Dornod.NET сайт Чойбалсан хотын хуучин орон сууцны зах зээлийн үнэ ханшийн судалгааг уншигч та бүхэндээ танилцуулж байсан. Бид энэхүү судалгааг улирал тутамд хийх бөгөөд байрны үнийн өсөлт, бууралтыг 3 сар тутмаар харуулах зорилготой. Харин өнөөдөр Чойбалсан хотод баригдаж байгаа болон ашиглалтад ороод удаагүй байгаа шинэ орон сууцнуудын үнэ ханшийг танилцуулахаар бэлтгэлээ.
2014 онд ашиглалтад орох орон сууцнуудын нэг бол Хэрлэн сумын 9-р багийн нутаг, 13-р байрны хойно баригдаж буй "Ханшувалдай” ХХК-ийн байр. Энэхүү байрыг 75-р байр гэж дугаарлаад байгаа бөгөөд давхар, байрлал зэргээсээ хамааран 1 м кв талбайн үнэ 1 200 000-1 300 000 төгрөгийн үнэтэй байна.
"Ханшувалдай” ХХК одоогоор аймгийн төвд гурван орон сууц бариад байгаа. Өнгөрсөн жил тус компанийн ашиглалтад оруулсан 16-р байрны хойно байрлах 48 айлын орон сууцны 1 м кв нь 1 200 000-1 350 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол "То ван” зочид буудлын ард байрлах 20 айлын орон сууцны м.кв нь 1 080 000-1 100 000 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.
Дараа нь бид "Ган октаэдр” ХХК-ийн орон сууцны үнэ ханшийг сонирхсон юм. Тус компани Хэрлэн сумын 6-р багийн нутаг, Восток рестораны зүүн талд баригдаж буй орон сууцаа энэ оны 3-р улиралд ашиглалтад өгөх юм байна. Энэ байрны 40м кв өрөө нь 51 сая, 1 өрөө байр 39 500 000, 2 өрөө нь 57 600 000 төгрөгийн үнэтэй аж. Мөн тус компанийн барьсан Тээврийн биржийн дэргэдэх 88-р байрны 1 м кв талбай нь 1 200 000 төгрөгөөр зарагдаж байна.
Өнгөрсөн жилээс манай аймагт 10 давхар барилгууд баригдаж эхэлсэн. Хуучин 96-р байрны суурин дээр "Эйч жи эй” ХХК-ийн барьсан 10 давхар орон сууцны 1 м кв нь 1 250 000 төгрөгөөр зарагдсан бол ХТТ-ийн баруун талд баригдаж буй "Чандмань тал” ХХК-ийн 10 давхар барилгын 1 м кв талбай нь 1 350 000 төгрөгийн үнэтэй байна.
Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойно "Чойбалсан констракшн” ХХК-ийн барьж буй орон сууцны 1 мкв талбай 1 050 000 төгрөгөөр үнэлэгджээ. Уг байрны захиалга дууссан гэж байна.
"Аригүн” ХХК Хэрлэн сумын 6-р багийн нутагт хоёр ч орон сууц барьж ашиглалтад хүлээлгэн өгөөд байгаа. Эдгээр байранд 100 хувь айл орсон бөгөөд 1 м кв талбайг өнгөрсөн жил 1 200 000 төгрөгөөр үнэлж байжээ. Харин одоо дунджаар 1 350 000 орчим төгрөгийн үнэтэй болсон аж.
СМУ-ын хашааны баруун урд үзүүрт "МӨЗЭ”, "Ган ширээт” ХХК-иудын бариулж буй 32 айлын орон сууцны 1 м кв 1 400 000 төгрөгөөр зарагдаж байгаа гэнэ.
Дээрх судалгаанаас харахад шинэ орон сууцны үнэ ханш нь байрлал болон хийцээсээ хамаарч харилцан адилгүй байгаа юм. Дундажлаад үзвэл захиалга авч буй байрны үнэ ханш 1 метр кв нь 1 050 000-1 200 000 орчим төгрөгийн үнэтэй байгаа бол ашиглалтад орсон хойноо 10-15 хувь орчим нэмэгдсэн үнээр зарагдаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих