Монгол
Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Төмөрхуяг, Соёлын тэргүүний ажилтан
Д.Балдан нар хамтран энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд "Хорвоод
ганцхан ээждээ” тоглолт хийх гэж байгаа билээ. Энэхүү тоглолт нь дуучин
Н.Төмөрхуягийн Монгол Улсын гавьяат жүжигчин цолны мялаалга, олон
түмэндээ өргөж буй уран бүтээлийн тайлан юм. Хэдхэн хоногийн дараа болох
тоглолтын талаар Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Балдантай ярилцлаа.
-Хоёр
жилийн өмнө гавьяат жүжигчин Н.Төмөрхуягтай түүний дууг хамтран дуулж
дүрсжүүлж байсныг санаж байна. Хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон дууг
дахин амилуулах нь уран бүтээлч хүний эрэл хайгуулын үр дүн болов уу?
-Дуучин
хүн өөртөө таалагдсан уран бүтээл хийнэ гэхээсээ илүү үзэгчдийн
сэтгэлийг татсан чанартай дуу хийхийг хүсдэг. Тийм учраас хүний сэтгэл
зүрхэнд байнга эгшиглэж байх уран бүтээлийг байнга хайж байдаг юм.
Сүүлийн үеийн дуунууд ганц, хоёр сар учиргүй fm-ээр цацагдаж байгаад
мартагдчихдаг болсон байна. Тиймээс л би гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг
ахыг сонгож түүний дуунуудыг зөвшөөрлийг нь авч байгаад албан ёсоор
дуулъя гэж бодсон. Н.Төмөрхуяг ахын 1980- 1990-ээд онд эгшиглэж байсан
дуунууд одоо ч гэсэн хүмүүсийн сэтгэл зүрхэнд байсаар байна. Энэ
утгаараа хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудыг өнөөгийн цаг үед
хүргэх ёстой гэж бодоод Н.Төмөрхуяг ахад санал тавиад хамтран ажиллаж
байна.
-Чанаргүй уран бүтээл их төрж байгаагаас дуу үнэ
цэнээ алдаад байх шиг. Хэдхэн хоног, аль нэг олон нийтийн сувгаар
цацагдаад шилдэг дуу болчихдог бичигдээгүй журам энэ салбарт байна?
-Дууны
шүлгийн нандин чанар нь байхгүй болсонтой бас холбон тайлбарлаж болно.
Ардчилал гарснаас хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүссэнээ
хийдэг болж. Үүнээс болоод үгийг амилуулдаг яруу найрагч, уран бүтээлч
цөөхөн болсон юм шиг санагддаг. Дууны амьдрах нас олон зүйлээс
шалтгаалдаг байх л даа. Гэхдээ бүгдээрээ тийм байна гэж хэлж байгаа
хэрэг биш шүү. Энэ цаг үед сайхан уран бүтээл хийж байгаа залуучууд бий.
Бүх зүйлийг хавтгайруулж дүгнэж болохгүй. Хамгийн гол нь бүх зүйл
чөлөөтэй болж хүссэн хүн бүр студид дуу бичүүлэх боломжтой, сайн, муу
байх нь хамаагүй мөнгөө төлөөд олон нийтэд хүргэдэг болжээ. Тиймээс дуу,
дуучны утга алдагдаад байна.
-Ер нь дуучид дуугаа хэрхэн олж авдаг юм бэ. Үнэхээр сайн уран бүтээлийг үнэ зодож авах тохиолдол гардаг уу?
-Янз
бүр. Одоо захиалгын уран бүтээлүүд нийгэмд түрэн орж ирж байна. Хувийн
байгууллагууд хүртэл дуу зохиолгох гээд захиалга өгдөг болжээ. Тэр
захиалгын дууг нь хөгжмийн зохиолчид дуучдад өгч байна. Үүнээс гадна
дуучин өөрөө эрэл хайгуул хийгээд бүтээлгэсэн чанартай бүтээл ч байна.
Ер нь ямар бүтээл төрөх нь сонин болохоос яаж бүтээх нь сонин биш юм шиг
санагддаг.
-Захиалгын уран бүтээл олширсноос дууны сэдэв нь хүртэл ядмагхан болчихжээ?
-Хэдхэн
сэдэвтэй юм шиг л нэг хэвийн дуунууд төрж байгааг би үгүйсгэхгүй. Аав,
ээж нутаг усны тухай эсвэл бүтэлгүй хайр, нууц амраг гээд л гарын таванд
хуруунд багтах сэдэв дотор эргэлдээд байна. Одоо хүний чин сэтгэлийн
тухай өгүүлсэн сайхан бүтээлүүд үгүйлэгдэж байна шүү дээ.
