Хулгайлах
гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, олон нийтийн оролцоог
нэмэгдүүлье” Зүүн бүсийн зөвлөгөөн 2014 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн
09:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар, аймаг,
сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, дээрх
аймгуудын нийт 44 сумын хэсгийн төлөөлөгч, малчдын төлөөлөл 130 гаруй
хүн оролцов.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Зоригтбаатар тус
зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Дорнод аймаг 2013 оны мал тооллогоор
1.2 сая мал тоолуулж, эрдэнэт мал сүргээ өсгөсөн хэдий ч малын
хулгайчид малыг бэлчээр, айлын хашаа саравч, хотноос нь сүрэг сүргээр нь
хулгайлан, Монгол хүний санаанд ч оромгүй зэрлэг аргаар "нядалж”
өөрсдийн олз болгож байна. Хатуухан хэлэхэд "сүүлгүй” чоно гэж нэрлэхээр
байна.
Буянт мал сүргээ малын хулгайчдаас хамгаалах ажил зөвхөн малчид, цагдаагийн байгууллагын ажил биш болсныг харуулж байна.
Өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газар, Дорнод, Хэнтий, Сүхбаатар
аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөл, Цагдаагийн газар, төрийн бус байгууллага, малчдын төлөөллийг
оролцуулан бүс нутгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг
хэрхэн уялдуулах талаар зөвлөлдөж байгаа нь цагаа олсон ажил болж
байна гэж онцлон тэмдэглэв.
"Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, олон нийтийн
оролцоог нэмэгдүүлье” Зүүн бүсийн зөвлөгөөнд Цагдаагийн Ерөнхий газрын
Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3 дугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн
цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн
байгууллагын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэж, үр дүнд хүрсэн тэргүүн
туршлага”, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй
тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Чулуунбат "Төв суурин
газарт мал мах, малын гаралтай түүхий эд худалдан борлуулах, тээвэрлэх
ажиллагаанд цагдаагийн байгууллагаас тавих хяналт”, Сүхбаатар аймгийн
Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч
Г.Баярсайхан "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх
ажилд малчдын бүлэг холбоог ажиллуулж байгаа тэргүүн туршлага” сэдвээр
илтгэл тавилаа.
Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Нямтайван "Мал
хулгайлах гэмт хэргийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, цагдаа,
прокурор, шүүхийн байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийж,
мал хулгайлах гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалахын зэрэгцээ энэ
төрлийн гэмт хэргийг нуун дарагдуулсан этгээдэд хариуцлага тооцдог
хуулийн заалтыг хэрэглэж, хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай байгаа
тухай хууль, хяналтын байгууллагын ажилтан нарт зөвлөв.
Мөн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Л.Цогоо,
сум дундын 10 дугаар шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ нар "Мал хулгайлах гэмт
хэрэгт оногдуулж буй ялын бодлого”, Цагдаагийн газрын Мал хулгайлах
гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Цолмонбаяр
" Дорнод аймагт үйлдэгдэж байгаа мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан
нөхцөл, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах арга зам” сэдвээр илтгэл
тавив
Зөвлөгөөнд оролцогчдоос мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх талаар Их Чулуут ХХК-ны захирал А.Болд: Айл бүрийн хашаанд бойны цэг бий болоод байгаа нь хууль бус хулгайн мал,
мах борлогдох боломжийг бүрдүүлж байна. Иймээс сум бүр нэгдсэн бойны
цэгтэй болох,
Хэрлэн сумын иргэн н.Батсүрэн, Даваасамбуу, Сэргэлэн сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Оюун, Дашбалбар сумын
хурлын дарга З.Зоригтбаатар, Хөлөнбуйр сумын иргэн н. Алтанмандал нар
малын хулгайчдад оногдуулах ялын хэмжээг чангатгах, Булган сумын ИТХ-ын
дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга М.Эрхэмбаатар, Матад сумын 1 дүгээр багийн
Засаг дарга н.Ганбат, Дашбалбар сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн
ахмад н.Отгонсүрэн нар хурдан унаа, мэргэн буутай малын хулгайчдын эсрэг
гар хоосон, явган шахуу тэмцдэг сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн
ажилтан нарыг яаралтай унаажуулах асуудлыг шийдвэрлэж өгөх нь зүйтэй
гэсэн саналыг гаргав.
Тус зөвлөгөөнөөс Мал хулгайлах гэмт хэрэгтэй бүх нийтээр тэмцэж,
малчдын бүлэг хоршоо байгуулан, малыг байнгын хариулгатай байлгаж, айл
хотлоороо ээлжлэн хөдөлгөөнт эргүүл ажиллуулан, гэмт хэрэг үйлдсэн
үйлдэл бүрийн тухай мэдээллийг цаг алдалгүй зохих байгууллагад шуурхай
хүргэн, иргэний үүргээ чанд биелүүлэхийг нийт иргэд, малчиддаа
уриалав.
Зөвлөгөөний 2 дахь өдөр Зүүн бүс нутгийн хэмжээнд мал хулгайлах гэмт
хэрэгтэй тэмцэх ажлыг дээрх аймгуудын цагдаагийн байгууллагын хамтын
ажиллагааны хүрээнд нэгдсэн, оновчтой хэлбэрээр явуулах талаар
зөвлөлдөж, төлөвлөгөө гаргах юм.