/Профессор Б.Пүрэв-Очирын "Үг, өгүүлбэрийн амь, амьдрал, эрчим долгион соёл хэрэглээ” номын шүүмж /
Андуураагүй бол манай нэгэн рок хамтлаг ” халуун хүйтэн хамаг
зэвсгээс, хатуу зөөлөн үг хүчтэй” гэж дуулдаг юм. Үг үнэхээр хүчтэй.
Даанч харамсалтай нь түүнд асар их хүч хуримтлагдсаныг хүн төрөлхтөн
арай л хожуу ойлгож мэдсэн юм. Гэхдээ олж мэдсэн нь сайн хэрэг. Хэрэв
олж мэдээгүй өдий хүрсэн бол долоон миллард шахуу донхор толгойтой,
доншуур явдалтай бид ямар байдалд байхыг таашгүй. Гэтэл энэ ҮГ гэдэг
хүчтэнд ил харагдаж, ханхалзах бодит ДҮР даанч үгүй. Тиймээс бүхий л
холбоос чанаруудаар нь авч үзвэл үгийн анхдагч гол шинж нь "ХООСОН
ЧАНАР” юм. Магадгүй бидний бий болгосон олон зүйлс дотроос хамгийн
бодигүй нь ҮГ атлаа хамгийн бодитой нь ҮГ билээ.
Ер нь энэ
ертөнцийн юмс бүхэнд хоосон чанар буй. Харин ҮГ шиг тийм ХҮЧ агуулсан
нь ховор биз, ээ. ҮГ бодитой хийгээд бодигүй учраас цаг хугацаа өнгөрөх
тусам улам ХҮЧ орж ҮНЭН БАЙХ гэсэн ганцхан гол шалгуурт тунасаар ирсэн
биз. Тиймээс л Л.Түдэв гуай " Үнэн гэдэг анхандаа үнэмшихийн аргагүй
байдаг” гэж санамсаргүй хэлээгүй нь магад. Сансарын хуулиар ҮГИЙН ҮНЭН
гэдэг шалгуурт тэнцэхгүй ҮГС цаг хугацааны мананцарт орж ХООСОН
ЧАНАРААС - ОРГҮЙ ЧАНАРТ шилжинэ. ОРГҮЙ ЧАНАРЫН хязгаарт ҮГ дахин амилах
ХҮЧ хуримтлуулж байдаг. Нэг үгээр ҮНЭНД тэнцэх амь хайж байдаг. Энэ нь
ҮГ оршихуйн ердөө нэг хэлбэр.
Нагаржуна багшийн "Тэмцлийг
няцаагч” шаштирт " Юунд хоосон чанар байна. Түүнд оршин тогтнол буй.
Юунд хоосон чанар үгүй, түүнд оршин тогтнол үгүй” хэмээн айлджээ. Дахиад
л оршихуй. Үг хаана оршдог тухай бодол эргэцүүлэл. Бурхад шиг
тэнгэрийн оронд уу? Эсвэл бидэн шиг хөх тэнгэрийн дор, хөрст газар дээр
үү?
Профессор Б.Пүрэв-Очир абугайн "Үг, өгүүлбэрийн амь
амьдрал, эрчим долгион соёл хэрэглээ” /2011/ номыг уншаад өөртөө
тавьсан хамгийн анхны ЭРГЭЛЗЭЭ асуулт минь. Гэтэл энэ асуултанд
хариулах БОЛОМЖ даанч ХҮН бүхэнд үгүй юм. Олон хүнд ҮГС хаа нэгтээ
оршиж байдаг гэдгийг ойлгуулахыг хүссэнээс, ҮГ гэж хамгийн үнэгүй зүйл
гэж итгүүлсэн нь хялбар болсон цаг. Харин ҮГС-ийн оршин тогтох орон зай
бий гэж үздэг. Ялимгүй хуучны хэллэгээр бол "дэвшилтэт үзэл санаатай”
цөөнхийн тоонд энэхүү номыг зохиогч Бямбажавын Пүрэв-Очир абугайг
оруулан тооцоход юуны буруу. Үнэхээр үгийн хоосон чанарт гүн нэвтэрсэн
ХҮН түүний цаана үгийн гайхамшигт ЕРТӨНЦ буйг таньж мэддэг. Тийм хувь
ерөөл цаанаасаа өгөгддөг, үгүй бол тийм боломжийг зарим хүмүүс өөртөө
бий болгодог. Чухам алин ҮНЭНД илүү хувьтай болохыг би мэдэхгүй. Ямар ч
байсан үгийн ертөнцөд хэд хэдэн чухал зүйлс байдгийг профессор
Б.Пүрэв-Очир нээсэн гэдгийг зориуд хэлмээр байна.
Үгийн
ертөнцөд ямар чухал зүйлс оршин байдаг вэ? Энэ бол түүний номыг уншаад
төрсөн хоёрдугаар асуулт. Харин өчүүхэн миний ойлгосноор ҮГИЙН АМЬ
АМЬДРАЛ хийгээд ЦАГ ХУГАЦАА, ҮГИЙН ЭРЧИМ ЭНЕРГИ хийгээд ҮНЭ ЦЭНЭ. Нэг
үгээр Үгийн ертөнцөд АМЬДРАЛ хоромхон ч зогсолтгүй буцалж байдаг гэсэн
үг. Зарим ҮГ үхэж, зарим ҮГ төрж байдаг. Библид "Амьд ҮГ- сүнслэг
чанар” гэсэн ойлголт байдаг. Энэ чинь ҮГ –АМЬД гэдгийг аль эрт НЭЭСЭН
гэдгийн баталгаа. Үг амьд учраас түүнд тодорхой орон зай, цаг хугацаанд
үйлчлэх АМЬ АМЬДРАЛ байдаг гэдэг нь тодорхой. Тэгээд ертөнцийн зүй
тогтлоор ҮГ үхэж, магадгүй заримдаа дахин АМИЛЖ, үгүй бол шинээр
мэндэлж байна.
Харин дашрамдуулахад энэ номын зохиогчийн
бичсэнэээр ӨГҮҮЛБЭР хийгээд ӨГҮҮЛЛЭГ гэдэг хоёр үгийн хувь заяан дээр
санал нийлэхгүй байгаа юм. "Өг” гэдэг үйл үндэс яахаараа ҮГСЭЭС бүтдэг
ҮГҮҮЛБЭР-ийн толгой болчихдогийг, мөн ӨГ гэдэг үйл үндэс яаж яваад
ҮГЭЭР бүтдэг ҮГҮҮЛЛЭГИЙН-ийн толгой болчихсоныг. Нэг талаараа үгийн амь
амьдралд хүртэл алдаа оноо байдгийг яруу тод жишээ ч юм, нөгөө
талаараа ҮГ хүртэл хэлмэгддэг, алддаг онодог ХУВЬ ТАВИЛАНТАЙГ харуулж
байгаа боловч тодорхой зарим юмыг тодорхой болгохыг эх хэлний минь хувь
заяа биднээс шаардаж буйг марташгүй.
Дахиад л үг амь
амьдралтайг баталсан энгийн жишээ авъя. Өнгөрсөн 2010 онд интернет
хэрэглэгчдийн дунд "WOOT” хэмээх үг хамгийн их хэрэглэгдсэн гэж
шалгарсан байналээ. Энэ үгийн амь амьдрал ирээдүйд чухам яахыг хэлж
мэдэхгүй ч өнөөдөр бол хамгийн АМЬД-ҮГ.
Мэдээж ҮГ амьд
болохоор түүнд зан араншин бий. Зарим ҮГ нуугдмал, учир битүүлэг,
зарим ҮГ илэн далангүй, зарим ҮГ хулчгар, зарим ҮГ эр зоригтой. Өчүүхэн
түүх өгүүлье. Нэгэн эр насан туршдаа "АЛНА ШҮҮ” гэдэг үг амнаасаа
салгасангүй. Гэхдээ хэнийг ч алж хохироосонгүй гэнэ. Жамаараа тэгээд
үхэж, жалганд хэдэн яс үлдэж, сүнс нь эрлэгийн өмнө очжээ. Эрлэг Номун
хаан үйлийн дансаа эргүүлж байснаа ” За, хө гурван хүний аминд хүрсэн
муу хар нүгэлтэн, халуун тамд унах учиртай "гэжээ. Өнөөх эр айн сандарч
” үгүй, ээ та андуурч би хүн алаагүй " хэмээн хашгирахад, Эрлэг Номун
хаан ”чи хүний амьдралдаа гучин түмэн дүнчүүр удаа "ална шүү” гэж
хараажээ. Тэр их хараал чинь амилж биелээд гурван хүний амь хороосонтой
тэнцэхээр болжээ” гэсэн гэдэг. АЯА, үгээр үйлдсэн нүгэл даанч
өршөөлгүй ажээ. Тэгэхээр "Ална шүү” гэдэг үг ямар аймаар зан
араншинтайг хэлэх ч юм биш. Энд л бид ҮГ-ийн үндэс язгуур, нөхцөл
дагавар гэж бүрэн задлал хийдэг эрдэмтэй болсноос биш ҮЙЛИЙН ҮРИЙН
БОЛОВСРОЛ, ҮГЭЭР дамждаг гэж үздэг байсан эртний Монголчуудын ОЮУН
САНААГ бүрэн орхигдуулж, Күнзийн "үндэстэнг мөхөө гэвэл эртний түүхийн
мартуулж, ойрх түүхийн мандуул” гэсэн хорон номлолд автаж, үг задалдаг
болохоос ҮГ-ийн амьдлаг, сүнслэг чанарыг мэддэггүй болцгоосон гэмтэй.
Нэгэн цагийн мунхрал гэмээс салахад харин профессор Б.Пүрэв-Очир
абугайн "Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион соёл хэрэглээ”
/2011/ ном хэмжээгүй их тус болно. Хамгийн гол нь ҮГИЙГ механик үйлдэл
бүхий физик хүчнээс салгаж, жинхэнэ мөн чанарт нь судлах бүтээлч
алхмууд энэ номын үнэ цэнийг өргөж байгаа юм.
Мартсанаас ҮГ
амь амьдралтай учраас зарим үг баян, зарим үг ядуу байдаг ажээ.
Америкчуудын хийсэн ҮГ оношлогооны багажинд ямар ч хэлний "ЭЭЖ” гэдэг
ҮГ хамгийн сайн үзүүлэлтүүдийг үзүүлж байсан гэдэг. Ээж гэдэг шиг баян
үг, үгийн ертөнцөд байхгүй хэрэг. Баян гэхээр халаас дүүрэн зоос
мөнгөтэй гэж хүмүүс бид өөрсдийнхөөрөө ойлгох вий дээ? Үгийн ертөнцөд
БАЯН гэдэг ойлголт огт өөр байдлыг илэрхийлж байдаг юм.
ҮГ-ийн
утга, хэрэглээ, соёлын айн энэ бүх хачирхмаар гаргалгаануудыг "Үг,
өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ”/2011/ номноос
олж авсан юм. Үнэндээ "Хуучин үгийн үнэ цэнэ”, "Орон хийгээр оршихуй,
даяар хийгээд даяаршихуй”, Нүүдэлчний намар, олон өнгө аяс, утга соёлын
үнэт зүйлсийн илэрхийлэл”, " Л.Ванганы зохиолд байдаг ”эв намдаа
орох”... "хэмээх хоршоо үгээс үүтгэн эргэцүүлэхүй дор / монгол хэлний
нам гэдэг үгийн учир/ зэрэг үгүүллүүд үнэхээр Монгол хэл шинжлэлийн
эдүгээ цагийн нүүрэнд шинэ санаа, шинэ хандлага, шинэ сэтгэлгээний
илрүүд гээд хэлчихэд хожим амаа барихгүй гэдэгтээ би огт эргэлзсэнгүй.
Аливаа номонд эргэлзэх сэтгэл төрөхгүй байх ихэвчлин тэр номонд итгэл
төрүүлэх СЭТГЭЛ хангалттай байгаагаас шалтгаалдаг юм
Дээр үгүүлсэн ҮГ-ийн амь амьдрал, цаг хугацаа, хувь тавилангийн тухай ойлголтуудаа хялбар жишээгээр батлахыг оролдъё.
ДОМБО дүүрэн зөөг цайнаас хул тагшинд хийж залгилав.
Энэ явдал хэзээ болсон бэ? Маш тодорхой. Халуун сав гуай Эрээнээс
ачигдаж, Замын-Үүдээр орж ирэхээс өмнө. Харин халуун сав хүмүүсийн
амьдралд өргөн хэрэглэгдэх боллоо. ДОМБО гэдэг ҮГ, домбо гэдэг эд
зүйлтэйгээ хамт амьдрал нь төгсөж, цаг хугацаа нь зогсож байгаа юм.
Ердөө энгийнээр үгийн амь амьдрал хийгээд цаг хугацаа гэдэг ойлголт
энэ.
Харин улам лавшруулан профессор Б.Пүрэв-Очир абугайн
номноос ийм нэг жишээ авъя. " Энэ мэтээр хүн төрөлхтөний хэлийг "амьд”
гэсэн, хэл хэлний "үгэнд амь буй” гэсэн санаа нь үгийг экологи, оюун
санаа, ухамсрын хүрээ, юм ба үзэгдлийг нэрлэх мэдээлэх ёс, түүний
цаадах далд чанартай холбон үзэж, шүтэлцүүлэн барилдуулсных юм”
/Б.Пүрэв-Очир "Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл
хэрэглээ”2011,12/ гэжээ. Аргагүй цаг нь болсон. Хэлийг хэлний хүрээнд
ганцхан авдраа өдөр бүхэн ухдаг чавганц шиг "төнхөх”-өөсөө татгалзах
цаг болсон. Тэгээд ч ийм огт өөр чанарын ном бичих оюун санааны үүдэн
нээгдэж эхэллээ. Залуус ийм замаар адуу шиг давхилдах цаг болжээ. Одоо
эндээс л манай хэл шинжлэлийн бүтэц судалдаг уйдмаар судалгаа, утга
судалдаг, мөн чанар, аливаа юмсын цогц бүхэллэг шинжийг судалдаг ”өргөн
хавтгай "орон зайд шилжиж эхэллээ. Энэ алхмыг хийгчдийн нэгэнд энэ
номыг зохиогч Б.Пүрэв-Очирын нэрийг оруулахад бас юуны буруу байх вэ?
МАГТААЛ
хэмээх энэ үгтэй ХЭМ ХЭМЖЭЭ гэдэг салшгүй ойлголт ихэр тугал шиг хамт
явдаг. Нэг үгээр магтахад хэм хэмжээ хэрэгтэй. Хоосон магтаалын ҮГС цаг
хугацааны салхинд хийсэн замхарна. Түүнтэй адил ямар үгэнд оносон
зохирол, тогтсон хэм хэмжээ бий.
Эрт цагт нэг гэрийн эр эм хоёр
хоёр биенээ ТА гэж хүндлэн дууддаг байжээ. Одоо бол ердөө л ЧИ. Тэр
цагт гэр зуурын хэрүүл бага гардаг байжээ. Яагаад гэвэл "ТА битгийн
хуц”, "ТА битгий солиор” гэхээр яаж олигтой хэрэлдсэн болох вэ дээ?
Харин одоо бол ЧИ гэдэг төлөөний үгийг чимэглэх аймаар үгс захаасаа
аваад дураар олдоно.
Энэ юу гэсэн үг вэ? Хүн хэн ч байсан
гэсэн олон юмны өмнө хариуцлага хүлээдэгтэйгээ адил, ҮГ-ийн хэм хэмжээг
мэдэж, ҮГ-ийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Тэртусмаа үгээр
их ”тоглодог” хүмүүс. ҮГ-ийн хэм хэмжээг зөрчиж, дур мэдэн
үнэгүйдүүлж байгаа зарим хүмүүс хожим үйлийн үрд унана гэдгээ мэдэхгүй
байгаа юм. А.Дантегийн "Тэнгэрлэг туульс”-д энэ насандаа буруу зөрүү их
чалчсан хүмүүс тамд зүү шиг үзүүртэй үгийн мөсөнд өдөр бүхэн сүлбүүлж
байдаг шиг ХУВЬ ТАВИЛАН хүлээж буйг мэдүүлэхийн тулд үгийг зугаа
төдий үзэгчдэд энэ номыг нэг уншуулмаар санагдав. Учир нь ҮГИЙН ҮНЭ
ЦЭНЭ гэдэг ойлголтыг "Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл
хэрэглээ”/2011/ номонд даанч үнэн тодорхой илэрхийлсэн байна.
Хүний
биеийг 100 хувь гэж үзвэл ердөө 40 хувь нь физик бие буюу махан бие,
харин үлдсэн 60 хувь нь сүнслэг ухамсараас бүрддэг тухай уншсан юм.
Тархинд гэхэд 9,6 сая километр хэмжээтэй бичлэг хийх "ХАЛЬС” бий гэж
байгаа. Энэ бүхэн хүн өөрийгөө гүйцэд таньж мэдээгүй байж ҮГИЙН мөн
чанарыг бүрэн НЭЭХ хэмжээнд хүрээгүй гэх жаахан гутранга бодлыг
төрүүлсэн ч ямар ч байсан ҮГ эрчим энергитэй гэдгийг ойлгох түвшинд
нийтээр хүрсэн нь хамгийн гол ололт юм.
Харин хүнээс Үгийг
нь салгаж яриад байгаа минь ҮГ-ХҮН хоёр бүтээгч бус мөн анхдагч бус
гэдгийг харуулахыг хүссэн профессор Б.Пүрэв-очирын цоо шинэ таамаглалыг
дэмжиж байгаатай минь холбоотой юм. Эртний үлгэрт "хаалга нээгд,
абрахам дубрахам” гэдэг ШИДЭТ үгийг хэлэхээр эрдэний санг хадгалсан
чулуун хэрэмний хаалга нээгддэг. Нүдэн дээр гарсан өвдөгийг бас л шидэт
шившлэг үгээр домнодог. Хэдийгээр би Б.Пүрэв-Очир абугайн бичсэнээр
"аргалчин ээжийн хүү” биш ч өвдөг тохойгоо бишгүй шалбалаад "түй, түй,
түй, түргэн эдгэ” гээд таван салаа наачихаад гүйж явсан нусгай. ҮГ ид
шидтэй гэдэгт үнэмшиж өссөн МОНГОЛ болохоор яруу найрагч Д.Нямсүрэн
бараг шүлэг бүхэндээ "СЭТГЭЛ”, багш минь яагаад шүлэг бүхэндээ” ГОО
САЙХАН” гэдэг үгийг шидэт тарни мэт шившиж байсны учрыг таньж мэдсэн
юм. Тиймээс л ҮГ-ийн шидэт амьдралд нэвтрэх алхам хийсэн "Үг,
өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ”/2011/ номыг
шимтэн уншсан билээ. Чухамдаа АНХДАГЧ БҮТЭЭГЧ ОЮУН САНААГ, магадүй
бурхан гэж нэрлэдэг гэвэл түүнд ҮГ-ХҮН хоёрыг бүтээсэн тайлагдашгүй
увдис оршино.
