаа аялгуут сайхан уртын дуугаараа хүмүүний сэтгэл зүрхийг баясгаж яваа уртын дуучин, Ардын
жүжигчин Ш. Чимэдцэеэг урилаа. Тэрээр нутаг ус, удам судар, хувийн амьдрал, уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан юм.
-Ард
түмний хайртай дуучны маань төрсөн сар нь Хөхөө, төрсөн газар нь Хоолой
гэж газар байдаг тухай сонссон юм байна. Тэгэхээр таны хэлсэн "Дуу,
дуучин хоёр нутгаа дуурайж төрдөг" гэсэн үгнээс ярилцлагаа эхэлье?
-"Дуу,
дуучин хоёр нутгаа дуурайж төрдөг" гэдэг маань саяхны үг биш, эртний үг
л дээ, Энэ үгийг судалсаар байгаад би докторын зэрэг хамгаалсан юм. Энэ
зургаахан үгийг ухаж судалж болж байна шүү дээ, Тэгэхээр дуу, нутаг,
хүн гэсэн гурван зүйл шүтэлцээтэй гэж би боддог. Хүн чинь өөрөө
байгалийн амьтан юм. Би өөрөө Хоолой гэдэг газарт Хөхөө сард төрсөн
байгаа. Анх хүн болж, эхийнхээ сүүний хажуугаар амссан ус минь Гүн худаг
гэж газрын рашаан байлаа. Одоо ч би тэр булгийн усыг тээж яваад уух
дуртай. Магнай хага ташим тийм цэв хүйтэн байдаг рашаан даа. Ёстой л
нутгийн минь эрчим надад шингэж би өдий зэргийн дуучин болсон байх. Тэр
сайхан эрчим шингэсэн шороог миний багш нар ч их сайхан усалж цэцэг
болгож өгсөн. Тийм ч болохоор өдий зэрэгтэй явж байгаа.
-16 настайдаа хотод анх ирж байсан гэсэн. Энэ үеэс л урлагт хөл тавьсан уу?
-Тэр
үед илгээлтийн эзэн болгоно гээд хүүхдүудийг долдугаар анги төгсгөөд л
хөдөө гаргадаг байлаа. Би ч бас л тэгсэн. Сонирхолтой нь би бага, дунд
сургуульд байхдаа дуу дуулдаггүй, ичимхий охин байлаа. Дууны хичээл дээр
муу авдаг. Багшаараа угзчуулж, дугтчуулан байж дуулдаг. Тэгээд
уйлчихдаг байлаа /инээв/. Илгээлтийн эзэн болсныхоо дараа суурийн ахлагч
боллоо. Тэгсэн эхний хавар нь нэлээд ширүүхэн цастай, зудтай ч байлаа.
Хонь мал маань ч нэлээд жилбэ муутай байж, хургаа их голсон. Тэгээд л
ажлын шаардлагаар өнөө хонио тойглолоо доо. Тэр хавар миний хоолой их
задарсан байх. Энэ маань ч хүмүүсийн сонорт хүрч л дээ, "Шарын энэ
бүсгүй их сайхан дуулах нь, тойглож байгаа мал нь төлөө сайн аваад
байна" гэцгээж байж билээ. Мянга сайхан тойглолоо гээд төлөө авахгүй ч
байж болно шүү дээ. Гэтэл цаанаасаа дуучин болох хүний тойгонд мал их
уярдаг шиг байгаа юм.
Тэр үед манай сумын клубын эрхлэгч
Н.Дандар гэж хүн байлаа. Тэр хүний чихэнд нөгөө хүмүүсийн яриа хүрч
гэнэ. Азаар яг тэр хавар "Бүх ард түмний урлагийн үзлэг" гээч болж
таарлаа. Бүх нийтийг хамарсан, Монгол орон даяар л өргөн өрнөдөг байлаа
шүү дээ. Тэгээд л намайг суманд аваачиж дуулууллаа. "Жаахан шарга" гээд
дууг дуул гэлээ. Азаар ээж минь энэ дууг надад аялж өгдөг байсан. Хүүхэд
байсан болохоор дор нь сурчихсан байсан л даа. Тухайн үед яаж дуулснаа ч
санадаггүй юм. Сумаасаа шалгарсныг бодвол сайхан л дуулсан юм байлгүй.
