Тамга гэхээр одооны заримууд ердөө л албан бичгийн төгсгөлд дардаг
тэмдэг гэж ойлгодог бололтой. Гэтэл Тамга бол Монголчуудын эрт цагийн
оюуны соёлын бүтээгдхүүн төдийгүй орчин үеийн ном хэвлэх үйлдвэрийн
үндэс эрх барих бэлгэдэл болсон ололт юм.
Европчууд ном хэвлэдэг болохоос 500 жилийн өмнө Монголчууд ном тамгалж
(хэвлэж) байсан нь ном, судар хэвээрээ хадгалагдан үлдсэн юм. Тэр эртний
цагт хэвлэл гэдэг үг өөр утгатай байжээ.Одоо ч гэсэн хэв хэвлэл гэдэг
бол хоёр утгатай хэвээрээ байгаа юм.
Аливаа юмыг хэв авах,хэв цутгах гэдгээрээ бол дархны улмаар урчуудын бүтээлч ажлын нэгэн төрөл байгаа билээ.
Монголчууд Сүмбэ улсын үед Монголчуудыг тэргүүлэн захирч байсан
гуравдугаар зууны (одоогийн тооллын) ном хэвлэх дармалдах байтугай ном
барлах төрийн ажил хийх хүүхдүүдийг сургах сургуультай байсан бөгөөд
Сүмбэ хэл, табгач аялгуугаар олон төрлийн ном дармаллан бүтээж үлдээжээ.
Вей Шү гэдэг Вей гүрний сударт энэ тухай мэдээлэл үлдсэн байна. Сүмбэ
улсаас хойно зургаан зуун жилийн дараа гэхэд л Хидан монголчууд модон
бараар ном барлан гаргаж байсан ажээ.
Тамгалав гэдэг үг тэр дээр үед одоогийн хэвлэв барлав гэх утгаар
хэрэглэгдэж байсан нь 1305 онд Бодисад нарын явдалд орохуй сударын
төгөсгөлд мянган ширхэг тамгалав гэсэн үг байгаагаар гэрч татаж болох
бизээ.
Бас тэр үед барлагдсан Долоон өвгөн нэрт судар мөн л тамгалав гэдэг
үгээр төгссөн байх гэхчилэн хожмын ном судруудад ийм заншил үргэлжилсээр
хэв гэдэг үгээр тодорхойлогдох болж хэвд бүтээв, хэвд сийлэв, хэвд
оруулав, хэвд үүдэв гэхчилэнгээр тэмдэглэгдсэн ном судрууд цөөнгүй
гарсан байна.
Тамга гэхээр олон утга ,олон янзын зориулалттайгаар монголчуудын түүхийн урт хугацаанд хэрэглэгдсээр ирсэн бүтээл юм.
Монгол төрийн их хаад, улсын тэргүүнүүдийн зэрэг өндөр хэргэм бүхий
зүтгэлтнүүд өөрийн нэр, онцлог бүхий тамгатай тэр нь алт, мөнгө, ган,
хаш, эрдэнийн чулуу мэтийн сайн чанарын эдээр их ур оруулан хийсэн
бүтээл байсан бөгөөд зэрэг дэвийнхээ хэмжээгээр өөр өөр онцлогтой
байжээ.
Тийм тамгаар тамгалав гэхээс гадна мухарлав гэж хэлдэг байжээ. Одоо бол
энэ мартагдсан үг нь хаадын мутрын тэмдэг гэдгээс үүдэлтэй хэрэг. Зарим
хаад ялангуяа Ил хаад бөгж хэлбэртэй мутрын тэмдэгтэй байсан ажээ.
Түүнээ бөгжний оронд зүүж явдаг, шаардлагатай үед бичиг, номонд шууд л
бөгжнийхээ тамгыг дардаг байж. Тэгэж тамгалахыг, мухарлав, мутардав
гэдэг асан нь дээр үеийн ном сударт үлджээ. (Зүчийн улсын хаадад их
дэлгэрсэн)
Тамга зөвхөн бичиг хэргийн чухал хэрэглэгдхүүн болоод зогсоогүй монгол
хүн мал сүргээ маш олон төрлийн өвөрмөц тамгаар гол төлөв адуу бас үхэр
зэргийг тамгалсаар ирсэн. (Энэ тухай Мал тамгалахуй, Мал танихуй цувралд
бий №14, №29 ( Дал сонины дагуул) тиймээс нуршин давтахыг түдгэлзсү!
гэхдээ мал тамгалахуй дагуулд 180 , Мал танихуй дагуулд 282 тамганы дүрс
орсон юм. Hap, cap, хас, гал, ууль, чандмана, нум, сум, онги, дэгрээ,
цэцэг навч, дором, сүйх гэхчилэн олон янзын дүрс буй.
Мал тамгалахаас гадна хүн тамгалдаг удаа ч байжээ. Үүнд Хавт Хасарын
боол нь сарьсан гуяандаа тамгатай, саримгар чихэндээ имитэй байсан
Хөвгүүдийн гуянд нь, хүүхний бол баруун хөхөн дор тамгалдаг байжээ.
Тамга гэдэг үг бас орос хэлэнд орж нутагшсан байна. Тэгэхдээ бүр
тодорхой хэрэг явдлын тухай ойлголт өгөх нэр болон үлджээ. Одоо ч
ялангуяа зах зээлийн харилцаанд орсноос хойш Орос улсын хил нэвтрэх
цэгүүд дээр энэхүү тамгалах ёс улам хүчтэй идвэхтэй болж байна.
Хил нэвтрэхээр явж буй хүмүүсийн ачаа барааг шалган үзэж зөвшөөрөл
өгдөг алба, мөн тэр газрыг таможня гэдэг бөгөөд растаможивание гэж
үзлэгийн дараа зөвшөөрлийн бичигт тамга дарахыг хэлдэг болой.
Бас тамга гэж татварын нэр байж, инээдтэй нь тэрхүү зүс нь багахан
хувирсан тамга буюу таможня гэдэг үгийг орос Монгол тольд (1982)
оруулахдаа гаалийн газар, гаалийн хороо гэж монгол үгээ орчуулж
таможенник (гаалийн ажилтан, гаалийн түшмэл) таможенная политика
(гаалийн бодлого) гэхчилэн өнөөх тамга гэдэг монгол үгнээс хувирган
гаргасан нэр томьёонууд буй болжээ.
Энэ нь эрт цагт Монголчуудын ноёрхолд байхад Орос оронд бараа таваар
татварт авч тамгалдаг байсан тэр үйлдлээс уламжлан Монгол үг
оросчилогджээ. Түүгээр ч барахгүй бүүр зүйр үг хүртэл гарсан нь После
растаможки можете остаться без штанов (тамгалагдсаны дараа өмдгүй хоцорч
мэдэш) гэж ярьдаг болсон байжээ. Монгол гааль тийм хатуу байсан
бололтойдог.
Монголчууд тамгыг бас улс төрийн бэлгэдэл болгон бүүр анхнаас нь бодож
олсон юм. Тэр утгаа алдалгүй хорин зууныг элээсэн. Үүнд тамгын газар,
яам, тамгын газар гэдэг нэр томьёо гэрчлэж өгнө.
Анх тамга үүсэхдээ отог, омог, аймаг угсааны ялгах тэмдэг болон гарсан
байна. Тэрнээс өмнө үед ч бас эд хогшилдоо тамга тэмдэг тавьдаг байсан
нь археологийн олдворууд дээр нэг бус буйг хэлж болно.
Овгийн тамга, малын тамга, төрийн тамга гэж ангилаж болох монгол тамга
олон зуу байгаа билээ. Эдгээрээс хамгийн хүндтэй, хүч нөлөөтэй нь төрийн
тамга юм. Чингисийн эзэнт улсын үед төрийн тамга төгөлдөржсөн гэж
болно. Гол төлөв дөрвөлжин хүрээн дотор Монгол эртний бичгээр сийлсэн
тамгууд байсан бөгөөд Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг үгээр эхэлдэг нь
бүүр ч их хүндэтгэлд дууддаг байсан хэрэг.
Тэгээд Чингисийн их эзэнт гүрний дээвэр дор нэгдсэн улс, үндэстэнүүдийн
хэлэнд тамга гэдэг үг баттай орж, нутагшчээ. Түрэгүүд дамга
Түрэгмээнүүд тамга Якутууд таба Гагаузууд дамга, нганасанууд Эн овогтон
танго оросууд тамга, таможня, тавро гэхчилэн ярьдаг бичдэг болсон байна.
Монголчууд хааны тамга, малын тамга ,бөгжин тамга барьдаг байсан билээ.
Тэр ч байтугай биен дээрээ зурдаг зүйлийг татуировка гэдэг байх юм.
Тамгыг тамгалана, дарна, мухарлана (бас мухар гэж тамганы нэр байдаг
гэдэг билээ) Тамга, мухар, нийшан, тэмдэг гэдэг.
Мөнх тэнгэрийн хүчин дор
Их монгол улсын далай
Эзэн хааны зарлиг,
ил болон иргэн дор хүрвээс
биширтүгэй, аюутугай гэсэн бичигтэй тамгыг эзэн Чингис хааных гэж эрдэмтэд үзэж байгаа билээ.
Энэ тамгыг Гүег хаанаас 1246 онд Ромын пап ламд илгээсэн бичиг дээр
дарсан байна. Монголын нууц товчоо бичигдэхээс тавхан жилийн өмнө
Чингисийн чулууны бичиг хөшөөг босгосноос хойш 22 жилийн дараахь дардас
нь хэв маяг зураглалын хувьд уламжлалаа хадгалсан байгааг бодоход их
эзний гарын тамга гэхэд нэг их эргэлзэхээргүй харагдах ажээ.