-Та
гавьяат жүжигчин Н.Төмөрхуягийн уран бүтээлийг дуулах зөвшөөрөл авахын
тулд хэдий хугацаа зарцуулсан бэ. Гавьяат маань дууг нь дуулах хүсэлтэй
хүн болгонд зөвшөөрөл өгөөд байдаггүй хүн шүү дээ?
-Бид
хоёр 2012 онд "Хорвоод ганцхан ээждээ” дууг нь хамтран дуулсан. Хүмүүс ч
биднийг сайхан хүлээж авсан. Н.Төмөрхуяг ахыг амьд сэрүүн байна. Дуугаа
дуулсаар явааг харсан. Үнэнийг хэлэхэд тухайн үед хэвлэл мэдээллийн
хэрэгслээр Н.Төмөрхуяг ахыг аль эрт хорвоог орхисон гэж мэдээлчихсэн
байсан. Түүнээс хойш, 2012 оноос хойш дууг нь дуулъя гэсэн санал тавиад
ярилцаад яваад байсан. Тэгээд өнөөдөр л миний тавьсан санал биеллээ олж
байна. Ер нь Н.Төмөрхуяг гэдэг хүн ямархуу, яаж амьдарч байгааг Монголын
ард түмэн харж байгаа шүү дээ. Телевизээр гарсан нэвтрүүлгүүдээс ч
харсан байх. Зарим нь энэ хүнийг ууж идэж байна гэж ярьдаг. Гэхдээ энэ
зүйл сонин биш. Хамгийн гол нь зүгээр гавьяатын тэмдэг зүүхээсээ илүү
энэ хүн чинь сайхан амьдрах ёстой биз дээ. Тэр үүднээс бодож энэ
тоглолтыг хийх зориг гаргасан. Анхандаа тоглолт хийх гэхэд хөрөнгө
мөнгө, ивээн тэтгэх байгууллага олдохгүй амаргүй байсан. Тиймээс
тоглолтоо хийхийн тулд унаж явсан машинаа зарчихсан шүү дээ. Одоо бол
Хэнтий аймгийн нутгийн удирдлагууд, дэмжлэг үзүүлж байгаа хүмүүс байна.
Хамгийн гол нь тоглолтын орлогоороо Н.Төмөрхуяг ахыгаа нэг өрөө байртай
болгоё гэж зүтгэж байна даа.
-Сэтгэл чинь сайхан юм. Гэхдээ 10 мянган төгрөгийн тасалбартай тоглолт хийлээ гээд нэг өрөө байр авч чадахгүй шүү дээ?
-Тоглолтын
орлого дээр сайхан сэтгэлтэй хүмүүсийн туслалцааг авч л байр авч өгнө.
Түүнээс биш 10 мянган төгрөгөөр тоглолт хийлээ гээд байр авч чадахгүй.
-Энэ
удаагийн тоглолтыг хийгээд гавьяатын дуунуудаас дуулах зөвшөөрөл
авахаар болсон тухай мэдээлэл цацагдах боллоо. Ер нь та гавьяатын хэдэн
дууг дуулах зөвшөөрөл авч байгаа вэ?
-Н.Төмөрхуяг ахын
дууг зүрх сэтгэлээсээ дуулж хүнд хүргэе гэж бодож байна. Түүнээс биш би
энэ хүний тэр дууг дуулна гэж зүтгээгүй. Н.Төмөрхуяг ахын дууг сонсох
дуртай нь сонсог. Миний дуулахыг сонсоод өөрийнхөөрөө хүлээж авах нь
аваг л гэж бодож байна. Хамгийн гол нь ашиг хонжоо харж тоглолт зохион
байгуулаагүй гэдгийг хэлмээр байна. Ер нь энэ хүний дууг зөвшөөрөлгүй
дуулсан олон хүн бий. Тэр энэ гэж нэр дурдаад яах вэ, гэхдээ бидний
хайрлаж хүндэлдэг дуучид ч байдаг юм.
-Н.Төмөрхуягийн
дуунуудыг дуулах сонирхолтой, ашиг олъё гэсэн уран бүтээлчид байсан
гэсэн. Харин та энэ хүнд туслахаар хувийн машинаа хүртэл зарчихлаа?
-Н.Төмөрхуяг
ахын дууг дуулъя гэсэн 20 гаруй хүн байсан гэсэн. Тэр дундаас
дуулаачийн ур чадвар, дуулах сэтгэл зүй, хоолойны өнгө зэргийг бодолцоод
надад зөвшөөрсөн гэж Н.Төмөрхуяг ахын ярихыг сонсч байсан юм. Миний
хувьд тоглолт хийгээд бусадтай адилхан 50:50 хувиар ашгаа хуваая гэж
бодож байгаагүй. Энэ удаагийн тоглолтын орлогыг ч 100 хувь энэ хүнд
зориулна. Би зорьсон зүйлдээ заавал хүрэх хэрэгтэй гэж бодсон. Өнөөдөр
яах вэ дээ, машинтай ч байж болно, байхгүй байлаа гээд өөрчлөгдөх зүйл
үгүй шүү дээ. Хамгийн гол нь миний сэтгэлийг ямар нэгэн зүйлээр битгий
хэмжээсэй гэж хүсмээр байна.
-Бие даасан уран бүтээлч хүний хувьд гавьяатаас зөвлөгөө авдаг гэж бодож байна?
-Би
бусадтай адилхан уран бүтээлээ сурталчилдаггүй. Ер нь сурталчилгаа
муутай дуучин. Байнга телевиз, FM гээд гүйгээд байж чаддаггүй. Түүнээс
биш би чинь хоёр цомог гаргасан шүү. Урын санд маань 60 гаруй дуу бий.
-СУИС-д урилгаар орсон гэсэн. Багаасаа л дуучин болно гэж боддог байсан уу?
-Би
Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат. Хүүхэд байхад манай аймагт "Яргуй”
наадам болдог байлаа. 1994-2004 он хүртэл "Яргуй” наадамд 10 жил
дараалан оролцсон. Хэнтий нутгийн нэр хүндийг улсын уралдаануудад өөрийн
чадах чинээгээрээ өргөсөн гэж боддог. Аравдугаар анги төгсдөг жилээ
улсын чанартай гурван уралдаанд оролцож түрүүлээд СУИС-ийн урилга авсан.
СУИС-д ирээд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди агсны удирдлага дор
суралцаж байлаа. Дараа нь Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганхуяг
багшийн удирдлага дор сургуулиа төгссөн. Оюутан байхдаа л бие даасан
уран бүтээл хийж эхэлсэн.
-Хүүхэд байхдаа Н.Төмөрхуяг дуучны дуунуудаас дуулж байв уу?
-"Саа
мөнгөн Хэрлэн”, "Насны намар” зэрэг сайхан дууг нь дуулах дуртай
байсан. Одоо болох тоглолтод ч бид хоёр таван дуу хамтарч дуулах гэж
байна. Бас Н.Төмөрхуяг ах маань өөрийнхөө бусад дууг ганцаарчилж дуулна.
Би ч гэсэн өөрийнхөө уран бүтээлүүдийг үзэгч сонсогчдодоо хүргэнэ. Хоёр
өөр өнгө аяс, мэдрэмжийг үзэгчдэд хүргэсэн сайхан тоглолт болно гэдэгт
итгэлтэй байна.
-Төгөлдөр хуурын хар, цагаан даруул шиг
амьдрал ч гэсэн нэгэн хэвийн байна гэж үгүй. Тиймээс түүнийг даван
туулах чадвар, сэтгэлийн тэнхээтэй хүн бүрт хэрэгтэй. Энэ талаар таны
бодлыг сонсмоор байна?
-Хоёр идэхгүй, хоосон хоосон
хонохгүй хүний ертөнцөд зөв мөртэй сайхан явчих юмсан гэж боддог. Хэн
нэгэнд сайхан харагдах гэж худал зүйл хийхээс илүү өөрөөрөө байхыг илүүд
үздэг. Хүнээс онцгойрч би тийм байх ёстой гэж бодохыг хүсдэггүй. Ингэж
бодож сэтгэхэд гэр бүлийн хүмүүжил, аавын маань нөлөө их байсан. Миний
гэр бүл уур уцааргүй, архи тамхи хэрэглэдэггүй, хөндлөнгөөс харахад
дэндүү тайван амгалан хүмүүс байдаг. 30 жил болоход аав, ээжийнхээ
айхавтар уцаарлаж байсныг хараагүй. Аав, ээж маань одоо Хэнтий аймгийн
төвд амьдарч байгаа.
-Аав болсон уу?
-Аав болоогүй л явна. Гэр бүлийн амьдралаа төлөвлөж байгаа. Хайрлаж явдаг эмэгтэй бий.
-Тоглолтын цаг тулчихаад машин тэрэггүй хэцүү байгаа байх. Ер нь хэцүү машин авъя гэж төлөвлөж байна вэ?
-Төдий
өдийд гэж хэлэхээсээ илүү энэ чинь мөнгөөс хамаарах асуудал. Сайн
найзуудын буянаар явган явахгүйгээр ажлаа хөөцөлдөж байна. Тэгж байгаад
машин авна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Б. Сэлэнгэ
Монголын үнэн сонин