Исээ тэмдэглэл
Нэг. Оршилгүй өмнөтгөл
Юань гүрний дээд нийслэлийн туурь нүдний өмнө бүрэлзэнэ. Тийм ээ бидний хэдэн сэтгүүлчид энд иржээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун Хөх хошуунд буй найман зууны тэртээ Хубилай хааны зарлигаар байгуулж асан Юань улсын дээд нийслэлийн туурин дээр шүү дээ.
Саяхан л би Есүхэй баатрын удаах хүү омогт, домогт Хавт Хасарын тухай өгүүлсэн түүхэн роман бичих материал судалж Улаан цав чуулганы Дөрвөд вангийн хошуу, Дархан Муу Мянганы хошуу, Дархан Чин вангийн хошуугаар бэдэрч нойртой нойргүй явсан минь сэтгэлээс холдоогүй, гараагүй байна. Би зорьсон доо хүрсэн. Романаа бичиж хэвлүүлсэн.МЗЭ-ийн оны шилдэг ном шалгаруулах "Алтан өд-2014” шагнал хүртсэн. Сэтгэлдээ тайвшралыг олж жаахан балгаж амсхийж байтал дараагийн томилолт маань ирэв. Ингэж л зохиолчид бид сэтгэлийнхээ хоосорсон орон зайг нөхөж дарс жаахан балгаж давиулан зангаа дардаг. Эл тайвшралынхаа дараа дараагийнхаа бүтээл рүү ханцуй шамладаг. Би тийм л зантай хүн.
ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны урилгаар МСЭ-ийн удирдлага, сэтгүүл зүйн чиглэлийн ТББ-ын төлөөлөл, орон нутгийн МСЭ-ийн салбарын зарим нэгэн гишүүдийг хамарсан 30 шахам хүн албан ёсны айлчлал аялалын журмаар хэд хоног Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуу, Хишигтэн хошуу, Улаанхад, Асгат урагшлаад Хөх хот зэрэг БНХАУ-ын зүүн хойд нутгаар 4000 гаруй км замыг хөндлөн гулд туулав. Аян замын тэмдэглэл хэлхэж томилолтынхоо тайланг уншигчддаа хүргэх нь сэтгүүлчид бидний үүрэг. Төвийн зарим сонинд сэтгүүлч нөхдийн бичсэн зарим тэмдэглэлүүд гарчээ. Уншлаа. "Хаадын нутгаа эргээд ирлээ”, "Хаадын нутгаар 4000 мянган бээр аяллаа” ч гэх шиг олон сайхан нэртэй тэмдэглэлүүд хэвлэгдсэн байна. Би тэдэнтэй адилхан тэнд тэгж очив, тийм юм үзэв, ай бас сайхнаа эсхүл муухайяа гэж бичмээргүй байна. Үзэг цаас нийлүүлдэг хэн ч тэгж бичиж чадна. Залуудаа тэгж бичиж л суусан. Хэн хүний мэддэг болсон зүйлийн талаар одоо юу ч бичихэв. Их гүрний хаяа түшсэн болохоор Өвөр Монголын гацаа тосгод хорьдугаар зууныхаас арай л өөр болсныг нүдээрээ харсаан. Тухайлан сэдэв болговол харин ондоо байж мэднэ.
Эрээн боомтоос Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуу хүртэлх уйтгартайхан 700-гаад километр замыг олон арван монгол хүн хэзээ нэгэн цагт туулсан байж таарна.Хойшид ч туулах биз. Үнэхээр уудам тал юм. Тэр их өргөн уудам тал нутаг дундуур өдөржин давхисаар үдэш орой болсон хойно энд өгүүлэх гээд байгаа Юань улсын дээд нийслэлийн туурь буй Шулуун хөх хошууны төвд ирж хоноглосон бөгөөд маргааш нь тэрхүү туурийг очиж сонирхов.
Айлгүй талын товч гэмээр
Амгалан сүртэй өнчин туурь
Алтан дэлхий дааж ядмаар
Амьд түүхтэй гунигт туурь
Сэтгэлд ийм дөрвөн мөр гялсхийж морин дэл дээр буцлаж дэлхийн талыг хураан нэгтгэсэн өвөг дээдэс минь ямар агуу их үйл бүтээсэн, хичнээн хүчирхэг хүмүүс байсныг энэ аяллын үед улам илүү мэдэрч Хавт Хасарын үр хойчис энд л амьдарч суусан юм шүү дээ гэсэн омогт бодол сэтгэл зүрхийг минь ирлэж дотно гаднаасаа халамцаж явав.
Намайг гэрээсээ гарч вагонд суухад Хубилай хааны тухай олон ангит Хятадын уран сайхны кино "Стар” телевизээр гарч байсан. Түүхийг хэтэрхий нэг тал руу нь "түлхсэн” энэ киног би үзэх дургүй ч бас анзаарч харах нь бий. Тэгсэн хааныхаа байгуулсан хотын туурийг биетээр нь хардаг байна шүү өнөөдөр . Том хувь заяа. Өдгөө Юань улсын дээд нийслэл Шанд хотын энэ туурь бүх Хятадын хэмжээнд талбайгаараа хамгийн томд тооцогддог дэлхийн соёлын өвд бүртгэгдэж гурван давхар хэрмэн хашаагаар хүрээлэгдсэн газар ажээ.
1256 онд Хубилай хаан энэхүү ордныг бариулж, долоон жилийн дараагаар улсын дээд нийслэл болгосон нь Юань улсын түүхэн дэх анхны нийслэл хот болсон түүхтэй. Сүүлд нь их хаан төр улсын хэргийг өвөлдөө одоогийн Бээжинд эрхлэн явуулдаг байсан бол зундаа энд байрлан хамаардаг байжээ.
За тэгвэл Хубилай хаан гэж байв аа. Энэ тухай өгүүлэх гэж би энэ тэр гэсэн эрээвэр хураавар аян замын тэмдэглэлээсээ татгалзаж жаахан ч гэсэн хаан түүх өгүүлмээр санагдсан хэрэг. Магадгүй миний дараагийн бүтээлийн сэдэв мааньах дүү хоёрын хаан ширээний тэмцэл байж ч магад. Гэхдээ миний бяд хүрэхгүй биз.
Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой дараа жил болно. Тийм ээ, 2015 онд Их Монгол улсын агуу их хаан, агуу их хүн, агуу их Хубилай сэцэн Их хааны алдар нь мөнх хөх тэнгэрт бадран гийсний, агуу их үйлс нь алтан дэлхийд өнө мөнхөрсний яруу алдарт 800 жилийн түүхт их ой болно.
Одоохондоо энэ ойн талаар төр засгийн ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй ч Монгол улсын түүхийн хүрээлэнгээс уг ойг өргөнөөр тэмдэглүүлэх тухай тогтоолын төслийг оруулаад удаж байгаа юм гэсэн.
Хүмүүс түүхийг мартаж болно. Түүх хүмүүсийг мартахгүй гэдэг билээ. Тэгвэл Хубилай хаан бол дэлхийн түүхийн хоосон цагаан орон зай байсныг хятадууд тэр ур муутай олон ангит киногоор нөхөх гэж оролдож байна
-Мөнх хаан Тулайн ахмад хүү. Толуйн их хатан Хэрэйд аймгаас гаралтай Сорхугтани бэхи хатнаас төрсөн түүхэнд алдартай дөрвөн хүү бий. Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх нар. Мөнх хаан 1251 онд Монголын их хаан суусан. Харамсалтай нь 1259 онд өмнөд Сүн улсыг байлдан дагуулах замдаа өвчнөөр нас барсан. Дараагийн хаан ширээ залгамжлагчийн асуудал гарч ирсэн. Мөнхийн нэг дүү Хүлэгү их хааны даалгавраар баруун зүгт Иран, Иракт байлдан дагуулалт хийж байсан. Нутагтаа бага дүү Аригбөх гал голомтоо сахиж үлдсэн байв. Хубилай бол Мөнх хааны гурван замаар довтолсон их цэргийн нэг замын цэргийг удирдаж өмнөд Сүн улстай байлдах аян дайнд оролцож байсан. Мөнх хааныг нас барсан мэдээг авангуутаа эзэн хааныг залгамжлах талаар Хубилай, Аригбөх нарын аль аль нь санаатай байсан бололтой байдаг. Хубилай аян дайнаасаа буцаж, өөрийн хувь эзэмшил болгож авсан өнөөгийн Өвөр Монголын нутагт буцан ирж, Монголын эзэнт гүрний их хаан суулаа гэж 1260 оны хавар зарласан. Түүнээс нэг сар гаруйн дараа түүний дүү Аригбөх Хархорум буюу тухайн үеийн Монголын нийслэлд эзэнт гүрний их хаан боллоо гэдгээ зарласан. Монголд нэгэн зэрэг хоёр хаан гарч ирсэн. Их хааны ширээний төлөө энэ хоёрын тэмцэл өрнөсөн юм.