Дундад азид байгуулагдсан Ил хаадын улсууд мөн орос оронд хоёр ч зуун
дамнасан Алтан ордны улсуудын хаадын тамга (мутрын) бол омогонгын
уламжлалыг хадгалсаар байжээ. Жишээ нь: Батхааны гарын (мутрын) тэмдэг
нь хүний дүрс хэлбэртэй.......... байжээ.
Тэгвэл Бэрх хааных түүнтэй бараг адилхан зөвхөн доод тал нь
битүү........байжээ. Жүчийн улус гэдэг нэрээр олон оныг үдэж олон хаадын
нүүр үзсэн улсуудад мөн л мутрын тэмдэг хэрэглэгдэхээр барахгүй, түүнээ
бичигт дарахыг мухарлав (мутарлав) гэдэг байжээ.
Батхаан 1240 оноос залгамжласан Алтан ордон улсаас өмнө Чингис хааны
ууган хүү Зүчи (Жүч) 1224 онд байгуулсан Жүчийн улус нь эхний үед Монгол
тамга бүхий хаадтай байжээ. Ихэнх тамга нь дөрвөлжин үсгээр бичсэн бас
дөрвөлжин хүрээтэй байсан ажээ.
Жүчийн улсын хаадын тамга нь ал тамга, алтун тамга, кек тамга гэсэн
гурван зэрэгтэй байжээ. ал гэхээр өнөөгийнхөн уухай утгатай үг мэт
ойлгох биз. Гэтэл ердөө л улаан гэсэн эртний монгол үг юм, улаан өнгөт
(зосон) тамгатай бичиг бол их өндөр зэрэгийн хүний барьдаг тамга байжээ
Гал тамга гэдэг байсан ч байж мэднэ.
Крымын монгол хаадын тамга галын дөл шиг шовх хэлбэртэй байх нь
цөөнгүй. Тэгээд ал улаан гэсэн үг орос хэлэнд орж ал ала алый хэлбэрээр
ярко красной (хурц улаан) алая лента (улаан тууз) гэж гэж хэрэглэгддэг
болжээ.
Ал тамга нь хурц улаан, Алтун тамга нь алтлаг шаргал, көк тамга нь хөх
өнгийн дардас үлдээдэг байжээ. Тэрхүү өнгөнүүдээр нь тухайн зарлиг
түүнийг гаргасан эрх дархтанг ялгадаг байсан хэрэг. Жүчийн улсын үе
залгамжилсан хаадын дөрвөлжин тамга дараастай зарлигууд хадгалагдан
үлджээ.( М.А.Усманов Жалованныеакты Д.Жучуеваулуса 14-16 в гэдэг
номондоо судлаач Усманов дэлэгрэнгүй бичжээ.)
Дөрвөлжин эвхмэл үсэгтэй тамгануудыг бүр хожуу Хубилай хааны үед ч
хэрэглэсээр байсан нь уламжлагдаж, 19-р зуун хүртэл мөнхүү хэлбэр
хадгалагдсан гэж болно. Харин 20-р зуунд Монголын тусгаар тогтнолын ахин
сэргэлтийн дараагаас дугуй хэлбэртэй тамга хэрэглэдэг болсон байна.
Тэр үед дундад иргэн улсын төрийн тамга ч бас дугуй хүрээтэй болсон нь
манж чин улсын уламжлал юм. Монголчууд манж хятадын дарангуйллаас
чөлөөлөгдөж, Богд хаант улсаа тунхаглаад улмаар 1921 онд ардын хувьсгал
хийж улмаар БНМАУ-ынхаа анхны үндсэн хуулийг батлахдаа улсынхаа дээд эрх
барих АИХ-ын тамгийг мөн баталсан билээ. Тэр тамга эртний уламжлалаараа
дөрвөлжин хэлбэртэй, харин голдоо соёмбо хэлбэртэй байлаа.
Улмаар хоёр, гуравдах Үндсэн хууль үйлчилсэн жилүүдэд дугуй тамга
голлож байгаад 1992 оны Үндсэн Хуулийн дараагаар Улсын Ерөнхийлөгчийн
тамга ахиад уламжлал ёсоор дөрвөлжин хэлбэртэй болжээ. Голд нь мөн
соёмбо тэмдэгтэй байв.
Сүүлчийн үндсэн хуулийг батлагдсан хэвшмэл эхийг УИХ-ын дарга
Н.Уртнасан, мөнхүү хуулийг хэлэлцэн баталсан депутатуудад гардуулахдаа
БНМАУ-ын АИХ гэсэн бичигтэй, голдоо улсын сүлд тэмдэгтэй дугуй тамга
дарсан байлаа.
БНМАУ нэр МУ (Монгол Улс) болсон жилүүдэд тамга, тамга баригчид
олширсон. Хувийн үйлдвэр, төрийн бус байгууллага, компаниуд олширохын
хэрээр тамга барьсан Монголын тоо эрс нэмэгдсэн юм. 2013 он гэхэд 653
тамга шинээр хийгдэж (дарга) Монголын гарт очсон байна. Тамга тэгээд нэр
хүндтэй, урт настай л байх болтугай.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, доктор Л.Түдэв
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих