Халхын гол минь нүдний өмнө цэлийгээд, энд цас дөнгөж ханзарч байна.
Өглөө оройдоо дүн өвөл аятай хүйтэрч, хүний хөлөөс зайдуу зарим газраа
машин суух зузаан цас хунгарлажээ. Мэнэнгийн отряд өнгөрмөгц Дачингийн
машинууд зөрөлдөж, хаа сайгүй ёлтойсон гэрэл анивчин, байсхийгээд л нэг
зам сална. Шөнө бол газар мэдэхгүй хүн төөрөөд явчихаар. Зам зуур
тааралдах хүмүүс "Дачингийн дэлбэрэлтийг сурвалжлахаар явж байна уу” гэж
асуух. Замын хажуугаар идээшлэх адуу мал хүч тарга сайтай харагдана.
Түрүү жил цас зуданд байдаг малаа "тавиад туучихсан” ч энэ жил
Халхголчууд өвс хадлангаа ахиухан бэлтгэж, малчдын хаваржаа тавлаг
байна. Их зудыг даваад гарсан мал хэр баргийн шуургыг ажирдаггүй юм
байна хэмээн малчид хуучлан суух. Дорнодоос гарч замын тал өнгөртөл нам
жим явсан бид нутгийн захад орж ирмэгцээ дуу шуу болж, зам зуурын сонин
сайхныг ажин давхисаар Хамар даваан дээр ирэв. Ялалт хөшөө холоос
дүнхийсээр, сэтгэлд нэг л дотно. Өглөө эрт эргэн тойронд манан будан
татаж, тогтуун байх мөртлөө ойр хавийн модод цан хүүргээр хучигдан,
шаазгай шаг шаг шагширалдах нь таатай. Гуравдугаар сар гаруут ийм ер
бусын тайван орчин бүрддэг бололтой. Бид Ялалт музейд тухалж, хэд хоног
тэнд "амьдрах”-аар төвхнөцгөөн, хэдэн цагийн нойр аваад, сумын Засаг
даргын өрөөнд хуралд дуудагдав.
Энэ жил Халхгол суманд түүхт таван ой
давхацна. Илдэн вангийн хошуу үүссэний 325 жил, Халхгол сум үүсэн
байгуулагдсаны 90 жил, Халхын голын дайны ялалтын 75 жил, Их бурхант
цогцолборыг аравнайлсны 150 жил, "Ялалт” музейн 30 жилийн ойг ирэх зуны
наймдугаар сард тэмдэглэхээр зэхэж, ойн үеэр гурван мянга гаруй зочны
хөлд дарагдана гэсэн судалгаа ч гаргаад амжжээ. Бүтээж босгох ажил
мундахгүй их байгаа бололтой. Дулаан оруут тохижилтын ажил эхлүүлэхээр
болж бүтээлч 90 ажил төлөвлөжээ. Хурал дээр ойтой холбоотой энэ мэт яриа
хөөрөө өрнөж, тэндээсээ Халхгол сумын хадлангийн талбай,
Баянхошуу-Өвдөгийн боомт, Буйр нуур руу яаран хөдлөв. Учир нь сумын
онцлог газруудад нэвтрүүлгийн зураг авалт хийх тул нар жаргахтай
уралдсан бидний аялал ийнхүү эхэллээ.
Сумаас хөдлөн давхисаар Хадлангийн
талбайд дөхөж ирэв. Холоос харвал тал дүүрэн мал бэлчиж байна уу гэж
андуурахаар өвсөн бухал хэдэн зуугаараа ярайжээ. Бүр байшингийн хэлбэр
гарган давхарлаад өрчихсөн нь ч харагдана. Энд 4 мянган тонн өвс байгаа
гэнэ. Өнгөрсөн жилийн зудны үеэр дөнгөж ажлаа аваад байсан В.Мөнхтайван
дарга өвс хадлангаа хангалттай базаагаагүй гэсэн шүүмжлэлд өртсөн учир
энэ жил сумын нөөцөөс гадна хувиараа энэ их өвсийг бэлтгүүлжээ. Талыг нь
Шинэ барга баруун хошуу руу гаргахаар тохироод байгаагаа ярьж байлаа.
Зуд гэснээс түрүү өвөл та нэлээд баалуулсан байх шүү гэж түншвэл
"Айлуудаар өвс тарааж явахад нүд хальтирмаар дүр зураг угтаж байсан.
Хамаг малаа барсан малчид бухимдалгүй яахав. Аашилж загнахад нь дуугүй
сонсохоос өөр арга байгаагүй.
Өөдөөс нь албаны царай гаргаж, олон таван
юм ярьж улам хямраагаад яахав дээ гэж бодож байсан шүү” гэх. Ирэх
жилүүдэд ч энэ маягаар хадлан тэжээлээ бэлтгэх юм байна. Эндээсээ бид
Ялалт баг, Баянхошуу-Өвдөгийн боомт руу жолоо мушгилаа. Хашаа хороо
хатгаагүй, хоорондоо нэлээд зайтай айлууд тараад буучихсан, эл хуль
орчин. Харин боомтын хувьд хөл хөдөлгөөн тасрахгүй юм. Газрын тос ачсан
машинууд урт цуваа үүсгэжээ. Хятадын талаас жижиг оврын автобус дүүрэн
хүн орж ирж зогсох нь Дачингийн ажилчид гэнэ. Боомт байнгын ажиллагаанд
шилжсэнээр сумынхны ахуй амьдрал дээшилнэ гэж хөөрцөглөх нэгэн байхад
хятадууд газрын тосоо өдөр шөнөгүй зөөх гэж л бэлдсэн "хаалга” гэх нь ч
байна. Боомтоор гарахад Хятадын хил дээр 200-гаад юанийн хураамж төлдөг.
Гэтэл Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор нэвтрэхэд 50 юанийн татаас
авдаг байна. Энэ мэтчилэн татвар татаасаас эхлээд нарийн ширийн
зүйлүүдийг сайтар хэлэлцэн тохирох зүйл бишгүй олон байгаа бололтой.
Боомтоос хөдөлж Буйрын тосгоныг зорилоо. Олон жилийн турш Буйрын хишиг
буянаар ахуй амьдралаа залгуулж байгаа 30-аад айлын 130 гаруй хүн энэ
тосгонд амьдардаг. Буйр нуураа "далай ээж” хэмээн сүслэн дээдэлнэ.
Тосгонд ирж загасны амтат шөлөөр дайлуулав. Энэ жил загас агнах хорио
тавигдсан болохоор тосгоныхон загасыг төрөл бүрээр нь боловсруулан
туршиж, худалдаанд гаргахаар зэхэж байна. Удалгүй Халхголын утаж
боловсруулсан загас, давсалж хатаасан загас зэрэг амтат бүтээгдэхүүн
Дорнодчуудын хэрэглээ болох нь.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Буйр
нуураас загас агнахыг хориглоод байж. Харин энэ онд хорио нь тавигдаж,
Байгаль орчны яамнаас энэ жилийн загасны нөөцийг 65 тн гэж тогтоосноор
Халхгол сумын ИТХ-аас 12-р сарын 25-наас 2-р сарын 20-ныг хүртэлх
хугацаанд 30 тн-ыг агнахыг зөвшөөрсөн байна. Харин загасчид энэ хооронд
ойролцоогоор 13 тн-ыг агнаснаа ярьж байлаа. Өнгөрсөн зун төрийн
өндөрлөгүүд Буйрт ирж амарснаас хойш энд тэндээс алдарт Мэнэнгийн тал,
Буйр нуур, дайн болсон газар оронтой танилцахаар зорьж ирэгсэд нэмэгдсэн
гэнэ. Дээр хэлсэнчлэн гурван жилээр загас агнахыг хорьсон ч цаад талаас
нь Хятадууд өч төчнөөнөөр нь торлочихдог учир энэ жил л гэхэд загас
ховор байсан талаар нутгийнхан ярина лээ. Ямартаа л МУ-ын ерөнхийлөгчийн
хамгаалалтын албаныхан хил нэвтрэн завиар зугаалж байгаа нөхрийг барьж
авч, бөөн шуугиан болохов дээ. Зундаа бол Хятадууд хурдан завь хөлөглөн
дураар дургидаг, манай хилийнхний усны унаа тэднийг гүйцэхгүйгээс хойш
харсаар хоцордог гэх. Харин нуурын мөс хөлдсөн өвлийн цагт бүх юм
горимондоо ордог. Газрын тос ч бай, загас ч бай ховордоод байгаа бүх л
юмыг манайхан энд өсгөж гамнаад байхад Хятадууд газар доогуур сорчихдог
гэх нийтийн дунд тархсан яриа хэр үнэний ортой байдаг юм бол гэсэн бодол
зурсхийж л байлаа.
Мэнэнгийн их талаас мандаж буй нар, Буйр нуур гээд эндээс Халхгол
сумын аялал жуулчлалын маршрутыг эхлүүлж, Их бурхант, дайн болсон газар
нутаг гээд зүүн тийшээгээ хөтөлж болох гэнэ. Гэвч Буйрын эрэг дээр хэд
хоног тухлаад амарчихаар байр сав, хоол унд, үзэж харах зүйл ховор
болохоор түр саатаад өнгөрөхөөс хэтрэхгүй. 3-р сарын сүүлээр аймгийн
төвд "Сум сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулж, энэ үеэр Буйрын
загас, Халхголын зөгийн бал гэхчлэн нутгийн брэнд бүтээгдэхүүний
үзэсгэлэн худалдаа болох гэнэ.
Бид Буйраас холгүй хаваржих малчин Пүрэвдаваа гуайнд зочилсон юм. Энэ
хавийнхнаа гэрийн эсгий, тохом, эсгий гутлаар хангадаг, багахан
хэмжээний эсгийний үйлдвэрлэл эрхэлдэг энэ айлын гэрийн эзэгтэй өнгөрсөн
жилийн их зуднаар төрөхөөр дуншсан эхийг эсэн мэнд нярайлуулжээ. Одоо
тэнтэр тунтар алхсан хөөрхөн хүү бий, саяхан унасан газраа ирж
хөрвөөгөөд явсан хэмээн ярьж суух. Тэр хавийнхандаа эмнэлгийн тусламж
үзүүлдэг бололтой юм. Биднийг очих үеэр арваад насны жаахан охин ханиад
хүрч, энд ирээд "эмнэлэгт хэвтсэн” байлаа. Пүрэвдаваа гуайн гаднаас
хөдөлж, шууд сумын төвд ирснээр энэ өдрийн ажил дуусав.
Сурвалжлагын удаах өдрүүдэд сумын соёлын төвд өнжлөө. Түүхт таван ойг
тэмдэглэх үеэр Л.Мягмарсүрэн гуайн Халхын голын дайнд амь хайргүй
тулалдаж явсан түүхэн хүмүүсийн амьдралаас сэдэвлэсэн "Түүхэн драмын
жүжиг”, Хошуу наадмын нээлт болох юм. Тиймээс жүжгийн дүрүүдийг сонгох
зорилгоор сумынхан дундаа дүрийн сонгон шалгаруулалт явуулахаар болжээ.
Ингэхийн тулд Халхгол суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд Халхын
голын дайны сэдэвтэй жүжигчилсэн тоглолтоор дориун өрсөлдөцгөөж,
"Шилдэг дүр-2014” анхдугаар наадмаа хийв. Энэ наадам цаашид уламжлал
болж, өргөжнө. Мэргэжлийн бус, сонирхогчид ч гэлээ аазгай хөдөлгөж,
сэтгэл уярам жүжиглэлт гаргаж байхыг нь хараад олзуурхах сэтгэл төрсөн.
Хоёр хоногийн турш сумын соёлын төв үзэгчдийн хөлд дарагдаж, тайзан дээр
тоглогдох жүжгийг амьсгаа даран үзэх нь хөдөөгийнхөн урлаг соёлоор
цангаж байгааг харуулах шиг санагдсан.
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Халхгол сумын эмнэлэгт их
засвар хийхээр болжээ. Одоогоор эмнэлгийн байрныхаа талд нь л үйл
ажиллагаа явуулж байна. Их засварыг ч ажиллаж байгаа хэсэгт нь хийнэ. Уг
нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал боломжийн байр сав харагдана лээ. Ер
нь хүн хүчний асуудлаа шийдчихвэл хөнгөн мэс ажилбар, төрөлт гээд
эмчилгээ домчилгоогоо эндээ шийдчих боломжтой учир энэ чиглэлээр ганц
нэг хүн сургаж байгаа гэж эмнэлгийн эрхлэгч Байгаль танилцуулав. Амаржих
дөхсөн ээжүүдийг аймгийн төв бараадуулах гэж хөглөдөг гэж тэд ярих.
Төрөх хугацаа нь хэзээ мөдгүй болчихоод байхад явахгүй гэж уллах
ээжүүдийн ааш аягийг олох гэж банкаар зээл мөнгийг нь хөөцөлдөж, чирч
гулдрах нь холгүй машинд суулгадаг гээд хөгтэй л юм дуулдсан. Сумын
эмнэлэг тоног төхөөрөмж, ахуй орчны хувьд аятай юм. Даанч аймгийн төвөөс
алслагдсан газар очиж ажиллах мэргэжлийн эмч тэр бүр олдохгүй.
Засч янзлах нь юу юм гэхээс Халхгол сумын төв барилга байшин сайтай
аж. Удахгүй нэгдсэн эрчим хүчинд холбогдохоор зураг төслөө гаргажээ.
Сумын төвд үйл ажиллагаа явуулдаг албан газруудаар орж танилцсанаар
бидний зорьсон ажил шуударсан юм. Бусад сумыг бодвол газар дороо
баялагтай, тэндээсээ хувь хүртэнэ. Байнгын болон түр ажиллагаатай хоёр ч
хилийн боомттой, газар тариалан энэ нутагт хөгжиж байна. Эндээс харвал
Дорнодын хөгжил Халхголчуудаас эхэлж болох шиг санагдсан шүү.
Д.Дэлгэрмаа