Тэгээд аймагтаа очлоо. Аймгаасаа бас шалгараад Зүүн бүсийн аймгуудын
уралдаанд оролцлоо. Тэр нь Дорноговьд болж байсан санагдана. Тэндээсээ
дахиж шалгараад Улаанбаатарт ирсэн юм. Хотод ирэхийн өмнөхөн аймгаас нэг
бичиг ирлээ. Тэрэн дээр нь дуучин болчихсон биш, дуучин болох хүмүүсийг
Улаанбаатарт уртын дууны курст шалгаруулж авна гэсэн байлаа. Тэгээд л
16 настайдаа хотод ирж байлаа даа.
Тухайн үед одоогийн Ардын
жүжигчин А.Нэргүй 16 настай, МУГЖ Ж.Нансалмаа 15 настай, МУГЖ Г.Тэрбиш
20-иод орчим настай ирцгээж байлаа. Ингэж л дуучин болох эхлэл минь
тавигдсан. Их инээдтэй. Анх ирээд чуулга руу орчихоод өөрөө гарч
чаддаггүй байлаа. Хүнээр оруулж, хүнээр гаргуулдаг байлаа /инээв/.
Тухайн үед манай курсын захирал нь Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва
багшийн маань шавь, Ардын жүжигчин Н.Норовбанзад байлаа. Их хөөрхөн,
цагаан хүүхэн байсан. Бас Ардын дуу бүжгийн чуулгын социалист
хөдөлмөрийн бригадын ахлагч дуучин Б.Лхамжав гэж хүн байлаа. Тухайн үед
МУСТА цолтой байв уу даа. Бас МУГЖ С.Сүглэгмаа гэж хүн байсан. Их сайхан
хүүхэн. Тэр хүнээр юм заалгаад сууж байх, заалгаагүй байсан ч инээгээд
сууж байхыг нь харах сайхан санагддаг байж билээ. Ийм сайхан дөрвен алт
шиг багшаар заалгаж дуучин боллоо доо.
-Хичээл зүтгэл, хөдөлмөрөөр уртын дуучин болно гэж байх уу, эсвэл уртын дуучин хүн цаанаасаа төрдөг юм болов уу?
-Яг
хөдөлмөрөөрөө уртын дуучин болно гэж байхгүй ээ. Уртын дуучин гэдэг
хүнийг тэр цохилго, цохилт, шуранхай, нугалаа, хугалаа, өвдөглөх,
бөнжигнөх гээд тэр бүх зүйлийг хийхээр цаанаас нь төрүүлдэг байх.
Түүнийг нь хөдөлмөрлөөд ил гаргаж чадсан нэгэн байхад чадаагүй хүмүүс ч
байна шүү дээ. Тиймээс уртын дуучин болно гэдэг бол хүслийн асуудал биш.
Цаанаас нь төрүүлж өгснийг хэрхэн хөгжүүлж, хэрхэн хөдөлмөрлөж байна вэ
гэдгээс л шалтгаалах асуудал юм даа.
-Таныг бас шаггүй шүлэг бичдэг гэдгийг мэдэх юм байна, Шүлгийн номууд ч гаргаж байсан?
-Сүхбаатар
аймагт "Сүхбаатар аймгийн зохиолчдын нэгдэл" гэж байлаа. Яруу
найрагчдын нэгдэл юм даа. Би тэр нэгдлийнхээ гишүүн. Тэгээд О.Дашбалбар,
Г.Мэнд-Ооёо, И.Батсүх, Д.Цэнджав бид хэд нийлээд шүлгийн түүврээ
гаргадаг байлаа. Би яахав дууны ажлаа хийгээд, нөгөө хэд маань шүлгээ
бичээд нэг хэсэг хоёр тийшээ болсон юм. Сүүлд би нэлээд их шүлэгтэй
болчихоод байж байтал Г.Мэнд-Ооёо "Ном болгоод гаргачихаач дээ" гэсэн
санал тавьсан. Тэгээд Г.Мэнд-Ооёо өмнөтгөлийг нь бичээд гаргаж байлаа.
Тэрнээс хойш нэлээд хэдэн ном гарсан. Хамгийн сүүлд "Тэнгэрийн
цэцэрлэгээс" гэж шүлгийн түүвэр гаргасан даа.
-Уртын дуугаа дуулаад тайзан дээр зогсч байх үед чухам юу мэдрэгддэг вэ?
-Надад
дуугаа хэрхэн дуулах, суулгах зэргийг зааж өгсөн хүн бол Ж.Дорждагва
багш минь шүү дээ. Дуун дотроо өөрөө орно. Би сайхан хурдан морины тухай
дуу дуулж байгаа бол тэр морио төсөөлөөд л дуулна шүү дээ. Баян
монголын хонь ямаан сүргийн тухай дуулах гэж байгаа бол тэр тал дүүрэн
малыг нүдэн дээр хараад л, сувд шиг байна уу даа гээд л төсөөлж дуулна.
Дуучин хүн тийм л байх ёстой.
-Гаднын үзэгчид манай уртын дууг хэрхэн хүлээн авч сонсдог бол?
-Дэлхий
дууныхаа хэмжээгээр, хөгжмийн хэмжээнд Италийг сонирхоод гүйцчихлээ.
Нэг үгээр бор авдрынх нь ёроол гарчихлаа. Одоо шинээр авдар нээх гэж
байна. Энэ бол уртын дуу. Ер нь уртын дууг нэлээд сонирхож эхэлж байна.
Япон улсыг алдартай болгосон гурван хүн байдаг. Тэдний нэг нь Сакамото
Рючи гэж хүн. Энэ хун XX зуун дуусч XXI зуунд шилжихэд "Дэлхийн дуурь"
гээчийг тавьж байсан юм. Энэ хүн өөрөө дэлхийгээр нэг явж оролцох
дуучид, уран бүтээлчдээ сонгож байсан. Би 1999 онд Монголоо төлөөлөн энэ
тоглолтод оролцсон. "Уяхан замбативийн нар", "Урьхан хонгор салхи" гэж
дуунуудыг тэр "Дэлхийн дуурь"-т эх хэл дээрээ дуулж байлаа, Бусад орны
дуунууд орчуулагдаад орж байсан. Тэгэхэд би монгол хүн гэдэг дэлхийн
хүмүүсээс тохой өндөр юм байна гэдгийг мэдэрч байлаа.
-Та
Сүхбаатар аймгийн хүн. Эмэгтэй хүн, тэр дундаа урлагийн хүний хувьд
Дарьганга хийцийнхээ гоёл, чимэглэлийг хэр цуглуулсан бэ?
-Би
Сүхбаатар хүн. Их олон жилийн өмнө нэг зүйлд их эмзэглэж байсан юм. Уг
нь иж бүрэн Дарьганга хувцас, хэрэглэл хийлгэх гээд Төв музей дээр очсон
боловч дутуу байгаад байсан. Түүх судлаад үзлээ. Огт өөр байгаад
байлаа. Уг нь би чинь нутгийнхаа Орлойн баян Сувд гээч хүний ач охин юм
байгаа юм. Цалин цагаан мөнгө, нэлээд шүр ч надад үлдсэн байсан.Тэгэж
байгаад нэлээд олон эх сурвалжаас харж байж Дарьгангын алдарт дархан
М.Зундуй гэж хүний хүү З.Батжаргал дархнаар жинхэнэ гүйцэд өмсгөл
хийлгүүлсэн. Ер нь Дарьгангын соёлыг заавал бүхэл бүтнээр нь үлдээх нь
зүйтэй гэж бодсондоо л хийлгэсэн юм даа. Ер нь бол би айхтар үнэтэй
хувцас бол өмсдөггүй. Харин гоёлын хувьд бол нэлээд үнэтэй, эрдэнийн
чулуун эдлэлд дуртай. Эмэгтэй хүнд сувд их сайхан. Янз бүрийн өнгийн
сувднууд, өөрийн биед ээлтэй чулуун гоёлууд их бий.