Түүхч А. Амар гуай "Хубилай сэцэн хаан бол Чингис хааны дараа орох агуу их хаан мөн” гэдгийг нэгэнтээ тэмдэглээд түүний эцэг Тулайн тухай бичнэ гэж амласан боловч өөрөө баривчлагдаж номынх нь эх шатаагдсан гэдэг.
Мөн Хубилайн тухай өгүүлнэ гэсэн олон монгол зохиогч байдаг боловч номдоо бичээгүй л байдаг. Тэд үнэхээр бичиж амжаагүй юу, аль эсвэл бичснийг нь устгаа юу. Хубилай өөрөө яруу найрагч, шүлэгч, түүхч, нийтлэлч хүн байжээ гэсэн ул мөр байгаа боловч одоохондоо нэг шүлэг, нэг ном, нэг тэмдэглэл л хоцорчээ.
Доктор Э.Равдан нэгэнтээ "Их хаан болон Их улсынхаа түүхтэй холбоотой Юань гэдэг ганц үгний учрыг одоо хүртэл олоогүй байгаа нь бидний олхиогүйг харуулж байна” гэж хэлсэн байсныг яавч мартаж болохгүй билээ. Яаж ч бодсон Хубилай хаан Улсаа "Юань” гэж нэрлээгүй нь тодорхой.
Монгол улсын түүхийн хүрээлэнгийн дундад зууны секторын эрхлэгчээр ажиллаж байсан А.Пунсаг гуай:
-Юань гэдэг бол "тэнгэр” юм гэж тайлбарласан бол түүхч Сумъяабаатар "хөх” гэж тайлсан. Тэгвэл огт өөр санаа оноотой хүмүүс ч байдаг. Тухайлбал Хубилай хаан улсаа Манлай Их Монгол улс, Өнө Их Монгол улс гэж нэрлэсэн юм гэх нэг хэсэг байхад АНУ-ын судлаач Жак Уйтерфорд "Дэлхийн мөнгөний түүх" гэдэг номдоо "АНУ-ын конгрессийн Ази Номхон далайн доллар бий болгох тогтоол байдаг бөгөөд энэхүү долларыг Кидан буюу Хятад, Чин улс буюу Чайна улсад юань гэж нэрлэнэ. Жапан буюу Японд иень гэж нэрлэнэ” гэж тодорхой бичсэн ч байдаг.
Адам Харт-Дэвисийн "Дэлхийн түүх” гэдэг номонд Манзушир бурханы нэрийг ашиглан Манж Дайчин чин улс гэдэг нэр гарчээ. Чин улс гэдэг нь Чайна гэсэн үг юм. Кидан буюу хэдэн муу монголчууд минь гэсэн үг нь БНХАУ болжээ гэсэн маш энгийн томъёоллууд ч байдаг юм билээ.
