Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Гурванбулагийн ураны ордын хайгуулын лицензийг эзэмшигч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Эмээлт майнз" компани Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Цөмийн энергийн комисс, Ашигт малтмал, Газрын тосны газрыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргажээ. Тус компани энэ сарын 9-ний өдөр нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд одоогоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байгааг эх сурвалж мэдээллээ.
“Эмээлт майнз” компани нь цөмийн Энергийн тухай хуульд заасан хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй тухай болон тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэж өгөхийг даалгах тухай тусгасныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх мэдээлсэн хэдий ч нэхэмжлэлийг хүлээн авах эсэх шийдэгдээгүй байгаа гэлээ. "Эмээлт майнз" компанийн толгой компани болох Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “СNNC International” мэдэгдэл гаргаж, хайгуулын лицензийн хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэлээ гаргасан зэргийг харгалзан үзэж энэхүү хуулийн маргаанд нэлээд итгэлтэй байгаагаа дурдсан байгаа юм. Хэдий тийм боловч энэ маргааныг хэлэлцэх хугацааг хойшлуулах, эсвэл нэхэмжлэгчийн талд таатайгаар шийдэгдэхгүй бол Монгол дахь энэхүү хайгуулын төслийн алдагдлыг 211.18 сая хонгконг доллараар тооцно гэдгээ мэдэгдсэн байсан юм.
“Эмээлт майнз” компани нь Монгол Улсын Засгийн газар 51 хувийг нь эзэмших нөхцөлтэйгөөр хамтарсан компани байгуулж, ураны ордын ашиглалтын лиценз авахаар 2012 оноос бэлтгэж эхэлжээ. Гэхдээ Монголын Засгийн газрын төлөөлөл солигдсон гэсэн шалтгаанаар энэ асуудал хойшилсоор ирснийг “СNNC International” компанийн мэдэгдэлд дурджээ. Хонгконгт бүртгэлтэй “СNNC International” буюу “China National Nuclear Corporation” нь 100 хувь цөмийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын цорын ганц Төрийн өмчит компани юм.
Хоёр улсын хоорондын ураны салбарын хамтын ажиллагааг харах юм бол Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хятадын Үндэсний цөмийн корпораци буюу дээрх Төрийн өмчит компани хооронд харилцан ойлголцлын санамж бичигт 2010 оны зургаадугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурж байжээ. Улаанбаатарт болсон уг санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд тухайн үеийн ЦЭГ-ын дарга С.Энхбат Хятадын Үндэсний цөмийн корпорацийн захирал Сун Чин нар гар оролцсон байдаг. Энэ нь урд хөрш болон манай Засгийн газар хооронд тодорхой хэмжээний хэлцэл хийгдсэн гэсэн үг.
Харин түүнээс хойш манай улсыг үүргээ биелүүлээгүй гэж хятадын ураны салбарынхан шүүмжилж шүүхэд хандаад буй нь энэ. Харин үүнээс өмнө Хятадын төрийн өмчит уг корпораци өдийг хүртэлд нэхэмжлэл гаргаагүй байсан нь сонирхолтой. Олон улсын шинжээчид энэ талаар тайлбарлахдаа, 2017 оноос зах зээлд шар нунтгийн үнэ буурсан байсантай холбон тайлбарлаж байна.
Тухайлбал, Казахстан улс мөн оны эхэнд шар нунтаг үйлдвэрлэлээ 2,000 тонноор бууруулахаа мэдэгдсэн, Камеко корпораци 2018 оны нэгдүгээр сарын сүүлээр Канад дахь Мак-Артур Ривер уурхайн олборлолтоо зогсоох тухай, Казатомпром компани ирэх 3 жилийн хугацаанд шар нунтаг үйлдвэрлэлээ 20% бууруулах тухай тус тус мэдэгдсэн. Харин БНЭУ дараачийн 15 жилд ураны үйлдвэрлэлээ 10 дахин өсгөх тухай, БНХАУ 2019 онд 5 шинэ цөмийн эрчим хүчний станц ашиглалтад оруулахаа тус тус мэдэгдсэнээс уран хэрэгцээ нэмэгдэх шинжтэй байна гэж дэлхийн 127 улсад салбартай, эдийн засгийн судалгааны тэргүүлэгч байгууллага болох “Focus Economics” мэдээлжээ.
Дэлхийн хэмжээнд нийт 57 реактор баригдаж байгаа тул энэ салбарын эрэлт нийлүүлэлт сэргэж байгааг онцолжээ. Зах зээлийн шинжээчдийн мэдээлснээр, БНХАУ 20, ОХУ 6, БНЭУ 6, Ойрх Дорнодод 4, БНСУ 4, Беларусь 2, Финлянд 1 цөмийн реактор барьж байгуулж байгаатай холбоотойгоор ураны хүдрийн баяжмалын эрэлт, нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байна гэж зах зээлийн шижээчид үзэж байна.
Ийнхүү урд хөрш шинээр 5 цөмийн эрчим хүчний станц ашиглалтад оруулж нүүрсний хэрэглээгээ багасгах зорилт тавьсан нь манай улсын Засгийн газрын шүүхэд дуудах үндэслэл болсон бололтой. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Дэлхийд олборлож буй нийт ураны 2/3-ыг Казахстан, Австрали, Канад улсад олборлож байна. Нийт олборлож буй ураны 50%-ийг газрын дор уусган олборлох аргаар олборлож байна.
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) хамтран 2 жил тутам ураны олборлолт, эрэлт, нийлүүлэлтийн талаар “Улаан ном” нэртэй тайлан гаргадаг бөгөөд “Улаан ном 2016”-д дэлхий хэмжээнд килограммыг нь 130 хүртэл ам.доллараар олборлох боломжтой нийт 5.7 сая тонн геологийн нөөцтэй гэж бүртгэжээ. Үүнээс Монгол Улс 141.5 мянган тонн нөөцтэй эхний 10 байранд багтаж байна.
Эх сурвалж: EAGLE.MN