"Би урлагийн сургуульд явсан
бол дуучин болохгүй, тэгээд л дуусах байсан... Дэлхий сөнөнө гэж
шуугисан 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр соёлын тэргүүний
ажилтан цолоо Б.Бямбабаяр найзаасаа гардаж авч байлаа... Хэнтийд Жамбын
Батмөнх дарга ирлээ гээд ажлаас дуудуулахаар нь Ленин багш амь ороод
ирлээ гэсэн ч очихгүй гэж адраад, зургаан сарын турш цалингаа
хасуулсан...”
Тэрээр иймэрхүү эсэргүү ч
гэмээр, элдэвтэй ч гэмээр зүйл ярина. Урт үс, бүрх малгай, гитар түүний
илэрхийлэл. Хэзээ өөрчлөгдөхгүй энэ төрх түүний өөрийнхөөрөө зангийнх нь
илрэл. Дуулсан дуунуудаараа, илүү дутуугүй гүдэсхэн төрхөөрөө олны хайр
хүндэтгэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлч Монгол Улсын гавьяат жүжигчин
Н.Төмөрхуягтай ярилцлаа.
-Дэлхий сөнөх өдөр соёлын
тэргүүний ажилтан боллоо гэж ярьж байсныг тань санаж байна. Сая Дэлхийн
яруу найргийн өдрөөр гавьяат цолоор энгэрээ мялаалаа. Танд уншигчдынхаа
өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. "Харанга”-ын Лхагваатайгаа
нэг өдөр гавьяат цолоо гардсан. Лхагваа надад "Та энэ цолыг эрт авах
байсан юм. Муу дүүтэйгээ цуг авах гээд хүлээгээд байсан юм байна шүү
дээ” гэсэн. Төр, ард түмнийхээ хайр хишгийг хүртээд баяртай байна. Муу
аав, ээж хоёр минь л надад жаахан юм үлдээсэн хэрэг шүү дээ. Тэрнээс
миний дуучин гэж юу байхав.
Миний аав, ээж хоёр гайхалтай дуучид
байсан юм шүү дээ. Алдарт дуучин С.Дамчаа гуай "Би Намдаг шиг Дарьгангын
жаахан шарга”-ыг дуулдаг хүн үзээгүй” гэдэг байсан Аавын тэр дуулсан
дуунууд нь одоо ч сэтгэлд сонсогдсоор байдаг. Сайхан сөхөрч сууж байгаад
дуулдаг байсан. Аав минь Хэнтийн театрт анх "Учиртай гурван толгой”
дуурь тавигдахад худалдаачинд дуулж байсан хүн. Аймгийнхаа Соёлын ордонд
жолооч байсан. Харин ээж минь Соёлын ордонд дуучин байсан. Тэр хоёр
хүнээс үлдсэн юм л надад яваад байгаа юм. Түүнээс биш би ямар урлагийн
сургууль төгссөн биш.
-С.Дамчаа гуайнхтай айл аймаг байсан гэдэг байх аа?
-Алдарт дуучин Сэсэржаагийн Дамчаа гэдэг
тэр агуу хүн Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Жонон хонгор”-ын хэмээн
алдаршсан Л.Дашням багшийн хадам нь юм шүү дээ. С.Дамчаа гуайнх,
Л.Дашням гуайнх манайх гурав гурван гэрээрээ нэг хашаанд байдаг байлаа.
Манайхан аймгийн "Урагшаа” сонин, "Хан Хэнтий” чуулгын архан талд
нүүрний хашаанд байсан. Тэр үед төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж,
Р.Чойном, урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Санжаасүрэн /нэрт
яруу найрагч Данзаннямын Шагдарсүрэнгийн төрсөн ах/ гуай эд нар нийлж их
архидна. Бөөн найр наадам. Манай гудамжинд гурван агент байдаг байлаа.
Тэр үед архи 26 төгрөг. Тэгээд надад 30 төгрөг өгөөд л архинд гүйлгэнэ.
Би мөнгөнийх нь хариултад нь хатсан алим, молоко энэ тэрхэн авч иднэ.
Тэр сайхан хүмүүсийн яриа хөөрөө, дуу хуур гэдэг тэр чигээрээ гайхамшиг
байсан даа.
-Аав, ээжийгээ дагаад чуулгад дуучин болсон уу?
-Үгүй үгүй. Би Дүрслэх урлагийн дунд
сургуульд орж зураач болох гээд бүр томилолтоо авчихсан байсан чинь аав
болиулсан. Чамайг тэгж хот оруулж, тэндэхийн хулигаан болгохгүй ээ гээд
Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-ийн малчин, механизаторын ангид
оруулчихсан. Тэр үед ТМС хангамж сайн. 165 төгрөгийн стипент өгнө.
Хувцас хунар ч өгнө. Би яахав 165 төгрөгийг нь авч идчихээд л, хичээлээ
хаяад алга болно. Дургүй юм чинь аргагүй шүү дээ. Хичээл дээр суулаа
гэхэд ширээн дээр элдэв зураг зураад л сууж байна. Тэгээд багш нарт
баригдаад загнахаар нь гараад л алга болно. Зовлонтой л амьтан байсан
шиг байгаа юм. Аавынхаа машиныг унаж ирээд ТМС-ийнхнийг машинаар элдэнэ.
Нийлдэг хэдэн найзтай. Биднийг гудамж тойроод гараад ирэхэд өөдөөс ирж
явсан хүмүүс буцаад зугтдаг байлаа шүү дээ.
Тэгж байгаад аймгийн баазад ажилд орсон.
Тэгсэн чинь даргатайгаа таардаггүй ээ. Би угаасаа эсэргүү хүн. Ерөөсөө
ажлаасаа гарлаа гээд өргөдлөө өгч халагдаад гурав, дөрвөн сар Бэрхийн
уурхайд жоншны тэрэг барьсан. Тэнд байдаг найзындаа очсон хэрэг л дээ.
Шөнө, өдрөөр ээлжлээд л сэлгээний жолооч болоод нэг хэсэг жонш зөөж
байгаад ирсэн чинь аав "Хаашаа тэнээд алга болчихдог юм. Соёлын ордны
Дашням, Гомбо хоёр чамайг сураглаад байна. Чи тэдэнд тийм хэрэгтэй юм
байлгүй, оч” гэсэн. Тэгээд очсон чинь Д.Гомбо багш намайг хөгжмийн ангид
авна гээд. Л.Дашням багш дууны ангид авна гээд булаацаалдаад. Тэгээд
Л.Дашням багш дийлж, би аймгийнхаа чуулгын дуучин болсон доо.
-"Хан Хэнтий” чуулгын дуучин Н.Төмөрхуяг ардчиллын анхны галыг асаалцаж явсан түүх бий дээ?
-Дээр хэлсэн ах нь их эсэргүү хүн шүү
дээ. Дарга нартай таарахгүй. Ажилдаа очилгүй хоёр хоночихсон араас хүн
ирлээ. Жамбын Батмөнх дарга аймагт ирнэ гэнэ. Ажилдаа оч гэж байна. Би
тэгэхээр нь битгий солиор, Жамбын Батмөнх байтугай Ленин багш нь босоод
ирлээ гэсэн ч очихгүй ээ гээд хэлээд явуулсан. Тэр нөхөр миний хэлснийг
яг тэр чигээр нь дамжуулсан байсан. Ингээд зургаан сар цалингаасаа
хасуулсан. Амнаасаа болж байхгүй юу. Харин ч зөөлөн шийтгэсэн байгаа юм.
Шоронд хийе гэвэл хийх л байсан шүү дээ, тэр үед. Намайг чинь энэ
мэтээр эсэргүү юм ярьдаг болохоор их дардаг байсан. Аймгийн чуулгын
тайзан дээр бол гоцлол дуу дуулуулахгүй. Хөдөө урлагийн бригадаар явахад
л нэг юм гоцлол дуулуулах жишээтэй. Тэгж яваад ашгүй 1989 онтой
золгосон. Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөлгөөнд Хэнтийгээс тав,
зургуулаа оролцсон. Модернист яруу найрагч Б.Галсансүх, аймгийн чуулгийн
Авирмэд гэх мэт бидний хэдэн залуус ирж байлаа. Тэр үед одоогийн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Улаан-Од” сонины сурвалжлагч гээд уг
зөвлөлгөөнд оролцож байсан. Хэрвээ ардчилал ялаагүй бол би гавьяат авах ч
үгүй л байсан. Р.Чойном шиг хавчигдаж, шорон оронд ч орж мэдэхээр тийм л
этгээд амьтан байлаа.
-Хотын хүн болсон нь хожуу юу?
-"Варьете” чуулгын дуучин болж 1991 онд
хотод ирсэн. Хэдэн жил ажиллаад чуулга маань татан буугдсан даа. Хотод
анх ирээд Бавуугийн Лхагвасүрэн ахын Дэнжийн мянга дахь хашаанд бууж
байлаа. Б.Лхагвасүрэн ах намайг хотод ирнэ гэсэн чинь "Чи манай Дэнжийн
мянгын хашаанд буу. Манайх тэнд 26 жил амьдарсан. Ээлтэй газар байгаа
юм. Том хүү Равжаа маань одоо амьдарч байгаа” гээд. Тэгээд хашаанд нь
буусан.
-Бавуугийн Лхагвасүрэн гуайтай эртний танилууд байсан юм уу?
-Дуучин болохоосоо өмнө танилцсан
байсан. 1982 онд юм даа. Тэгэхэд Б.Лхагвасүрэн ах Нийтийн аж ахуйн
үйлчилгээний соёлын төвийн найруулагч байсан. Манай Хэнтийн нийтийн аж
ахуйнхны тоглолт хотод болоод. Уг тоглолтыг Б.Лхагвасүрэн ах найруулж
таарсан. Тэр тоглолтод нь миний дуу оролцсон юм. Дүүтэйгээ уулзахаар
очсон чинь найруулагч нь гээд нэг их үс, сахалтай, айхтар ширүүн хүн
байна. Жүжигчдийг зад загнаад л. Тэгсэн тэр хүн яруу найрагч Бавуугийн
Лхагвасүрэн ах байсан. "Уянгын тойрог” ном нь хэвлэгдчихсэн, ёстой аатай
байсан үе нь. Би "Уянгын тойрог”-ыг нь уншсан байсан болохоор илүү
таньж, дотноссон.
-Б.Лхагвасүрэн гуайн нэг сайхан дууг та дуулсан даа. "Хожуу хайрын дуу” гээд?
-"Уянгын тойрог” номд нь байсан шүлэг.
"Улаан хацарт” гэдэг нэртэй шүлэг шүү дээ. Тэндээс нь манай Ц.Чинзориг
хараад л аялгуу зохиочихсон юм билээ. Саяхан энэ дууг маань дуучин
Намсрайноров дуулъя гээд байхаар нь нотыг нь, үгтэй нь бичиж өгөөд
явуулсан чинь үгийг нь ч, үг хуваарилалтыг нь ч шал буруу дуулсан байна
лээ.
-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг гуайн хэдэн сайхан дууг та дуулж амьдруулсан байдаг. Бүгд л хит дуунууд шүү?
-Ц.Чинзориг бид хоёрыг хөгжмийн зохиолч
Х.Билэгжаргал танилцуулж байлаа. "Хорвоод ганцхан ээждээ”, "Намрын
дурсамж”, "Хожуу хайрын дуу” гээд гурав дөрвөн дууг нь дуулсан. "Хорвоод
ганцхан ээждээ” дуу нь л гэхэд гайхамшигтай түүхтэй. Соёлын гавьяат
зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун эгч тэр хоёр нэг сумынх. С.Оюун эгч
Чинжигийн ээжид зориулж энэ дууны шүлгийг бичсэн.
-Дуу бүхэн түүхтэй байдаг. Таны
анх дуулж олонд хүргэсэн "Амьдрал хайр дээр тогтдог” дуу ч бас сонин
түүхтэй бүтсэн гэдэг байх аа?
-Дуучин С.Цэрэнчимэд энэ дууны шүлгийг
сонины тасархай дээрээс олж аваад аялгуу хийсэн гэдэг. Манай Хэнтийн
дуучин Цамбалхүндэв жолооч байхдаа тээвэрчдийн байгууллагын 60 жилийн
ойд оролцож хот явсан юм. Ирэхдээ дуучин С.Цэрэнчимэдтэй танилцлаа, ийм
дуу зохиосон байна гээд дуулаад сурчихсан ирсэн. Тэгээд л "Амьдрал хайр
дээр тогтдог” дууг би дуулсан. Дуугаа 1987 оны хавар Монголын радиод
нууцаар, нэг ёсондоо хулгайгаар бичүүлсэн. Аймгийн чуулгын тайзан дээр
гоцлол дуулж болохгүй тийм танхай, эсэргүү нөхрийн дууг Монголын радиод
бичүүлнэ гэдэг хэцүү биз дээ. Хаянхярваа багш маань миний анхны дууг
радиогийн алтан фондод бичиж өгч байсан.
-Наяад оны сүүлч, 90-ээд оны
эхээр таны дуунууд үнэхээр хит болж байлаа. Одоо ч таны дуунуудыг ард
түмэн сонсдог. Бас үгүйлдэг. Саяхнаас таныг тоглолтоо хийнэ гэсэн сураг
гараад байгаа?
-Гавьяат авсан өдөр маань л намайг
хүндэлж явдаг дүү нар маань тоглолтыг тань зохион байгуулъя гээд л шууд
бэлтгэл ажилдаа орсон. Энэ тоглолтдоо дуучин, СТА Д.Балдантай хамтрах
юм. "Хорвоод ганцхан ээждээ” дуугаа би Д.Балдантай хамтран дуулсан. Одоо
тоглолт дээрээ "Саа мөнгөн Хэрлэн” зэрэг хэд хэдэн дуугаа хамтран
дуулна.
-Та хамгийн сүүлд хэдэн онд тоглолт хийсэн бэ?
-1993 онд "Болор цом”-ын эзэн
Ц.Чимиддоржтой хамтран тоглолт зохион байгуулж байлаа. Дараа нь 1996 онд
дуучин С.Цэрэнчимэд, Г.Мөнхбаяр нартай хамтран "Уянгын дууны гурван
уулзвар” гэж тоглолт хийсэн. Тэрнээс хойш 18 жилийн дараа тоглолтоо хийх
гэж байна. Олон жил тоглолт хийнэ гэж ярьж байгаа юм. Одоо л цаг нь
болсон юм байлгүй. Дуучин Д.Балдан бид хоёр нэг нутаг. Аав нь миний
ангийн хүүхэд байгаа юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч
Б.Бямбабаярын студи дээр дуу бичүүлж байхад нь танилцсан. Аль нутаг вэ
гэсэн Хэнтийнх гэнэ. Хэний хүүхэд вэ гэсэн Дэмбэрэлваанчигийнх гэнэ.
Багын найзын маань хүү болж таарсан. Тоглолтын бүх бэлтгэл ажлыг
Д.Балдан маань хариуцаад, голыг нь нугалж явна. Энэ сарын 19-нд болно.
Хугацаа дөхчихсөн байна шүү.
Г.Сонинбаяр