"Агнистын гэгээ” цувралаар хэвлэгдсэн "Өдөр
тутмын ариусал” /2005/ номонд "Дүрс хоосон чанар, хоосон чанар бол
дүрс. Дүрсээс ангид хоосон чанар үгүй, хоосон чанараас ангид дүрс гэж
үгүй” гэж айлдсан буй. Тэгэхээр ҮГ дүрс ч мөн, хоосон чанар ч мөн. /
Хэлний шинжлэлд харин "тэг” ∅ нөхцөл энэ тэр гээд байдаг нь буруу л
нээлт санагдаад байдаг юм /
Гэтэл саяхан "бурхан бодигүй ч
түүнд зориулж босгосон сүм хийд бодитой” гэж уншаад элэг хөших шахсанаа
гэнэт саналаа. Энэ бол оюун санааг ҮГЭЭР ДАРАНГУЙЛАХ гэсэн оролдлого.
Бидний ертөнцөд ийм оролдлогууд өдөр бүхэн өрнөж байна. Тэгэхээр ҮГ
эрчим энергитэй учраас түүнд бас муу үйл давхар боловсордог. "Хар үгсээ
цацаад , хар амтай, хар хэлтэй " гэж Монголчууд эртнээс хэлэлцсэн нь
үгийн муу энергийн тухай л үгүүлээд байсан хэрэг.
Сүүлийн үед
"ҮГИЙН ДАРАНГУЙЛАЛ” гэсэн буруу ч орчуулсан юм шиг ойлголт, нэр томьёо
нийгмийн шинжлэх ухаанд нэвтэрч байна. Гитлер ХХ зуунд Германчуудыг
ҮГ-ээр дарангуйлж, Бэнито Муссололини Италид ҮГ-ээр яаж сүржигнэж,
Владимир Ульянов 1917-04-08 -нд хуягт тэргэн дээр ҮГ-ээр яаж сүйд
хийснийг л товчхондоо "ҮГИЙН ДАРАНГУЙЛАЛ” гэж номлоод байгаа юм. Эртний
Ромд "Үг хоёр талдаа иртэй илд” гэж хэлэлцдэг байсан нь ҮГ - ҮНЭТ
ЗҮЙЛ /values/ яах аргагүй мөн гэж ухаарч түүнийг эрхэмлэж, ҮГ-ээр
илтгэх урлаг, зоосоор хийх арилжаа наймаанаас ч илүү хөгжиж байлаа.
Энэ бүхэн ердөө "шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин зүйлийг хэлнэ”
хэмээх үгийн баталгаа юм даа?
"Үг, өгүүлбэрийн амь амьдрал,
эрчим долгион, соёл хэрэглээ”/2011/ номноос муу энерги хадгалсан
үгсийг хэлэхээс зайлсхийж, ҮГ-ийн дарангуйлалд оролгүй, ҮГ-ийн яруу
сайханд шүтэж, зөв бодолтой, зөв үйлд шамдан явахын хүсэл хаанаас ч юм
бэ оргилон байхыг мэдэрсэн СЭТГЭЛЭЭР ийм нэгэн үгүүллийг эрхэм
профессорын шинэчлэгч чанарт зориулан их зоригоор бичив.
"ҮГ ҮНЭН БОЛ ТҮҮНД БУРХАНЫ ШИНЖ” лав бийд итгэх шиг мөн итгүүлэх шиг сайхан зүйл ховор доо?
Эцэст нь ийм нэгэн үгээр хамаг бүгдийг хураангуйлахыг хүслээ " ҮГ
гэдэг тодорхой орон зайд тодорхой эрчим хүч агуулдаг шигээ тодорхой орон
зайд урваж, тодорхой орон зайнаас дайжиж, тэр утгаараа цаг хугацаагаар
тохуурхаж чаддаг ертөнцөд аху нэн увдист цорын ганц хүчин мөн”
/М.Уянсүх ” Хуучин ертөнцийг томъёолсон тэмдэгт үгсийн хураангуй”
/2010, 127/
П.Батхуяг