-"Тэнгэр ээж минь өршөө" дууныхаа шүлгийг өөрөө бичиж, тэр өдөртөө дуу болж байсан гэдзг юм билээ. Энэ тухайд?
-Олон
жилийн өмнө дөө. 1993 онд зохиогдсон дуу. Шүлгээ шөнө 04:00 цагийн үед л
бичиж байсан юм. Би чинь хажуудаа дэвтэр, үзгээ тавьчихаад унтдаг
хүүхэд байлаа. Гэнэтхэн л ороод ирсэн шүлэг дээ. Шүлгээ биччихээд ажил
дээрээ очиход манай Ш.Батсайхан тэр дор нь ая хийчихсэн. Үдийн цайны
завсарлага гэхэд л дуу болчихсон байсан даа. Өмнө нь миний "Тавилан"
гээд дуунд ая хийж байсан хүн л дээ.
-Таныг их шүтлэгтэй гэж сонссон. Өглеө бүр бурхандаа мөргөчихөөд гэрээсээ гардаг гэсэн?
-Миний
аав Орлойн баян Сувд гэж хүний хүү Жамбал гэж хүн байсан. Таван
настайгаасаа "Хурдан даяанчийн хийд" гэж Сүхбаатар аймгийн Уулбаян
суманд байсан хийдэд шавилсан хүн байлаа. Аавын минь нөлөө байсан байх.
Ээж минь ч их шүтлэгтэй хүн байсан. Бурхан гэдэг бол шүтэж чадах юм бол
бас л амьтай. Би өглөө бүр бурхандаа усан тахил тавьдаг. Хар багаасаа
сурсан даа. Сунаад мөргөчихнө. Түүнээс биш би мухраар, сохроор
шүтдэггүй.
-"Тэнгэрийн нулимс шиг аялгуу" шүлгээ
Н.Жанцанноров гуайтай хамтран дуу болгосон. Дэлхийд ховорхон хоолойны
цараа гайхуулсан дуу болсон доо?
-Ж.Дорждагва багш минь их
том, унзад хоолойтой хүн байсан. Энэ багшийн хоолой гурван актав хүрэх
байсан байж магадгүй. Гэхдээ багш минь ийм гурван актав дуу дуулаагүй.
Тэр үед нь гурван актав дуу ч байгаагүй. Дэлхий дээр хамгийн том дуу бол
Монголд байгаа юм. Энэ нь уртын дуу. Гэхдээ хамгийн томдоо хоёр актав
кварттай, хоёр актав квинттэй. Энэ дуу бол "Дуртмал сайхан" гэж дуу. Энэ
дууг Ж.Дорждагва багш минь дуулж байсан. Би өөрийгөө цаг ямагт хөгжүүлж
байхыг боддог хүн. Багш нарынхаа тариад өгсөн цэцгийг би тордоод явах
учиртай. Тийм болохоор хөгжүүлэхийг хичээсээр ирсэн. Миний хоолой анх
хоёр актав гарантай л байсан. Дасгал сургуулийн хүчинд гурван актав
болсон. Энэ үед нь би "Тэнгэрийн нулимс шиг аялгуу" шүлгэндээ
Н.Жанцанноровт ая захиалсан даа. Өөрийгөө гурван актав дуу дуулах цаг
болчихлоо гэж бодсон болохоор тэр шүү дээ. Эхний хийсэн ая нь надад
гологдоод, хоёр дахиа хийсэн ая нь таалагдсан. Ингэж л "Тэнгэрийн нулимс
шиг аялгуу" гэж гурван актав дуу дэлхийд бий болсон доо. Энэний төлөө
бид хоёр их зүтгэсэн.
