БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын
даргын урилгаар Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Р.Зоригтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 04 дугаар сарын 20-24-ны
өдрүүдэд Хөлөнбуйр хотод айлчлав.
Айлчлалын бүрэлдэхүүнд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгч, зөвлөх Н.Хүрэлбаатар, засаг даргын зөвлөх, тэргүүлэгч
С.Итгэл, Цагдаагийн газрын дарга Т.Оюунбаатар, Монголын Худалдаа аж
үйлдвэрийн танхимын Дорнод аймаг дахь салбарын дарга Э.Адъяа, Хурлын
ажлын албаны ажилтнууд, бизнесийн байгууллагын зарим төлөөлөл оролцов.
Монголын төлөөлөгчдийг Хөлөнбуйр хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын
дарга Сүн Жүнь болон бусад албаны хүмүүс халуун дотно хүлээн авч ажил
хэргийн уулзалтыг зохион байгууллаа
Уулзалтын эхэнд Хурлын дарга нар харилцан үг хэлж Монгол улс,
БНХАУ-ын хоорондох стратегийн түншлэлийн харилцаа шинэ шатанд гарч, орон
нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, бүс нутгийн
нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж байгаад сэтгэл хангалуун
байдгаа талууд онцлон тэмдэглэж санал нэгтэй байгаагаа харилцан
илэрхийлэв.
Монголын талаас Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар хэлсэн үгэндээ:
Монгол улсын Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот нь хөрш
зэргэлдээ оршдог, олон жилийн уламжлалт нөхөрсөг харилцаатай сайн
хөршүүд билээ.
Монгол улс, БНХАУ-ын хоорондох стратегийн түншлэлийн харилцаа шинэ
шатанд гарч, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй
хөгжиж, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбар бүрийн хамтын
ажиллагаа эрчимжиж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц
үзүүлж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Мөн хилийн боомтын үйл ажиллагаатай танилцах ажлыг хамтран
хэрэгжүүлж, БНХАУ-ын "Архашаат” хилийн боомтоор Монгол улсаас орж буй
Орос Хятад улсаас бусад оронд үйлдвэрлэгдсэн автомашиныг заавал
урьдчилсан зөвшөөрөл авч /факсаар/ нэвтрүүлдэг бэрхшээлийг арилгахад
анхаарч ажиллах тухай Монголын талаас онцгойлон дурдав.
Монгол улсын дугаартай автомашиныг БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Хайлаар
дүүрэг, Манжуур хот хүртэл чөлөөтэй зорчдог болгох асуудлыг дэвшүүлэв.
Монгол улс, БНХАУ-ын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 11-нй
өдрийн Бээжин хотноо хийсэн хэлэлцээрт Монгол улсын дугаартай
/гуравдагч орны автомашин гэгч/ автомашиныг БНХАУ-ын хилээр нэвтрүүлнэ
факсаар урьдчилан зөвшөөрөл авна гэсэн заалт байхгүй. Гэтэл Хоёр улсын
Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт дурдаагүй ажлыг БНХАУ-ын
Архашаат хилийн боомт дээр гүйцэтгэсээр байна.
Тухайлбал 2013 онд Дорнод аймгаас Монгол улсын дугаартай ОХУ,
БНХАУ-д үйлдвэрлэгдсэн автомашинаас бусад орны нийт 1907 автомашин
факсаар зөвшөөрөл авч хил нэвтэрсэн байна.
Энэхүү арга хэмжээний уршгаар "Хавирга-.Ар хашаат” хилийн боомтоор
нэвтэрч буй зорчигчдын тоо, таваарын бүтээгдэхүүний экспорт, импортын
хэмжээ нэмэгдэхгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй байна.
Статистикийн тоо баримтаас зөвхөн зорчигчдын тоог авч үзэхэд
"Хавирга-Ар хашаат” хилийн боомтоор 2011 онд 20520, 2012 онд 20852
зорчигчид зорчсон байхад, харин дээрх хориг тогтоогдоогүй хөрш зэргэлдээ
Монгол улсын Сүхбаатар аймаг, БНХАУ-ын Шилийн гол аймгийн "Бичигт-Зүүн
хатавч” хилийн боомтоор 2011 онд 35538, 2012 онд 47724 зорчигчид зорчсон
байна.
Үүнээс үзэхэд "Бичигт-Зүүн хатавч” хилийн боомтоор зорчигчдын тоо
өмнөх оныхоос 34,3 хувиар өссөн байхад "Хавирга-.Ар хашаат” хилийн
боомтоор нэвтэрч буй зорчигчдын тоо дөнгөж 1,6 хувиар өссөн нь дээрх
бэрхшээлээс шууд хамааралтай байгааг гэрчлэх нэг тод жишээ болж байна.
Монгол улсын дугаартай автомашиныг Хайлаар дүүрэг, Манжуур хот
хүртэл, Хятад улсын дугаартай автомашиныг Хэрлэн сум хүртэл чөлөөтэй
нэвтрүүлдэг болгох асуудлыг тус тусын холбогдох байгууллага, Засгийн
газарт уламжилж, хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэж
байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга Сүн Жинь хэлсэн үгэндээ:
Бидний урилгыг хүлээн авч, эртний уламжлалт найрамдалт харилцааг
хөгжүүлэх сэтгэл өвөрлөж ирсэн Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Р.Зоригтбаатар болон Монголын бусад төлөөлөгчдөд чин
сэтгэлийн талархал илэрхийлээд Хөлөнбуйр хотын тухай дэлгэрэнгүй
танилцуулав.
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн тавьсан саналыг БНХАУ-ын
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга хүлээн авч
хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор учирч буй бэрхшээлийг арилгах
талаар анхааран ажиллаж холбогдох байгууллага руу уламжилж шийдвэрлэнэ
гэдгээ илэрхийлэв. Тавдугаар сард Хөлөнбуйр хотын харьяа хилийн
боомтуудад хяналт шалгалт хийж тулгамдсан асуудлуудыг газар дээр нь
шийдвэрлэхээ илэрхийлэв.
Монгол улсын Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хооронд 2014-2016
онд хамтран ажиллах тухай хэлэлцээр Монголын талаас Хурлын дарга
Р.Зоригтбаатар, БНХАУ-ын талаас Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга Сүн
Жинь нар гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээр нь Монгол улсын Дорнод аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын
Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад
чиглэгдэж, найрамдалт харилцааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэх, хилийн боомт
дээр гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал алхам боллоо.