Түүнтэй хийсэн ярилцлагаа буулгаж суухдаа би уулзахаасаа өмнө бэлдсэн асуултуудаа санаандгүй тоолж үзэв. 30 давчихжээ. Гэхдээ асуусан нь түүнээс цөөн. Зарим нэг асуултын хариулт яриан дунд наалдчихаж. Би хэн нэгэнтэй ярилцахдаа тухайн хүний нэг үг, өгүүлбэр уншигчдад ямархан нэгийг бодуулаасай гэж хүсдэг. Дараа нь өөртөө нэгэн шинэ бодол тээн үлдсэн байдаг. Түүнд тавьсан асуултын хариуд юу авч үлдсэн бэ гэж та надаас асуу л даа. Тэгвэл би хүний амьдралын хамгийн том утга учир бол үнэнийг олох гэж хэлнэ. Өөрийн хийж буй үйлд үнэнч байж, тэрийгээ баяжуулж, басхүү хэний ч өмнө нүүр бардам байх өргөн мэдлэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой хүн үнэнийг олсон байдгийг ойлгож авсан хэрэг. Ийм нэгэн эрхэмийн үгийг хүргэж байгаадаа таатай байна.
-Ярилцлагаа тэс өмнөө асуултаар эхлэх гэж байна. Цаг үеийн шинжтэй нэг асуултыг танд тавья. Халхголыг чөлөөт бүс болгох асуудал Дорнодчууд байтугай Монгол хүн бүрийн сэтгэл зүрхийг шимшрүүлж байна. Та нөлөө бүхий намын хуулийн зөвлөх шүү дээ. Халхголын чөлөөт бүсийг батлахад ямар байр сууринаас зөвлөсөн бол?
-Яг үнэнийг хэлэхэд би энэ хууль батлагдсаны дараа мэдсэн. Наадмын өмнөх өдөр УИХ маш олон хуулийг бөөндөж хэлэлцэн баталсан. Гишүүдийн нэлээд нь сайн ойлгоогүй, мэдээгүй баталчихсан гэж би харж байгаа. Үнэндээ тэр үед орж ирсэн бүх хуулиудыг нарийн судлах, харах цаг хугацааны боломжийг гишүүдэд ч, зөвлөхүүдэд нь ч олгохгүйгээр шууруулчихсан ш дээ. Тэрэн дотор оруулаад л баталчихсан юм билээ. Халх гол дээр үнэхээр УИХ алдаатай шийдвэр гаргасан. Нэн даруй үүнийгээ цуцлах ёстой. Би Үндсэн хууль судлаачийн хувьд хэлэхэд Халх голын чөлөөт бүсийн асуудал Үндсэн хуулийн олон заалт зөрчсөн гэж хувьдаа үзэж байгаа. Жишээ нь, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй гэсэн бөгөөд 16 дугаар зүйлийн 2-т "Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно гэсэн байдаг. Гэтэл Монголчуудын, Дорнодчуудын эх орондоо чөлөөтэй зорчих энэ эрхийг УИХ хуулиар бус, тогтоол гаргах замаар хязгаарласан. Ганцхан энэ үндэслэл л гэхэд 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох шууд үндэслэл болно. Өөр олон заалт бий. Энд ярина гэвэл багтахгүй.
-Баярлалаа, дараагийн асуулт. Та бол 25-хан насандаа Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын Тамгын даргаар томилогдон ажиллаж, Монгол улсад газар хувьчлалын үйл явц өрнөхөд шанг нь татсан хүний нэг? Их залуудаа өндөр алба хашсан байдаг.
-Магадгүй. Түүнээс хойш олон ч ажил алба эрхэлсэн. Нэг талаар их тогтворгүй юм шиг харагдаж байгаа биз /инээв/. Одоо эргээд бодоход УИХ дахь намын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа газар хувьчлалын хуулийн төсөл дээр ажилласнаараа битүүхэндээ бахархдаг. Н.Энхбаяр даргын өөрийнх нь хийсэн нэг том реформ бол газар хувьчлал шүү дээ. Тэр үед Ерөнхий сайдын харьяанд энэ байгууллагыг байгуулахад анхны Тамгын даргаар томилогдож, дөрвөн жил гаруй ажилласан. Улсын тусгаар тогтнолтой холбоотой учраас алдаа гаргах эрхгүй. Газар эзэмшил, ашиглал дээр алдаа гарлаа гэхэд засч болно, харин нэгэнт хувь хүний өмч болчихсон тохиолдолд төр оролцох эрхгүй учраас газар өмчлөлийг анхнаас нь зөв явуулна гэдэг үндэсний аюулгүй байдлын асуудал байлаа. Газрыг тэр байшингийн зүүн, баруун талд, хэдэн метр квадрат гээд л ерөнхий баримжаагаар олгосноос давхцал, зөрчил ихээр гардаг байсан. Хэрэв тийм байдлаар газар өмчлөл эхэлсэн бол газраа булаалдаад бараг иргэний дайн болно биз дээ. Тийм учраас эхний ээлжинд суурин газруудыг бүгдийг нь кадастрын зураглалтай болгох, газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах, бүртгэлжүүлэх гээд нөр их ажлыг тухайн үеийн хамт олон хийсэн. Би тэр хамт олноороо үргэлж бахархаж явдаг.
-Сонор сэрэмжтэй, хянуур болгоомжтой орчинд их залуудаа орж явчихаж. Хорь дөнгөж гарсан насандаа даргын зөөлөн сэнтийд залрахад өөртөө итгэх итгэл хэр байхав, жаахан бардамнал төрнө биз?
-"Тийм залуугаараа” гээд эргээд бодохоор их л зоригтой байж. Гавьтай юм хийж гийгүүлээгүй хэр нь өөрийгөө бодит байдлаас давуулж үнэлсэн нэг тийм хөөргөн дэвэргэн амбиц ханхалдаг үе надад байсан шиг байгаа юм. Дарга сэтэр зүүчихсэн, машин унадаг болчихсон, бүхнийг болж байна гэж хийсгэж явсан үе. Гэхдээ зангарагтай, мэдлэгтэй мундагцуулын дэргэд байсан болохоор юманд даруулгатай, бодитой хандахад суралцсан гэж боддог. Шаарайн Батсүх даргатай хамт ажиллаж байлаа. Төрийн удирдлагын шинжлэх ухаанаар Германд докторын зэрэг хамгаалсан Монголын анхны эрдэмтэн энэ хүний удирдлагад би ажиллаж, хүнтэй харьцах эв дүй, асуудлыг шийдэх уян хатан чанар, үг даах сонсох тэнхээ, ажил хэрэгч байх, тулж ажиллах, тогтвор суурьшилтай байх гээд олон зүйлд суралцаж, тэр бүхнийг өөртөө суулгаж авахыг зорьсон минь одоо ч алхам тутамд маань хэрэг болж байна.
-Тэр үеийн Энхбаяр одоо хэр буурь суусан бол? Баргийн юманд барьц алддаггүй зан байдал танаас ажиглагддаг?
- Би хэдийгээр залуу хүн ч "залуу байхдаа” гэж ярья л даа. Тэр үеийнх шиг, таны асуугаад байгаа хоосон амбиц гэдэг юм одоо надад байхгүй ээ. Дарга болохсон, гарын үсэг зурж үзэхсэн, машин унахсан, дарга нарт сайхан харагдахсан гэдэг ч юм уу тиймэрхүү бодол өчүүхэн ч байдаггүй. Их явж, суусандаа биш л дээ. Үндсэндээ "хор” нь гарна гэдэг шиг. Аав минь хэлдэг байсан. Эр хүн дөч хүрч байж ухаан суудаг юм аа гэж. Үнэхээр энэ насанд ингэж тэгж үзэхсэн гэсэн ямарваа нэгэн зүйлд шунан тачаадах, тэрнийхээ төлөө жудаггүй байдал гаргах ч юм уу, тийм юм байхгүй болчихдог юм байна. Хүнээрээ байж, зөв амьдрах юмсан гэж хичээх болсон. Олон сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж ирсэн. Тэр хүмүүсийн сайн тал, амжилтын үндэс болсон сайхан зан чанаруудыг өөртөө шингээж, итгэлийг нь дааж ажиллахыг л хичээдэг.
-Таны яриан дотор "хор гарах” гэсэн үг орж ирлээ. Алив юманд амбицлахаа больсон гэсэн үг үү?
-Улс төр өөрөө энэ том амьдралын гол хэсэг ч бас биш л дээ. Мэргэжилдээ л эзэн байх юм бол энэ хамгийн том амжилт гэж аав минь хэлдэг байлаа.
-Гоё хариулт байна. Улс төрийн хир хоронд хутгалдахгүй явна гэсэн давхар утга санааг илэрхийллээ гэж ойлголоо.
-Яг энэ тал дээр би нэг зөрчилтэй юм хэлэх үү?
-Тэг л дээ.
-Улс төрийн хир хоронд хутгалдахгүй, буртаглагдахгүйгээр явах тухай та ярьж байна. Би бас яг ингэж боддог байсан. 2001-2002 оны 12-р сар хүртэл би УИХ дахь МАХН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажилласан. Энэ бол миний хувьд улс төрийн амьдралд орж ирсэн үе л дээ. Олон хууль, улс төрийн шийдвэрүүд, хаалттай хурлын амьд гэрч болоод л явж байсан. Улс төрийн ертөнцөд сонирхол өдөөгдөж эхэлж 10 ДОРНОД ЗОН байсан гэх үү дээ. Тэгэхэд заримдаа ёс жудгаа гээх, сайхан тэврэлдэж инээж сууснаа гарангуутаа ар нуруу руу нь "түгжилдэх”-ийн жишээ олныг харсан даа. Би ийм л болохгүй юм шүү, ийм юмнаас л хол байя гэсэн итгэл үнэмшлээр хөндийрсөн. Одоо харин улс төрийг арай өөр өнцгөөс харж байгаа.
-Ямар өнцгөөс?
-2011 онд эргэж МАН-ын даргын зөвлөхөөр томилогдтолоо төрийн мэргэшсэн албанд би 9 жил ажилласан. Тэнд захирах захирагдах, тогтсон хууль дүрмийг хэлбэрэлтгүй биелүүлэх зарчим л үйлчилдэг. Дээгүүр улс төр яах нь хамаагүй, төрийн алба явдгаараа явах ёстой. Харин улс төр бол огт өөр тоглоомын дүрэмтэй. Тооцоологдоогүй, бүх юмыг яг хуулийн үг үсэг, хэв журмаар хайрцаглахын аргагүй. Хэрвээ бүх зүйл нь бичигдсэн хууль шиг тов тодорхой байдаг бол улс төр өөрөө утгагүйдэнэ.
-Наад үг чинь энэ их алдаа завхрал, гажуудлыг зөвтгөсөн мэт?
-Зөвтгөх нь ч хаашаа юм. Хор найруулж хутгасан байдалтай бол хэзээд эвлэрэхгүй. Харин ирээдүйг таамагласан, бүхэлд нь зөгнөөд биччихсэн хууль гэж байхгүй учраас улс төрийг хайрцаглаж болохгүй гэх утгаар би яриад байна л даа. Ийм л юм билээ. Улс төрд урьдчилж харах боломжгүй, гэнэтийн эсхүл тохиолдлын үйл явцууд ихээр өрнөдөг. Хэн бие даасан байна вэ гэхээсээ, хэн илүү их эрх ашгийн уулзвар дээр байна вэ гэдэг нь тодорхойлогч байр суурьтай байх нь бий. Гаднаас нь харахад яг хоёулаа зэрэгцэн сууж, нэг зорилгын төлөө гээд л явж байтал маргааш нь нэг албан тушаал дээр өрсөлдөөд л, хэн нь ялахав, хэн нь унахав болдог. Би ч иймэрхүү нөхөр ёсны журамд харшилсан зүйлийг эхлээд буруу, гажуу гэж боддог байсан. Одоо бол хэрвээ тэр өрсөлдөөн өөрөө шударга байвал байх ёстой, нэг их асуудал биш гэж хардаг болсон. Эцсийн эцэст эрүүл өрсөлдөөн өөрөө хувь хүнийг ч, хамт олныг ч, байгууллагыг ч хурцалж, төлөвшүүлж хөгжүүлдэг биз дээ. Бөх ч гэсэн хэн хүчтэй, хэн ид хавтай, хэн хийморьтой нь түрүүлдэг ш дээ. Гол нь түрүүлсэн бөх нь л ард түмнийхээ хайр хүндэтгэлийг даах асуудал бий. Үүнтэй л адил. Тэр утгаараа улс төрийн талбар дахь хууль дүрмээс гажаагүй өрсөлдөөнийг одоо бол би эсрэгээрээ таашаадаг болсон.
-Та нам дотроо хэний фракцад багтдаг вэ?
-Багтдаггүй. Улс төрийн нам дотор албан тушаалын төлөө эвлэлдсэн ямар нэгэн бүлэг фракцыг огт дэмждэггүй. Харьяалагдахыг хүсдэг ч үгүй. Тодорхой сонирхол, хобби, нас, хүйсээр ижилссэн хамтлагуудыг бол дэмжилгүй яахав. Нэг улс төрийн хүчин дотор бүлгэрхэж, нэгнээ шоовдорлосон юм уу, эсхүл давуу байдал олгосон бүтэц угаасаа байх ёсгүй. Ийм бүтэц нэг хүнийг дарга болгоход үүргээ гүйцэтгэж болох ч урт ба дунд хугацаандаа өөрөө өөрийгөө дотроос нь эвдэж ялзраадаг жамтай. Тэр дарга болсон хүнд л ач тусаа өгөхөөс нийгэмдээ, хүн арддаа сайнаар тусаж гийгүүлж байсан удаагүй. Миний хувьд тийм бүлэглэсэн хүмүүсийн далбаанд нэгдэхгүй болохоор заримдаа "даруулах” явдал гарах нь бий. Хүн л болсон хойно заримдаа хор шар буцална. Яахаараа ингэж танил талаа татдаг юм бэ гэсэн асуулт эрхгүй төрнө.
-Тэр давчдах сэтгэлээ яаж давж гарахав?
-Тийм үйл явдал хүнд илүү их ухаан, тэвчээрийг өгсөн байдаг. Тэгвэл би өөрөө илүү хичээж ажиллах ёстой юм байна шүү дээ, ерөөсөө л өөртөө дүгнэлт хий, бусдыг түрүүлж бүү дүгнэ. Чи өөртэйгээ дахиад л ажиллах ёстой. Улс төрийн бодлого хэрэгжүүлэх гэж байгаа юм бол тэрийгээ олон хүнд ойлгуулж чадаагүй байна гээд л.
-Өөртэйгээ ярьдаг?
-Тийм, өөртэйгээ ярьдаг. Эцсийн эцэст улс төр гэдэг чинь бодлого. Бодлого чинь зөв байна уу, хүн чинь зөв байна уу гэдэг жингийн туухай дээр тэнцэж байж зөв явна. Аль нэг нь хэтийдэж болохгүй. УИХ-ын гишүүн байсан Төмөр бол миний багш. Мундаг хуульч байсан. Миний "Төрийн алба хаагчийн ёс зүй” номыг редакторлаж байхдаа хэлж байсан юм, "Чиний үгийг хүн сонсдог болсон тэр цагт чи хаалга тогшиж байна аа гэж бод” гэж. Шалтгааныг бусдад тохох, бусдаас хайх бол маш амархан. Асуудлыг ул суурьтай бодоод суухаар шалтгаан нь эргээд өөр дээр ирдэг байхгүй юу.
-"Чиний үгийг хүн сонсдог болсон тэр цагт чи хаалга тогшиж байна гэж бод” гэсэн багшийнхаа үгэнд хүрч чадсан уу?
-/Хэсэг бодож дуугүй суув/ Ямар ч байсан хууль тогтоох байгууллага дотор бүлгийнхээ, гишүүдийнхээ гаргах бодлого шийдвэрт хамаатай санал дүгнэлт, тооцоо судалгаа боловсруулдаг гэдэг утгаараа зохих ёсоор биелж байна гэж хэлж болох байх. Энийг би өөрөө сайн хэлж мэдэхгүй юм байна. Зөвлөгөө авдаг хүмүүсээс асуувал илүү зохилтой санагдана.
-Зөвлөх байна гэдэг бас их онцлог?
- Сайн төрийн толгойд хууль ноёрхож байг гэж үг бий. Зөвлөхийн ажил бол сайн муу, зөв буруу бүх хувилбарыг гаргаж, шийдвэр гаргагчид танилцуулна. Сайн ийм үр дүн, муу ийм ийм үр дагавар гарах юм байна гэж. Олон нийтэд ингэж хүрнэ, эдийн засгийн талаасаа зөв, хууль зүйн хувьд зөрчилтэй. Хуулийн орчинд ийм ийм өөрчлөлтийг хийх замаар хүрч болох юм байна шүү гэдэг хувилбаруудыг танилцуулна. Тэр хувилбарууд бодитой үнэн, алсыг харсан байх ёстой. Тэгэхээр нэг талаасаа зөвлөх бол ил ямар ч хариуцлага үүрдэггүй, тэгсэн атлаа хэрвээ буруу мэдээлэл үндэслэл тооцооллоор шийдвэр гаргагчийг хангах юм бол үр дагавар нь маш ноцтой. Жишээ нь 2002 онд Хоршооны тухай хууль гарах гэж байхад хяналтын механизм сул суусан учраас 3-4 жилийн дараа энэ хадгаламж зээлийн хоршоодод пирамид тогтолцоогоор луйвар хийх боломж олгох нь байна шүү гэж Байнгын хорооны даргад бичиж өгч л байлаа. Тэр болгоныг энд яриад яахав.
-Улс төрийн тогоонд та чамлахааргүй хугацаанд чанагдаж яваа. Гэхдээ голдуу арын албанд зүтгэсэн байдаг?
-Улс төр миний хувьд амьдралын нэг жижиг л хэсэг нь. Улс төрийн нэг онцлог бол хоёрын хооронд, гурвын дунд гэдэг шиг сонирхдог зүйл бас мөн үү, биш үү. Өөрөө ухамсарлаж, хүсч тэмүүлж байж оршдог талбар. Том зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх хүсэл мөрөөдлөөр бат жигүүрлээгүй л бол зүгээр үзэгдэл болоод л дуусна. Тэрэн дээрээ тулбал хэнийг ч эвий минь гэж хайрлахгүй. Зарим талаар харгис. Том бодлого дэвшүүлээд, түүндээ бат итгэлтэй тууштай зогсож, бусдыг дагуулж бодит ажил хэрэг болгож чадах хүний хувьд улс төр бол том боломж. Миний хувьд хууль, эрх зүйн салбарт шинэчлэл хийх том амбиц бий шүү. Энэ чиглэлд юу хийх ёстойг манайхан мэдэхгүй байгаад бус хийх хүсэл эрмэлзэл, зориг зүрх, барьцаалагдаагүй байдал байна уу л гэдэг асуудал байх шиг. Би ч бас том улс төрч болчихсон юм байхгүй шүү дээ. Улс төрчийн замнал гэж ярих юм бол нэг талаасаа арын эгнээнд, гол төлөв зөвлөх хийж байсан. Ил гардаггүй ажил. Ил гаргах гээд бас шоудаад байх ч зүйл биш. Дээр нь манай намын уламжлалт хүмүүжил байна. Шоудаад загвартаад байдаггүй, нэг тийм сахилга бат, дэг ёс, эсхүл байгууллагын соёл гэмээр зүйл манай ахмад үеэс уламжлагдаж ирсэн байдаг. Би өөрөө тийм хүмүүжил соёлд "нэрвэгдсэн” байхыг үгүйсгэхгүй. Одоо ингээд эргээд бодож байхад төр засгийн олон удирдагчтай хамтарч ажилласан байна. Н.Энхбаяр даргыг намын дарга байх үед бүлгийн хуулийн зөвлөх, Хууль зүйн яаманд Д.Одбаяр сайдын удирдлагад Тамгын даргаар, Их хурлын дарга Д.Дэмбэрэлийн хуулийн зөвлөх, Сү.Батболд, Ө.Энхтүвшин нарыг Ерөнхий сайд, намын дарга байх үед нь зөвлөхөөр ажиллажээ. Д.Дэмбэрэл дарга гэхэд л үнэхээр төрийн хар хүн. Өглөө их эрт ирнэ. Орой хамгийн сүүлд явна. Хуулийн үг үсэг бүр дээр зурна, тэмдэглэнэ, асууна, ярилцана. Үнэхээр хөдөлмөрч няхуур хүн дээ. Яахав, залуу хүн бүрт олдохгүй ховор боломж ч байж мэднэ.
-Тэр боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадсан уу?
-Ер нь бол боломжийг бүрэн дүүрэн ашиглах ёстой. Мэдээж хортой аргаар биш. Хортой аргаар ашиглавал эргээд хор л болж буудаг. Тэр олон сайхан хүмүүсийн мэддэг чаддаг зүйлийг үг үсгээр биш, хажуу дэргэд нь ойр байж, бодитой ажил хэрэг дээр хамтарч, сурч болох бүхнийг авч үлдэх ёстой л гэж бодож ирсэн. Жишээ нь Ерөнхий сайд С.Батболд гэхэд ажлын эцсийн гүйцэтгэл, үр дүнг чухалчлахаас түүнийгээ рекламдаж шоудахыг огт таашаадаггүй байсан. Өөрөө өндөр боловсролтой хүн учраас сэтгэлийн хөөрлөөр хандана гэж бараг үгүй. Асуудалд дандаа шинжлэх ухааны үндэстэй, тооцоо судалгаатай хандахыг эрхэмлэнэ. Бидэнд тийм л шаардлага тавина. Хүн ер нь тасралтгүй сурч боловсруулж, өөрийгөө хөгжүүлж байхгүй бол амархан зэвэрдэг. Дээр нь хурд. Асар хурдтай цаг үед бид амьдарч байна.
-Сурч боловсрох гэснээс та чинь бас багшилж байсан байх аа?
-Дөнгөж сургуулиа төгсөөд л багшаас ажлын гараагаа эхэлсэн. Байнга боловсорч, шинжлэх ухаанд ойр байдаг учраас би багшийн ажилдаа дэндүү хайртай, энэ ажлаасаа хөндийрч чадахгүй нэлээн ч "зууралдсан” даа. 2004 он хүртэл багшилсан.
-Залуухан багш оюутнуудыг хэр"чангалдаг” байв?
-Аан бас чанга талдаа багш байсан гэдэг шүү. Өөрөө 22-той. Хамгийн ахмад нь 50-иад настай оюутанд ч хичээл заана. Дашням, Төмөр багш хоёр "намайг багшилвал магистрын чинь сургалтын төлбөрийг даана” гээд 98 онд төгсөөд л шууд багшилсан. Тэр үед магистрын төлбөр гэдэг чинь еэ бүү үзэгд, асар их мөнгө байхгүй юу, 300 гаран мянган төгрөг. Сургуулиа төгсөөд, гэр бүл зохиож эхэлж байгаа надад үнэхээр барахгүй даваа. Эхнэр маань тэр үед оюутан байсан. Үндсэн ажлынхаа хажуугаар тав зургаан хуулийн сургуульд цагаар багшилна. Аминдаа амьдралаа өөд нь татчих гээд гутлынхаа улыг эргэтэл явдаг байж дээ.
- Магадгүй таны амьдралын хамгийн гоё дурсамжтай үе байсан ч байж мэднэ.
-Өглөө 8.40-өөс хичээл эхлээд сүүлийнх 20 цаг өнгөрч дуусдаг. Бүтэн 12 цаг зай завсаргүй хичээл заана. Хоёр гурван сургуульд зэрэг багшилна. Оройны хичээл бол бас л хэцүү ш дээ / инээв/. Эрүү зуурч эхэлнэ. Одоо зарим оюутан маань ярьдаг байхгүй юу. Өмссөн өмд нь тийм байсан, цамцаа ингэчихсэн байсан, үс нь ийм сэгсийсэн гээд л хачин хачин юм ярина аа, ичиж үхмээр. Тооцоолоход гурван мянгаад оюутан шавьтай болсон байна лээ. Энэ бол багш хүний бас нэгэн бахархал. Шавь нараа сайхан явж байгааг хараад баярладаг. -Эхнэртэйгээ танилцсан дурсамжаа хуваалцаач. -Эхнэрийнхээ төрсөн өдрөөр оюутны дотуур байранд танилцаж байлаа. Тэр үед чинь ер нь ширүүн байсан. Бага тойргийн хэдэн атаманууд дотуур байранд орж ирэхэд нь би таараад баригдчихгүй юу. Тэгсэн эрүүнд хутга тулгаад, архи олоод ир гэлээ. Одоо энэ яруу найрагч Д.Ган-Очир, Амараа бид хэд нэг өрөөнийхөн. Тэгсэн чинь манай хэд "Сүхбаатарын хэдэн охин төрсөн өдөр тэмдэглэж байна. Тийшээ ороод нуугдчихъя” гэдэг байгаа. Тэгж л танилцсан. Түүнээс хойш өрөөгөөр нь орж гараад л, юм ердөө ярихгүй ш дээ, аминдаа эргүүлээд байгаа ухаантай. Тэгээд л салахаа байсан даа. Намайг төгсөөд ажил дээр гарахад эхнэр маань жирэмсэн. Би чинь бас Дэнжийн мянгын зах дээр гутлын резин зарна аа. Тулгар биетэй эхнэрээ тэр шаагисан олны дунд чихцэлдүүлэн барин хар хүйтэнд дагуулаад явчихна. Тэгсэн хэр нь аз жаргалтай гэж жигтэйхэн.
-Та ингэхэд хэр аав бэ? Охиныхоо бишрэн шүтэгч нь гэж ойлгогдсон.
-Хоёр хүү, ганц охинтой. Охин минь миний ганц амь. Нэр нүүр хамаагаа алдсан, хэнээс юунаас ч санаа зовохгүйгээр амины ганц охиноо рекламдана шүү дээ /Инээв/. Үгүй ээ яахав дээ, охиноороо бахархсан нэг аав л байгаа биз. Би өөрөө ганц охин дүүтэй. Манай Омоо /Оюунчимэг/ ч аавын амины л хүүхэд байсан. Ахыг маань Энхболд гэдэг. Би айлын дундах нь.
-Таныг аавтайгаа улам адилхан болж байна гэж нутгийн буурлууд ярих юм. Аавынхаа тухай дурсаач. Зах зээлийн хүнд хэцүү цаг үед Чойбалсан хотыг удирдаж явсан хүн шүү дээ.
-Хүн зонтой, наргианч хүн байсан даа миний аав. Ер нь л тоглочих гээд л байна шүү. Тэр дотор магтаал зэмлэл нь багтаж байдаг. Бага байхад манайх хүний хөл тасардаггүй айл байсан. Ерэн хэдэн онд ямар хүнд байлаа даа. Тог цахилгаан байнга тасарна. Картын барааны үе шүү дээ. Зарим үед хүмүүс хүүхдүүдээ дагуулаад Чойбалсан хотын даргынх гээд манайд ороод ирнэ. Өлслөө ядарлаа гэнэ. Аавтай уулзаж байж гарна гээд өдөржин хүлээгээд суучихна. Ээж хоол унд хийж өгөөд, хүүхдүүдийг нь угааж цэвэрлэж, бидний хуучин нойтон хувцаснаас илүүчилдэг байсныг санадаг юм. Аав ажлаасаа яаж ч ядарч оройтож ирсэн тэр хүмүүсийн үгийг хүлээцтэй сонсоно. Одоо бодоход сонсох чадвар сайтай хүн байсан. Гэр орондоо чанга хатуу дуугарахгүй шүү дээ. Ямар ч асуудлыг эвтэйхэн учрыг нь олоод зохицуулчихна. Аав минь, манай охиныг төрснөөс хэдхэн хоногийн дараа тэнгэрийн орондоо заларсан даа. Уулзаж амжаагүй явуулчихсандаа харамсаад бардаггүй юм. Анхны хүүхэд нь төрөх гэж байхад гээд манайхан надад хэлээгүй юм билээ л дээ. Тэр хүнд хэцүү, өвдөж зовж байхад би дэргэд нь байж чадаагүй. Хамаг хүндийг ээж, ах хоёр маань үүрээд гарсан. Охиноо төрмөгц төв шуудан руу гүйж, таксфоноор гэр лүүгээ залгаж ярихад аав минь "Миний хүү ингээд аав боллоо шүү дээ” гээд охинд минь нэр хайрлаж билээ.
- Читийн амбан захирагч Р.П.Гениатулин Дорнодод хоёр ч удаа айлчлахдаа аавын тань шарил дээр очиж хүндэтгэл үзүүлсэн?
-Аав ер нь Оросуудтай маш ойр, ажил хэргийн холбоотой явж ирсэн. Р.П.Гениатулин дарга, аав хоёр дотнын найзууд байсан. 90-ээд онд Оросуудыг хөөгөөд гаргаснаас хойш хоёр улсын харилцаа нэг тийм хүйтэн болчихсон байсан. Гениатулин дарга аав хоёр ярьж байгаад Чита хотод анхны соёлын өдөр хийсэн юм билээ. Тэрнээс хойш харилцаа, итгэлцэл буцаад сайжирч, халуун дулаан болох тал руугаа орсон гэж Гениатулин дарга надад ярьж байсан.
-Аав тань ажил мэргэжлээ сонгоход чиглүүлсэн үү, нөлөөлсөн үү? Эцэг эх тань сайхан хүмүүжүүлж өсгөжээ.
-Яг хуульч мэргэжлийг бол өөрөө сонгосон. Ер нь тэг ингэ гэж нэг их хэлдэггүй, зааж чиглүүлдэггүй байсан. Харин тусалдаг байсан шүү. Их сургууль төгсөх жил дипломын ажил бичиж байхдаа хэлний түвшин дутаад ааваар зарим нэг зүйлээ орчуулуулна, аав ажлынхаа хажуугаар тусалдаг байсан. Эцэг эх маань хүний зэрэгтэй өсгөж Н.Ф.Гастеллогийн нэрэмжит 1-р сургуулийг 1994 онд төгсөгчид төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойгоор. 2013 он хүмүүжүүлсэн учраас өдий зэрэгтэй яваа гэж боддог. Насаараа боловсролын салбарт зүтгэсэн ээжийг маань "Цэрэнханд багш” гээд манай нутгийнхан андахгүй дээ. Аав маань "гэрийн ном” гээд гэрээс маягтай зүйл надад үлдээсэн байдаг юм. Тэрэн дээр намайг "Гадаад хэл, улс төр сонирхдог. Улс төрөөр явах магадлалтай. Нэг л том дутагдалтай. Тэр нь хүний алдаа, тааламжгүй зүйлийг шууд нүүрэн дээр нь хэлчихдэг. Хүмүүс ийм зүйлд их таагүй байдаг юм шүү” гэж. Аав минь намайг яг л хэлчихсэн байгаа юм даа. Тэр захиасыг нь их бодож явдаг.
-Хүний алдаа дутагдлыг шууд хэлдэг зан уг нь нэг их муу зан биш байх шүү. Та өөрөө юу гэж боддог вэ?
-Яг юуг шүүмжилж байна вэ гэдгээс л болох байх. Асуудал шүүмжилж байвал засах хүсэл эрмэлзлэлээс үүдэлтэй. Хувь хүн шүүмжилж байвал өөр санаа сэдэл нуугдаж байхыг ч үгүйсгэхгүй. Яг улс төрийн ертөнцөд энэ бол хэвийн зүйл. Магадгүй том алдаа эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй. Тухайлан хэн нэгний мууг үзэх агуулгаар асуудалд хандахаас би зугтдаг. Харин алдаатай шийдвэр, бодлого дээр бол хэнээр ч цагдуулахгүйгээр байр сууриа нотолж илэрхийлэхийг илүүд үздэг. Хүн залуу насан дээрээ л дутагдлыг хэлж ярьж байхгүй бол өтөл насан дээрээ түүнтэй эвлэрэхэд л дасч суралцдаг гэдэг шүү.
-Тэр ч тийм байх шүү. Төгсгөлд нь нэг афоризм хэлээч.
-Ямар ч үед хүн хүнээрээ л үлдэх хэрэгтэй. Хүн хайраар дутвал хүнээ алддаг гэдэг дээ. Ер нь тэгээд аав ээж, хань ижил, үр хүүхэд, гэр бүлээ хайрлаж, тэднийгээ баярлуулж явах л хамгийн эрхэм байх даа.
Баттөмөрийн Энхбаяр гэх хуульч залуутай ийн хөөрөлдлөө. Тэр угтаа хуулийн хүн. Энгийн нэг хуульч биш хуулийн салбарыг өнгөлж яваа гэж бардам хэлэх байна. Гэхдээ түүнтэй би хууль ярьсанүй. Дуу шингээгүүрт буусан болгоныг мэдээж энд бүгдийг багтаах аргагүй ч түнийг хувь хүнийхээ хувьд хэн бэ гэдгийг жаахан ч атугай нээсэн нь энэ ээ .
Д.Дэлгэрмаа
dornod.net