Монголын удирдагч агсан Ю.Цэдэнбалын мэндэлсний 99 жилийн ой энэ жил тохиож буй. Тэрбээр төрийн жолоог 44 жил атгах хугацаандаа Монгол орныг дэлхийн соёл, иргэншлийн түвшинд хүргэж хөгжүүлсэн үйлсээрээ түүхэнд Чингис хааны дараа үнэлэгдэх гавьяатай хүн.
Түүний талаар эрдэмтэн судлаачид олон судалгаа хийсэн байдгаас ОХУ-ын судлаач Ш.Г.Надировын "Цэдэнбал-1984 он" Л.Шинкаревын "Цэдэнбал, түүний цаг үе" бүтээлүүд зөвхөн Ю.Цэдэнбал судлал төдийгүй монголын түүхийн чухал сурвалж бичгүүд юм. Эдгээр судлаачид орос, монгол хэл дээр нийтлүүлсэн дээрх бүтээлүүдээрээ Ю.Цэдэнбалын амьдралын үнэн түүхийг нийтэд дэлгэсэн.
Тухайлбал, "Ю.Цэдэнбал өвчний учир өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөн” хэмээн Монголын ард түмнийг хууран мэхэлсэн орос, монголын хуйвалдагчдыг анх удаа илчилсэн билээ. ЗХУ- ын коммунист намын Төв хороо 1970-аад оны дунд үеэс эхлэн Ю.Цэдэнбалыг хэрхэн огцруулах талаар улс төрийн товчооны хурлаар арваад жил хэлэлцэж янз, янзын хувилбар боловсруулснаас өвчний шалтгаан гэгч дээр 1984 онд санал нэгджээ.
Ингээд мөн оны зунаас Цэдэнбалыг огцруулах ажиллагааг М. Горбачев гардан зохион байгуулж, Ж.Батмөнх, Д.Моломжамц нарыг Төв хороон дээрээ дуудан ирүүлж огцруулахаар тохиролцсон байна. Судлаач Ш.Надиров хуйвалдааны эдгээр процессыг түүхийн нууц баримтуудад үндэслэж нотолсон байдаг. Өөрийнх нь нотолсноор Ш.Надиров бол ЗХУКН-ын Төв хороо, ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны архивын нууц материал судлах эрхтэй цөөхөн хүний нэг (Түүний номын тав дахь тал).
Ю.Цэдэнбал, түүний гэр бүлийнхэн эргэлтийн үед ямар байр суурьтай байв
Өвчний учир албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг өөрөөр нь гаргуулахаар эрх баригчид Ю.Цэдэнбалтай Москвад хоёр удаа уулзаж байжээ. 1984 оны наймдугаар сарын 10- нд Ж.Батмөнх, Д.Моломжамц хоёртой эмнэлэгт уулзахдаа тэрбээр "Та нар намайг ажил битгий хий гэж байгаа юм
уу? Ажилгүй бол би үхнэ шүү дээ" гэжээ. Мөн түүний гэргий А.И.Флатова "Эмнэлгийн дүгнэлт гээч нь Цэдэнбалын эсрэг чиглэсэн худал дүгнэлт.
Чазов эмч хүний ёс зүйгээс няцаж, Зөвлөлтийн дээд байгууллагын хүсэл зоригийг дуулгавартай биелүүлж байна. Та нар Цэдэнбалыг албан тушаалаас буулгавал тэр тэсч чадахгүй. Түүний үхлийн буруутан нь та нар болно шүү. Цэдэнбалын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан байна гэж үзэж байна” гэж байжээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 он 126 дахь тал) Эл хэргийн дараа МАХН-ын Төв хорооны УТТ-ны хурлаар Ю.Цэдэнбалыг төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлж оронд нь Ж.Батмөнхийг баталсан тухай шийдвэрийг танилцуулахаар Д.Моломжамц, Т.Рагчаа, Ц.Намсрай нар Москвад хүрэлцэн ирж Ю.Цэдэнбалтай уулзаж байсан.
Дээрх хоёр удаагийн уулзалтын аль алинд тэрбээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй аж. Төлөвлөгөө нурааж мэднэ гэсэн үүднээс эдгээр уулзалтад А.И.Филатоваг оролцуулаагүй. Гэргий А.И.Филатова болон хүү Ц.Зориг нь Д.Моломжамц, Т.Рагчаа, Ц.Намсрай нартай уулзаж түүнийг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар юмуу намын хүндэт даргаар ажиллуулах асуудлыг бас хөнджээ. (Ш.Г.Надиров Ю.Цэдэнбал 1984он 136 тал) Амралтаас буцахдаа Москвад түр саатсан Т.Рагчааг мөн оны наймдугаар сарын 14-нд А.И.Филатова урьж Ю.Цэдэнбалтай уулзуулжээ.
Энэ үеэр Ю.Цэдэнбал яриан дундаа Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнхийг томилж болох юм гэсэн санаа хэлж байж. "Энэ тухайгаа бичээд өгөөч” гэж Т.Рагчаа хүсэхэд тэрбээр цаасны өөдсөн дээр "Т.Рагчаад, Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Батмөнхийг томилж болох юм” гэж бичээд гарын үсгээ зурсан байдаг. Т.Рагчаа хожим нь ярихдаа "УТТ-ны хурал дээр би тэр. бичгийг гаргаж харуулаагүй.
Учир нь хүнд үзүүлэхэд ичмээр цаасны тасархай дээр бичсэн байсан. Би зурвасыг хадгалж байгаад бүх явдал дууссаны дараа Ц.Намсрайд өгсөн” гэжээ. (Д.Дожоодорж "Үнэн" сонин 1990 оны 8.31) Д.Майдар амралтаас буцах замдаа Москвад Ю.Цэдэнбал, А.И.Филатова нартай уулзаж хоёр цаг ярилцахдаа "Рагчаа намайг дэмжвэл би Цэдэнбалыг хамгаална" гэсэн бөгөөд дараа нь Зөвлөлтийн төлөөлөгчтэй ярилцахдаа "Цэдэнбалын биеийн байдал Улаанбаатарт байснаасаа өөрчлөгдсөн юм огт алга. Одоо Цэдэнбалын эргэн тойронд юу болоод байгаа нь ойлгомжгүй байна.
Та ямар мэдээлэлтэйг би мэдэхгүй. Гэхдээ энэ бүхэн бол Улаанбаатар дахь эрх тушаал хөөцөлдөгчдийн далд явуулга гэсэн бодол танд төрөхгүй байна уу” гэсэн байдаг (Ш.Г.Надировын хувийн архив)
Судлаачдын үзэл
Бодол, дүгнэлт
-Ю.Цэдэнбал, А.И.Филатова нарын үг яриа, үзэл бодол шингэсэн "Сүүлчийн долоон жил, эцгийн тухай тэмдэглэл” номондоо Ц.Зориг "Хуйвалдааныг Д.Моломжамц, Ц.Намсрай нар хошуучилж, НАХЯ-ны сайд Лувсангомбо санал нэгдсэн” гэжээ.
-Профессор Ц.Жамбал- сүрэн нь Ю.Цэдэнбалын талаар бичигдсэн бараг бүх ном, 400 гаруй хүний дурсамж, ярилцлага дээр үндэслэн судалгаа хийсэн байдаг. Тэрээр "Монголын эрх баригчдын нэг хэсэг Ю.Цэдэнбалыг хамгийн олиггүй хууль бус, бохир аргаар огцруулах хэрэгт Зөвлөлт холбоот улсын коммунист нам, ЗХУ-ын УАХХ-г татан оролцуулснаараа хоёр орны харилцааны алтан үеийн түүхэнд хар хуудас болсон” гэж дүгнэжээ.
-ЗХУ дахь гадаадын Элчин
саидын яамдын дипломатууд эргэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой байсны дотор Унгарын дипломатууд "Зөвлөлт, Монголын хооронд хийгдэж байгаа хэлэлцээрүүдэд Цэдэнбал саад болж байсан учраас түүнийг Зөвлөлтийнхөн зайлуулсан” гэж үзэж байв. (Гүрбадам Ю.Цэдэнбал Түүхэн үнэний тухай бодрол. 1994 он 44 дэх талд)
-Тухайн үед Монголд ажиллаж, Ю.Цэдэнбалынтапаар төвдөө мэдээлэл өгч байсан ЗХУ-ын УАХХ-ны төлөөлөгч В.Радченко "Голлох мэргэжил- тагнуулч” номондоо "Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа нь ЗХУ- ын удирдагч М.Горбачевын зааврын дагуу ЗХУ-ын УАХХ зохион байгуулж, Монголын удирдлагын зарим хэсгээр хийлгэсэн тусгай үйл ажиллагаа юм” гэжээ. Эдгээрээс гадна олон судлаач шинжээчдийн дүгнэлт байдаг.
Ю.Цэдэнбалыг хэрхэн огцруулсан бэ?
Их удирдагчийг өвчилж ажиллах чадваргүй болсон гэх ойлголтыг Төв хорооны УТТ, бүгд хурал, олон нийтэд нэгэнт өгсөн учраас түүнийг огцруулах асуудал ямар нэг эсэргүүцэлгүй болж өнгөрчээ. Харин Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад дээд албан тушаалын төлөө ил далд өрсөлдөөн .өрнөжээ.
Ж.Батмөнхтэй ЗХУКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга К.В.Русаков "ВЧ”-гээр холбогдож ярихдаа "Батмөнх өө, Москвад бид таныг нэгдүгээр хүн гэж үзэж байна. Товчоо, бүгд хурал дээр хэн үг хэлж, таны нэрийг дэвшүүлж болохыг мэдмээр байна.
Тэр хүнийг та товлосон бол бид тэр нөхөртэй урьдчилан ярилцмаар байна гэхэд Ж.Батмөнх- Түрүүн ярилцсан ёсоор намайг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгохоор ярилцаж байгааг нотлоод, миний нэрийг Д.Моломжамц дэвшүүлэхээр урьдчилан төлөвлөөд байна. Та нар түүнтэй яривал сайн байна гэжээ. К.В. Русаков хоёрдугаарт, Сайд нарын Зөвлөлийн даргын талаар шийдвэр гаргасан уу хэмээн асуухад Батмөнх-Энэ асуудлыг хэлэлцэж байгаа.
Шийдвэрийн тухайд маргааш, нөгөөдрөөс та нарт хэлж чадна гэж найдаж байна” гэжээ. (1984.08.15-нд Батмөнхтэй К.В.Русаковын "ВЧ"-гээр ярьсан ярианы протоколоос.) Энэ үеэр Ц.Намсрай ЗХУКН- ын Төв хорооны ажилтантай аминчилж ярилцахдаа "Байдал түгшүүртэй хэвээр байна. Моломжамц ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг өөрт нь санал болгохыг огт үгүйсгэхгүй байгаа бололтой.
Рагчаа Сайд нарын зөвлөлийн даргын албан тушаалд үнэхээр өрсөлдөж байна. Майдар ч мөн энэ чиглэлээр ажиллаж байна” гэжээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 он 132 дахь талд) 1984 оны НТХ-ны VIII бүгд хурал дээр эрх баригчид "Ю.Цэдэнбал улс орныг хөгжүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан, ард түмэн болоод МАХН-ын өмнө түүхэн гавьяа байгуулсан, монгол Зөвлөлтийн нөхөрсөгхарилцааг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн удирдагч” гэж магтан сайшааж, өвчин нь л биднийг салгалаа хэмээн ард түмнийг хуурч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Түүнийг ажлаас чөлөөлсний дараа Горбачевтан шургуу шахан шаардаж байж Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар Ж.Батмөнхийг, Сайд нарын зөвлөлийн даргаар Д.Содном нарыг батлуулжээ.
"1984 оны хоёрдугаар сард А.Громыкогийн даргалсан ЗХУКН-ын ТХ-ны олон улсын асуудал хариуцсан комисс хуралдаж, Ю.Цэдэнбалын олон улсын болон Монголчуудын хувьд өндөр нэр хүндийг хөндөхгүйгээр огцруулж, АИХ- ын тэргүүлэгчдийн дарга юм уу МАХН-ын хүндэт даргаар үлдээж болохтухай ярилцсан юм билээ.
Гэтэл Монголын эрх баригчдын хэн нь ч ийм санаачилга гаргаагүйгээр барахгүй түүнийг эх оронд нь ирүүлэхгүй байхыг Москвагийнхнаас байнга хүсч байлаа” (Надировын номын 77 дахь тал) Ю.Цэдэнбалыг ямар шалтгаанаар намаас нь хөөв?
Намын төв хорооны 1990 оны VIII бүгд хурал дээр АИХ- ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат "Дарангуйлагчийг намаас хасаж, алдар цолыг нь хурааж, намын ариун нэрийг цэвэрлэе" (МАХН-ын ТХ-ны VIII бүгд хурал 1990.173 дахь тал), Төв хорооны УТТ-ны гишүүн Ц.Намсрай"Цэдэнбалаас салах ажиллагааг нэн даруй зааглаж тууштай хэрэгжүүлэх замдаа баттай орж зогсох хэрэгтэй" (мөн 239дэх тал) гэж бүгд хурлын гишүүдийг уриалан дуудсан боловч ердөө таван хүн дэмжсэн байдаг. Тус хурал дээр санал шүүмжлэл гаргасан 83 хүний 72 нь Цэдэнбалыг хөөх тухай ганц ч үг хэлээгүй.
Гэтэл Цэдэнбалыг 100 хувийн саналаар намаас хөөсөн тухай бүгд хурлын тогтоол гарсан нь сонин. Хагас зуун жил намаа толгойлсон, "Монголын ард түмэн, МАХН-ын өмнө түүхэн гавьяа байгуулсан” хэмээн 1984 оны VIII бүгд хурал үнэлсэн удирдагчаа хоёрхон хүний баримт нотолгоогүй хуурай шүүмжлэлээр намаас хөөсөн нь эрүүл ухаантай хүмүүсийн хийх үйлдэл яавч биш ээ. Тэвчихийн аргагүй ийм үйлдлийг эсэргүүцэж Б.Хурметбек "... Яагаад өнөөдөр ингэж будилж байна вэ?” хэмээн тэр дор нь хариу барьсан билээ.
Би өгүүлэн байгаа асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, дүгнэлт хийх гэсэнгүй. Олон жил төр толгойлсон Ю.Цэдэнбалын үйл ажиллагаанд ажлын алдаа, арга барилын дутагдал байсан нь мэдээж. Гэхдээ улс төрийн талаар түүнийг ингэж хэлмэгдүүлэх ямар ч шалтгаан байгаагүй. Түүний мэндэлсний 100 жилийн ойн өмнө энэ төр Ю.Цэдэнбалыг түүхэн байр сууринд нь тавихгүй бол дараа дараагийн төр үнэлэх нь гарцаагүй.
Цэдэнбалын Академийн тэргүүлэгч гишүүн, түүхийн
ухааны доктор Н.Цэрэн