Түүхийн их хөндийд олон юм бодогдож олон юм унтрах аж. 1259 оны эхээр Монгол Улсын цэрэг Сүн улсыг дайлаар мордож явахад халуун хижиг өвчин гарч жанжин баатар цэрэг олноор нэрвэгдэн сүйрч эцэст нь Мөнх хаан өөрөө мөн оны долдугаар сард хижиг өвчин хүрч хуарандаа насан эцэслэхэд түүний үйл хэргийг дүү Хубилай нь залгамжлан авч их цэргийг нутаг буцаалгүй барьж Сүн улсыг эзлэх бодлогыг нь үргэлжүүлэн ялалтад хүргэсэн байдаг. Хубилай хааны тухай өгүүлэхэд Тулуй эзний бага хүү Аригбөхийн тухай заавал дурдах хэрэг гарна. Тэрээр хаан ах Мөнхөө нас бармагц алс газар одсон ах нарын эзгүйд (Өмнөд Сүн улсад Хубилай, Иран Сартуулд Хүлэгү) байгааг ашиглан Өгэдэйнхэн болон Толуйн угсааны зарим хүмүүсийн дэмжлэгтэйгээр их хаан суухыг оролдсон юм. Хубилай отгон дүүгийнхээ энэ санааг сонсмогц даруй хүчээ зузаатган цэрэглэхээр бэлтгэжээ. Өмнөд орныг төвшитгөх, Умарт газарт очиж Аригбөхийг ч номхотгохыг зорьж 1260 оны 3 сард Кайпинд хаан суужээ. Аригбөх мөн оны 4 сард Хархоринд бас хаан ор сууж ойр ойрхон Монгол Улс хоёр хаантай болсон түүхтэй. Хубилай 1261 онд их цэрэг дайчлан Аригбөхийг цохиж хүнд хохирол учруулаад 1263 онд Кайпинг Дээд нийслэл хэмээн зарласан байна. Ингээд Аригбөхийн хүчин суларч дөрвөн дайтаад арга буюу 1264 онд одоо бидний ирээд байгаа энэ Шандуд ирж ахдаа бууж өгөхөд Хубилай дүүгээ тэврээд учиргүй их уйлсан гэдэг.
Бөмбөрцөг нь нараа, сар нь бөмбөрцөгөө тойрч эргэлдсээр түмэн цагийн амьсгаа чагнасан энэ тууринд ийнхүү ирээд ган дөрөөн дээрээ босоо явсан, эргэх дэлхийтэй монголоороо л ярьсан элэнц дээдсийн буурал түүхийг сангалзан явахад туурь хийгээд чулуу бол байгаль нь хүндээ үнэнийг шивнэх хамгийн үнэн гэрч юм гэдгийг л сайтар мэдэрч сууна. Туурийн зарим хэсгийг ухаж гаргаснаа буцаагаад хөрсөөр дарж булж орхисон байв. Үүнийг тайлбарлахдаа хэдэн зууны тэртээх эртний хотын тууринаас гарсан зарим соёлын дурсгалууд нар, салхинд элэгдэж үгүй болох аюул нүүрлэсэн тул ийнхүү яаралтай арга хэмжээ авсан гэнэ. Угалзан Шандын голоор хөвөөлөн орших энэхүү туурийг анзааргагүй хүмүүс бол байдаг л нэг балгас гэж харах биз. Харин бидэнд жуулчилсан Гэгээ ч бил үү, Гэрэл ч билүү нэг тийм нэртэй хөтөч бидэнд эртний Юань гүрнээр аялуулж буй мэт сэтгэгдэл төрүүлэх гэж их л мэрийх нь ажиглагдсан.
Юань улсын дээд нийслэлийн туурийг сайтар хамгаалан уламжлахын тулд, түүх соёлын дурсгалт зүйлийн хэрэг эрхлэх байгууллага нь агаараас зураг авч, археологийн шинжилгээ хийсний зэрэгцээ хиймэл дагуулаар байрлал тогтоон, гурван хэмжээст нарийвчилсан зураглал гаргах зэргээр ихээхэн хариуцлагатай хандаж байгаа гэнэ. Эл туурь байгаа газарт хүн мал оруулалгүй, намар болохоор өвсийг нь малчдаар хадуулдаг л гэнэ. Түүх соёлын өв дурсгалыг хайрлах, хадгалах, хамгаалах чин сэтгэлтэй ард түмэн ямар байдгийг эндээс харин мэдэрсэн минь үнэн.
Түүхийн уранхай үүлс нүүгэлтсэн Өвөр Монголын Шандын шар талд Ар Монголын Сайншандын говиос ирсэн надад иймэрхүү л сэтгэгдэл төрсөн бөгөөд Шанд хотын туурийн сахиул модны дэргэд давхиад очсон түүхээ хэзээ ч мартахгүй ээ.
