Өрсөлдөх чадвараар Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг тэргүүлжээ-
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг Конрад Аденауэрын сангийн
дэмжлэгтэйгээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны
төвөөс боловсруулан гаргажээ. Судалгааны дүнг нийтэд танилцуулахаар
"Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган”-ыг аравдугаар сарын 8,
9-нд зохион байгуулсан бөгөөд өчигдөр хаалтаа хийсэн юм. Уг чуулганыг
Монгол Усын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан нээж үг хэлсэн
бөгөөд аймаг бүрээс төлөөлөн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурлын
дарга, Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн албаныхан оролцож, санал
солилцлоо. Уг тайланг 2012 оноос эрхлэн гаргаж эхэлсэн бөгөөд энэ нь
аймаг бүр хөгжлийн бодлогоо тодорхойлох, үнэлэх боломжийг олгохоос гадна
орон нутгийн удирдлагууд бүсийн хэмжээнд хэрхэн хамтран ажиллах гарц,
шийдэлд хүргэхэд тустай ажээ. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг
гаргахад 140 үзүүлэлтийг харгалзсан байна. Бүс нутгийн байрлал, хүн амын
тоо, онцлогоос хамаарч аймгуудыг ийнхүү тодорхойлсон нь харьцангуй
судалгаа гэж зарим аймгийн удирдлагууд үзэж байсан ч энэ нь байр
эзлүүлэхдээ биш, хөгжлийн бодлого тодорхойлохдоо гол нь байгааг
албаныхан чуулганы үеэр онцолж байлаа.
Монгол Улс өнгөрсөн жилийн байдлаар өрсөлдөх чадварын оноогоор 2012
оныхоос 39-өөс 62 болж өссөн ч эрэмбийн хувьд ямар ч өөрчлөлт гараагүй.
Тэгвэл аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээр Орхон, Өмнөговь,
Дархан-Уул аймаг тэргүүлсэн байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал
Б.Лакшми "Аймгуудын өрсөлдөх чадварын гурав дахь удаагийн тайланг энэ
жил боловсруулж байна. Анхдугаар чуулганаар 2013 оны байдлаарх тайланг
хэлэлцлээ. Энэ тайланг зөвхөн аймаг, орон нутгийн удирдлагууд биш,
бодлого боловсруулагчид ч ашиглаж байна. Тайланг үндсэн 140 шалгуур
үзүүлэлтээр гаргасан. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн
салбарын үзүүлэлт, орон нутагт багш, эмнэлгийн нэг хүнд ногдох байдал,
бизнес эрхлэх орчин хэр байгаагаар нь дүгнэсэн. Үүнээс үзэхэд Орхон
аймаг хоёр жил дараалан тэргүүлж байна. Орхон дэд бүтэц, бизнесийн орчин
сайн байна. Цаашид энэ давуу талаа ашиглавал илүү амжилт олно. Гэхдээ
аймаг бүр онцлогтой тул энэхүү тайлангаар байр эзлүүлээгүй. Жишээ нь,
Архангай хамгийн ерөнхий үзүүлэлтээр сүүлд орсон ч малын тоо хамгийн
ихээрээ тэргүүлдэг. Үүн дээр суурилан түүхий эд боловсруулах үйлдвэр
байгуулвал ашиг, амжилт олж болох жишээний. Энэ мэт хөгжлийн гаргалгааг
өрсөлдөх чадварын тайлангаас ож харж болно.
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатар:
-Үндэсний статистикийн газар бол төрийн байгууллага бөгөөд нийгмийн
суурь судалгааг гаргадаг. Харин энэ удаад аймгуудын өрсөлдөх чадварыг
эдийн засгийн үзүүлэлтээр нь гаргаж ирсэн байна. 2012 оны судалгаагаар
манай Дорнод аймаг зургадугаарт байсан бол 2013 онд нэг байр ухарсан
байна. Манай аймгийн хувьд давуу тал нь дэд бүтэц, эрчим хүч, дулаан
сайн. Сул тал нь ажилгүйдэл их байна. Дорнод аймагт социалист системийн
үед бодлогоор сангийн үйлдвэр, хагас боловсруулалтын олон үйлдвэр
байгуулж байсан. Систем задрахад тэрхүү аж ахуйнууд бүгд тарсан бөгөөд
тэнд ажиллаж байсан хүмүүс бүгд ажилгүй болсон учраас ажилгүйдэл их
болсон. Сүүлийн жилүүдэд аймаг бүр өөрсдийн брэндийг бий болгоход
анхаарах болсон. Энэ дагуу манай аймгийн брэнд бүтээгдэхүүн болох
боломжтой нь зөгийн бал. Зөгий 200 орчим бал цэцэгт ургамлаас балаа
цуглуулдаг. Шаамарын зөгий гэхэд гурвалжин будаанаас балаа цуглуулдаг.
Энэ мэт давуу тал бий.
Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь:
-Монгол улсын өрсөлдөх чадварын тайлан гаргадагтай адил аймгуудын
өрсөлдөх чадварыг тодорхойлсон байна. Манай аймгийн хувьд өрсөлдөх
чадварын тайланд эдийн засгийн тамир тэнхээ, төрийн институцын
тогтолцоогоор дээгүүрт орж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа
хөрөнгө оруулалтын үр шим болон Засаг дарга, харьяа агентлагуудын
хамтын ажиллагаа, хамаарал сайн байгааг илтгэж байна. Ер нь манай аймаг
хэцүү байлаа. Хил, хязгаар нутгийн аймаг учраас дэд бүтэц, хүн амын
төвлөрөн суурьшил тогтворгүй байсан. Тэгвэл зам, бүтэц, бүтээн
байгуулалт сайжирсан. Сүхбаатар аймаг хэдхэн хоногийн дараа нийслэлтэй
авто замаар холбогдох гэж байна. 20 гаруй км дутуу байна. Мөн манайд
шилэн кабелийн холболт, мэдээллийн технологийн хангамж сайн байгаа нь
өрсөлдөх чадварт нөлөөлж байна. Өөр нэг давуу та бол манай аймаг мал аж
ахуйгаараа тэргүүлж байна. Сүүлийн таван жилд мал сүрэг саяар өссөн. Нэг
хүнд ногдох малын тоогоор дээгүүр гарч ирж байна. Энэ жил манай аймаг
900 гаруй мянган төл авсан. Нэг мал ойролцоогоор 500 мянган төгрөг гэхэд
нийт 450 тэрбум төгрөг Сүхбаатар аймгйн зах зээл рүү орж байна гэсэн
үг. Үүнд малчид, иргэдийн, хувийн хэвшийнхний хөдөлмөр асар ихээр
нөлөөлсөн.
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуун:
-Манай аймаг өрсөлдөх чадвараар улсад хоёрдугаарт орсон. Үүнд хамгийн
ихээр нөлөөлсөн нь төсвийн орлого бүрдүүлэлт. Энэ маань уул уурхайн
салбар дахь бүтээн байгуулалттай шууд холбоотой. Хоёр дахь давуу тал
аялал жуулчлал. Өмнөговь аймаг нийт 165 мянган км2 талбайг хамардаг.
Түүний 21 хувь нь байгалийн болон тусгай хамгаалалттай, 22 хувь нь ашигт
малтмалын тусгай зөвшөөрөлтэй байдаг. Хийх зүйл их байгаа сул салбар нь
гэвэл эрүүл, мэнд боловсролынх. Учир нь манай аймагт хүн амын суурьшил
их нэмэгдлээ. Тухайлбал, Цогтцэций сум урьд нь 2000-3000 хүн амтай
байсан. Гэтэл одоо 10-аад мянган хүн амтай болсон. Ийм суманд өмнө нь
ажиллаж байсан сурууль, цэцэрлэгийн хүртээмж одоо хангалтгүй байна.
Гэхдээ бид өнөөгийнхөө боломж бололцоог ашиглан хувийн хэвшилтэй ч
хамтран сургууль, цэцэрлэг барьж байна. Үүнд төрийн бодлого дутагдаж
байна. Аймгийн хэмжээнд гэвэл 2008 онд 47800 хүн амтай байлаа. Одоо
59500 суурин хүн амтай болсон. Энэ хугацаанд 10 гауй мянгаар нэмэгдсэн
байна. Энэ бол зөвхөн албан ёсны бүртгэлтэй суурин иргэдийн тоо. Цаашдаа
хүн амын төвлөрөл их болох учир нийгмийн суурь үйлчилгээндээ түлхүү
анхаарах шаардлагатай байгаа.
Ийнхүү аймаг бүрт онцлог, давуу, сул тал бий. Дээр хэлсэнчлэн дан
улсдаа биш, дэлхийд уул уурхайгаар тэргүүлдэг аймгийг дэд бүтэц тааруу
хөгжсөн аймагтай зүйрлэх нь утгагүй учраас энэхүү тайлангаар аймгуудыг
хооронд өрсөлдүүлэхийг зориогүй аж. Аймгууд хөгжлийн бодлогоо
тодорхойлох, орон нутгийн амьдралыг сайжруулах, брэнд бүтээгдэхүүн
гарган аймгаа болон бүсийн аймгуудыг бүтээгдэхүүнээр хангаж ашиг олох,
цаашлаад экспортлох их ажил хүлээгдэж байна.
У.БОЛОР