Хүн төрөлхтөн эрт дээр үеэс нар, сар, оддыг ажиглаж, тэдгээр нь цаг
хугацаанаас хамааран тодорхой давтамжтайгаар өөр өөр дүр төрхийг
үзүүлдэг гэдгийг ойлгож мэджээ. Дундад зууны эрдэмтэд ч сансар огторгуйн
үзэгдлүүд нэгэнт тогтсон горимын дагуу явагдаж, түүнд ямар ч өөрчлөлт
гарахгүй гэдэгт итгэж байв. Гэвч салхи, бороо, байгалийн үзэгдэл мэт гэв
гэнэт үзэгдэж, гэв гэнэт алга болох сүүлт од хүмүүсийн ойлголттой
зөрчилдсөн, учир битүүлэг, нууцлаг зүйл байжээ.
Хүмүүс сүүлт одны нууцыг нээж, өөрсдийн амьдралд хэрхэн нөлөөлдөгийг
мэдэхийг хичээсээр ирсэн юм. МЭӨ 2-р зууны үед хятадууд сүүлт оддыг
ажиглаж 29 төрөл зүйлд ангилан хувааж байсан баримт түүхэнд үлдсэн
байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс сүүлт одыг сүсэг бишрэлтэй холбон ойлгож,
бурханы илгээмжид тооцож байв. Сүүлт од үзэгдэхэд хаадын үхэл, дайн
байлдаан, халдварт өвчний дэгдэлт, байгалийн ноцтой гамшиг тохионо
хэмээн таамаглах одон орон судлаачид ч байв.
Чингэс хаан тухайн үед үзэгдсэн томоохон сүүлт одыг ази болон европийг
эрхшээлдээ оруулахыг илэрхийлсэн тэнгэрийн зарлиг хэмээн хүлээн авчээ.
Английг булаан эзэлсэн 1-р Виллиамын хувьд 1066 онд үзэгдсэн сүүлт од
амжилтын билэгдэл байв. Түүний баталгаа болгон тухайн үеийн түүх
дурсгалын зүйлүүдэд сүүлт одыг олноор дүрслэн үлдээжээ. Сүүлт од урт
удаан хугацааны туршид хүмүүсийн хувьд мухар сүсгээр тайлбарлагдаж,
амьдрал үхлийг зөгнөдөг хэмээн ойлгогдсоор ирсэн юм.
Харин нэлээд сүүлд, 17-р зууны үеэс эрдэмтэд сүүлт одыг шинжлэх ухааны
үүднээс судлах эхлэл тавигджээ. 1680 онд алдарт Исаак Ньютоны нүдэнд
туссан нэгэн сүүлт одны гэрэл сансар огторгуйн талаархи хүн төрөлхтний
ойлголтыг эрс өөрчилсөн юм. 11 сарын 19-ний өглөөний 4 цаг 30 минутад
Кэмбрижийн их сургуулийн нэгэн оюутан сүүлт од үзэгдсэнийг гэрчилжээ.
Мөн өдрийн үдээс хойш Нью-Ингландийн Бостонд адил сүүлт од ажиглагдсан
тухай тэмдэглэл үлдсэн байна.
Энгийн нүдэнд харагдахуйц тод гэрэлтэй сүүлт од 1680 оны 10-аас 11 сарын
хооронд үзэгдээд нарлуу чиглэн алга болов. Харин сарын дараа нарны
эсрэг талаас дахин үзэгдэж 1681 оны 3-р сар хүртэл ажиглагджээ. Хэрэв
эдгээр нь нэг сүүлт од байгаад нарыг тойрсон гэж үзвэл түүний траектор
ямархуу хэлбэртэй байхыг Ньютон зураглан үлдээсэн байна. Түүний
тооцоогоор сүүлт од 10-11 сарын хооронд дэлхийн тойрог зам болон нарны
ойролцоо иржээ. Харин нарыг тойрох үед хэсэг хугацаанд үзэгдэхээ
байгаад, дараа жилийн 3 сар хүртэл дахин үзэгдэнэ гэдгийг уг траектор
зураг илтгэж байв.
Сүүлт од юуны учир нарыг тойрох хөдөлгөөн хийх болов. Нар болон сүүлт
одны хооронд нүдэнд үл үзэгдэх ямар нэгэн хүч үйлчилж байгаа юм биш биз
гэдгийг Ньютон анзаарчээ. Тэрээр уг нууцлаг хүчийг гравитацийн хүч
хэмээн нэрлэв. Үнэн чанартаа Ньютоны толгой дээр алим унаснаас бус,
түүний хийсэн сүүлт одны ажиглалт ертөнц дахины таталцлын хуулийг нээхэд
хүргэсэн юм. Ньютон сүүлт одыг бусад гариг эрхэстэй адил нарыг тойрон
эргэдэг гэж үзээд, тодорхой хугацааны дараа дэлхийн ойролцоо дахин эргэж
ирнэ хэмээн таамаглав.
Траекторыг нь нарийвчлан тооцох замаар сүүлт од дахин үзэгдэх хугацааг
тодорхойлж болно гэдгийг ойлгосон Ньютон өөрийн найз, одон оронч Эдмонд
Халлейгийн хамт судлаж эхлэв. Гравитацийн хүчний томьёоллыг боловсруулж,
сүүлт одны эргэлтийн давтамжийг тодорхойлж чадвал сүүлт одод нарыг
тойрон эргэдэг хэмээх Ньютоны таамаглалыг батлах боломжтой. Нөгөө талаас
сүүлт од байгалийн үзэгдэл бус сансар огторгуйн нэгэнт тогтсон зүй
тогтлын дагуу үзэгддэг гэдгийг давхар нотлоно.
Халлей өмнөх цаг үед бүртгэгдсэн мэдээллүүдийг нэгтгэн, сүүлт оддын
хэлбэр, үзэгдэх өнцөг болон нар хүртэлх зайг тооцоолж, адил төстэй шинж
чанар байгаа эсэхийг судалсаны эцэст 3 сүүлт од түүний анхаарлыг татсан
байна. Эхний 2 сүүлт од 1531, 1607 онд тус тус үзэгдсэн тухай
тэмдэглэгдэн үлдсэн бол 3 дахь сүүлт одыг 1682 онд өөрийн нүдээр
ажиглажээ. Тэдгээрийн үзэгдэх хугацаа 75 жилийн зайтай байв. Халлей
эдгээр сүүлт оддыг нэг сүүлт од хэмээн зарлаж, дараагийн удаад 75 жилийн
дараа 1758 оны эцэс, 1759 оны эхэн үеэр дахин үзэгдэнэ хэмээн
таамагласан нь тухайн цаг үеийн эрдэмтэн хүний хувьд хэтэрхий эрс
шийдэмгий дүгнэлт байв.
1758 оны 12 сарын 26-нд Германы эрдэмтэд уг сүүлт одыг ажиглаж, түүхэн
таамаглал батлагдах үед Ньютон ч, Халлей ч аль хэдийн ертөнцийн мөнх
бусыг үзүүлсэн байсан юм. Мухар сүсгийг ялж, шинжлэх ухаанд оруулсан
үнэт хувь нэмрийг нь үнэлсэн эрдэмтэд уг сүүлт одыг Халлейн сүүлт од
хэмээн нэрлэжээ. Халлейн сүүлт од нэлээд нарийн тогтсон давтамжтайгаар
ажиглагддаг болохыг түүхэн мэдээллүүдээс мэдэж болно. Хамгийн анхны ийм
мэдээлэл МЭӨ 164 оны Вавилоны бичээст тэмдэглэгдэн үлджээ.
Чингэс хаан, 1-р Виллиам нарын үед үзэгдсэн сүүлт од бурхан, тэнгэрийн
зарлиг бус тодорхой давтамжаар үзэгдэх Халлейн сүүлт од байсан юм. Уг
сүүлт од хамгийн сүүлд 1986 онд дэлхийд ойртон ирэх үед хиймэл дагуулийн
тусламжтайгаар түүний цөмийн зургийг авч дэлхий даяар шимтэн сонирхсон
билээ. Халлейн сүүлт од дараагийн удаад 2061 онд ажиглагдах болно.
Ньютон, Халлей нараас хойш 300 жилийн дараа л сүүлт одны талаархи
нарийвчилсан судалгаа хийгдэж, хүмүүсийн амьдралд үзүүлэх (үзүүлсэн)
нөлөөлийг тодорхойлж эхэлж байна. Сүүлт одны цөм маш жижиг хэмжээтэй
учир гэрлийг бараг ойлгодоггүй, иймд барагтаа л бол үзэгдэхгүй. Энэ
байдал нь сүүлт оддыг илрүүлэхэд хүндрэл үүсгэж байв. Сүүлт одны
траектороос харахад тэдгээр нь нарны аймгийн гаригуудаас ч илүү хол, алс
сансараас ирдэг болохыг мэдэж болно. Гэхдээ яг хаанаас ирдэгийг
тодорхойлох нь тийм ч амар хялбар ажил байгаагүй юм.
Одон орончид Далай ван гаригийн тойрог замын гадна талд сансарын жижиг
хэмжээний биетүүдийг агуулах Кюперийн хэмээх бүс (Kuiper Belt) оршин
байгаа гэж үзээд 1940-өөд оноос түүнийг эрж хайж эхэлжээ. Гэвч хэдэн
арван жил үргэлжилсэн эрэл хайгуул амжилтгүй болж Дэлхий ван гаригаас
өөр зүйл дуран авайд нь харагдсангүй. Ихэнх одон орончид мухардаж
судалгаагаа зогсоож байсан боловч тэдний дунд бусдын жишгийг дагаагүй 2
эрдэмтэн байв.
Жэйн Лиу, Дэвид Жевит нар 1987 оноос Хавайн аралд байрлах дуран авайн
тусламжтайгаар ажиглалтаа эхлүүлжээ. Тэд 5 жилийн дараа жижиг хэмжээний
тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөнийг ажигласан нь Кюперийн бүст хамаарах
хамгийн анх илэрсэн сансарын биетэд тооцогдож 1992QB1 хэмээн нэрлэгдэв.
Түүнээс хойш Далай вангийн тойрог замын гадна талд байрлах 1000 орчим
ийм биетийг илрүүлээд байна. Энэ нь уг бүст хамаарах биетүүдийн өчүүхэн
хэсэг нь бөгөөд тэнд 3 тэрбум км-ээс өргөн орон зайд нийт 6 тэрбумаар
тоологдох сансарын биет байгаа хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа юм.
Тэдгээр биетүүдийн зарим нь эргэлтийн явцад хоорондоо мөргөлдөн тойрог
замаасаа гажиж, нарны аймгийн дотор орж ирэх бөгөөд богино давтамжит
сүүлт од хэмээн нэрлэгдэнэ. Ийм сүүлт од 10-20 жил хүртэл харьцангуй
богино хугацаанд нарыг тойрдог. 75 жилд нарыг тойрох алдарт Халлейн
сүүлт од мөн энэ ангилалд хамаарана. Харин 200-аас хэдэн сая жилийн урт
давтамжит сүүлт одод нь Кюперийн бүсээс ч алс хол байрлах Оортын үүлнээс
ирдэг гэж үздэг.
Дэлхийгээс нар хүртэлх зайнаас 50000 дахин хол байрлах Оортын үүл нь
нарны аймгийн хамгийн гадна талын бүс бөгөөд хэдэн миллиардаар тоологдох
сансарын жижиг хэмжээний биетүүдийг агуулдаг. Нарны аймаг үүсэн бий
болох үед сансарын биетүүдийн мөргөлдөөнөөс цацарсан жижиг хэсгүүд
сансарт тархаж Оортын үүлийг үүсгэжээ. Иймд сүүлт одны судалгаа нарны
аймгийн үүсэл хөгжлийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.
Гэвч Оортын үүл хэт хол, мөн тэнд байх биетүүд хэт жижиг хэмжээтэй учир
тэдгээрийг дэлхийгээс харж, судлахад хүндрэлтэй. Харин дэлхийд ойртон
ирэх сүүлт од одон орончдын хувьд маш сайн судалгааны материал болдог.
Саяхныг хүртэл манай нарны аймгийг сансарт харьцангуй тусгаараалагдсан
зүйл гэж үздэг байв. Гэвч алс холын одод, галактикууд ч манай нарны
аймагт нөлөөлдөг болох нь сүүлт одны судалгаанаас тодорхой болжээ. Энэ
нь сүүлийн 20 жилийн хугацаанд хийгдсэн одон орны шилдэг нээлтүүдийн нэг
юм.
Гэрэл Оортын үүлнээс нар хүртэлх зайг 2 жилийн хугацаанд туулна. Харин
Оортын үүлнээс нарны аймагт орж ирэх сансарын биетүүд энэ зайг туулахад
хэдэн арваас хэдэн зуу, заримдаа хэдэн мянган жилийг зарцуулдаг.
Сансарын биетүүд нарнаас ойролцоогоор 800 сая км хүртэлх зайд ойртоогүй
үед бидэнд харагдахгүй. Харин Бархасвадийн тойрог замыг өнгөрөх үед
халж, ууршин сүүл үүсгэх үед л бидэнд харагдах боломжтой болно.
Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл сансарын хэд хэдэн станцыг сүүлт од руу
илгээжээ. 2005 онд Темпел сүүлт од руу Дийп импакт станцыг илгээж,
түүний нягт болон бат бөх чанарыг хэмжив. 1999 онд хөөргөсөн Стар даст
станц Вайлд-2 сүүлт одны дундуур дайран гарч, цуглуулсан тоосонцорын
дээжийг 2006 онд дэлхийд авч ирэв. Сүүлт одны тоосонцрын дээж нарны
аймгийн үүсэл хөгжил, түүнд хамаарах биетүүд юунаас бүрдэж байгааг
илтгэх маш чухал мэдээллүүдийг агуулж байв.
Сүүлт одны бүрэлдэхүүн хэсгүүд туйлын танил бодисуудаас бүрддэг. Иймд
бид дэлхийн нөхцөлд ч сүүлт одыг дууриалган бүтээх боломжтой. Үүний тулд
эхлээд үндсэн бүтэц болох ус, чулуулгийн хэлтэрхийнүүд шаардлагатай.
Чулуулгийг шороогоор орлуулж болно. Сүүлт од эдгээрээс гадна органик
бодисуудыг агуулдаг. Үүнийг орлож чадах зүйл бол шар буурцгийн сүмс юм.
Дараагийн шаардагдах бодис - аммиакийг хуурай мөс (dry ice)-өөр
орлуулна.
Шаардлагатай бодисуудыг хольж барьцалдуулсаны дараа үүсэх, шороонд
бохирдсон цасан бөмбөлөг мэт зүйл бол сүүлт одны цөм юм. Бодисууд болон
хуурай мөсний хоорондох температурын зөрөө 100 хэмээс илүү учир тэр нь
устай идэвхтэй харилцан үйлчлэлд орно. Орчны температурыг бага зэрэг
нэмэгдүүлэх үед "гар хийцийн" сүүлт одноос сүүл үүсэхийг ажиглаж болно.
Сансарын вакум орчинд сүүлт одны цөмд агуулагдах мөс хайлж, шингэн
төлөвт шилжилгүйгээр шууд ууршиж сүүлт одны сүүлийг үүсгэдэг байна.
Сүүлт одноос ууршсан мөс тоосонцорыг сансарт тархааж, гэрэлт бөмбөлөг
үүсгэнэ. Ийм бөмбөлгийн хэмжээ 1 сая км-т хүрэх нь ч бий. Сүүлт од нь
тоосонцорын сүүлнээс гадна нарны нөлөөгөөр цахилгаанжсан хийн буюу 2
дахь сүүлийг үүсгэдэг. Тоосонцорын сүүл сүүлт одны хөдөлгөөний эсрэг
чиглэх бол хийн сүүл нарны салхи буюу нарнаас цацрах цахилгаанжсан
бөөмсийн нөлөөгөөр нарны эсрэг зүгт чиглэнэ. Сүүлт одны сүүлний урт 500
сая км буюу нарнаас дэлхий хүртэлх зайнаас ч урт байх тохиолдол байдаг.
Гэхдээ харахад гоёмсог гэж хэлж болох хэлбэр нь түүний төгсгөл ойртож
байгааг илэрхийлдэг. Сүүлт од бидэнд харагдаж байгаа гэдэг нь түүний нас
цаашид хэдхэн мянган жил үлдсэн, хүнээр зүйрлэвэл амьдралынх нь сүүлийн
хэдхэн секундтэй дүйцнэ. Нарыг тойрон эргэх тусам сүүлт одны цөм
жижгэрсээр байх болно. Иймд ихэнх сүүлт од нарыг 1000-аас олон удаа
тойрч амжихгүй. Халлей мэтийн сүүлт од 150 мянган жилийн дараа үзэгдэхээ
болно.
Сүүлт од нарыг тойрох үедээ хайлж, хэмжээ нь багассаар алга болох боловч
зарим нь шууд нарыг мөргөж устана. Гэхдээ сүүлт одны үлдэгдлүүд бүрэн
алга болохгүй бөгөөд жижиг хэсгүүдэд задарч дэлхийн агаар мандалд орж
ирдэг байна. Судалгаагаар сүүлт одноос үлдсэн 100-1000 ширхэг чулуулаг
нарны аймгийн дотор аялсаар байгаа үздэг. Хэмжээ нь 100 м-т хүрэх
тохиолдол ч бий. Иймд эдгээр нь дэлхийн амьдралд аюул учруулах
магадлалтай гэж үздэг.
Сүүлт одны үйлдсэн аюулын ул мөрийг эрдэмтэд анх 20-иод жилийн өмнө
Умард Ирландаас илрүүлжээ. Мянган жилийн өмнөх модны үлдэгдэл 750 жилийн
хугацаан дахь цаг агаарын өөрчлөлтийн дүр төрхийг хадгалж байв. Зарим
жилүүдэд модны өсөлт зогссон байгааг түүний жилийн цагираг харуулжээ.
Тухайлбал 540 онд мод ихээхэн гэмтэж, өсөлтийн хэлбэр эрс өөрчлөгдсөн
байна. Энэхүү олдвороос мөн онд Умард Ирландын нутагт байгалийн ямар
нэгэн гамшиг болсон гэж дүгнэж болох боловч адил төрлийн олдвор Монгол,
Сибир, хойд Швед, хойд, өмнөд америк тивээс ч бас илэрсэн байна.
Эдгээр нь 540 онд дэлхийг хамарсан гамшиг болсоны илэрхийлэл байв. Ийм
хэмжээний гамшигуудаас тохиолдох магадлал хамгийн өндөртэй нь галт уулын
дэлбэрэлт бөгөөд агаарт цацагдсан үнс нурам нарны гэрлийг хааж, агаарын
хэмийг бууруулахад хүргэнэ. Тухайлбал 1991 онд Пинатубо галт уулын
дэлбэрэлтээс үүссэн үнс нурам дэлхийн агаарын хэмийг 2 жилийн туршид 0.5
хэмээр бууруулсан гэж үздэг.
Гэвч галт уулын дэлбэрэлт өөрийн гэсэн нотлогоог үлдээдэг. Хойд туйлд
хийсэн өрөмдлөгөөр 540 онд хамаарах мөсний дээжээс галт уулын
дэлбэрэлтээс үүсэх үнс нурмын ул мөр болох хүхрийн хүчил илэрсэнгүй.
Иймд дэлхийн хэмжээний байгалийн гамшиг сансараас үүдэлтэй хэмээх
дүгнэлтэд хүргэнэ. Дөнгөж 300 м диаметртэй сүүлт од, бага гаригийн
үлдэгдэл дэлхийн гадаргад унахад цаг агаарт өөрчлөлт оруулах болно.
Саяхны иймэрхүү жишээ нь 1908 оны 6 сарын 30-нд Сибирт унасан Тунгусын
солир юм. 20 мянган км/ц худтай сансарын биет агаарт дэлбэрч олон жижиг
хэсгүүд болон задарчээ. Дэлбэрэлтээс үүссэн тоос агаарт дэгдэж, түүнд
ойсон гэрэл хаа холын Лондон хотод үзэгдсэн байна. Судалгаагаар 60 м
диаметртэй харьцангуй жижиг хэмжээний биет байсан нь тогтоогдсон боловч
Лондон хотын газар нутагтай тэнцэх хэмжээний газарт 60 сая мод налан
унасан байв.
1994 онд эрдэмтэд нэгэн аварга дэлбэрэлтийн гэрч болжээ. Хэдийгээр
дэлхийгээс 60 сая км-ийн зайд болсон боловч нарны аймгийн хэмжээстэй
харьцуулахад энэ нь дэлхийн хажууханд болсон үйл явдал юм. 1993 онд
илэрсэн Шумахер Леви-9 сүүлт од Бархасбадийн татах хүчний нөлөөгөөр 21
хэсэгт хуваагдан, уг гаригтай мөргөлдөх гэж байв. Хэдхэн км диаметртэй
сүүлт одны үлдэгдлүүд аварга Бархасбадид хэрхэн нөлөөх нь эрдэмтэдийн
сонирхолыг ихээхэн татаж байжээ.
Гэвч дэлбэрэлтийн цар хэмжээ аймшигтай байв. Сүүлт од Бархасвадийн агаар
мандалд орсоны дараа гадаргаас дээших 3000 км өндөрт галан бөмбөлөг
үүсгэсэн дэлбэрсэн байна. Энэ нь дэлхий дээр байгаа бүх цөмийн
бөмбөгнөөс 600 дахин их энергийг агуулна. Бархасбадийн гадарга дээр
дэлхийгээс ч том хэмжээний ул мөр үлдээсэн уг дэлбэрэлт түүхэн
ажиглалтууд дундаас хамгийн том нь байсан юм. Хэрэв ийм хэмжээний
дэлбэрэлт дэлхий дээр болвол төгсгөл жинхэнэ утгаараа ирэх болно. 65 сая
жилийн өмнө дэлхий ч бас сансарын биетийн "довтолгоонд өртөж", үлэг
гүрвэлүүд мөхөхөд хүрсэн билээ.
Эрдэмтэд дэлхийд ойртон ирэх сүүлт оддын ажиглалтыг хийсээр байна. Жижиг
гариг, солируудыг илрүүлэхэд амархан бөгөөд тойрог замыг нь хэдэн
мянган жилээр урьдчилан тооцоолж болно. Иймд тойрог замыг нь өөрчлөх
зэргээр дэлхийд учруулах аюулаас урьдчилан сэргийлэх боломж бий. Энэ
боломжийг ойрын ирээдүйд бүрдүүлэхээр эрдэмтэд ч мэрийцгээж байна.
Тэгвэл сүүлт одны хувьд ийм боломж хомс юм. Сүүлт одыг мөргөлдөлтөөс
хэдхэн жилийн өмнө, бүр хэдхэн сарын өмнө ч илрүүлэх тохиолдолд бий. Энэ
нь пуужин бүтээж хөөргөх мэтийн мөргөлдөлтөөс зайлсхийх арга хэмжээ
авахад хангалттай бус хугацаа юм. 1997 онд Хэйл боп хэмээх гоёмсог сүүлт
од ажиглагдсан. Гэвч уг сүүлт од хаанаас ирсэн нь ч мэдэгдэхгүй гэв
гэнэт гарч иржээ. Судалгаагаар түүний эргэлтийн давтамжийг 3000 жил
хэмээн тогтоосон байна.
Дэлхийтэй мөргөлдөх томоохон хэмжээний сүүлт одыг эрт илрүүлэхэд бэрх
боловч яаран айдаст автах хэрэггүй юм. Учир нь ямар нэгэн хотыг устгах
хэмжээний сүүлт од дэлхийтэй мөргөлдөх магадлал 1000 жилд 1 байдаг. 65
сая жилийн өмнө үлэг гүрвэлийг сөнөөсөнтэй адил хэмжээний сүүлт од унах
магадлал 100 сая жилд нэг удаа гэгддэг байна.
Магадгүй бид сүүлт одноос айх бус талархах хэрэгтэй байх. Учир нь дэлхий
дээр амьдрал үүсэхэд сүүлт од нөлөөлсөн байх магадлалтай гэж үздэг.
Дэлхий үүссэнийхээ дараахан хэт өндөр температуртай, амьдрал үүсэх
нөхцөлгүй байв. Гэвч амьдрал үүсэх голлох нөхцөлүүдийн нэг ус хаанаас
дэлхийд ирэв. Эрдэмтэд 3.8 тэрбум жилийн өмнө чулуун бөөгнөрөл байсан
дэлхий сүүлт одтой мөргөлдсөн гэж үзжээ. Тухайн үед мөргөлдөөн болох
магадлал одоогийнхоос 1000-10000 дахин их байв. Сүүлт одонд агуулах ус
мөргөлдөлтийн үед ууршиж, дараа нь бороо болон дэлхийг бүрхсэн байна.
сүүлт одны хэлтэхийнүүд
одоо ч биднийг анзаараагүй байхад дэлхий дээр унасаар байдаг. Зөвхөн
нэг хоногт унах ийм хэлтэрхийн хэмжээ 60 тоннд хүрдэг байна. Тэдгээр нь
дэлхийн амьдралын эх сурвалж болсон органик бодисуудыг тээвэрлэн ирдэг.
Сүүлт од дэлхийд амьдрал үүсгэсэн ачтан байж болох юм. Гэхдээ түүнд
дэлхийн амьдралыг устгах хар хүч ч бас бий. Сүүлт од бурханы мутартай
адил аварга хүчийг агуулж бидний амьдрал, үхлийг шийддэг хэмээх эртний
хүмүүсийн итгэл үнэний хувьтай байжээ. Бас сүүлт од манай нарны аймагтай
адил сансарын өөр нэгэн орон зайд амьдрал түгээж байж ч магадгүй юм.
Дашрамд дурдахад дэлхийд ойртон ирж буй Айсон хэмээх сүүлт од энэ оны 12
сарын эхээр дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас ажиглагдах боломжтой
болно. Наранд 1 сая 800 мянган км, дэлхийд 50 сая км тус тус ойртож, их
хэмжээний тоос, хий ялгаруулах учир шөнийн тэнгэрт тэргэл сар мэт
гэрэлтэнэ хэмээн эрдэмтэд нотлож байна. Гэхдээ наранд ойртох зай хэт
бага байгаа учир богино хугацаанд ууршиж алга болох магадлалтай юм
байна.