"Хулсан ташуур нь байгаасай”
Хурайлж эргүүлээд давхихсан
Хулан шаргынхаа хатираагаар
Хубилайн зусланд хүрэхсэн...
Зүүд нойр зүрх сэтгэл мөч бүхэнд ийм нэгэн дуу шиг дөрвөн мөрт сэтгэлд эргэлдэнэ. Манай сэтгүүлчдийн баг Хөх хотоос эх орон руугаа жолоо цулбуур эргүүлжээ.
Цагаан хэрэмний ард коммунизмыг тогтоохоос 400 жилийн өмнө "Хол дахиныг амаржуулагч хот" хэмээн эртний зарим ном сударт гардаг Хөх хотыг байгуулсан Монголын баруун гурван түмний нэг болох Түмэдийн хан Алтан гэгээний шарилыг хадгалсан Далан хар уулыг бид өгсөж явнам. Ин Шань буюу Далан хар уулын баруун салбар уулс нь эрт Хүннүгийн үед тэр их гүрний эзлэн оршсон нутгийн өмнөд хил болж байв. Манай зохиолын дууны урын санд энэ уул орсон боловч ад үзэгдэн өөр нэр авч танигдахгүй өнгөрсөн сонин түүх бий. Монголын уулсын тухай дуугаараа олны танил болсон гавъяат жүжигчин, "Улаанбаатар” чуулгын анхны уран бүтээлчдийн нэг С.Ганзоригт тээр жил авга ах нь нэг дууны үг өгчээ. Хөх хотод сурдаг хүүхэд дээрээ хэдэн жил амьдарсан Мягмар гэдэг тэр хүн Далан хар уулыг өглөө болгон харсаар төрсөн сэтгэл нь "хатгаж” тэр шүлгийг бичсэн аж. УГЗ, хөгжмийн зохиолч, нийтэд түгсэн олон алдартай дууны эзэн Д.Цэвээнравдан "Далан хар уул” гэдэг нэртэй тэр шүлгэнд ая хийж, С.Ганзориг ч дуултал сонссон хүмүүс "Ийм нэртэй уул хаана байдаг юм бэ. Танай нутгийн уул юм уу?” хэмээн гайхаад байж.
Дуучин ч эргэлзэж эргэлзэж нэрийг нь солихоор шийдээд шүлгийн эзэнтэй зөвлөсний эцэст "Хүн мэддэгээр нь Богд уул болгочихоё” хэмээн "хуйвалдсан” байна. Ингээд зохиолын дуу сонсдог хүмүүсийн сайн мэддэг гэх "Богд уул” дуу төржээ. Дуу төрсөн ч биш юм, нэр нь шинээр төрсөн юм. Ямар ч байсан С.Ганзориг гэдэг дуучин өнөөдөр Богд уулаа магтан дуулж, түүнийг нь даяар олноор түрсээр байгаа нь үнэндээ бол одоо бидний хормой бэлээр нь яваа энэхүү Далан хар уулыг алдаршуулсаар байгаа хэрэг ажгуу.
Би өөрийн боловч хүний болсон Монголоос хүй тасалсан Их Монгол Улс руугаа ирж явнам.Томилолтоо бөглөх болж. Хэнд юугаа дэлгэх билээ.
Ай түүхийн нугачаа... чамайг би олонтаа эргэцүүлэн бодож бас уншиж өтлөнөм.
Хоёр: Түүхээ санасан сэтгэл тэнгэрийн өнгөтэй
Энэ удаагийн тэмдэглэлийг өмнөх тэмдэглэлийнхээ үргэлжлэл болгож товчхон сийрүүлэхийг хичээсэн ч аливаа өлзий учралыг шүтэж аян замыг өөдрөг сэтгэлээр эвхэх нь мань мэт насны уран бүтээлчдэд ямар их урам зориг хайрладгийг талархалтайгаар хүлээн авч шинэ газар орон үзэж шинэ хүмүүстэй нүүр учирснаа бичиглэн үлдээхийг хичээсэн бүлгээ. Би өмнөх тэмдэглэлээ бүлэн цөлөн мартах, шартахын манан дунд тэрлэсэн буюу гэж бодмоглох. Тийм ч биз үгүй ч биз. Ингэж баймааж шартах, мартахын манан дундаас нэг цул бүтээлээ шүүрддэг ч байж болох. ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны албан ёсны урилгаар аяны дөрөө тавагласан бидний хэдэн сэтгүүлчид Эрээний галт тэрэгнээс бууж өглөөний зоог хүртээд салхин үүсгүүрийн сэнснүүд хэдэн мянган метр газар үргэлжлэх эргэх дөрвөн цагт салхитай, өвөлдөө цас их унаж шуурч нүүлгэдэг Саруул талын үлэг гүрвэлийн паркыг сүлжин өнгөрч Сөнөдын алдарт Тамчийн хаяа захгүй шаргал талыг хөндлөн гулд туучин аяны ягаан автобусанд налгар намар цаг, бороо хур, газрын гарц хийгээд аян замын яриа хөөрөө дэлгэн дорно зүг довтлогсоор нэг л мэдэхүй үдшийн бүрэнхийтэй уралдан Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуунд үүрэглэсэн баавгай, үргэсэн туулай шиг хэдэн улс дуу шуутайхан бууснаа өмнө нь бичсэн билээ. Намар цаг цаашилж буй болохоор Тамчийн талын замд өвс ногоо, их бүтээн байгуулалтын техник хэрэгсэл, эрэг шураг ачсан машинууд завсар чөлөөгүй зөрж өмнө хөрш маань өвлийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон нь бэлхнээ харагдаж байлаа. Би ном бичин хэвлүүлж завсар чөлөөндөө уран бүтээлч (сэтгүүлч) хүнийхээ хувиар хөдөө гадаа морилж өнөө цагийн нийгмийн ээдрээтэй амьдралд санаа шаналан амсхийх завгүй бухимдаж явсаар өдгөө хүрчээ. Домог түүхээр дорно эхэлдэг гэсэн нэгэн найрагч нөхрийн минь шүлэг буй. Дотогшоо дайтсан дорно дахиныг өвдөг бохируулсан морьтой сум, домгийн ухаан Хавт Хасар, бөх Бэлгүтэй нарын алдар нэрийг дээдлэн өргөж ач үрсийнх нь хормойг зуун зуунаар норгож жаргаж өссөн, өвөг түүхээрээ бахдаж өнөө үед тэр бүхнийг хадгалж байгаа энэ л газар шороон дээр хөл тавихсан гэж хичнээн их хүлээж байв даа.
Өвөр Монголын өөртөө засах орны уран бүтээлчид дунд Шилийн гол аймгийн зохиолчдын эзлэх байр суурь дээгүүрт ордог гэдгийг би мэднэ. Энэ нь манай зохиолчдын дийлэнх Говь-Алтай аймгаас төрсөн гэдэгтээ агаар нэг адил. Биднийг тосч хүлээж авсан эрхмүүдийн дунд миний танил хоёр ч яруу найрагч Р.Цэцэнцогт, М.Хасчулуу нар харагдсан. Шилийн гол аймгийнхан ном соёл, соёл урлагтаа онцгой анхаардаг нь ч эл нутгаас олон арван зохиолч яруу найрагчид төрөн гарахын үндэс болдог биз. Аяны тоосоо гөвж үдшийн зоог хүртэх явцад Шилийн гол аймгийн зарим нэг удирдлага хүрэлцэн ирж бидэнд хүндэтгэл үзүүлэв. Тэр үдэш шөнө орой болтол Р.Цэцэнцогт бид хоёр нэлээд хууч хөөрч зуу татаж би түүнд саяхан хэвлэлээс гарсан "Омог босоо ХАВТ ХАСАР” романаа бэлэглэж тэр амрахаар явснаар тэр үдэш өнгөрсөн билээ.
Гурав: Түүхийн гал манаатай Шандын туурь
Буурал түүхийн өлгий болсон Юань гүрний дээд нийслэл Хубилай хааны зуслан газар Шандын шар талд түүхийн бороо хөшиглөж байлаа. Үнэхээр ч уужуу амьсгаа авам тэнүүн сайхан нутаг. Эл тухай би өмнөх тэмдэглэлдээ бичсэн ч ахин бичмээр санагдаад болдоггүй. Тийм ээ, түүхийг мартаж болохгүй бас зохиож болохгүй билээ. Би энэ газарт ирэх гэж бишгүй дээ яарч явав. Тэртээ Хулан шарга даага хэмээх их манхан элс зүүн өмнө зүг жингийн тэмээ шиг хошуурна. Манай нутгийн элсэн манхан нүцгэн шаргал байдаг бол эндэхийнх шал өөр. Их далайн зөөлөн уур амьсгал зүүн өмнөөс ирдэг болохоор эл манханд ургахгүй ургамал, жимслэхгүй мод бут үгүй гэнэ. Энд тэндгүй салхин сэнс алгуурхан эргэлдэх нь бахдам. Харин энэ нутгийн эл салхин үүсгүүрүүд Шулуун хөх хошууны төвийн цахилгаан станцтай нийлээд нийслэл Бээжин хотыг цахилгаанаар бүрэн хангадаг юм гэсэн яриа чих дэлсэхэд мэдэхгүй ээ хэзээ ч юм манай Дорноговь аймаг ийм сэнсээр говь нутгаа гэрэлтүүлэх төсөл хэрэгжүүлэх юм гэсэн хоржоонтойхон бодол сэтгэл маажина. Алаг цоогхон шаргалтаж буй дөрөө шүргэм өвсөн дундуур бид зөөврийн жижиг тэргэнд хөл дайгдан хаан хотын буурь балгасыг үзэхээр хөдөлж билээ. Тэнгэрийн хаяанаас нааш тал аниргүй шаргалтаж хүмүүс их түүхийн гунигт алсаас ямар нэгэн чимээ шуугиан сонсох мэт аниргүй.
Надад өвс ногоонд дарагдаж он цагийг амьсгалах төдий үдэх хуучин хотын туурь их түүхийн оршуулга мэт уйтай санагдах ч цагтаа энд мянга мянган хөлөг баатрууд нум сумаа эвшээлгэн хурц илдээ агсаж уухайн дуу хадаан ихэс дээдэс найр хуримын дуугаа тэнгэрт нисгэж байсан даа гэхээс тэр бүхнийг нүдээр үзэх мэт омогшуу сэтгэлийн сэрэхүй өөрийн эрхгүй сэдрэнэ. Их хааны ордны хөлийн сүрлэг харуулууд харь дайсны өмнө хана хэрэм мэт баатарлаж хатад хүүхдүүдийн цовоо дуу Шандын шар талын энгээр тэнгэрийн алс руу аядуу алслан нартай хуртай сүлэлдэж байсан болов уу гэхээс сэтгэл минь өнчин ботго шиг гэгэлзэнэ.
Тэр их найр хурим хэдэн жил үргэлжилж хэрхэн энэ бүхэн хар дарсан зүүд мэт төгсгөл болон өнөөгийн энэ орчлон дээр үхмэл өвс ногоонд дарагдсан эх түүхийн гэрч, шалдан туурь, алалдах хядалцах хийгээд үзэн ядах, үгүйрүүлж хоосруулахын гэрч үлдээ бол гэхээс өчигдрийн балгасан архины шарталт дотор эвгүйцүүлнэ.
Монголын маань уран зохиолын шарласан хуудсанд үлдсэн "Тогоонтөмөр хааны гэмшил шүлэг”-т "... Эртний хаадын зуслан, Шандуугийн шар тал минь эрхлэн жаргах сэрүүн сайхан, Шанду, Хайбун балгас минь...” гэж бичиж үлдээсэн нэгэн гунигт мөр бий. Одоо би тэр шүлэг төрсөн газар, түүх буцалсан эртний домогт Шандын шар талд зогсож байна. Тийм ээ
Дээд нийслэлийн туурь руу
Би одоо очиж явна
Дэлхийн түүхийн буурь руу
Би одоо дөхөж явна
Газрын судас Шанд голын
Ганган цэнхэр аялгуу алдарна
Галбад ганцхан Шар талд
Гандир цэцгэн зул алтрана
Хол замын алжаал мартагдана
Хорвоогийн тоонон дээр үүл нүүнэ
Хонгор наран үүлэн өлгийдөө
Ховорхон дулаан мишээл задална
Дээд нийслэлийн бууринд
Дээлтэй Монгол хүн ирээд байна
Дэлхийн түүхийн буурийг
Дэргэлээс нь уншиж байна
Энд мандсан түүхийг
Эргэж бодоход ойрхон ч юм шиг
Энд унтарсан түүхийг
Сэрээж дуудахад хол ч юм шиг
Олон бодлын ээдрээ алдран
Онгодын гал цахилаад авах шиг
Он жил жирэлзэн эргэж
Омголон сүлд дэрвээд ирэх шиг
Дээлтэй зууны салхи хөглөсөн
Дэлтэй хүлгийн туурай тачигнах шиг
Дээвэр цагаан ордныхоо хойморт
Дэлхийн хаан хүлээгээд ч байх шиг
Түүхийн мөр чийрлэсэн бууринд
Мянган цагаан гүүний айрагт
Дэлхий хөлчүүрэн дайвж байх шиг
Тэргүүндээ дуулгатай эзэн нь алга
Түрэмгий илдтэй дайчид нь алга
Түймрийн үнэртэй хотын туурь
Түмэн настай хүн чулуу л хүлээнэ
Толгойгүйдээ хүн чулуу
Толгойтой бүхнийг хүлээгээгүй
Толгойтой бүхэн зуунаа хүлээж
Толгойгүй болгосон өстнөө хүлээнэ
Тоогүй хурдан жирэлзсэн
Цагийг хүлээнэ
Тоймгүй хол одсон
Эзнээ санаж хүлээнэ
Энд мандсан түүхийг
Эргэж харахад ойрхон ч юм шиг
Энд унтарсан түүхийг
Сэрээж дуудахад хол ч юм шиг гэсэн Шилийн гол аймгийн цэцэн шүлэгч Ц.Цолмонгийн шүлэг цээж урна.
Шулуун хөх хошууны төв талбайг "Хубилайн уужим талбай” гэх бөгөөд тэнд их хааны морьт сүрлэг хөшөөг сүндэрлүүлсэн байв. Бид тэнд дурсгалын зураг татуулсан. Хөшөөний суурийг хаан балгасны хөх тоосгыг дуурайлган Бээжин хотноо захиалж хийлгэсэн гэх агаад нүдэнд энгийн гэвч сүртэй харагдах юм билээ. Өнөөдөр Дээд нийслэлийн туурьт эрдэм шинжилгээний ангийнхан малтлага хийж судалгаа хийгээд заримыг нь буцаан хучжээ. Гурван давхар хашаагаар хүрээлж ЮНЕСКО-д бүртгүүлж байгаа эл тууринд тухайн цагтаа одон орон судлал хийгээд эрдэм соёлын төв байсныг хөтөч бүсгүй бидэнд сонирхуулан ярьж Их хааны хэрмийн хаалга, Бээжин хот дахь Хубилай хааны ордны хаалга бүгд ертөнцийн нэг шугам дээр байдаг тухай өгүүлж байлаа.
Сэтгэл эмзэглүүлсэн басхүү сэтгэл сэргээсэн аялал маань цааш үргэлжилж эртний монгол соёл, эрдэм ухааны нэгэн төв Шандын шар талаас бид буцав.
Нэгэн цагт энэ Шандын шар талыг хөндлөн туучдаг байсан Шандын гол нь цагийн аясаар урсгал татран ширгэж өдгөө зүгээр л нэг хоосон өвс ногоотой голдрил үлджээ. Ай он цагийн түүх гэдэг юутай гунигтай. Уул усан алс ч ураг төрөл нэгэн ахан дүүс Өвөр Монголын нутгаар 4000 км туулахдаа юу эсийг үзэж сонссон гэхэв.
Он цаг урсаж, өнгөрсөн түүхийн мөрийг уншихад
Олон хүний түймэрдэж одсон сорви л үлдэж
Хүн дайнтай төрж дайнтай л үхнэ гэж
Хүннүгийн талын салхи чих ирвэгнүүлэн шивнэх нь юув.
Элс хойшоо нүүдэггүй гэсэн нэгэн үгийг би нөхдийнхөө яриа хөөрөөнөөс сэтгэлдээ баринтаглажээ.
ӨМӨЗО-ны Шандын шар тал-Ар Монголын Далай Сайншанд. 2014 он