Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа "Архигүй Дорнод” аяны хүрээнд Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд Төрийн хяналт шалгалтын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Захиргааны хариуцлагын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Тамхины хяналтын тухай хууль, худалдаа, үйлчилгээний стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид авах арга хэмжээний талаар аймгийн удирдлагуудад санал тавьж, шийдвэрлүүлэх зорилгоор 2014 оны 02 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд хамтарсан хяналт шалгалт зохион байгууллаа.
Хяналт шалгалтад аймгийн төвийн Хэрлэн сумын хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 177 цэгээс 156 цэг буюу 88.1% нь хамрагдсанаас хүнсний худалдаа 105, ресторан 7, кафе 20, баар 22, архины үйлдвэр 2 тус тус шалгагдсан байна.
Шалгалтын явцад аж ахуйн нэгжүүдийн гадна орчны тохижилт, хаяг, чимэглэл, гэрэлтүүлэг, өнгө үзэмж, дотоод ажлын байр стандарт, эрүүл ахуйн шаардлага, цэвэрлэгээ хангалтгүй, бие засах газар ариун цэврийн шаардлага хангахгүй, бохирдол ихтэй, талбайн хэмжээ бага, ардаа амьдардаг, тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй дууссан, худалдаалж буй согтууруулах ундаа дүгнэлт баталгаажилтгүй, хяналтын шинжилгээ хийлгээгүй, хадгалалтын хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй согтууруулах ундааг худалдан борлуулсан, ”баар” зэрэглэлээр үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдэд хүйтэн зууш хоол, коктейлээр үйлчилдэггүй, хүнсний дэлгүүрүүд чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдсан, орон нутгийн үйлдвэрүүд согтууруулах ундааны шошго дээр үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тавьдаггүй зэрэг зөрчил дутагдал нийтлэг илэрлээ.
Шинжилгээний дүнгээр стандарт, аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангахгүй 13 шил, 39.0 мянган төгрөгийн "Сангийн далай” архийг хөндлөнгийн гэрчийг байлцуулан, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн устгах арга хэмжээ авлаа.
Хадгалалтын хугацаа дууссан 4 нэрийн 84 ш буюу 123.2 мянган төгрөгийн шар айраг, 19.1 мянган төгрөгийн 2 нэрийн чихэр, тамхийг тус тус акт үйлдэн хурааж устган, 13 аж ахуйн нэгж, иргэнд 1370.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авав.
Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас хийгддэг хяналт шалгалтаар удаа дараа зөрчил дутагдал гаргасан, иргэдийн зүгээс байнга гомдол ирдэг зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг аймгийн Засаг даргад хүргүүллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих