Төрийн соёрхолт, зураач С.Саранцацралтаас нэг л өөр ертөнц мэдрэгддэг. Бишрэм авьяас, болон нүүр будалт, гадна төрхөөрөө бусдаас ялгардаг түүний дотоод ертөнц ч ер бусын юм. Учир нь тэрээр чөлөөт цагаа бясалгал хийж, өөрийнхөө дотоод хүнтэй ярьж өнгөрөөдөг нэгэн. Жилийн дөрвөн улирал урландаа сууж, зөвхөн уран бүтээлдээ анхаарлаа хандуулдаг зураач бүсгүйн хобби нь яст мэлхийтэй холбогдолтой бэлэг дурсгалын зүйл цуглуулах. Одоогоор түүнд 100 гаруй яст мэлхий бий. Тэдгээр нь зураачийн хамгийн сайн найзууд гэсэн. Зураач өөрөө сүсэг бишрэл ихтэй учир амралтын өдрөөрөө Ганданд очиж ном уншуулдаг тухайгаа ч хуучлаад амжсан юм. Аливаа зүйлд бухимдаж, ажлын эрч хүчээ алдах дургүй учир яст мэлхийг эв найрамдал, урт насны бэлгэдэл гэж дээдлээд баримал хэлбэрээр нь цуглуулдаг юм байна. Түүнд зөвхөн бэлэг дурсгалын зүйлээс гадна өндөр настай яст мэлхий бий. С.Саранцацралт зураач өөрөөс нь олон насаар ах ч өчүүхэн жаахан биетэй, өхөөрдөм найзтайгаа цагийг өнгөрөөхдөө жаргалтай байдаг гээд инээмсэглэж байсан. Мөн өөрийгөө сүрэг яст мэлхийтэй учир урт удаан, аз жаргалтай амьдрана гэж итгэдгээ ч нуугаагүй. Түүний гэр бүлийнхэн болон найзууд нь сонирхлыг нь мэддэг учир яст мэлхийн дүрстэй түлхүүрийн оосор, зөөлөн тоглоом бэлэглэх нь элбэг гэнэ. Мөн түүний хоббид их мөнгөний хэрэг үгүй гэсэн. Ямар ч дэлгүүрээс хямдхан үнээр хүссэн загвартай, яст мэлхийгээ худалдаж авах боломжтой гэнэ шүү.
Ч.ГАНТУЛГА /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих