Адуунчулууны хүрэн нүүрсээс метанолоор дамжуулан шатахуун гаргах үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор жилд 400 мянган тонн шатахуун үйлдвэрлэж, дотоодын шатахууны хэрэгцээний 30-40 хувийг хангах боломж бий болно хэмээн тооцоолоод байна. Тиймээс энэ асуудалтай холбогдуулан төслийн удирдагч, "Монголын алт” компанийн Технологийн судалгааны төвийн захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Шатахуун, шингэн түлш гаргаж авах гол түүхий эдээр хүрэн нүүрсийг нэрлэж байна. Энэ нь хүрэн нүүрсний нөөц ихтэй манай улсын хувьд шатахуун үйлдвэрлэх маш том боломж гэж харж байна л даа. Эндээс яариагаа эхлэх үү?
-Ямар ч төрлийн нүүрсээс шингэж түлш үйлдвэрлэж болно. Сайн чанарын чулуун нүүрсээс их гарцтай, харин муу чанарын хүрэн нүүрсээс гарах гарц нь арай бага байдаг. Манай улсын хувьд нүүрсний асар их нөөцтэй. Судалгаагаар дэлхийн улс орнуудаас аравдугаарт эрэмбэлэгдэж байгаа. Гэхдээ нүүрсний нөөцийн ихэнхийг түрүүний хэлсэнчлэн хүрэн нүүрс эзэлж байна. Ер нь Хятад болон бусад орнуудын зах зээлийн өөрчлөлтийг судалж, дүгнэхэд эрчим хүчний гэх нүүрсний зах зээл маш хүнд тал руугаа орж байгаа. Энэ нь цаашид Монгол Улс энэ их хүрэн нүүрсээ ашиглах зах зээлгүй болж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр нэг бол цахилгаан станцад ашиглах, эсвэл хүрэн нүүрсээс ямар нэгэн химийн болон нефьтийн өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай тулгарч байгаа юм. Тиймээс хамгийн оновчтой сонголт нь шингэн түлш үйлдвэрлэх боломж гэж харсан.
Харин шингэн түлш үйлдвэрлэх энэ ажил нь нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт, өндөр түвшний техник шаарддаг төсөл учраас Монгол Улсад цөөн хэдэн компаниуд л оролцон ажиллаж байна.
-Адуунчулууны хүрэн нүүрсний орд хэдий хэмжээний нөөцтэй вэ?
-Адуунчулууны хүрэн нүүрсний нөөц 464.6 сая тонн гэж тогтоогдсон. Нөөцийг тогтоохын тулд МАК-ийн зүгээс олон жилийн турш нарийвчилсан судалгаа хийж, Австралийн "Жорк” стандартын дагуу бодож тооцоолсон.
-Адуунчулууны нүүрсний ордоос шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр 2018 он гэхэд ашиглалтад орно гэсэн мэдээлэл байна. Өмнөх бэлтгэл ажил, судалгаа ямар түвшинд явж байгаа вэ?
-Адуунчулууны хүрэн нүүрсээс шингэн түлш үйлдвэрлэх, хийжүүлэх зэрэг химийн суурь судалгаанууд 2000 оноос хойш бага багаар хийгдэж ирсэн. Улмаар геологийн хайгуулын явцад 10 гаруй мянган ширхэг дээж дээр химийн болон техникийн шинжилгээнүүдийг бүрэн хийж дууссан. Тэгэхээр ордын нүүрсний шинж чанар хаанаа, ямар байна гэсэн иж бүрэн модель, мэдээлэл бэлтгэгдсэн байгаа.
Гэхдээ Адуунчулууны хүрэн нүүрсний бараг тал хувь нь чийглэг өндөртэй гарсан. Чийглэг нь 46-47 хувь. Тиймээс бид Австралид нүүрсээ хатаах хагас үйлдвэрийн туршилтыг хоёр удаа хийсэн. Эхлээд нэг тонн дээж дээр, дараа нь таван тонн дээж дээр. Харин хийжүүлэх туршилтыг Германд 2006 онд эхэлж хийгээд, улмаар 2012 онд дахин нэг удаа хийсэн. Тэгэхээр түүхий эдийн суурь судалгаа хангалттай хийгдсэн гэж бид үзэж байгаа.
-Нүүрсээс шингэн түлш үйлдвэрлэхэд усны хэрэгцээ маш ихээр шаардагддаг гэдэг. Тиймээс усны асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Манай төслийн барйшлийн хувьд нэгдүгээрт Хэрлэн голтой ойрхон. Үндсэндээ 10 орчим км зайтай. Тэр утгаараа усны тодорхой хэсгийг Хэрлэн голын урсацаас авч ашиглана. Түүнээс гадна үерийн болон цасны шар ус зэргийг цуглуулж, урсац тохируулах сан байгуулаад, ус татаж ашиглах дараагийн хувилбар байгаа. Мөн Адуунчулууны хүрэн нүүрсний өөрийн уурхай маш их шүүрлийн устай. Тиймээс тэр шүүрлийн усыг ашиглавал усны хэрэглээг ихээр хэмнэх боломжтой гэж тооцоолон гидргеологийн ажлыг хоёр жилийн турш хийгээд явж байна. Түүнчлэн технологийн шийдлийн хувьд манай төслийн хүрээнд шингэн хаягдал байхгүй. Өөрөөр хэлбэл технологийн бохирдсон усыг бүгдийг нь 100 хувь цэвэршүүлээд дахин ашиглана гэсэн үг.
Нэмж хэлэхэд талбайн судалгааг хийсэн байгаа. Хөрсний судалгаа, хөрсний даац, геотехникийн судалгаа зэргийг урьдчилсан байдлаар 23 цооног дээр хийсэн бөгөөд мөн үйлдвэр барих учраас тухайн газрын ойр орчмын барилгын материалын судалгааг ч давхар хийсэн.
-ТЭЗҮ хэзээ бэлэн болсон бэ?
-2012 онд энэхүү төслийн урьдчилсан зураг төслийг АНУ-ын компани гаргасан. Түүний үр дүнд ТЭЗҮ-ийг боловсруулаад 2013 онд Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан. Тэгэхээр суурь судалгаа болоод төслийн бэлтгэл ажлууд үндсэндээ хангагдсан гэж үзэж байгаа.
-Шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр барих төсөлд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай нь мэдээж. Нууц биш бол энэ төслийн явцад нийтдээ хэдий хэр хэмжээний хөрөнгө шаардагдаж байна вэ?
-Нийт төслийн хөрөнгө оруулалт 2.5 тэрбум ам.доллар. Түүнд өөрөө өөрийгөө хангах цахилгаан станц орно. Жилдээ 400 мянган тонн бензин үйлдвэрлэхээс гадна дайвраар 17 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэгдэнэ.
-Жилд үйлдвэрлэх 400 мянган тонн шатахуун Монгол Улсын зах зээлийн хэдэн хувийг хангах вэ?
-Өнөөдрийн хувьд АИ92 шатахууны хувьд 100 хувь болно. Гэхдээ 2020 оны Монголын нефьтийн хэрэглээний прогнозоор манай улс ойролцоогоор нэг сая тонн шатахуун хэрэглэнэ гэсэн судалгаа байдаг. Үүгээр бодох юм бол 30-40 хувийг хангана гэсэн үг. Гол зорилтот зах зээл нь мэдээж шинэ төмөр замыг дагасан Монголын зүүн бүс нутгийн болон төвийн бүсийн аймгууд.
-Дотоодын хэрэглээнээс гадна экспортлох асуудал байж болох уу?
-Манай төсөл өөрөө ОХУ болон Хятадын газар нутагт ойрхон оршдог. Тиймээс химийн болон нефьтийн бүтээгдэхүүний хэрэглээ маш өндөртэйд тооцогддог Зүүн хойд Ази, ялангуяа Хятад улс, мөн Япон, Солонгос зэрэг улсуудад шаардлагатай бол экспортлох боломжтой.
-Манай улс саяхан "Монгол 93” шатахууныг зах зээлд гаргасан. Хэрэглэгчдийн зарим нь тус шатахууны чанарт сайн гэсэн үнэлгээ өгч байгаа бол, нөгөө хэсэг нь муу дүн тавьж байна. Тэгвэл Адуунчулууны нүүрсний уурхайгаас гарах шатахууны чанар ямар байх бол?
-Шатахууны чанарын хоёр төрлийн үзүүлэлт байдаг. Нэг нь тус шатахууны физик үзүүлэлт буюу асах чадвар. Тэдгээр нь яг Евро стандартын дагуу байна. Нөгөө нь янз бүрийн химийн хольц бодис, хүнд элемент байдаг. Тэгэхээр энэ хольцын хувьд нефьтээс гаргаж авсан шатахуун нь байгалийн зүйлийг ялгаж авч байгаа учраас маш их хэмжээний жижиг, жижиг хольцтой байдаг. Харин нүүрсээс гаргаж авсан шатахуун нь нүүрсийг хийжүүлэн, цэвэр хий болгоод дараа нь тухайн хийг цэвэршүүлээд, түүнээсээ шингэн түлш хиймлээр гаргадаг учраас ямар ч хольцгүй гарна гэсэн үг.
Тиймээс машин, техникийн эдэлгээнд ч сайнаар нөлөөлнө.
-Мэргэжлийн хүмүүс нь мэддэг ч энгийн иргэд мэддэггүй нэг зүйл байгаа нь метанол. Метанолоор дамжуулан шингэн түлш боловсруулна гэдэг шүү дээ. Тиймээс метанол гэх зүйл яг юу болохыг товчхон тайлбарлаж өгөхгүй юу?
-Хүрэн нүүрсийг эхлээд хийжүүлнэ. Тэгээд гаргаж авсан хийнээсээ метанол үйлдвэрлэнэ. Метанол гэдэг нь шингэн. Химийн нэгдлээрээ бол спиртийн төрлийн бодис. Гэхдээ энэ нь хүнсний төрлийн спиртээс шал өөр зүйл. Улмаар метанолыг хувиргаад бензин болгодог. Нэг төрлийн шатах материал юм. Дээрээс нь хуванцар, лак, будаг зэрэг маш олон төрлийн химийн бүтээгдэхүүний суурь түүхий эд гэж ойлгож болно.
-Хөрөнгө оруулалт нэлээд их шаардагддаг гэж та хэллээ. Ямар компаниудтай хамтран ажиллаж байгаа вэ. Санхүүжилтийн асуудал дээр төрийн оролцоо байгаа юу?
-Төслийг "МАК”-ийн зүгээс санаачлаад бэлтгэл ажлуудыг өөрөө санхүүжүүлээд явж байгаа. Ер нь бол энэ төсөл Олон улсын хэд хэдэн томоохон компаниудын хамтарсан төсөл болно. Бид нэр бүхий хоёр томоохон компанитай хэлэлцээрийн шатанд явж байна. Тэгэхээр үүнийг дагаад барууны хамгийн шилдэг боловсон хүчин, техник технологийн инженерүүд, төслийн менежерүүд баг болж хамтарч ажиллана гэсэн үг. Харин төрөөс өгөх санхүүжилтийн асуудлаар одоохондоо яригдсан зүйл байхгүй.
-Та түрүүн хэллээ. Шингэн түлш гаргах үйлдвэрийг дагаад цахилгаан станц байх ёстой гэж. Тэгвэл энэ цахилгаан станц хэзээнээс ашиглатад орох вэ?
-Урьдчилсан зураг төсөл хийж дууссан. ТЭЗҮ-ээ ч батлуулсан. Тэгэхээр дараагийн шатны буюу илүү нарийвчилсан зураг төслийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Одоо харин гол асуудал болох хөрөнгө оруулалтын асуудлууд хэлэлцэгдэж байна. Цахилгаан станц бол нүүрс, химийн үйлдвэртэйгээ хамтдаа баригдах юм.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Ням
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих