"Кинонд мөнхөрсөн дүр” булангийн энэ удаагийн хүндэт олбогт Аягийн
Дамдинжав хэмээх эрхмийг хүндэтгэлтэйгээр заллаа. Буриад дууны Дамдинжав
гэхэд Монголын урлагынхан анддаггүй байсан цаг саяхан. Эгэл
барилгачнаас эрхэм хүндтэй дуучин, жүжигчин хэмээх алдарт хүрч чадсан
тэрээр урлагийн тогоонд дөч гаруй жил халж хөрж, золиослохоо золиосолж
чадсан нэгэн. Өвгөнтэй уулзах гэж 2-ын хороо зорилоо.
Дорнод НАА компанийн ойролцоо байдаг тухай сонссоод явж байгаа минь тэр. Ойролцоо очоод гудамжинд явж байсан хүнээс асуулаа.
- Дамдинжав гуайнх хаана вэ?
- Мэдэхгүй.
- Буриад дуу дуулдаг өвгөн бий дээ.
- Аан, тийм тийм хойт эгнээний зүүнээсээ хоёр дахь хашаа.
Түүнийг дуугаар нь, дуучнаар нь хүмүүс таньдаг аж. Харин тэрээр тун
сайн жүжигчин. Буриад зон хэлмэгдлийн хар шуурганд өртөж бэлэвсэрч
үлдсэн эхнэрүүдийн гаслант дуутай "Эцгийн голомт” хэмээх киног уншигчид
андахгүй байх. Шар дархан гэж билгэ, сэтгэл хоёрынх нь нүд нээгдсэн
сайхан буриад баавайн дүрийг уншигч та санаж байгаа байх. Жижигхэн
хашаанд дөрвөн ханатай гэрт яваад орлоо. Дамдинжав гуай орон дээрээ
хэвтэж байна. Ирсэн зорилгоо хэлэхэд өвгөн "намайг мартаагүй л байгаа юм
байна” гэж хоржоонтойхон инээж өндийснөөр бид хоёрын хууч эхэлсэн. Цаг
гаруй ярилцаж байгаад гарахад энэ хүнийг байгаа цагт нь баярлуулах л
учиртай юм байна даа гэсэн бодол төрсөн. Аягийн Дамдинжавын тухай мэдэж
авсан бүхнээ одоо сийрүүлэе.
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Жараахай булаг, Доргонойн
бургаахан хэмээх газар хөл шороодсон эл буурай бусдын л жишгээр эрийн
цээнд хүрч цэргийн алба хааж алдарт Цэргийн ансанбльд дуучнаар орсноор
урлагийн их ай савд багтах хувь зохиол нь эхэлжээ. Багаасаа урлагт ойр,
хөөрхөн дуулчихдаг хөвгүүний онгодын галыг анх олж харсан хүн бол сумын
клубын эрхлэгч Балдандорж, Мэлhээ Сагаан хэмээх Цагаанхүү нар юм. Дуулах
дуртай хүүгийн дуучин болох замын дараагийн хөтөч нь МУ-ын УГЗ
Хаянхярваа. Барилгын цэргийн 023-р ангийн байлдагч А.Дамдинжав 1962 оны
армийн фестивальд орохдоо аугаа их хөгжмийн зохиолч П.Хаянхярваагийн
нүдэнд торж алдарт Цэргийн ансанблын дуучин болсон гэдэг. Фестивалын
дараа Батлан Хамгаалах Яамны сайд, залуу жанжин Лхагвасүрэн дуучдыг
өрөөндөө хүлээн авч Дамдинжав тэргүүтэнийг атга чихрээр мялааж байсан
сайхан дурсамж түүнд бий. Нэгэнтээ алдарт Л.Ванган Дамдинжав гуайг
өдөөндөө дуудаад Чи урлагтаа л зүтгээрэй. Замын дундаас бүү хагаслаарай.
Дуустал явна шүү” гэж захисан захиасыг өдий хүртэл бодож явдаг. Тэрээр
Алдарт Адарсүрэн, Хоролсүрэн, Жаргалсайхан нарын агуучуудтай нэгэн эрин
үеийн дуучин юм. Цэргийн албаа ансанблийн дуучнаар хааж Дорноддоо ирлээ.
Барилга конторын ажилчнаар хуваарилагдсан ирсэн түүнийг аймгийн Намын
хорооны орлогч дарга Жамсран өөрийн биеэр хөөцөлдөн байж 1966 онд
аймгийн ХДТ-т дагалдан жүжигчнээр оруулсан байдаг. Тухайн үеийн дарга
нар авъяастнуудаа ямар ч их дэмждэг байсан юм дээ. Хүнээ олж харж чаддаг
ч байж. "Учиртай гурван толгой” жүжгийн Балганд хамгийн олон удаа
тоглож 1600 гаруй концертын солист /гоцлол/ дууг дуулж 360 гаруй жүжгийн
гол ба туслах дүрийг бүтээсэн энэ тэнгэрлэг хүнийг шүү. "Эцгийн голомт”
хэмээх киног миний бие үзээгүй. Харин энэ хүнтэй уулзсаны маргааш хэрэг
болгож телевизийн архиваас олж үзлээ. Дээхэн цагийн чансаатай
найруулагч, жүжигчид тоглосон сайн бүтээл юм. Арга ч үгүй биз дээ,
Монголын анхны олон ангит кино "Эзэнгүй айл”-аас өгсүүлээд "Анхны
алхам”, "Баян булгийнхан”, "Хань”, "Моторын дуу”, "Гэрлэж амжаагүй явна”
зэрэг сэтгэл хоногшсон сайхан кинонуудын зохиолч, Дорнод аймгийн
Цагаан-Овоо сумын уугуул МУСГЗ Чимидийн Гомбын зохиол шүү дээ. Дээр нь
Монголын кино урлагын загалмайлсан эцгүүдийн нэг Бадрахын Сумхүү
найруулчихаар жинхэнэ "сувд” байлгүй яахав. Энэ киног Дорнодынхон
бүтээсэн гэж бардам хэлж болно. Киноны гол дүр Будад Цагаан-Овоо сумын
Амарын Түвшин, Дэжидэд манай театрын ахмад жүжигчин Дашцэрэнгийн Сэндэр,
Дариймд алдарт Адилбишийн /Сэнгэ ах/ охин Адилцэцэг нар тоглож
амьдруулсан юм. …. "Муу ээж чинь бурхан шиг байлаа. Би алчихсан юм.
Миний урыг гаргах гэж намайг тойглосоор төмрийн утаа тортог, чимээ
шуугианаас болж насыг насалсангүй. Хүн харахад гартаа ч, чихэндээ ч
гялайх юмгүй, чихнийхээ нүхийг аниахгүй гэсэндээ цайны шаар зүүсээр өөд
болсон. Хичнээн ч их алт, мөнгө миний гараар урсав даа. АМЬДРАЛ ИЙМ Л
БАЙДАГ”…../Эцгийн голомт МУСК/ хэмээн зөрүүд хүүдээ ухаарлын үг шидэж
суугаа Шар дарханы хоолой чичирхийлэн уйлах нь уу гэмээр ёгхийтэл хэлэх
үг. Дүрдээ эзэн болсон ямархан үнэмшилтэй, амьд жүжиглэлт вэ?. Уг дүрийг
Дамдинжавтанаас өөр хүн ингэж амилуулах байсан болов уу?. Ганц "Эцгийн
голомт” гэлтгүй дэлхийн сонгодог олон жүжигт тоглож байсан тухайгаа ярьж
байсан. Алдарт У.Шекспирын таван цомнолын нэг "Лир ван”-гийн Лир ванд,
"Шарай голын гурван хааны” Нанжин баатар, "Хурим” жүжгийн Буд гээд олон
сайхан дүрийн эзэн гэхэд дэндүү даруухан хүн санагдсан. …Баянцагааны
нуруунд эхээс мэндэлсэн болохоор Баялаг Халхын голын усаар усаар угааж
ундалсан болохоор Халхын гол миний нутаг Хан буурал аавын минь нутаг…
хэмээх сайхан дууг Дорнодчууд андахгүй, хүн бүхний аялах дуртай
дуунуудын нэг. Энэ дууг Халхгол сумын клубын эрхлэгч Пүрэвийн Лувсан
гэдэг хүн Дамдинжавт зориулж бичиж өгнөөр түүний хоолойгоор дамжиж олон
нийтэд хүрсэн. Амьдрал түүнд арай л чанга хандсаар иржээ. Багаасаа өнчин
өрөөсөн өсөж, өөрийн хоёр ч сайхан үрээ цаг бусаар алдсан гээд олон
зовлонг дааж яваа эр хүн. Долоон жилийн өмнө Дорнод сонин дээр өгсөн
ярилцлагыг нь харж сууна. "Өнгөрүүлсэн амьдралдаа хийсэн хамгийн зөв
зүйл чинь юу байв?” гэсэн сэтгүүлчийн асуултад "би энийг хийсэн гээд
хэлчих гайхамшигтай юм байхгүй ч өвөө нь нүгэл хийж яваагүй” гэж
хариулсан байх. Нүгэлгүй хүмүүнд юунд хатуу хандана вэ, хорвоо чи.
Дамдинжав гуай Хэрлэн зочид буудалд нэг байртай байсан ч өмч хувьчлал
буруу явагдсанаас болж байраа хураалгаж. Театрын удирдлага хөөцөлдөж
Жанлав дарга дөрвөн ханатай гэр, газрын хамт өөрийн гараар цохож өгсөн
нь өдгөөгийн амьдарч байгаа хашаа нь гэнэ. Театрынханаа л магтаж ярина.
"манай Наранхүү залуу хүн гэхэд их ухаалаг, тусч залуу, манай Боролдой
шиг алсыг хардаг мундаг уран бүтээлч үгүй” гэж ирээд л магтах. Боролдой
/ХДТ-ын найруулагч. МУСГЗ/ найзад минь төрийн шагнал юм уу ардын
жүжигчин цол өгөөсэй, өгөөрэй гэж намайг гуйж байна гэж заавал бичээрэй
гэж захисан. Мөн агуу сэтгэл шүү. Өөрөө гавъяатад таван удаа
тодорхойлогдсон хүн шүү дээ. Гэтэл Монголын төр түүнээс энэ цолыг
нарийлсан. Харин тэр нөхрөөсөө харамлаагүй. Охинтойгоо хоёулхнаа амьдарч
тэтгэвэрийн 300 мянган төгрөгөөр амьдарч байгаа атлаа гуниг, гутрал
үгүй сэтгэл хангалуун байдаг нь өөрийнх нь зарчим "Амьдралд гутарч л
болохгүй”-гээ батлах мэт. Дуундаа, тэр тусмаа буриад дуугаа сэтгэлээсээ
дуулж чаддаг, урлагт амь амьдралаа зориулсан эгэл нэгэн гавъяатан бидний
дунд алхаж явна. "сүүлийн үед Буриад дууг дуулж чаддаг хүн цөөрч. Буруу
солгой, хазгай хэллэгээр дуулдаг болж. Буриад дууг жаргал, зовлонд нь
ойрхон байж, мэдэрч чадсан хүн л дуулдаг. Буриадын бэhэлэгэй /хурим
найрын/ дуу бол жинхэнэ буриадын урлаг юм шүү дээ” гэж байсан шүү.
Тэднийхээс гарч явахад "намайг мартаагүй л байгаа юм байна” гэж
баярласан өвгөний дүр санаанд хургасаар…….
Н.Мөнхсайхан