-Гурван актав дуу дуулж чадах дуучин хэр олон байдаг бол?
-Хаанахын
билээ нэг тонместер хүн нэг хашгирсан байдаг юм билээ. Францынх билүү
дээ. Дуулах биш хашгирах юм шүү. Түүнээс биш ДУУ дуулсныг бол би
үзээгүй, сонсоогүй.
-"Хязгааргүйн чанадаас" тоглолтын тухай ярья?
-Би
жил бүр тоглолт хийдэг шүү дээ. Тэр жилийн тоглолтдоо таван орны дууг
дуулсан. Энэтхэг, хятад, япон, солонгос, монгол. "Хязгааргүйн чанадаас"
энэ бүх дуунууд энд хурлаа, асгарлаа гэсэн утгаар тоглолтоо ингэж
нэрлэсэн. Дэлхий гэдэг хязгааргүй юм.
-Та Хөгжим бүжгийн коллежид багшилж байгаа. Шавь нараа хэрхэн бэлтгэж байна вэ. Шавь нартаа юуг хамгийн ихээр захидаг вэ?
-Би
хүүхдүүддээ эхлээд сайн байхыг л захидаг. Сайхан дуучин байх нэг хэрэг,
сайн хүн байх нэг хэрэг. Эцэг эх нь хүмүүжуүлээд явуулж байгаа л гэж
боддог байх. Гэтэл надад тэр нь хангалтгүй санагддаг. Миний нүдээр
харахад учир дутагдал маш их. Тийм учраас хүн болгохыг хичээдэг. Дуулах
чадварын хувьд Ж.Дорждагва багш, Н.Норовбанзад багш, Б.Лхамжав багш гээд
хэдэн багшийнхаа хэлсэн зүйл, надад заасан бүхнийг л өвлүүлэхийг
хичээдэг. Шавь нартаа дууны тухай их ярьж өгдөг юм. Түүнээс биш шууд энэ
дууг дуул гээд аялдаггүй. Дууных нь үг, утгыг ярьж өгнө. Одооны
хүүхдүүд хуучны монгол хэл, хэллэгийг ойлгохгүй байх нь их. Тэгж байгаад
энэ дууг суръя гэсэн хүсэл төрөхөд нь зааж өгдөг дөө.
-Уртын
дууныхаа буянаар нэлээд олон орноор аялсан байх. Өнөөдрийг хүртэл
хичнээн орноор явсан бол. Бас очсон газруудаасаа онцлон авчирдаг зүйл
бий юү?
-Би хамгийн анх 1976 онд гадагшаа тоглолтоор явж
байсан юм байна. Тэрнээс хойш 40-өөд орноор явжээ. Дэлхийн хамгийн
алдартай "Карнеги холл"-ын тайзан дээр дуулж байлаа. Би хөгжим мэдэхгүй
хэн нэгэнд "Би тэр тайзан дээр дуулж байсан" гээд хэлэхэд тоохгүй л
өнгөрөх байх. Харин энэ талын мэдлэгтэй хүн бол намайг алдартай хүн гээд
үнэлэх байх.
-Сүүлд Монголын киноны 90 жилийн ойд
зориулсан "Гайхамшигт дэлгэц" төслийн зураг авалтын үеэр тантай
тааралдсан юм байна. Тэрхүү кинонд ямар дүр бүтээв?
-Цогт
тайжийн ээжийн дүр. Яг кинондоо бол Ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуай
тоглодог шүү дээ. Тэр хэсгийн зураг авалтад оролцож, тэр сайхан эмэгтэй
дүрийг чадан ядан үлдээсэндээ баяртай байгаа. Тэр эрдмийн цагаан гэгээ
татсан эх хүний дүрийг үнэхээр хүндэлдэг дээ. Өөрийгөө хувьтай хүн гэж
бодож байгаа шүү /инээв/.
А.ХАЛИУН /НИЙСЛЭЛ ТАЙМС/